Хөрөнгө оруулалтын хуулиа хэрэгжүүлж эхэлбэл их мөнгө орж ирэх гээд байна

2013 оны 12 сарын 272013-12-27
880c1154-2345-4a5e-b2d2-80803117713c,66865-6928e8c0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg-    Төр зөвхөн зохицуулалтыг хийх нь зөв оновчтой шийдэл гэдгийг  эрх баригчид ойлгосон нь олзуурхууштай хэрэг -

 Монгол Улсын Засгийн газрын “Самурай бонд” гаргах хүсэлтийг япончууд зөвшөөрсөн нь дэлхий дахины анхаарал татсан хамгийн сүүлийн үеийн мэдээ болж байна. Бас Оюу толгойд хөрөнгө оруулалтаар 160 сая ам.доллар орж ирнэ гэдэг ч олзуурхмаар мэдээ. Ази, Европыг холбосон AH-3 хурдны замыг Монголын үндэсний компаниуд гадныхантай хамтарч ирэх жилээс Монголд барих гэж байна. Энэ замыг хувийн хэвшлийнхэн мөнгөө босгож барих учиртай. Олон улсын банк, санхүүгийнхэн манайд мөнгө зээлэх юм гэсэн. Олох доллар нь багасч,  төгрөгийн ханш нь 20 хувиар унаж дэлхийн анхааралд ороод байсан Монгол эргээд дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхлэх нь бололтой. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль иймэрхүү эерэг мэдээ давтамжтай сонсогдох болсон гарцаагүй шалтгааны нэг нь.  Монголын төр хөрөнгө оруулалтаа дэмжихгүй бол болохгүй гэдгийг ойлгоод эхэлчихэж гэсэн мессежийг энэ хууль мөнгөтэй эрхмүүдэд өгч чадсан. Өөр нэг нөлөөлсөн том шалтгаан нь төрийн тэргүүний “Том төрөөс ухаалаг төр лүү шилжинэ” гэсэн мэдэгдэл. Ерөнхийлөгчийн хэлсэн энэ санааг дээр дооргүй дэмжиж эхэлсэн  нь “Энэ монголчууд чинь өмнө хийсэн алдаагаа засах гээд эхэллээ шүү” гэсэн эерэг ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгч байна.

Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хууль өнөөдрийг хүртэл амьдралд буугаагүй байна гэж хувийн хэвшлийнхэн үзэж байв. Ямар ч хууль дагалдах дүрэм, журам нь гарч байж хэрэгжиж эхэлдэг. Гэтэл одоо болтол Хөрөнгө оруулалтын хуулийг  дагаж ямар журам гаргах нь тодорхойгүй байгаа.

Уг нь Хөрөнгө оруулалтын хуульд хэд хэдэн олзуурхмаар заалт бий. Эхний “гоё” заалт нь энэ хуулийг өөрчилье гэвэл УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь бүрдэх учиртай. Нэг гишүүн нь санаа гаргаад, ирцээ бүрдүүлсэн болоод хуулиа байн байн өөрчлөхгүй гэсэн үг. Бизнес эрхлэгчдэд оруулж байгаа хөрөнгөнийх нь хэмжээгээр тогтвортой хугацаа амласан нь дараагийн онцлох “дажгүй” заалт. Ухаандаа их мөнгө оруулах хэрээр татвар гэнэт нэмэгдэх вий, энэ хууль өөрчлөгдчихвөл яах бол гэж зоволгүй  санаа амар бизнесээ хийж болох боломж  уг нь  бол бүрдчихсэн.

Өөр нэг олзуурхмаар зүйл нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлтгүй дэмжих заалт. Өмнө нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг л дэмжинэ  гээд үндэсний компаниудаа элдэв боломжоос хасч орхидог  байсан бол Хөрөнгө оруулалтын хууль гарснаар аль алийг нь ижил тэгш дэмжих орчин бүрдсэн. Эдийн засагчид, төрийн албаныхан, шинжээчид гээд учир мэдэх улс энэ хуулийг гадныхны сонирхлыг татахаар хууль болж чадсан гэж үзэж байгаа. 

Харин одоо бидэнд гаргасан хуулиа тогтвортой мөрдөх механизмуудыг амьдралд нэвтрүүлж цаг алдалгүй ажил хэрэг болгох нь юу юунаас чухал. Энэ хэрээр төсөл хөтөлбөрүүд хэдий түргэн хугацаанд дахин сэргэж хөдөлгөөнд орно, тэр чинээгээрээ манай эдийн засагт эерэгээр нөлөөлж, бодит өгөөжөө өгч эхлэх нь ойлгомжтой асуудал.

Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ч гол нь томоохон төслүүд Монголд хэрхэн хэрэгжиж байна вэ, төр үүнийг нь хэрхэн зохицуулалт хийж дэмжиж байна гэдэгт анхаарлаа хандуулж байж хөрөнгө оруулалт хийх эсэхээ харзнаж буй нь ойлгомжтой. Мөн гадны банк санхүүгийн байгууллагууд ч манай томоохон төсөл хэрэгжүүлж буй компаниудын үйл ажиллагаа хэр тогтвортой байгаа мөнөөх л төр нь хэрхэн дэмжиж байгааг, Хөрөнгө оруулалтын шинэ хуульд хувийн хэвшлээ яаж дэмжих эсэхийг хэрхэн тусгасныг  анхааралтай ажиглаж буй.

Гэтэл  шинэ хууль батлагдсан, мөрдөх хугацаа тодорхой байхад цэгцрээгүй л сууж байна.

Саяхан төрийн тэргүүн  хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан уулзалт дээрээ ч “Том төрөөс ухаалаг төр рүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго зорилтууд болон түүний хэрэгжилтийн талаар санал солилцсон. Мөн дээрх санаачилгын хүрээнд нэн тэргүүнд шийдэх чухал асуудлууд, шинэ хууль журам, өөрчлөлт, зохицуулалтын талаар дурдаж улс оронд тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг хэрхэн оновчтой шийдэх тал дээр санал бодлоо илэрхийлсэн.

Төрийн тэргүүний хэлсэнчлэн “Төр өөрөө аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд оролцож, өрсөлдөхөө болих хэрэгтэй” гэсэн санаа ч өдгөө ач холбогдолтой хэвээр, бид хаа хаанаа эргэж бодмоор.

Төр бизнесийн үйл ажиллагаанд  өрсөлдөгчөөр оролцохгүй зөвхөн татвар эрх зүйн  орчныг зохицуулах үйл ажиллагаанд  оролцох нь алсыг харсан зөв шийдвэр юм гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанаас харагдаж байна. Ер нь бизнесийн үйл ажиллагаа нь нэг талаар олон эрсдлийг хүлээж байдаг бөгөөд татвар төлөгчдийн мөнгөөр төр бизнесийн үйл ажиллагаа явуулж, эрсдэл хүлээх нь оновчтой арга зам биш. Саяхан төрийн өмчит компаниудыг шалгахад дийлэнх нь ашиггүй буюу алдагдалтай ажилладаг нь тодорхой болсон төдийгүй тухайн газруудын удирдлагад хариуцлагын тогтолцоо байдаг эсэх нь эргэлзээтэй юм. Гэтэл төрийн эзэмшлийнх байхдаа алдагдалтай ажиллаж байсан газрууд хувьд шилжихээрээ ашигтай ажиллаад эхэлдэг. Энд өнөөх л яригдаад байдаг шахааны нийлүүлэлт, төлөвлөлт бодлогогүй ажилладаг, танил талын томилгоо байдаг нь  төрийн тодотголтой компаниуд байнга л алдагдалтай ажиллахад нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Наад захын жишээ дурдахад  Эрдэнэс “Таван толгой” ХХК-тай төр өрсөлдөн зах зээлээ булаацалддаг  нь нууц биш. Мөн МИАТ. Авиакомпаниудтайгаа төр бас л өрсөлдөж  буй. Цаашдаа ийм байдлаар яваад байвал хөгжихгүй,  харин төр зөвхөн зохицуулалтын ажлаа хийх нь зөв оновчтой шийдэл гэдгийг  эрх баригчид ойлгосон нь олзуурхууштай хэрэг.

Түүнчлэн Оюу толгойн асуудал. Манайх 34 хувийг эзэмшдэг нь хэл ам дагуулсаар л. Асуудлын гол нь  Оюутолгойн эх үүсвэр санхүүжилт татаад ирэхээр босож байгаа төслийн үнэлгээний  дүн нь өсөх тусам тэр хэмжээгээр төрийн авч байгаа, хүлээж байгаа өр нь өсөөд байгаа юм. Учир нь компанийн гаргаж байгаа мөнгө өсөөд ирэхээр 34 хувийг эзэмшиж байгаа манай тал түүнтэй дүйх хэмжээний мөнгийг гаргах хэрэгтэй болж таарна. Гэтэл манайд тэр мөнгө байхгүй болохоор  “Бид өмнөөс чинь гаргая” гэж нөгөө тал гаргачихана. Ингээд их өндөр дүнтэй болоод  ирэхээр дараа нь бүтээгдэхүүнээ гаргаад татвараа төлөхөд  Оюутолгой шууд тэндээс нь суутгах гээд байдаг. Өөрөөр хэлбэл танайх 34 хувьдаа багтах хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээгүй учраас тэр хөрөнгө оруулалтад тааруулаад төрд өгөх байсан татварыг тэнд нь шингээнэ гэдэг. Үүнийг бодоод үзэхээр  магадгүй 5,10 жил бид татвар авахгүйгээр нөгөө талыг явуулах гээд байна. Тэгэхээр нарийн харвал  Оюутолгойгоос ямар ч ашиг хүртэхгүй болчих гээд байгаа нь гашуун үнэн. Гэтэл  үнэндээ тэдний хөрөнгө оруулалт,  зардлуудыг бид хянаж чадахгүй асуудал нь мөн л үл ойлголцол  маргаан  дагуулсаар  байна. Тэгэхээр төр оролцож 34 хувь эзэмшдэг хэлбэр өөрөө оновчтой арга биш нь Оюутолгой гэдэг том жишээнээс харагдаж байгаа хэрэг. Харин Оюутолгой ашиглалтад ороод баяжмалаа экспортлоод эхлэхтэй зэрэгцээд төр татвар хураамжаа аваад зөвхөн борлуулалтад хяналтаа тавиад явах нь зөв оновчтой шийдвэр. Оюутолгой юунд хэдийг зарсан эсэхийг хянаж хардах, түүнийг нь баталгаажуулна гэж толгойны өвчин болохгүй уг нь амар. Зэсийн баяжмалын үнэ Лондонгийн металлын биржийн үнийг баримтлах учраас төр ч хянахад амар, олон нийтэд ч нээлттэй ойлгомжтой юм. Цаашдаа төр татвар, хураамжуудаа авдаг журмаараа аваад харин аж ахуй нэгжүүд  стратегийн хувьд авч ажиллуулж, бүтээн байгуулалтыг хийж төрөөс түүнийг нь дэмжье гэсэн баримтлал нь яах аргагүй алсыг харсан бодлого болно.

Оновчгүй шийдвэр ар араасаа асуудал дагуулах нь ойлгомжтой. Манай төр Оюутолгой, Рио Тинтотой  ойлголцоогүйгээс гаднаас орж ирж байгаа манай валютын мөнгөн урсгал зогссон. Монголбанкнаас гаргасан судалгаагаар 2010, 2011, 2012 онд нийт орж ирж байгаа валютын урсгалын дийлэнх хувь нь Оюутолгойтой холбоотой хөрөнгө оруулалт байдаг гэсэн судалгаа бий. Мэдээж том бүтээн байгуулалтыг дагаад бусад нь хөгждөг жамтай. Тэр хэрээр дотоодын аж ахуй нэгжүүдийн болон тэр дундаа Монгол хүний өрсөлдөх чадвар, туршлага хөгжинө. Гэтэл Оюутолгойн төсөл зогсохоор наад зах нь түүнтэй холбоотой хөрөнгө оруулалт хумигдана, тэр хэмжээгээр манайд орж ирэх гадаадын валютын мөнгөн урсгал “таг” болно.  Ингээд ирэхээр валютын хомсдол үүсч энэ нь төгрөгийн ханшийг унаган долларын ханшийг өсгөөд байдаг. Үнэн хэрэгтээ манай улсын хэрэглээ импортоор тэжээгддэг учраас импортоор орж ирж байгаа барааны үнэ өсөх нь  инфляцийг өсгөж, энэ нь алсдаа банкны хүүг өндөр хэвээр хадгалахад нөлөөлж байгаа юм. Гэсэн ч төр эдийн засагтаа эргээд хортой алдаатай шийдвэр гаргаснаа  эргэн харж,  зөв голдирол руугаа чиглэсэн нь таатай хэрэг.

Дээр нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилсэн нь хожимдсон ч зөв зүйтэй асуудал болсон. Харин  шинэ хуулийг өнгөц харахад  татварын хөнгөлтийг олгосон мэтээр ойлгогдож байгаа.  Гэтэл татварын тогтвортой орчныг л баталгаатай  болгож өгсөн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд  татварын болон татварын бус  ийм ийм хөнгөлөлтүүдийг эдлэх боломж бий гээд дурдаад өнгөрсөн байгаа.

Энэ нь Хөрөнгө оруулалтын хуулиараа ийм, ийм  боломжийг нээж өгөөд уг хуулийн тодорхой заалтуудыг үндэслээд татварын холбогдох  хуулиудад өөрчлөлт оруулах боломж гарцыг зааж өгсөн. Цаашдаа татварын багц хуульд өөрчлөлт оруулах үндсэн суурь нь Хөрөнгө  оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг  үндэслэн  татварын багц хуульд тийм, тийм хөнгөлөлтийг тусгаж  өгөөд  УИХ руу оруулах боломжийг шинэ хуулиар нээгээд өгчихсөн нь олзуурхууштай. Тэгэхээр зүгээр сууж байгаад татварын багц хуулийг татаж аваад өөрчлөлт оруулан УИХ руу нэмэлт, өөрчлөлт оруулъя гэхээр эрх зүйн чадамжгүй байсан нь одоо нээлттэй, боломжтой болсон гэсэн үг. Одоо харин холбогдох салбар яамдууд өөрсдийнхөө татвар суутгал шимтгэлтэй холбоотой  хууль журмууддаа  өөрчлөлт оруулаад УИХ болон Засгийн газарт өргөн барих нь нээлттэй боллоо.

Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим заалтыг үндэслээд бусад салбар яамдууд татвар, НӨАТ дээрээ тодорхой салбарыг дэмжих зорилгоор хөнгөлөлт болон дараа төлбөрт ч юм уу янз бүрийн хэлбэрээр  түүн дээрээ ажиллах нь зүйтэй болов уу. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын  тухай хуулинд өнөөдөр байгаа татварыг ирээдүйд тогтвортой байлгах баталгааг л гаргасан. Гэтэл яг өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа, нэгэнт зах зээл рүү ороод ирчихсэн аж ахуй нэгжүүдэд тийм ч ашигтай бус юм. Харин ирээдүйд оруулж ирэх хөрөнгө оруулагч нарт илүү ашигтай болсон. Нэгэнтээ хөрөнгө оруулалтаа хийгээд эрсдлээ үүрээд ороод ирчихсэн, хүндхэн үеийг хамтдаа үүрэлцэж  яваа гадаад, дотоодын аж ахуй нэгж, компаниудад боломжийг олгохын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу татварын болон татварын бус холбогдох хөнгөлөлт, урамшууллыг олгох нь зүйтэй. Мэдээж аливаа улсын Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, гадаад валютын урсгалыг татах зорилгоор экспортлогчдоо тэтгэх, инфляцийг бууруулахад голлон нөлөөлөх нефть, хүнс хөдөө аж ахуй, барилгын материал үйлдвэрлэгчдийг “харж үздэг” дотоод бодлоготой байдаг. Энэ бодлогоо барьж байна гээд төр өөрөө гүйж ороод,  бизнест хутгалдаж өрсөлдөөд байх бус татвар, суутгал шимтгэл, урамшуулал, хөнгөлөлтийн бодлогоороо ухаалаг зохицуулахыг л “Ухаалаг төр” хийдэг байх ёстой.

Тэгэхээр Засгийн газарт бодлого нь  гарсан, харин  боломжийг  нь хөрөнгө оруулалтын хуулиар нээгээд өгсөн,  одоо хийж, түүнээ  ажил хэрэг болгох л үлдээд байна.


Ч.Үл-Олдох




Санал болгох

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

1 сарын өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

1 сарын өмнө
Өвөр Монголоос мэдээлж байна

Үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй...

1 сарын өмнө
Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлсэн цадиг

Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм.

1 сарын өмнө