“Слайд” компанид Засгийн газар, Хотын дарга ямар “өр”-тэй вэ?

2014 оны 3 сарын 112014-03-11
2b0f3248-e370-4103-8aa1-2bee9cfa7ffd,66805-62317640-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgЗасгийн газар өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн системийг суурилуулах төслийг “Слайд” компанид өгч, төсөлд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгуулахаар шийджээ.

Ингэхдээ “Слайд” ХХК-ийн өмнөөс Засгийн газар баталгаа гаргахаар болсон байна.Энэ хурлын тогтоол “биежиж” амжаагүй бай­тал төсөлтэй холбоотой ноцтой асуудал яригдаж эхлэв.

Уг нь нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологийг нэвтрүүлэх талаар аль хэдийнээс Улаанбаатар хотын удирдлагуудын төвшинд яригдаж, үүнийг төсөл болгон хэрэгжүүлэхээр шийдээд байж. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж, ну­таг­шуулах төслийг хэрэг­жүүлэх журам”-ыг ба­талж, хэрэгжилтийг хан­гаж ажиллахыг Нийс­лэлийн Засаг даргад үүрэг болгожээ. Журмын дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ технологи нэвт­рүүлэх 10 гаруй ком­пани, консорциум санал, төслөө ирүүлж, нийслэлийн удирдлагууд танилцаад байв. Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын тушаалаар  шинэ систем нэвтрүүлэх төслүүдтэй танилцах, судлах аж­лын хэсгийг 2013 онд байгуулсан байна. За­рим нь дэмжигдэж, төсөл шалгаруулах үйл ажиллагаа нь НИТХ-ын дээрх журмын хүрээнд явагдаж байв. Эдний дунд улсын болон нийслэлийн төсөвт дарамт бололгүй 100 хувь өөрийнхөө хө­рөн­гөөр “Ухаалаг авто­бус” төслийг хэрэгжүүлэх санал  ч ирээд байж.  Энэхүү “Ухаалаг авто­бус” төслийг Монгол-Солонгосын хамтарсан консорциум боловсруулсан аж. Төс­лийн судалгааг гурван жилийн өмнөөс хийж, энэ хугацаандаа дэлхийн хэд хэд хотын туршлагыг судлан, БНСУ-ын Сөүл хотод хэрэгжүүлсэн шийдлийг Улаанбаатарт тохирно гэж үзээд байжээ. Тэд зарим тоног төхөөрөмжөө авчран амжилттай турш­сан гэж байгаа. Мөн уг консорциумтай Монго­лын мэдээллийн технологийн сургуу­лиудын эрдэмтэн багш нар хамтарч ажиллан, гүйцэтгэлд нь оролцохоо илэрхийлээд байжээ.

Нийслэлд хэрэгжих төслийн шалгаруулалтын явц ийн явж байтал өн­гөрсөн баасан гаригийн Засгийн газрын хурал­даанаар гэнэт дээрх шийд­­вэр гараатахсан байна. Хэд хэдэн “но”-той асуудал байгаа аж.

Уг нь нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх төслийг нийслэлийн удирдлагууд шалгаруулахаар ажиллаж байв. Гэтэл Засгийн газар гэнэт татан авч шийдэхдээ “Слайд” ХХК-д уг ажлыг өгчээ. Энэ компани өм­­нө нь төслөө огт танилцуулж байгаагүй, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ийн “мотордсон”.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тийм ч таатай бус нөхцөлтэй байгаа. Нийслэл дээр ирсэн төслүүд дунд 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлье гэсэн кон­сорциум байсаар байтал Засгийн газар шийд­вэр гаргахдаа “Слайд” ХХК-д Хөгжлийн банкнаас 13.3 тэрбум төгрөгийн зээл олгож, баталгааг нь Засгийн газраас гаргахаар болсон байна.

