Т. Есөн-Эрдэнэ
Сэтгүүлч

Хаврын сураг

2014 оны 3 сарын 32014-03-03
(Эсээ)

59da0406-6561-4852-afb0-ab11800adf80,66813-6330e4e0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgЖил бүрийн хавар миний бие хамгийн сүүлд өвлийн хувцаснаасаа гардаг байж билээ. Эсрэгээрээ намар нь үеийнхнээсээ эртлэн үстэй дотортой хүрмэндээ ордог байсан юм. Миний бус ээжийн минь хүсэл гэх үү дээ. “Хаврын салхи хавирга нэвт” хэмээсээр зузаан хүрэмнээсээ гарах болоогүй болохыг ээж минь надад чадмагаар ойлгуулдаг билээ.

Их хотын явган хүний замуудын цас илэрхий ханзарч, хайлахдаа амьсгалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг жил бүрийн энэ үед би анзаардаг юм.  Зам дагуух ногоон (манай хотын хувьд шороон) зөрлөгүүд тодорч, борлоод эхлэх нь аажимдаа болж буй үйл явц мэт боловч ажиглаад бяцхан баясал өөртөө төрүүлмээр мөч ажгуу. Шороон зөрлөгүүдийн талаар нэгэн сонирхолтой зүйл дээхнэ олж уншиж билээ. Яасан гэхээр, манайхан өвөлжин автомашины зам дээгүүр асгасан давс, хужир, элс дайргатай цасаа цэвэрлэж байгаа нь энэ гээд өнөөх өвс ногоо ургах ёстой зөрлөг рүүгээ цацчихдаг юм гэсэн. Тэгэхээр зундаа өнөөх нь ногоороод, зүлэг ургаад байна гэдэг үлгэр шүү дээ. Гаднын мэргэжилтнүүд бидний энэ үйлдлийг хараад битүүхэндээ шоолдог гэх юм билээ.
 
Хавар ирлээ. Шилэн барилгуудын үүдээр ороход халуунаар үлээгч төхөөрөмжүүдийнх нь хүч харьцангуй суларсан байна. Сарын өмнөхөн амьсгалахад ч бэрх санагдмаар халуун агаараар төөнөн үлээдэг байсан. Харин одоо ийм байгаа нь хавар цаг ирж байгаа гэдгийг сэм хэлэх мэт.  Халтартсан толь мэт гадна ханануудад нь тусах явган хүмүүсийн дүрийг ажвал эхнээсээ хувцсаа нимгэлж, эрчүүд нь үсээ тосолж эхэлжээ. Зарим нэгэн нь хувцсаа хэт нимгэлснээс үүдэн тэрчийсэн хөх нөхөд харагдах.

Заримдаа хавар надад байрны повдальд хараагаа муудтал дэлгэц ширтэн тоглож асан хүүхэд насыг минь санагдуулдаг юм. 1997 оны хавар манайх Цагаан хуаран гэх газарт нүүсан юм. Одоогийнхоор бол XIII хорооллын урд хэсэг буюу Сэлбийн гүүрний ойролцоох газар юм уу даа. Тэр газрыг, тэр дундаа “SEGA” тоглоомын газар луу баярлан гүйлддэг бага сургуулийн андуудын тухай дурсмаар болдог. Ээж, эгч хоёр маань намайг оройтвол байрны подвалиас олж авна. “SEGA”-ны хамгийн “сонгодог” тоглоом болох “Мортал комбат”-аа нүдээд сууж байдаг нь тэр байж. Тухайн үеийн тоглоомын газрууд өнөөдрийнхтэй харьцуулахад өөр байсан гэдгийг би баттай хэлнэ. Учир нь тэр үед мань мэт балчируудыг өвлийн улиралд 15.00 цагаас хойш тоглуулдаггүй байсан юм. Одоо бодох нь ээ, тэр нэг өвөл бидний насны хэдэн хөвгүүд харанхуй болтол тоглоод  гарч явахдаа хуруу гараа хөлдөөснөөс үүдэн тийнхүү хорио тогтоож байжээ. Тиймээс л бага ангийнханд “SEGA” тоглоомын газар өвөл бараг л хаалттай мэт болчихож билээ.

Харин хавар, цаашлаад зун ирэхэд байдал тэс өөр болно. Нэг өгүүлбэрээр хэлэхэд бид “Тоглох эрх чөлөө... ирлээ” гэж тэрүүхэндээ хэлж баясацгаана. Одоо санах нь ээ, тоглоомын газрын бизнес эрхлэгчид ч яасан дүрэм, журамтай хүмүүс байсан юм. Хориглосны зоргоор бацаануудыг тоглуулахгүй байж байдаг. Одоогийн РС-ний газрууд ямар болохыг мэдэхгүй юм.

Бид зөвхөн тоглоомчин хөвгүүд байгаагүй юм байна шүү. Автобус мөнгө авдаггүй байсан учраас хүссэн чиглэлдээ сууж нэг буудал яваад бууна. Буцаад сууна. Байрны лифтүүдийг хамгийн дээд давхар луу нь илгээж тоглоно. Хүмүүс лифт хүлээгээд л хөлөө товшин зогсоцгооно шүү дээ. Бас айлын хонх дарчихаад дуу шуу болон зугтацгаана. Энэ бүхэн ихэнхдээ хавар л болдог байлаа. Учир нь хичээл амарч зун ирэхэд хөдөө эмээгийнх рүүгээ хөөгдөх нь жам ёсны зүйл.

Дараачийн хавар нь тоглоомын төвүүдэд “SEGA”-ны ахисан түвшний эд болох “PlayStation” харагдаж эхлэхэд үеийнхэн маань үнэхээр тэр тоглоомыг “Сони” гэж нэрлээд хуйлран шимтэж билээ. Хоногоор тоглож эхлэх моод бараг л тэр цагаас эхлэлтэй. Шөнөжин нүдээ улайтал тоглоцгооно. “Подвальд байдаг тоглоомын газруудад хүүхдүүд хоногоор тоглсоноос болж сүрьеэ тусч байна” гэх асуудал хөндсөн нэвтрүүлэг тэр үед телевизүүдээр гарч байв. РС-нд донтогчдын тухай өдгөө ярьж байгаачлан, бидний хэлдгээр Сони буюу “PlayStation”-д амиа тавигчид тэр үед хэдэн зуугаараа хичээлээ таслан, подвальд өнждөг байв. Мэдээж олон нийтийн болон гэр бүлийн маань эсэргүүцэл биднийг бас намайг тоглоомноос татгалзахад хүргээгүй. Харин нэгэн удаа би уламжлал ёсоор оройтон тоглож байгаад “Chicago Bulls” гэсэн бичиг бүхий улаан бухны зурагтай гангарааныхаа ганц цүнхийг алдчихсан юм. Тэгээд л дахиж тоглоомын газарт ороогүй билээ.

Миний өссөн тэрхүү газарт өнөөдөр барилга байшин шигүү баригдаж, Сэлбийн гүүрний дэргэд дахин нэг гүүр босгоод уджээ. Яг тэр шинэ баригдсан гүүрний хажууханд манай найзынх амьдардаг байв. Бодох нь ээ 2004 оны хавар л тэр их барилгажилт, тэр их газарт оруулах ажил өрнөжээ. Хашаа нь газарт орсны дараа найзын маань гэр бүлийн ахуй амьдрал илт сайжирсан юм. Тэдний гэрийн ойр орчмын айлууд ч мөн адил. Шинэхэн баригдсан орон сууцанд тэднийх нүүн орж, найз маань үргэлж авахыг хүсдэг байсан харь үүлдрийн нохойгоо ч авсан. Нэг их удалгүй бид уулзаж, тоглохоо больсон.

Олон хаврыг энд дурсаж болох нь ээ. Нам жим, ажин түжин өнгөрөх их хотын өвөл цаашиллаа. Харин ирж буй олон хавар энэ хот, хотын иргэдэд ямар өөрчлөлт авчрах бол? гэж та асуугаарай.  Магадгүй ганцхан хавар өнгөрөхөд бүхэл бүтэн хорооллыг барилгажуулж эхэлсэн шиг бүтээн байгуулалт, гэнэтхэн л найз маань үргэлж хүсэж байсан нохойгоо хөтөлчихсөн явах шиг олон олон өөрчлөлтийг энэ хавар тээн ирэх байх аа.




Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө