З.Болдбаатар: Дэлхийд Монголын нэрийг цэргүүд л таниулсан юм шүү

2013 оны 12 сарын 282013-12-28
d50ef3ce-7e31-439f-bef0-bc39c8d298b6,66864-6910f3f0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgЭнэ удаагийн “Баасан гаригийн зочин” буландаа Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг урьж ярилцлаа.

-Сүүлийн үеийн хамгийн сайхан мэдээ гэвэл Афганистанд энхийг сахиулж байгаа орон орны цэргүүдээс монголчууд авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрээрээ ялгарсан байна. Бүр олон улсын цэргүүд “Монголчууд цусандаа дайчин, шантрашгүй хүмүүс юм. Биширч байна” гэсэн байна лээ. Та сонссон биз?

-Тиймээ, энэ талаар сонссон. Манай зэвсэгт хүчний цэргүүд Афганистан Улсад АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд цэргийн нэг рот, Кабул хотын эвслийн цэргийн “Эггерс” баазын аюулгүй байдлыг хангах, НАТО-гийн цэргийн “Аюулгүй байдлыг дэмжих” олон улсын хүчний ажиллагаанд нэг рот, “Мазари-е Шариф” хотод байрлах “Мармал” цэргийн баазын аюулгүй байдлыг ханган үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Мөн Кабул хотын олон улсын нисэх буудал дахь “Каяа” баазын нисэх зурвас, нислэгийн аюулгүй байдлыг хангахаар нэг салаа үүрэг гүйцэтгэж байна даа. Афганистанд эвслийн цэргийн хүчний нийт 8000 цэргийн алба хаагч байрлаж байгаа. “Эггерс” баазын олон улсын цэргийн багуудын дунд хурд хүч, авхаалж самбаа сорьсон тэмцээн болж манай цэрэг дайчид маань амжилттай оролцож эхний байруудыг нь эзэлсэн юм. Энэ нь манай дайчдын маань сургалт бэлтгэл сайн, сэтгэлзүй тогтвортой байгаагийн нэг том үзүүлэлт. Үүнийг бусад улс орны цэргийхэн сайнаар үнэлсэн байна лээ.

-Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс батлан хамгаалах салбарт нэлээд их өөрчлөлт шинэчлэлийг явуулж байх шиг байна. Та салбарын Төрийн нарийн бичгийн даргаар  ирээд багагүй хугацаа өнгөрч. Өөрчлөлт шинэчлэлийн ямар, ямар ажил өрнөж байна даа?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт батлан хамгаалах салбарт шинэчлэлт өөрчлөлт хийх талаар долоон том зорилт дэвшүүлсэн байгаа. Бид эдгээрийг хэрэгжүүлэх ажлаа салбарын эрх зүйн орчныг төгөлдөржүүлэхээс эхэлсэн. Үндсэндээ “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үзэл баримтлал”, Батлан хамгаалах тухай болон Зэвсэгт хүчний тухай хуулиуд, Иргэний цэргийн үүргийн тухай болон Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиудаа төсөл хэлбэрээр бэлэн болгож, сайдын зөвлөлөөр хэлэлцээд дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгээд байна. Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч, цэрэг-техникийн талаар хамтарч ажилладаг улс орнуудын тоо нэмэгдэж, БНХАУ, Беларусь, Польш гэсэн улсуудтай батлан хамгаалах чиглэлээр нилээд өргөн хүрээтэй ажиллах боломж бүрдлээ. Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалалтанд онцгой анхаарч “Цэргийн орон сууц”, хөдөөгийн анги, салбаруудад “Албан тушаалын орон сууц” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд явж байна. Цэргийн алба хаагчдын цолны цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа гарган ажиллаж Засгийн газраас хэлэлцүүлэхээр бэлэн болгочихоод байна. Иргэний бай­гууллагуудын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хуулиудад цэргийн анги, байгууллагуудад ажиллаж байгаа энгийн иргэдийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдал нөхөн төлбөрийн асуудлуудыг тусгайлан нэмэлтээр тусгахаар санал боловсруулж ажиллалаа. Одоо бид цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар судалгаа, тооцоо хийн, санал боловсруулан ажиллаж байна ирэх онд шийдвэрлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг үе шаттайгаар сэргээн сайжруулах, шинэчлэх талаар урт хугацааны 15 жилийн хөтөлбөр боловсруулж бэлэн болгосон. Удахгүй энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж шийднэ.

-Өөрчлөлт шинэчлэл хийхэд армийнхны хүлээж авах сэтгэл зүй хэр байх юм. Мэдээж шүүмжлэл дагуулж таарна?


-Манай цэргийхэн өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж авах сэтгэл зүй маш сайн. Олонхи нь дэмждэг. Харин зарим нэг удирдах албан тушаалын дарга нь удаан хойрго, байгууллагын амбиц талаасаа хуучинсаг хандлагатай байна. Харин бидний хийх шинэчлэлийн бодлогод Ерөнхийлөгчийн санаачлан хийсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний чуулган нилээд том хэмжээний урам зориг өгч, боломж олголоо.Бид энэ салбарт батлан хамгаалах нэгдмэл бодлого явуулах, цэргийн хүчний нэгдсэн удирдлага, ажиллагааны төлөвлөлтүүдийг бүрдүүлэх, захиргааны нүсэр бүтцийг халж, цэргийн мэргэжлийн үндсэн анги салбар, бэлэн байдал руу хандсан тогтолцоог зөв бүрдүүлэхэд анхаарах ёстой. Эдийн засгийн үрэлгэн байдлыг таслан зогсоох, улс орны аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг нэгдмэл зөв тогтолцоогоор шийддэг арга барилд шилжих, байгууллага албан тушаалтнуудын амбиц, эрх дархыг улс орны аюулгүй байдлын эрх ашгаар солих зэрэг олон ажлууд хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тогтолцоонд үндэслэсэн зөв менежмент хэрэгтэй болжээ гэсэн үг. Үүнийг бид хийх болно.

-Хамгийн гол нь цэргүүд бүтээн байгуулалтад оролцдог боллоо. Саяхан Асгатын чиглэлд бетон гүүр, хайрган хучилттай авто замыг танай цэргүүд барьсан байх аа?

-Тиймээ. Засгийн газраас “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн маань үндсэн агуулга, зорилго нь залуучуудыг цэргийн алба хаах хугацаанд амьдралд нь хэрэгтэй мэргэжилд сургах, ажил хийж сургах, стратегийн бүтээн байгуулалтанд монголчуудыг оролцуулах, үүгээр дамжуулан зөв хүмүүжил, төлөвшил олгох явдал юм. Энэ онд Асгатын чиглэлд бүтээн байгуулалт, “Орон сууц” хөтөлбөрүүдэд оролцлоо. 300 гаруй цэргийн алба хаагчдад алба хаах хугацаанд нь мэргэжил эзэмшүүллээ. Энэ ажил маань үр дүнгээ өгч эхэлж байна, ирэх жил улам эрчимжүүлнэ. Энэ нэг жилийн хугацаанд эрх зүйн зохицуулалт хийх олон талын асуудал байгааг олж харж, сургамж авлаа. Удахгүй бид Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ бол нилээд том ажил болно гэж үзэж байна.

-Манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар хэдэн улсад хэдэн залуус энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Энэ ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Одоо бол зөвхөн Судан, Афганистан хоёрт л үүрэг гүйцэтгэж байна уу?


- Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 11 жил болж байна. Нийтдээ 10 мянга орчим цэргийн алба хаагчид оролцжээ. Урьд өмнө нь Сьерра Леон, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Косово, Чад, Гүрж, Ирак, Баруун Сахар, Афганистан, Судан, Өмнөд Судан гэсэн улсуудад НҮБ-ын мандаттай үүрэг гүйцэтгэсэн. Одоо Судан, Өмнөд Судан, Афганистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Баруун Сахар гэсэн улсуудад 1300 орчим цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын цэргийн ажиллагаа НҮБ-аас их хамааралтай байдаг. Бид цаашдаа Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх асуудал нилээд үргэжлэх төлөвтэй байна. Цаашдаа бид цэргийн эмнэлэг, цэргийн инженер, цэргийн сургалт, барилга инженерийн чиглэлээр сэргээн босгох тогтворжуулах ажиллагаануудад оролцох чиглэлтэй байна. Гэхдээ энэ тухай улс орны нөхцөл байдал, аюулын эрсдэл, цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг.

-Миний сонссоноор энхийг сахиулах ажиллагаанд энгийн албан хаагч гэхээс мэргэшсэн албан хаагчийг явуулах болсон шүү дээ. Бүр “Элит”-ийн 150, Дарханы 330 дугаар анги гэхчлэн гурван ангийн мэргэшсэн албан хаагчдыг явуулах гэсэн үү. Энэ нь аюулгүй байдал, мэргэшсэн байдлаа бодвол сайн ч бусад албан хаагчдад жаахан гомдолтой юм биш үү. Армийн залуус бүгд энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг хүсдэг шүү дээ?


-Таны ярьсан Зэвсэгт хүчний 150, 330 дугаар ангиуд нь мэргэжлийн мотобуудлагын тусгай батальонууд. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг энэ бааз дээр тулгуурлан бэлтгэж явуулдаг. Энэ нь заавал энэ ангиас явна  гэсэн үг биш юм шүү. 40 хүртэлх насны цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь нээлттэй. Бүгд сайн дурын үндсэн дээр явдаг. Харин эрүүл мэнд, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн төлөвшил, багаар ажиллах чадвар зэргийг тогтоосон шалгуурууд байдаг. Ер нь цэргийн болсон хүн бүр энхийг дэмжих ажиллаганад оролцох, бодит цагийн байдалд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах сонирхолтой байдаг. Энэ нь хувь хүний цэргийн мэргэжлийн чадвар дээшлэхээс гадна зэвсэгт хүчний бэлтгэлжилт давхар дээшилж байна гэсэн үг.

-Харин анги, нэгтгэлийн чадамжийг сайжруулах, орчин, нөхцөл бололцоо, техник хангамжаар сайжруулахад хэрхэн анхаарч байна?

-Өнөөдөр “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний удирдах байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг эргэн харж үзэх, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн бүтэц, байлдах чадамж, гүйцэтгэх үүрэг, хариуцлагын бүсүүдийг дахин авч үзэх, ангудын орон тоонд байгаа захиргааны болон туслах чанарын орон тоонуудыг багасгах, гүйцэтгэх үндсэн үүрэг, байлдааны чадамжийг нэмэгдүүлэх, зэвсэглэл техникийг нь гүйцэтгэх үүрэгтэй нь уялдуулан шинэчлэх, сайжруулах, зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байна. Зэвсэгт хүчний анги, байгуулагуудын орчин нөхцөл амьдрах боломжийг сайжруулах зорилгоор “Цэргийн хотхон” төсөл хэрэгжүүлэх болно. Зэвсэгт хүчний ангиудын байршлыг бүсчилсэн хотхон хэлбэрээр тохижуулж, бүсийн сургалтын төвүүдийг байгуулж, тэнд цэргийхэн, онцгойгийнхон, дотоодын цэргийнхэн, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын сургалт, дадлагыг хийдэг нэгдсэн тогтолцоог бий болгож төсөв зардал хэмнэх хэрэгтэй байна. Анги нэгтгэлүүдийн түргэн байрлах чадвар, хөдөлгөөнт чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого цаашдаа баримтлах нь зүйтэй байна. Манайх шиг жижиг орны хувьд тусгай хүчин, тагнуулын байгууллагуудыг бэхжүүлж, мэргэжлийн чадварыг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.

-Хоёулаа сэдвээсээ жаахан хазайя.  Та армид байлдагчаас генерал болтлоо дэвшин ажиллажээ. Та армийнхны дунд амжилтад хүрч болдгийн амьд жишээ байх. Өнгөрсөн үеийг  эргээд харахад ажлын төлөөх цаг хугацаа байна биз. Байлдагч явсан үеэ дурсаач. Цэргийн цолны нэр хүндийн талаар юу гэж бодож байна?

-Би 1978 оны цэрэг, 028 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж эхэлсэн. Дараагаар нь 033 дугаар анги, 029 дүгээр ангид цэргийн алба хааж өнгөрүүлсэн. Байлдагч байхдаа дээд сургуулиас ирсэн боловсролтой цэрэг байлаа. Тэгээд оросоор бага зэрэг ярьчихдаг болохоор 028 дугаар ангид алба хаалгасан тэнд зөвлөлтийн мэргэжилтнүүд их ажилладаг. Жил бүр Оросын Чита хот руу явж пуужингын буудлага хийдэг байсантай холбоотой байсан байх аа. Байлдагч байхдаа салааны орлогч, дэд түрүүч, ахлах түрүүч гэсэн цолтой байсан. Цэргийн цол бол нэр хүнд, хариуцлага, туршлага, дадлага чадварыг илэрхийлсэн том үзүүлэлт шүү. Цэргийн дунд офицерийн цолны хувьд дараагийн цолоо автал гурав, ахлах офицерийн хувьд дөрвөн жил байдаг нь одоогийнхоор бол коллеж, их дээд сургууль дүүргэх хугацаатай дүйж байгаа юм. Хүн их, дээд сургуульд суралцахдаа ямар их зүйл мэдэж, дадлага чадвар олж авдаг билээ түүнтэй яг адил юм. Ийм учраас бид цэргийн цолондоо хүндэтгэлтэй хандаж түүнийг нийгэмд бүхий л талаараа зөвөөр илэрхийлж, манлайлж байх ёстой гэж үздэг. Энэ завшааныг ашиглаад цэргийнхэн та бүхэндээ ирж буй шинэ оны мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Дэлхийд монголчууд, монгол үндэстнийг цэргийнхэн л гаргаж таниулсан. Би үргэлж та бүхнээрээ бахархдаг юм шүү цэрэг дайчид минь гэж хэлье дээ.

Д.БОЛОРМАА



Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө