
Стокгольмын Олон Улсын Энхтайвны Судалгааны Хүрээлэн дэлхийн зэвсгийн худалдааг бүс нутгаар нь ангилсан байна. Ази Номхон далайн бүс нутагт дэлхийн зэвсгийн худалдааны 47 хувь нь ногдож байна. Ази тивийн улс орнууд тэнгисийн цэргийн хүчний хүчин чадлыг бэхжүүлэх хөтөлбөрт онцгой анхаарал хандуулжээ. Ирээдүйд Ази Номхон далайн бүс нутагт усан дээр дайн мөргөлдөөн болно гэж таамагладаг нь үнэний ортой ч бололтой юм. Ази тивийн зэвсгийн худалдааг Энэтхэг /12 хувь/, Хятад /6 хувь/, Пакистан /5 хувь/, Өмнөд Солонгос /5 хувь/, Сингапур /4 хувь/ хошуучилжээ. Дэлхийн эдийн засгийн шинэ хүч гэж тооцогдож буй улс орнуудын нэг болох Энэтхэг улс тэнгисийн болон нисэх хүчний хүчин чадлаа бэхжүүлэх маш том зорилго тавьжээ. Энэтхэгчүүд батлан хамгаалах салбарт Орос улстай хамтран ажилладаг бөгөөд хамтран алсын тусгалтай пуужин зохион бүтээснээс гадна саяхан Оросоос цөмийн шумбагч онгоц худалдаж авлаа. Энэтхэгийн арми гэдэг том зах зээлийг алдахгүйн төлөө Орос, Америк, Европ гурав алалцаж эхэллээ.
Энэ хооронд Хятад улс Ляонин нэртэй нисэх онгоц тээвэрлэгч аварга том хөлөг онгоц бүтээлээ. Америк, Орос, Барууны улс орнуудаас дутахгүй гэдгээ харууллаа. Хятадын шинэ үеийн удирдагч Ши Жиньпин тэнгисийн цэргийн хүчнээ бэхжүүлэхийн төлөө маш их мөнгө зарна гэж амласан. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Зүүн ба Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаан дэгдэх болсон нь ч үүнтэй холбоотой гэх. Хятадтай газар нутгийн маргаан дэгдээдэг Вьетнам, Бруней, Япон, Тайвань, Филиппин зэрэг бүс нутгийн улс орнууд ч зэвсгийн наймаанд хүч түрэн орох бололтой. Дэлхийн II дайнд гутамшигт ялагдал хүлээснээсээ хойш энхтайванч бодлого баримтлах болсон Япон улс хүртэл үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, үндэсний ашиг сонирхол, газар нутгаа хамгаалах ёстой гэж мэдэгдэж эхэлсэн. Ази Номхон далайн бүс нутагт ирээдүйд ямар нэгэн юм болно шүү. Цагаан Ордон Ирак, Афганистаны дайнд цэг тавьж, Номхон далайд анхаарал хандуулна гэдгээ аль хоёр жилийн өмнө тодорхойлчихсон. Байгалийн баялагтай, стратегийн ач холбогдолтой энэ бүс нутгийг Орос, Хятадад алдахыг Америк зөвшөөрөхгүй.
Нэгэн цагт эдийн засаг, улстөрийн том хүч байсан Европын байр суурь суларсан. Хуучин тивд дэлгэрч буй бүсээ чангалах бодлого зэвсгийн наймаанд ч нөлөөлжээ. Итали, Нидерланд улсууд Ф-35 загварын орчин үеийн байлдааны нисэх онгоц худалдаж авах гэрээгээ цуцалжээ. Шалтгаан нь мөнгө. Болгар, Румынь, Хорват улсууд ойрын хугацаанд зэвсэг худалдаж авахгүй гэж мэдэгдлээ. Испани, Португал улсууд зөвхөн шинэ онгоц худалдан авна гэж байна. Хуучин онгоцыг засч сэлбэх нь шинийг худалдан авснаас илүү зардалтай учраас тэр. Хилийн чанад дахь хүчин зүйл ч нөлөөлжээ. Иракийн дайн дууссан. АНУ, НАТО 2014 онд багтаан Афганистанаас цэргээ эргүүлэн татна. Европчууд хилийн чанадад байлдах биш, хоолны ширээн дээрх талхны төлөө ажиллах шаардлагатай болжээ. Дампуурлаа зарласан Грек хүртэл зэвсгийн том хэрэглэж байжээ. Эдийн засгийн уналтын улмаас импорт нь 61 хувиар буурсан аж. Зөвлөлт Холбоот Улсын үеэс зартай зэвсгийн наймаачин байсан манай хойд хөрш одоо ч гэсэн сүйхээтэй хэвээр байна. 2008-12 оны хооронд Сирийн зэвсгийн импортын 71 хувь, Венесуэлийн зэвсгийн импортын 66 хувийг Орос дангаараа нийлүүлжээ. Сирийн сөрөг хүчний босогчдын эсрэг орос зэвсгээр тулалдаж байна. Умард Африкийн улс орнууд дахь зэвсгийн импорт бараг гурав дахин нэмэгджээ. Умард Африк өрнөсөн бослого, төрийн эргэлтийн шалтгаан нь бараг тодорхой. Газрын тосны арвин нөөцтэй Булангийн улс орнуудын зэвсгийн импорт харьцангуй даруухан үзүүлэлттэй байна. Арабчуудын импорт 2008-12 онд 7 хувиар нэмэгдсэн байна.
Дэлхийн ба Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсан тухай шуугих боллоо. Пхеньян хотын төв талбайд цэргүүд жагсаж, залуу удирдагч Ким Чен Ун Америк, Өмнөд Солонгосын эзлэн түрэмгийлэгчдэд үхлийн цохилт өгөх тухай тэчьяадан хашгирч байна. Гэвч Умардын эрэлхэг дайчид ямар зэвсгээр байлдах бол? Дэлхийн зэвсгийн худалдаанд Умард Солонгос ямар ч байр суурь эзэлдэггүй. Харин эсрэгээр цус нэгтэй Өмнөд Хөршийнх нь зэвсгийн импорт өнгөрсөн таван жилийн хугацаанд таван хувиар нэмэгджээ. Дээр нь дэлхийд худалдаж буй гурван зэвсгийн нэгийг нь үйлдвэрлэдэг Америкчууд тэдний талд зогсож байна. Зөвхөн зэвсгийн тоо, хүчин чадлаар нь харьцуулбал Сөүл, Вашингтон хоёр Умардын түрэмгийллийг өдөөн хатгалга, сүржигнэл гэж тодорхойлохоос өөр аргагүй биз.