Ц.Банзрагч: Бид ойгоо тоолсноор дэлхийд данстай болно

2013 оны 12 сарын 262013-12-26
fe190512-3eed-4e5d-88ca-5cc185d94b66,66866-695b6a70-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgБайгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ой хамгаа­лал, ойжуулалтыг зохи­цуу­лах хэлтсийн дарга Ц.Банзрагчтай ярилцлаа.

-Саяхан үндэсний хэм­жээ­ний ойн чуулган бол­лоо. Чуул­ганаар олон асуудал хэлэлцсэн. Үр дүнгийн тухайд юу хэлэх вэ?
-Энэ салбарт маш чухал үйл явдал боллоо. Чуул­ган хийснээр ойн бод­логыг сайжруулж анхаарал хандуулах цаг нь бол­сон гэдгийг харуулж байна.

Мөн бодлого төлөвлөх эхний алхмуудыг бидний зүгээс хийж эхэллээ. Түүнийгээ  мэргэжил, зорилго нэгт нөхдүүддээ танилцуулж, тэднийхээ санал бодол, зөвлөгөөг сонсох хэрэгтэй гэж үзсэн.  Ойн аж ахуйн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.  Ингэснээр тэрхүү татварын мөнгийг эргээд ойжуулалтад зориулах боломж нээгдсэн. Мөн төмөр замын дэрэнд мод хэрэглэж байсныг зогсоолоо. Ингэснээр жилд  25-30 мянган шоо метр ногоон ойгоо авч үлдсэн. Энэ мэтчилэн манай салбарт гэрэл гэгээ тусаж, илүү их зүйл хийх бүтээн байгуулалт ундарч байна.

-Ойн бодлогыг яагаад шинэчлэх болов. Цаг үе нь ирсэн хэрэг үү?
-Тийм ээ. 1924 оноос манай салбар үйл ажиллагаа эхлүүллээ. Ирэх жил 90 жилийн ойтойгоо золгоно. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний бодлого, хуультай явж ирсэн. Гэхдээ одоо шинэчилсэн бодлоготой болох цаг үе ирээд байна. Ойн салбар өмнө нь мод бэлтгэлийн аж ахуй, боловсруулах үйлдвэр,ойн аж ахуй гэсэн бүтэцтэй байлаа. Харин одоо ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл гээд шинэ бүтэцтэй боллоо. Үүнд тохирсон бодлого хэрэгтэй байна.  Өнөөдөр 1000 гаруй нөхөрлөл Монголын ойн гурван хувийг хамгаалж байна. Ганц ойн хамгаалагчтай байсан үеийнхээс үр дүн нь хамаагүй дээр болсон.  Үүнийг 2020 он хүртэл 20 хувьд хүргэх зорилготой байгаа.

-Говь хээрийг ойжуулах “Ногоон хэрэм” төсөл батлагдсан. Ажлын үр дүнгийн талаар хүмүүс шүүмжилдэг. Шинэ бодлогод энэ талаар хэрхэн тусгасан бэ?
-Тодорхой ахиц гарахгүй байгаа нь үнэн. Шинэ бодлогоор зарчмын өөр өнцгөөс хандаж байна. Говийг ойжуулснаар зөвхөн элсний нүүдлийг зогсооно гэж ярьдаг байсан бол одоо мал аж ахуйн амьдрах орчин болгох гол зорилгын үүднээс ажлаа хийж байна.  Тухайлбал загийг говьд ихээр тарьснаар тэмээн сүргийн тоо ихэснэ гэж үзэж байна. Энэ мэтчилэн олон талыг бодож дэмжиж ойжуулалтаа хийхээр төлөвлөлөө.

-Сая болсон чуулганы үеэр ойн цэвэрлэгээг хийх нь зөв буруу гэсэн олон санал гарлаа.  Ер нь цэвэрлэгээний асуудал тийм чухал хэрэг үү?
-Энэ үнэхээр эмзэг асуудал.  Хүн бүхэн цэвэрлэх ёстой гээд дайрчихвал модны хулгай ихэснэ. Цэвэрлэгээ нэрийн дор ойгоо устгах аюулд ч хүрч болох юм. Тэгэхээр зөв бодлого, зөв аргаар гагцхүү мэргэжлийн хүн хийх нь чухал. Хурал дээр зарим хүн нөхөрлөл хийх юм билээ гэж ярьсан. Энэ бол нөхөрлөлийн хийх ажил биш. Нөхөрлөл бол зөвхөн туслан гүйцэтгэгч нь байх юм.  Ойн мэргэжлийн эрх авч, тухайн хүнд нарийн зааварчилгаа өгч хийвэл цэвэрлэгээ хийж болох юм.

-Цэвэрлэгээ хийхэд тулгамдаж буй асуудал нь юу вэ. Манай ойн хэдэн хувийг цэвэрлэх шаардлагатай болсон. Энэ талаар судалгаа бий юу?
-Ойн хаягдал 30-аас дээш хувьд хүрвэл асуудал хурцадсан байдаг. Түймрийн голомт, хорхой шавьжны идэш тэжээл болж байна гэсэн үг.  Гэхдээ ой бол нөхөн сэргээгддэг баялаг. Түүнийг цэвэрлэснээр залуужина, тэлж ургана гээд давуу тал олон бий. Одоогоор 2,1 сая га газарт 64 шоо метр мод ууланд хог болон хэвтэж байна. Үүнийг цэвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Тэдгээр нь голдуу алс бөглүү газар байна. Түүнд хүрэхийн тулд зам тавих хэрэгтэй. Энэ асуудлыг бид бодлогодоо тусгасан байгаа. Мөн 15-20 градусын налууг машин техникээр цэвэрлэж чадахгүй. Энэ цэвэрлэгээг үхэр тэрэг, морин тэрэг гээд ердийн хөсгөөр хийнэ. Үүнийг дагаад манай уламжлалт соёл ч сэргэж ирж байна.

-Мөн ирэх онд монголчууд анх удаагаа ойгоо олон улсын стандартын дагуу тоолох гэж байна. Ач холбогдол нь юу вэ?
-Бид 1956 онд анх ойгоо тоолсон байдаг. Мөн 1976 онд ЗХУ-тай хамтраад дахин тоолсон. Ирэх онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр бүх ойгоо тоолохоор бэлтгэл ажилдаа орлоо. Хуучин ой тоолохдоо дахисацийн үзүүлэлтээр хэдэн га ойтой, ой нь хэдэн настай, хөгшин юм уу залуу юу гэдгийг харуулдаг байлаа. Одоо шинэ арга технологийн гол онцлог нь хэчнээн хэмжээний хүлэмжийн хийг шингээх үү, хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадал нь ямар байх зэргийг нь тооцоолсноор дэлхийн нийтийн чиг хандлагтай хөл зэрэгцэж байгаа юм.

-Ойн тооллого хийх бэлтгэл ажил хийгдэж байгаа гэлээ.  Ямар  ажлуудыг амжуулаад байна вэ?
-Ойгоо тоолох орчин үеийн багаж төхөөрөмжөө захиаллаа. Мөн олон улсын аргуудыг судалж аргачлалаа гаргаж байна. Ойг тоолох нь нарийн мэргэжлийн хүмүүсийн хийх ажил учраас цуврал сургалт явуулна. Төгсөх курсийн оюутнууд, энэ чиглэлийн мэргэжилтнүүдээ  татан оролцуулна. Хангай Хэнтийн бүсийн шилмүүст ойгоо голчлон тоолоод заган ойдоо маршрутын судалгаа хийхээр боллоо. Ойгоо тоолоод суурь үзүүлэлтээ гаргачихвал олон улсаас тусламж дэмжлэг авна.  Кредит цэвэр хөгжлийн механизмын худалдаанд оролцох эрхтэй болно гээд сайхан боломжууд нээгдэх юм. Бид суурь тоог мэдэхгүй учраас олон зүйлээс хоцорч байна.  Ойжуулах тал дээр хичнээн ажил хийсэн ч олон улсаас дэмжлэг авч чаддаггүй.  Мөн суурь үзүүлэлт дээр тулгуурлан ойгоо түймрээс хамгаалан, таримал ойгоо нэмэгдүүлж чадвал тэр хэмжээгээрээ бид Олон улсын байгууллагаас төлбөр авна. Яагаад гэвэл ой гэдэг хүлэмжийн хий шингээж, хүчил төрөгч үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа дэлхий нийтийн ач холбогдолтой зүйл.  Тиймээс бид ойгоо тоолж суурь үзүүлэлтээ гаргаснаар дэлхийн дансанд орж байгаа гэсэн үг юм.

