
Эдүгээ Украины иргэн гэж бүртгэгдсэн 248,000 гаруй татар үндэстний 98 хувь нь Крымд амьдарч байна. Хилийн чанад дахь татаруудын дийлэнх нь Узбекистан, Турк, АНУ, Румынь, Болгар зэрэг улс орнуудад тархан суурьшжээ. Мэдээж хэрэг суннит шашинтай энэ үндэстний өлгий нутаг нь Крым. Тэндээ курултай нэртэй парламент маягийн юм байгуулж, татар үндэстнийхээ эрх ашгийг төлөөлдөг юм билээ. Тэд үндэстний ба нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, автономит статустай болох сонирхолтой боловч Орос, Украин шиг том улсууд энэ асуудлыг нь тоож хүлээн авах эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ Украин-Оросын сөргөлдөөн Крымын татаруудыг ацан шалаанд оруулжээ. Украинд үнэнч үлдэх үү? Эсвэл Оросын талыг баримтлагчдыг дагах уу? Мэдээж хэрэг татар үндэстнүүд орчин үеийн иргэншсэн нийгэмд гаргасан шийдвэрийнхээ төлөө далан жилийн өмнө өвөг дээдэс шигээ цөлөгдөх аюулгүй боловч өнөөгийн Крымын татаруудын удирдагч нар жижиг үндэстнээ авч үлдэхийн тулд толгойгоо багагүй гашилгах шаардлагатай биз. Аль нэг талд нь тал тохой таталгүйгээр том үндэстнүүдийн хоорондын мөргөлдөөнөөс мултрах зайлгүй шаардлага тулгарчээ. Хэрвээ Украиныг дагавал Оросын талыг дэмжигч зэвсэгт босогчид, Оросын талыг баримталбал Украины үндсэрхэг үзэлтнүүдийн бай болно. Крым Украинаас салан тусгаарлаж, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтахаас өмнө яг энэ асуултыг татар үндэстнүүдээс асууж байлаа. Азаар Крымын жижиг үндэстнүүд харьцангуй гайгүй өнгөрлөө. Тэд Украин, Оросын аль нэг тал руу нь хазайхгүй төвийг сахиж чадсаны хүчинд эх нутагтаа үлдэж чадлаа.
Татар үндэстнүүдийн бахархал болсон нэг эрхэм бий. Тэр хүн бол дэлхийн 101 дэх баян хүн болох тэрбумтан Ринат Ахметов. 15,4 тэрбум долларын хөрөнгөтэй Ахметов Украины мэргэжлийн хөлбөмбөгийн Шахтар Донецк клубын эзэн. Шахтар Украины мэргэжлийн хөлбөмбөг дэх Динамо Киев клубын ноёрхлыг зогсоож, хүчээ авсан нь Ринатын хөрөнгө оруулалтын үр дүн. Ахметовын зуун хувь эзэмшдэг Систем Капитал Менеджмент компани нь 23 тэрбум долларын эргэлтийн хөрөнгөтэй бөгөөд уул уурхай, төмөрлөг, санхүүгийн салбарт хөрөнгө оруулж, 300,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Ринат Ахметовын хөрөнгө оруулалт, буяны үйлсийн ачаар Крымын татар үндэстнүүдийн аюулгүй байдал хангагдаж байна. Ахметов өөрийн татар үндэстнүүдээс гадна Украинд ч буяны үйлсэд их мөнгө зарцуулдаг сайн үйлстэн. Дээр нь бизнесийн шугамаар Орос, Украины төрийн өндөр албан тушаалтнуудтай дотно холбоо тогтоожээ. Украины үндсэрхэг үзэлтнүүд түүнийг Оросын талыг дэмжигч зэвсэгт босогчдыг мөнгөөр тэтгэдэг гэж буруутгасан. Гэвч Украины иргэний пасспорттой Ринат Ахметов би бээр нэгдмэл Украин, энх тайвны төлөө бат зогсоно гэж улстөрч маягийн хариулт өгнө билээ.
Улстөрчид ирж л байдаг, явж л байдаг. Харин бюрократууд үлддэг гэдэг хэлц бий. Бизнес эрхлэгчид ч ялгаагүй. Тэд бизнесийн үйл хэргээ амжилттай явуулахын тулд эрх баригч, сөрөг хүчний аль алинд нь тал засахаас өөр аргагүй аж. Ринат Ахметов саяхан Донекц, Луганьск дахь Оросын талыг баримтлагч дэмжигч зэвсэгт босогчдод хандан тэмцлээ зогсоож, Киевтэй тохиролцохыг уриалсан. Цаашид зэвсэгт тэмцлээр амжилт олохгүй гэдгийг сануулсан хэрэг. Украины шинэ ерөнхийлөгч Петро Порошенко салан тусгаарлагчдад найр тавихгүй гэж мэдэгдсэн учраас Ринат Ахметов цаашдаа Украинд амжилттай бизнес эрхлэхийн тулд Киевийг дагахаас өөр аргагүй. Оросыг талыг дэмжигчидтэй сүлбэлдвэл өөрөө л хохирно. Зүүн Украин дахь Ринат Ахметовын бизнес 100,000 хүнийг ажлын байраар хангадаг аж. Гэтэл Донекц ба Луганьскийн Ардын Бүгд Найрамдах Улс гэгчийг нь олон улсын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй учраас Зүүн Украин дахь хөрөнгө оруулалт нь тун эрсдэлтэй байдалд оржээ. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Зүүн Украин дахь үйлдвэрүүдийн борлуулалт бараг дөчин хувиар буурчээ. Энэ бол маш том тоо. ОХУ нь өөрөө уул уурхайн орон учраас Зүүн Украины бүтээгдэхүүнийг байнга бэлэн мөнгөөр худалдан авах шаардлагагүй аж. Тийм ч учраас Ринат Ахметов бизнесээ хэвийн явуулахын тулд баруун тийш экспортлох шаардлагатай. Тэр зүүн зүгт Москваг, баруун зүгт Киевийн аргадаж байж тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалтаа эрсдэлээс сэргийлэх боломжтой.