
Исламын шашинд орсон Саманта Льютвэйт гэгч цагаан арьст англи эмэгтэй террористуудын дунд нэртэй болжээ. Гэр бүлээрээ террорист. Ямайка гаралтай нөхөр нь 2005 онд Лондон хотын метронд бөмбөг дэлбэлж, амиа золиослосон. Саманта нөхрөө амь эрсэдсэнээс хойш исламын шашны жихадист үзэл санаанд бүр ч тууштай итгэдэг болжээ. Хуурамч иргэний пасспорттой Самантаг Льютвэйтийг Африк, Ойрхи Дорнод даяар эрэн сурвалжилж байна. Бельгийн иргэн 38 настай Муриэл Дегок гэгч эмэгтэй 2005 онд Багдад хотод Америк цэргүүдийг хөнөөх зорилгоор өөрийгөө дэлбэлснээр террорист халдлага үйлдсэн исламын шашинтай анхны европ эмэгтэй болжээ. Азаар тэр зөвхөн өөрийгөө дэлбэлсэн. Исламын шашинтай нөхөр нь ч тусгай ажиллагааны үеэр Америк цэргүүдэд алагджээ. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд АНУ, Франц, Австрали, Итали, Нидерланд, Их Британи зэрэг Барууны өндөр хөгжилтэй улс орнуудад тодорсон цагаан арьс террористуудыг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, шорон луу илгээсэн байна. Абу Талхах аль-Амрики нэрээр жихадистуудын дунд алдаршсан Закари Адам Чессер гэгч залууд 25 жил, Иллиной мужид халдлага үйлдэхийг завдсан Майкл Финтонд 28 жил оноосон. 2002 оны аравдугаар сард Мэрилэнд муж, Вашингтон хотод 10 хүнийг буудан хороож, хэдэн арван хүнийг шархдуулсан Жон Аллен Мухаммад гэгч исламын шашинд орсон африк гаралтай Америк байлаа. Түүнийг 2009 онд хортой тариа хийж цаазалсан. Австралийн Канберра хот дахь Израйлийн элчин сайдын яамыг дэлбэлэх хуйвалдаанд оролцсон Жек Роше, ОХУ-ын Беслан хотод халдлага үйлдсэн Владимир Ходов зэрэг жихадистууд ч цагаан арьстнууд байв. Цагаан арьстнууд бол жихадистуудын хамгийн сайн өнгөлөн далдлалт юм байна. Тэд исламын шашинтнуудтай адил заавал сүмд мөргөх албагүй, архи уудаг, тамхи татдаг учраас хэн ч сэжиглэдэггүй аж. Барууны нэгэн улсын тагнуулын албадын хурааж авсан терроризмын зааварчилгаан дээр цагаан арьст жихадистууд жинс өмсөж, хайрсан боов идэж, чихэвчтэй хөгжим сонсож явбал хэн ч сэжиглэхгүй гэж зөвлөсөн байсан гэдэг.
Цагаан арьстнууд ямар учраас исламын шашинд дурлан тэмүүлэх болсон талаар шашин судлаачид, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнөж, олон нийтийн дунд санал асуулга ч явуулж үзжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд Христийн шашинд орсон Америкчуудын дундаж нас 16 байв. Гэтэл исламын шашинтнуудын эгнээнд нэгдсэн хүмүүсийн дундаж нас 31 аж. Харьцангуй өндөр боловсролтой, нийгэмд байр сууриа олсон дунд насны хүмүүс исламын шашинд ордог аж. Исламын шашин маш энгийн, рациональ, бүх хүмүүс тэгш гэдгийг мэдрүүлдэг, практик шашин гэж хариулжээ. Исламын шашны ариун Рамадан сар нь хорвоо дээр төрсөн хүн бүрийг адил тэгш гэдгийг мэдрүүлдэг гэдэг. Учир нь Рамадан сарын турш гуйлгачин ч бай, тэрбумтан ч бай хамаагүй өглөөнөөс үдшийн бүрий хүртэл өлсөх ёстой. Бурханы өмнө бүгд адилхан хүн гэдгийг сануулдаг. Судалгаанд оролцсон зарим хүмүүс нь арьс өнгөөр алагчлах хандлагаас залхсан, исламын шашин хүнийг илүү сахилга баттай болгодог зэрэг шалтгаанаар энэ шашныг сонгосон гэж хариулсан байна. Голдуу африк гаралтай Америкчууд исламын шашинд орох нь нийтлэг боловч цагаан арьстнууд ч гэсэн ийм сонголт хийдэг болжээ. Америкийн хэсэг эрдэмтэд исламын шашны ариун Коран судар нь террорист халдлага үйлдэхийг өөгшүүлдэг эсэх талаар мэтгэлцжээ. Тэд Коран сударт бичигдсэн зүйлсийг харилцан адилгүй тайлбарлажээ. Коран сударт эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, ядуу дорой хүмүүсийн амийг хөнөөхийг зөвтгөсөн ямар ч сургааль байхгүй гэж нэг хэсэг нь үзсэн бол нөгөө хэсэг нь Коран судар нь ямар ч хамаагүй аргаар бүх дэлхийг исламын хуулийн дор нэгтгэхийг уриалдаг гэж тайлбарласан байна. Коран судар ба исламын терроризм нь хоорондоо ямар холбоотой вэ гэдэг асуулт төгс хариулт олоогүй л байна. Харин нэг зүйл л тодорхой. Цагаан арьстай террористууд жихадист дайны шинэ дүр төрхүүд болжээ.