
Мөн хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Мөн төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Зоригт ахалж ажиллах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс салбарын бодлогыг дэмжиж сайжруулж явах ёстойг гишүүд хэлж байлаа. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хөнгөн хүнсний үйлдвэрийн салбартай нягт холбоотой бие биеэ нөхсөн салбар учраас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, нэмэгдсэн өртөгт шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал чухал гэлээ.
Малчин өрхийн тоо жилээс жилд буурч байгаа. Малчин өрхийн малын тооноос хамаарсан ядуурлын түвшин, орлогын тэгш бус байдлын хуваарилалт гүнзгийрч байгаа. Жишээ нь, судалгаагаар 200 хүртэлх малтай малчин өрх монголын нийт малчин өрхийн 60 гаруй хувийг эзэлж байгаа аж. Малын тоо толгой цөөн малчинд төвлөрөх хандлага ажиглагдаж, цөөн малтай ядуу өрхүүдийн тоо буурахгүй байгаа гэнэ. Тиймээс үүнд анхаарал хандуулж, малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгох нь зүйтэй гэж зарим гишүүд саналаа хэлэв. Мөн хамгийн гол асуудал бол газрын харилцааны тухай асуудал гэдгийг дуу нэгтэй зөвшөөрөв. Өнөөдөр Монголын Улсын бусад иргэд ямар нэг хэмжээгээр газраа өмчилж эзэмшсэн. Тиймээс УИХ-аар Газрын тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулж энэ асуудлыг илүү тодорхой болгож өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.
П.Баатар