-Ирэх онд та бүхэн ажил ихтэй байх нь. Ойн тооллого цэвэрлэгээ явуулахад боловсон хүчний тухайд ямар бодлого баримталж байна вэ?
-Бид Хөдөлмөрийн яамтай хамтран Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан 1000 мэргэжилтэн бэлтгэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголчууд цөөхөн гэдэг нь иймэрхүү үндэсний хэмжээний ажлууд дээр мэдрэгдэх юм.  Хамаг чадалтай залуус маань уул уурхайд ажиллаж байна.  Манай салбарын өнгөрсөн жилүүдийн  гол алдаа нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудалд тааруухан хандаж иржээ. Залуус ойн мэргэжлийг тоохгүй байж.  Харин одоо бид бүх арга замаар мэргэжилтнүүдээ бэлтгэх ажлыг эхлүүсэн.

-Цэвэрлэгээ тооллогоо хийчихлээ. Гол асуудал бол ойжуулалт. Энэ талаар ойн талаар баримтлах шинэ төрийн бодлогод юу гэж тусгав?
-Ойжуулалтын хугацаа болон хэмжээг нэмэхээр боллоо. Өнөөдрийн хүчин чадлаар бол бид жилд 8-10 мянган га газар ойжуулж байна. Гэтэл монголын ойгоор бүрхсэн газар 8,3 хувь байна.  Бодлогоор 2020 онд гэхэд энэ тоог 8,5-д хүргэхээр төлөвлөлөө. Тэгэхээр хүчин чадалаа тав дахин нэмэгдүүлэх шаардлага гарч ирж байна. Одоогоор бид хавар, намар гээд жилд хоёрхон сар мод тарьж байна. Мод тарих хугацааг нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн далд үндэсний системээр модоо бортогонд суулгаж тарих нь зүйтэй. Сая болсон чуулган дээр бас нэгэн чухал санал гарсан нь  үрийн аж ахуйг шинэ шатанд гаргахгүйгээр ойжуулалт чанартай болж чадахгүй гэдэг юм.  Хөвсгөлийн мод Төв аймагт ургах уу гэдэг үрийн чанарын асуудлыг давхар авч явах хэрэгтэй юм.  Үүн дээр мөн судалгаа шинжилгээний ажил хийж байна.

-Ойжуулалтын ажлыг гол төлөв хот суурин газар хийж байна уу?
-Төсвийн хөрөнгөөр Туулын эхийн тужийн нарс, Булганы дух нарс гэх зэрэг доройтсон ойгоо ойжуулах ажил хийж байна. Завхан аймгийн Тарвагатай нуруунд 2006 онд маш их түймэр гарсан. Тэнд ойжуулалт хийх ажил яригдаж эхэлсэн. Мөн  Дорнодын Эрээн нуруу, Улаанбаатар бол Баянзүрх, Чингэлтэй хайрханаа ойжуулах гээд олон зүйл хийгдэж байна.

-Мод тарьсан хүнд өгөх  мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх талаар саяхан ярьж байсан. Энэ асуудал юу болов?
-Мод тарина гэдэг ганцхан БОНХЯ-ны ажил биш гэдэг нь тодорхой. Мод тарьсан хүн сайхан амьдрах ёстой гэж манай Ерөнхийлөгч хэлсэн. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн сайдтай хамтран тушаал гаргасан байгаа. Тэдний хөдөлмөрийг дундаж хэмжээгээр үнэлэх тухай тусгалаа. Мөн ойжуулах ажлыг дан ганц улсын төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах ажлууд хийгдэж байна. Таримал ойгоо өмчлөх, төрд худалдах журам батлагдлаа. Энэ мэтчилэн олон асуудлыг шийдүүлж, эхлүүлээд байна.

Т.Батсайхан

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө