Б. Бат-Эрдэнэ
Редактор

“Өршөөлийн хууль бол төрийн эрх баригчдын нэр хүнд олох хэрэгсэл юм”

2015 оны 9 сарын 152015-09-15

b6a4a71f-9dcd-4c7b-8b44-5346024829c5,68832-c0cafac7562226d930eea1805bcd41f0.jpg.jpgСудлаач, криминологист Г.Оюунболдтой ярилцлаа.

Өршөөлийн хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой вэ. Сайн, муу ямар үр дагавар үзүүлдэг талаар судлаачийн зүгээс тайлбарлавал?

Нэг их олон ач холбогдол байхгүй шүү дээ. Төрийн энэрэнгүй ёсны зарчим хэрэгжиж байгааг л харуулна. Анх эрүүгийн эрх зүй үүсээд эрүүгийн хууль тогтоомж хэрэгжээд явж байхад эрүүгийн суурь онолын талаар гаргасан “Гэмт хэрэг ба ял” гээд ном байдаг. Чезаре Беккариа гэж хүний бичсэн ном. Энэ онолоос “Өршөөлийн хууль нь төрт ёсны энэрэнгүй ёсыг төр хэрэгжүүлж байгаа гэдгийг харуулах хэрэглэгдэхүүн юм” гэсэн байдаг. 

Сайн тал бол цөөхөн. Төрийн энэрэнгүй ёсыг харуулна гэж хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн хүнд нэг удаа боломж олгож байна. Шоронгийн зардлыг багасгах талтай. Гэхдээ түр зууртаа л ачааллыг багасгаж байгаа мэт дүр зураг ажиглагдана. Үндсэндээ сөрөг тал нь давамгайлдаг.

Өршөөлийн хууль гаргахаар хуулийн байгууллагын ажил зогсдог. Хуульч нар ажлаа хийхгүй. Мөрдөн байцаагч нар 20 хэрэг шалгаж байгаагийн 18 нь Өршөөлийн хуульд хамрагдахаар яриад эхлэнгүүт хэрэг шалгахаа зогсоочихдог. Сая АТГ тэдэн хэрэг шалгаж байгаа гээд мэдэгдэл хийж байна билээ. Тэдний шалгасан хэргийн үр дүн бүгд байхгүй болно. Ажил хийж байгаа хуулийн хүмүүсийн хувьд урам хугарна. 

Өршөөлийн хуулийг баталж байгаа үйл явц хурдан шуурхай байхгүй бол хэлэлцээд удвал энэ хугацаанд хуулийн байгууллагын ажил зогсчихдог юм. Мөрдөн байцаагч хэргээ шалгахаа зогсооно, прокурор дээр очдог хэрэг багасна, шүүхийн ажил зогсоно. Шударга ёс тогтоодог энэ систем бүхэлдээ царцдаг юм л даа. 

Нэг талдаа хуулийн байгууллагын ажил зогсоод багасаад байгаа мэт боловч нөгөө талдаа ажил нь нэмэгдээд байдаг. Эрүүгийн шүүхийн ажил ачаалал багасаад хэргүүд өршөөлд хамрагдаад байхгүй болдог. Гэхдээ дээд байгууллагын ажил нэмэгдэнэ. Хэдэн мянган хүний хувийн хэрэг уншина. Тэднийг суллана гээд их ажилтай. Жилийн дараа эсвэл хагас жилийн дараа иргэний шүүх дээр ачаалал маш их өндөрсөөд ирдэг. Өршөөлийн хууль батлагдаад суллагдчихаар хэргийн хохирогчид "Шударга ёс хаана байна, миний хохирсон мөнгө хаана байна гээд эхэлдэг. Өршөөлөөс хэрэгсэхгүй болсон хэргийнхээ хохирлыг авах гээд "Би хохирлоо барагдуулъя" гээд хүмүүс өргөдлөө бариад иргэний шүүх дээр яваад очдог юм л даа. Яриад байвал сөрөг тал маш их.

Дэлхийн бусад оронд Өршөөлийн хуулиуд хэрхэн гардаг вэ. Манайд гарч байгаа Өршөөлийн хуульд ямар алдаа дутагдал байна?

Дэлхийн ихэнх оронд давтамж багатай өршөөдөг. Германд гэхэд л сүүлийн 20 жилд нэг л удаа гаргасан. БНХАУ гэхэд л сүүлийн 50 жилд нэг удаа Өршөөлийн хууль саяхан гаргалаа. Дэлхийн аль ч оронд байдаг ч давтамж маш бага, асуудлыг шийдэх гарц олдохгүй байгаа тохиолдолд л Өршөөлийн хууль гаргадаг юм. Дэлхийн ихэнх оронд шоронгийн хэт дүүргэлтийг багасгах , тодорхой үйл явдлыг тохиолдуулж, эсвэл нэг асуудлыг шийдвэрлэх гэж Өршөөлийн хуулийг гаргасаар ирсэн. 

Хэрэв Эрүүгийн хууль нь сайн ажиллаад хүнийг заавал шоронд хийх биш, шоронд хийхээс наагуур асуудлыг шийдэж, торгох, ажил хийлгэх, эрхийг нь хасах зэрэг ялын олон хэлбэр байгаа тохиолдолд Өршөөлийн хууль гаргаад байх хэрэггүй. Дэлхийн бусад орнуудын Эрүүгийн хууль нь маш сайн учраас Өршөөлийн хууль ч тэр болгон гаргаад байдаггүй. Хорих ял давамгайлан оноодог систем байгаа тохиолдолд Өршөөлийн хуулийн давтамж нь их байдаг. Манайх гэхэд л 1980-90 онд хоёр удаа өршөөл үзүүлж байсан. Эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эхчүүдийг өршөөж байсан. Харин 2000 оноос хойш 4 удаа гаргачихлаа.​ 2002, 2006, 2009 одоо 2015 он гээд. 2000 оноос хойш гаргасан Өршөөлийн хуулиудад шалгагдаж байгаа хэргүүдийг өршөөдөг ийм жишиг тогтчихсон. Хэрэг нь тогтогдоогүй шалгагдаж дуусаагүй байхад өршөөдөг тогтолцоо байдаггүй л дээ.

Тэгэхээр өршөөл үзүүлдэг тогтолцооноос гадна Эрүүгийн хуулинд маань асуудал байна гэж үзэж болох нь ээ?

Манай Үндсэн хуульд өршөөл үзүүлэх эрхийг УИХ-д бүрэн олгочихсон. УИХ нь Өршөөлийн хуулиа яаж л бол яаж баталж болно. Хохирлоо төлчихсөн, шүүхээр хэрэг нь тогтоогдсон хүнийг өршөөнө гээд Эрүүгийн хуульд заачихвал Үндсэн хуульд заагдсан УИХ-ын бүрэн эрхэд халдах гээд байгаа юм. Цаашдаа яах вэ гэвэл УИХ-ын бүрэн эрхэд өршөөл үзүүлэх тухай асуудлыг Үндсэн хуульд заах ёстой юу, үгүй юу гэдгийг шийдэх ёстой. Бусад орнуудын хувьд гэвэл Үндсэн хуульд өршөөл үзүүлэх эрхийг УИХ-д олгосон тийм заалт байдаггүй. Харин салбар хуулиуддаа өршөөл үзүүлэхээр бол ийм тохиолдолд ингэх ёстой гээд заагаад өгчихсөн байдаг.

Мянган хоригдол суллагдах нь,  гэмт хэргийн гаралт ихэснэ гээд нийгэмд айдас төрж эхлээд байна. Өршөөлийн хууль гаргаад гэмт хэргийн гаралт өсдөг гэх мэт сөрөг хандлагын талаар судалгаа байдаг уу?

Суллагдсан хүмүүстэй ажиллах систем манайд байхгүй. Шоронд байхад нь нийгэмшүүлдэг, гарсан хойно нь нийгэмшүүлдэг. Нийгмийн ажилтан ажиллаад ажилд оруулж өгөөд туслаад явдаг ийм тогтолцоо манайд байхгүй. Цагдаагийн хяналт гээд нэг юм байдаг. Тэр нь цагдаад бүртгүүлээд л болоо. Суллагдсан хүмүүстэй ажилладаг бүтэц байхгүй учраас тэр хүмүүс ажилд орж чадахгүй. Нийгэм бүхэлдээ буруу шааж, үзэн ядаж байгаа хүмүүс нийгмийн харилцаанд орж чаддаггүй. 100 хүн шоронгоос гарахад бүгд ажилд орж чадаагүй байдаг. Тэр хүмүүст үлдсэн сонголт нь амьдарч мөнгө олохын тулд эргээд гэмт хэргийн замд орох. Ийм зүйл бол ажиглагддаг. Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 5-6 хувь эргээд шоронд ордог гэх судалгаа байдаг. Яг үнэндээ эргээд шоронд орохдоо гэмт хэрэг нь улам хүндэрдэг. Хулгай хийсэн хүн дээрэм хийдэг. Дээрэм хийсэн нь цаашлаад хүн гэмтээдэг.

Эргээд суллагдсан хүмүүстэйгээ ажилладаг ийм тогтолцоо бий болчихвол Өршөөлийн хууль гарахад айгаад байх зүйлгүй. Тийм систем байхгүй учраас өршөөгдсөн хүмүүс нь хулгай дээрмээ хийгээд л, хоорондоо эргэж уулзаад хэрэг хийх, эргээд шорондоо орох нь зүй ёсны үзэгдэл. Бас эргээд ажиллах тогтолцоо гэхээсээ илүүтэй хорихоос өөр төрлийн ял оноодог ийм Эрүүгийн хуультай болчихвол айгаад байх зүйлгүй. Таван жилийн дараа эрүүгийн хуулиа өөрчилж чадаагүй байвал дахиад Өршөөлийн хууль гаргах шаардлага дахин тулгарна. Өршөөлийн хууль биш Эрүүгийн хуулиа чамбай гаргах хэрэгтэй байна.

Сая Өршөөлийн хууль, Эрүүгийн хуулийг хамтад нь батлах гэж байгаад Өршөөлийн хуулиа түрүүлээд баталчихлаа. Үүнийг та буруу гэж харж байна уу?

УИХ-ын ажлыг би буруу зөв гэж шүүх эрх байхгүй. Ер нь бол зарчмын хувьд яривал Эрүүгийн хуулиа эхлээд батлах хэрэгтэй. Өршөөлийн хууль батална гээд олон нийт мэдчихсэн учраас хүлээлт үүсээд, улс төрийн нөхцөл байдал ч бас нөлөөлсөн байх. Өршөөлийн хууль хэдийнэ батлагдсан.

Аль гурав дөрвөн зууны өмнө бичигдсэн Эрүүгийн хуулийн үндэс болсон номонд "Өршөөлийн хууль бол төр барьж байгаа хүмүүсийн нэр хүнд олох арга хэрэгсэл" гээд биччихсэн байдаг.  Гурав, дөрвөн жил тутам Өршөөлийн хууль гаргаад хоёр мянган хүн суллачихдаг. Таван жилийн дараа дахиад л шорон нь дүүрчихдэг. Ач холбогдол багатай, сөрөг зүйл арвинтай ийм л хууль.

Б.Бат-Эрдэнэ

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө