
Үүгээр юү хэлэх гээд байна гэхээр, таны харж байгаачлан аль өнгөрсөн баларсан 2007 онд манай нэгэн томоохон сонинд гарсан “2010 онд хотын утаа бүрэн арилна” гэсэн захиалгын чанартай ярилцлага шиг худал амлалт, үйл ажиллагаа тасрахгүй байгаагийн шалтгааныг тодруулах гэсэн хэрэг. Утааны эсрэг нэрээр өнгөрсөн хугацаанд төр засгийн байгууллагууд хэчнээн тонн цаас үйлдвэрлэсэн, хэчнээн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн зэргийг та надаар хэлүүлэлтгүй барагцаалж байгаа биз.
Утаагүй түлш үйлдэрлэж, нийлүүлнэ гэж хэдэн ч өвөл биднийг хуурав. Хэчнээн ч бараа үйлчилгээг төр бидэнд шахав. Түлшний тухайд л гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадал нь өчүүхэн, дээр нь процессийн хувьд хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх боломж байхгүй гэсэн яль шалихгүй шалтгаанаар энэ асуудал бүдгэрч дууссан. Төрөөс түлшинд хэдэн тэрбумаар нь хөнгөлөлт үзүүлсэн. Осолдохгүй одоо утаагүй зуух нийлүүлж байгаагийн үр дүнд утаа багассаныг мэргэжилтнүүд баталж байна. Гэхдээ л энэ хангалттай үзүүлэлт бишээс гадна утаа бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш юм.
Утаа гаргуулахгүй гээд түүхий нүүрсний хэрэглээг тас хорьж болохгүйгээс хойш одоо яалтай. Эрчим хүчний найдвартай нэмэлт эх үүсвэр, гэр хорооллыг түргэн хугацаанд барилгажуулах, орон сууцны зээлийн тогтолцоог зээлдэгчдэд ээлтэй түвшинд аваачих зэрэг асуудлууд үнэндээ түүхий нүүрстэй дайн зарлаж суухаас харьцангуй хялбар ч байж мэднэ. Ерөнхий сайд нүүрс шуудайлж зарж байгаа нь үнэндээ гэр хорооллын иргэдтэй ирэх сонгуулиар уулзахад нь нүүртэй гэж үзснийх. Төр, Засгийн эрмүүд маань өөрсдөө утааг үлдэн хөөх ийм итгэлгүй байдалтай байна. Хотын шинэ удирдлагуудын амлалт ёсоор бол өдийд дахин төлөвлөлт, тохилог сууц, нэг чигийн замууд, гэрэлтэй, цэгцтэй, төөрч будилахгүй хорооллууд эгнэж байх ёстой байлаа. Төлөвлөлт нь дуусаагүй л байна. Хийх ажлаа танилцуулж гарч ирснээс нь хойш сонгуульт жилийнх нь хагас нь хий эргээд өнгөрчихлөө.
Эндээс харахад бүх л бүтэн улсын маань асуудал болчихоод байгаа энэ нийслэлийг эвтэйхэн болгочих итгэл үнэмшил манай төрийнхөнд ер нь байна уу.