Гэнэт гарч ирсэн “Слайд” ХХК нь Ерөнхий сайдын Орон тооны бус зөвлөх Р.Отгонтулгын оролцоотой компани гэх. Р.Отгонтулга нь Ерөнхий сайдын туслах байсан эмэгтэйн нөхөр бөгөөд Зөвлөхийн албанд тохоогдсоноосоо хойш Чингис бондын мөнгөнд гар нь дүрээстэй байх болсон. Ерөнхий сайдын бас нэг Дэнзэн гарч ирлээ гэх мэтээр шивэр авир яриа гарч, зарим хэвлэлд бичиж байгаа. Р.Отгонтулга нь ТҮЦ машин, замын цагдаа нарын торгодог төхөөрөмжүүдийн ний­лүүлэлтэд чухал орол­цоотой талаар бас яригддаг.

“Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр гэж бий. Тэрээр “Сант” сургуулийн захирал н.Зургаанжин гуайн хүү гэнэ. Засгийн газрын хуралдаанаар “Слайд” компанийн аж­лын гүйцэтгэлд МТШХХ-ны газар хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Гэтэл тус газрын дэд дарга З.Энхболд нь “Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөрийн төрсөн ах ажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар  шийдвэр гаргахдаа “Олон тэрбум төгрөгийн төслийн ажлыг З.Энхтөр гүйцэтгэж, төрсөн ах З.Энхболд нь хяналт тавь…” гээд үүрэгдчихсэн байх юм.

Энэхүү гэнэтийн шийд­вэр гарахаас тав хоногийн өмнө Хо­тын дарга Э.Бат-Үүлээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт нэгэн хү­сэл­тийг илгээсэн байна. Нийслэл дээр цугласан төслүүдтэй танилцаж “Энэ нь зүгээр юм байна, үүнийг дэмжих нь зүйтэй…” хэмээж явсан Хотын дарга хүсэлтдээ “…Уг ажлын хүрээнд дээрх шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна жил бүрийн төсвөөс олгодог 53 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг 35 хүртэл хувиар бууруулах боломжтой төслийг бид хүлээн авсан ба уг төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр хотын төсөвт байхгүй болно. Иймд энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг Засгийн газрын хурал­даанаар авч хэлэлцэж шийдэж өгнө үү” гэ­чих­сэн байна. Уг нь мань эр улсын болоод нийслэлийн төсөвт хүнд­рэл учруулахгүй гэх 10 гаруй төсөлтэй танилцаад сууж байсан гэх.

Хотын даргын хувьд бусдын нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй ажээ. Тодруулбал, “Сант” сургуулийн захирал н.Зургаанжин нь Э.Бат-Үүлтэй 40 мянгатын нэг байрных, эхнэр н.Буяндэлгэр нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ангижав юм байна. Тиймээс “Слайд” ХХК ямар нэг байдлаар шалгарч,  н.Зургаанжин захирлын хүүхдүүд олон тэрбумын ажлыг ”эзэгнэнхэн төрөх” нь ойлгомжтой гэсэн явган нүцгэн яриа байна.

Ийн нийтийн тээврийг ухаалагжуулах нэн шаардлагатай төс­лийн ажлыг “ухаалгаар” ашиглан өөрийн болгосон нэгэн жишээ энэ. Товчхондоо, “Слайд” ХХК шуудхан Засгийн газрын хуралдаанд орж, төслөө батлуулж,  мөн Засгийн газраар 13.3 тэрбум төгрөгийнхөө зээлийн баталгааг гаргуулж томорчээ. Уг төсөл шалгаруулалтад оролцох гэж гурван жил ажилласан компани, консорциумууд, төслийг шалгаруулахаар хуралдаж, ажлын хэсэг байгуулж жил гаруй ажилласан төрийн байгууллагууд “Слайд”-ийн дэргэд юу ч биш ажээ. Ухаалаг төр гэх ухагдахуунтай зэрэгцэн Шилэн тендер гэдэг аян төрийн бүх төвшинд яригдаж, хэрэгжиж эхлээд байгаа. Дээрх төсөл ч үүнд хамаатай. Гэтэл Засгийн газар болон Хотын даргын “Слайд” ХХК-д тал зассан шийдвэр нь Монгол Улсын хэдэн арван хууль, тогтоомж, зорилго, зорилтыг зөрчив бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө