Аль Кайда уналтанд орсон уу?

2014 оны 5 сарын 122014-05-12
46d9651e-c3df-4a68-8064-41d8b3dffc72,66735-5aa23090-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgАНУ-ын Засгийн газар Ойрхи Дорнод, Хойд Африкийн хорь гаруй улс дахь Элчин сайдын яамд, консулын газруудаа түр хугацаагаар хааж, үйл ажиллагааг нь зогсоов. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш Цагаан Ордон ингэж түргэн авч байсныг санахгүй байна. Америкийн тагнуулын байгууллагууд Аль Кайда бүлэглэлийн хорь гаруй толгойлогч нарын утасны яриаг барьж авчээ. Цаадуул нь дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо нэгэн зэрэг холбоо тогтоож, орчин үеийн холбоо харилцааны хэрэгслийн хүчин чадлыг үзүүлсэн бололтой. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс тэр дор нь шуурхай хуралдаан зарлаж, батлан хамгаалахын сайд, дотоодыг аюулаас хамгаалахын сайд, Холбооны Мөрдөх товчоо, Тагнуулын Төв газар, Үндэсний Аюулгүй байдлын агентлаг зэрэг холбооны улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тагнуул, хүчний байгууллагуудын дарга нарыг дуудсан байна. Тус уулзалтаас Абу Даби, Алжир, Амман, Багдад, Каир, Дахран, Джибути, Дака, Доха, Дубай, Ирбил, Жеддах, Кабул, Хартум, Судан, Кувейт, Манама, Маскат, Нуакшотт, Рияд, Санаа, Триполи дахь элчин сайдын яамд, консулын газруудыг нэн даруй хааж, америк жуулчдыг наймдугаар сарыг дуустал аюултай улс орнуудад зорчихгүй байхыг анхааруулжээ. Аль Кайда бүлэглэлийн толгойлогч нар Араб, Африкийн улс орнууд дахь Америкийн Элчин сайдын яамд руу халдаж, Рамадан сарын бэлэг барьж магадгүй гэж болгоомжилсон байна.

Вашингтон тагнуулын мэдээлэлд үндэслэн тун шалмаг хөдөлж, аливаа террорист халдлагаас урьдчилан сэргийлж чадна гэдгээ харууллаа. Гэвч Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагаа дахин идэвхжиж, АНУ-ын аюулгүй байдалд ноцтой аюул учруулна гэж үзэж байна уу гэвэл үгүй бололтой. Элчин сайдын яамдыг хаасан үйлдлээ урьдчилан сэргийлэх зорилготой тактикийн үйлдэл маягтай тайлбарлав. Аль Кайда нэгэнт уналтад орсон гэдэг тайлбар сонсогдох боллоо. Кени, Танзани дахь Элчин сайдын яамд, тэнгисийн цэргийн хүчний ЮСС Коул хөлөг, Дэлхийн Худалдааны төвийг дэлбэлсэн, хамгийн өндөр зохион байгуулалттай, санхүүжилт сайтай, ухаалаг төлөвлөгч, стратегич нараар удирдуулсан Аль Кайда бүлэглэл түүх болон хоцорсон гэж Америкийн шинжээчид ам бардам хэлэх болжээ. Обамагийн засаг захиргааны нөлөө бүхий гишүүд гадаадын дайснуудаас илүү Брэдли Маннинг, Эдуард Сноуден, ах дүү Царнаев нар шиг дотоодын дайснуудаас сэрэмжлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан. Америкчууд Аль Кайдаг дутуу үнэлж байна уу?

Есдүгээр сарын 11-ний халдлагаас Осама бин Ладеныг устгах хүртэл арван жилийн хугацаанд АНУ-ын засаг захиргаа холбоотон улс орнуудынхаа дэмжлэгтэйгээр Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагааг үлэмж хэмжээгээр сулруулж чадсан байна. Бага Бушийн засаг захиргаа терроризмын эсрэг дайн нэртэй олон улсын цэргийн ажиллагааг боловсруулнаар Аль Кайда бүлэглэлийн эсрэг тэмцэл эхэлжээ. Юуны өмнө Аль Кайда бүлэглэлийн толгойлогч нарыг орогнуулж байсан Афганистан дахь Талибан, Ирак дахь Саддам Хуссэйний дэглэмийг түлхэн унагах зорилго тавив. Энэ ажиллагаанд Барууны холбоотнуудаас гадна Америкийн ашиг сонирхлыг дэмждэг жижиг улс орнуудыг татаж, НҮБ-ын тусгай мандатыг авч чадсан. Саудын Араб, Пакистан зэрэг исламын шашинтай том улсуудын дэмжлэгтэйгээр Аль Кайда бүлэглэлийн нэр хүндийг исламын ертөнцөд унагаав. Пакистаны Абботтабад хотод орогнож байсан Осама бин Ладен Америкийн тусгай хүчний цэргүүдэд алагдахаасаа өмнө Аль Кайда гэдэг нэрийг дахин хэрэглэхгүй байхыг уриалжээ. Учир нь энэ нэр исламын ертөнцөд ч сөрөг сурталчилгаа болж хувирсан учраас санхүүжилт олж, шүтэн бишрэгчдийг уриалан дуудаж чадахгүй гэж үзсэнтэй холбоотой. Аль Кайда бүлэглэлийн ирээдүй бүрхэг болсон гэдгийг Осама бин Ладен гадарлаж байсан ч гэж зарим шинжээчид хэлсэн. Бин Ладен өөрөө яг ингэж хэлсэн эсэх нь чухал биш. Гол нь Америкийн тусгай албад Аль Кайда, Талибаны толгойлогч нарыг олон улсад идэвхтэй эрэн сурвалжилж, ангуучилсны хүчинд дэлхийн хамгийн зартай террорист бүлэглэлийн үйл ажиллагаа суларсан нь үнэн.

Эдүгээ Хойд Африк, Ойрхи Дорнодын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй зэвсэгт бүлэглэлүүд нь Аль Кайда шиг дэлхийн хэмжээнд террористуудын өргөн хүрээтэй сүлжээ байгуулж, маш өндөр зохион байгуулалттай халдлага үйлдэх чадваргүй аж. Сомалийн аль-Шабааб, Малийн Ганда Кой, Ансар Дин, Йемений Ансар аль-Шария бүлэглэлүүд зөвхөн орон нутгийн чанартай бүлэглэлүүд аж. Христийн шашинтнуудыг хороож, исламын шашны ариун нэрийг мандуулах нь тэдний зорилго биш. Тэд зөвхөн Барууны баян улс орнуудын иргэдийг барьцаалах замаар мөнгө олох, зэвсэг, хар тамхины наймаанд анхаарал хандуулдаг. 2004-06 онд Тагнуулын төв газрын Терроризмтой тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан Роберт Грениер Умард Африкийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэлхийн хэмжээний террорист бүлэглэлүүд мэт сурталчлах огт шаардлагагүй бөгөөд ингэж сурталчлах нь тэднийг харин ч өөгшүүлсэн хэрэг болно гэж зөвлөж байв. Афганистан дахь эвслийн хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байсан Генерал Стэнли МакКристал ч гэсэн Афганистан дахь ажиллагааны стратегийг өөрчлөх хэрэгтэй гэж зөвлөж байв. Түүний хэлснээр Талибан зөвхөн Афганистаныг хянах зорилготой болохоос биш Америкийн эсрэг халдлага үйлдэх нь тэдний философи биш аж. Талибаны толгойлогч нарыг Осама бин Ладен, эсвэл Айман Аль Завахиритай адилтгах шаардлагагүй гэсэн санаа.

АНУ-ын тагнуулын байгууллагууд дэлхийн хэмжээнд Аль Кайда бүлэглэлийн зуу гаруй толгойлогч үлдсэн гэж үздэг. Аль Кайда уналтанд орсон гэж тайлбарлах нь терроризмын аюулыг хэт доогуур үнэлсэнтэй утга адил. Гэвч Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагаа суларсан нь бодит үнэн. Осама бин Ладен шиг олон улсад нэрд гарсан толгойлогч алга. Толгойлогч нарыг нь ангуучилж, санхүүжилтийг хязгаарлаж чадсанаар терроризмын сүлжээг хумьж чаджээ. Дэлхийн хэмжээнд терроризмын дүр зургийг тодорхойлдог Глобал Терроризм Индекс гэгч үзүүлэлт бий. Энэ үзүүлэлтийн дагуу 2007 оноос хойш дэлхийн хэмжээнд террорист халдлагын тоо 29 хувиар буурсан сайн мэдээ байна.    





Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

5 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө