С.Нарангэрэл: Ц.Мөнхбаяр нар ингэж шийтгүүлэх учиргүй

2014 оны 1 сарын 242014-01-24
41cb99a6-a1cc-4173-8c9c-e0aa23eba7ef,66842-66bb4420-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg“Монголын гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст шүүхээс 21 жил зургаан сарын хорих ял ногдуулсантай холбогдуулан академич, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлээс тодруулга ярилцлага авснаа толилуулж байна.

-Шүүхээс Ц.Мөнхбаяр нарт ногдуулсан урт хугацааны хорих ял олон нийтийг ихэд цочирдууллаа. Шүүхийн энэ шийдвэрийг та юу гэж үзэж байна вэ?

 -Ц.Мөнхбаяр нарын үйлдэлд зандачлах хэмээх нийгмийн аюулгүй байдлын эсрэг онц хүнд гэмт хэргийн бүрэлдүүн байхгүй байхад шүүх эрүүл ухаантай хүний ой санаанд багтмааргүй “харгис” ял ногдууллаа. Энэ хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийг би үнэн мөнийг шүүн тунгаагч шударга шүүх биш харин улс төрийн  залхаан цээрлүүлэлт, хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэгч гэж үзэж байгаагаа ний нуугүй хэлчихье.  

-Эрүүгийн хуулийн 177.2 дугаар зүйлд заасан зандачлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 20-25 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулна гэсэн байна. Шүүх энэ л  ялыг ногдуулсан шүү дээ?

-Би Ц.Мөнхбаяр нарын үйлдэлд зандачлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад шүүх ийм хатуу ял ногдууллаа гэж хэлсэн шүү дээ.

-Яагаад та ингэж үзэв. Тодруулахгүй юу?  


-Хууль тогтоогч зандачлах гэмт хэргийн нэг үндсэн шинжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор гэж заасан.  Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг бол заавал нийгэмд аюултай үйлдэл байх ёстой. Гэтэл “урт нэртэй” хуулийг хүчгүйдүүлэх, үйлчлэлийг нь зогсоох асуудлыг зарим эрх баригчид албан ёсоор санаачлан тавьсан. Түүнийг зогсоох гэж тэмцсэн. Урт нэртэй хуулийн зорилго нь ганц нэгхэн хүний ашиг хонжоо болгон газар эхээ ухуулж сэндийчүүлэхгүй байх, ялангуяа гол нууруудын ундарга, эмзэг ай сав газрыг хамгаалахад чиглэгдсэн байсан. Ийм хуулиа хүчгүйдүүлэхгүй, хэвээр нь дагаж мөрдүүлэх асуудал тавьсныг нийгэмд аюултай үйлдэл гэж үзэж хэрхэвч болохгүй. Харин ч Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөөх нийтийн эрх ашигт яв цав нийцсэн алхам юм. Үүнээс гадна эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас  төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн гэж Эрүүгийн хуульд заасан. Гэтэл олон нийтэд ийм айдас төрүүлсэн үйлдэл хийгдээгүй шүү дээ.

-Та сая олон нийтэд айдас төрүүлсэн үйлдэл хийгдээгүй гэлээ. Тэгвэл Эрүүгийн хуульд заасан олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч гэдгийг юу гэж  ойлгох вэ?


-Хүмүүсийг үй олноор нь алан хядах, эрүүл мэндэд нь гэмтэл учруулах, хүн барьцаалах, галдан шатаах гэх зэрэг нийгмийг цочирдуулж, “шоконд оруулсан” хүчирхийлэл үйлдэхийг хэлнэ. Гэтэл Ц.Мөнхбаяр нар хүний амь нас хохироогоогүй, нэг ч хүний эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй. Хүн ардыг буу шийдмээр айлган сүрдүүлж, тэдэн рүү гал нээж айдас төрүүлээгүй. УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагааг адал балмадаар тасалдуулаагүй. Бусдын өмч хөрөнгийг өчүүхэн төдий ч устгаж сүйтгээгүй. Тийм учраас олон нийт айдаст ерөөсөө автаагүй. Харин ч эсрэгээр газар эхээ, байгалийн нөөц баялгаа хамгаалж, арга барагдахдаа буу харуулж, зориг зүрх гарган тэмцсэн үйл ажиллагаа гэж л олон түмэн хүлээж авсан шүү дээ. Манай улсын Эрүүгийн хуульд заасан зандачлах нь нэг ёсондоо терроризмын гэмт хэрэг юм шүү дээ.

-2008 онд УИХ Эрүүгийн хуульд терроризм гэсэн гэмт хэргийг шинээр нэмсэн санагдах юм.  Нэгийг нь зандачлах, нөгөөг нь терроризм хэмээн нэг гэмт хэргийг хоёр янзаар нэрлэчихсэн гэж та хэлэх гээд байгаа юм уу?


-Таны энэ асуултанд  нухацтай хариулт өгөхийн тулд үүх түүх бага зэрэг ярихаас өөр аргагүйд хүрч байна. 1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын захирамжаар  Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулсан төслийг бэлтгэн боловсруулах комисс, ажлын хэсгийг байгуулсан юм. МУИС-ийн багшаар ажиллаж байсан намайг энэ ажлын хэсэгт оруулсан. Мөн энэ ажлын хэсэгт тэр үеийн шижигнэсэн залуу, эдүгээгийн “чамбай” хуульчид Н.Жанцан, Д.Дэмбэрэлцэрэн, Ж.Амарсанаа. Н.Ганбаяр, Ч.Энхбаатар, Н.Рэнчиндорж нарыг оруулсан юм. Бид үндсэн ажлаасаа чөлөөлөгдөн Төрийн ордонд сууцгаан бүтэн нэг жил гаруй хугацааны туршид шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн төслийг боловсруулан бэлэн болгож, АИХТ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

1961 оны Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлд “дээрмийн гэмт хэргийг зэвсэг бүхий бүлэг этгээд (бандитизм) үйлдвэл” гэж зааж байсныг төсөлд “байгууллага болон иргэдэд халдан довтлох зорилгоор зэвсэг бүхий бүлэг зохион байгуулсан” гэж өөрчлөн найруулаад тусад нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болгон “бандитизм” гэж нэрлэсэн.

Хэлэлцүүлгийн явцад АИХТ-ийн орлогч дарга, академич Н.Жагварал гуай “Энэ бандитизм гэсэн чинь юу гэсэн үг вэ? Нөгөө лам нарын дунд байсан бандидлахыг хэлж байгаа юм уу” гэж ажлын хэсгээс асуухад бид хариу тайлбар өгсөн. Н.Жагварал гуай “Төрөлх  хэлнээ оноолт хийхгүй, яагаад гадаад үг хэрэглэсэн юм бэ” гэхэд бид “Энэ нэр томъёо дагаж мөрдөж буй одоогийн Эрүүгийн хуульд бий. Ер нь гадаадын улс орнуудын Эрүүгийн хуульд ингэж нэрлэж хэвшсэн хууль зүйн нэр томъёо” гэж хариулсан. Н.Жагварал гуай нэлээд бодолхийлж байснаа “Зандачлах гээд нэрлэчихэе” гэсэн санал гаргахад  хуралдаанд оролцогчид бүгд дэмжсэн. Ингэж манай улсын Эрүүгийн хуульд зандачлах гэсэн нэр томъёо орж  ирсэн түүхтэй. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулиар зандачлах гэсэн нэр томъёоны агуулгыг дахин өөрчилсөн.

-Яаж өөрчилсөн гэж?


-Нөгөө  зандачлах гэсэн гэмт хэргээ “уулгалан довтлох” гэж нэрлэчихээд терроризм үйлдэхийг “зандачлах” хэмээн оноосон. Би 2002 оны Эрүүгийн хуулийг төсөл байхад нь энэ чигээрээ батлагдвал ойролцоо төрлийн гэмт хэргийг хооронд нь зааглан ялгаж чадахаа болино, Монголын нийгэмд шоронжих үйл явц хүчтэй явагдана гэсэн мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хийж, хуулийн төслийг ил тод шүүмжилж, УИХ-ын гишүүдэд санал дүгнэлтээ бичгээр үйлдэж тараасан. Харамсалтай нь УИХ үл тоомсорлосон. Энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш нэг их удалгүй миний хэлээд байсан ноцтой согог дутагдал илэрч, урьдчилан хийсэн дүгнэлт маань шинжлэх ухааны үндэслэлтэй байсан нь шүүн таслах ажиллагааны практикаар нэгэнт батлагдсан. Ингээд УИХ Эрүүгийн хуульд дахин өөрчлөлт оруулахаас өөр замгүй болсон. Тэгээд 2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ УИХ “зандачлах” гэдгийг терроризм гэж нэрлэснээ умартчихаад “терроризм” хэмээсэн заалтыг Эрүүгийн хуульд нэмчихсэн. Ингэж манай улсын Эрүүгийн хуульд нэг гэмт хэргийг “зандачлах”, “терроризм” гэж хоёр өөрөөр нэрлэчихсэн.

-Ямар хачирхалтай юм бэ, танаас бүр тодруулж асуумаар бодогдчихлоо, арай үгүй байлгүй дээ?


-Та нэг л итгэж өгөхгүй байх шиг байна даа. Эрүүгийн хуульд 2008 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр терроризм үйлдэх гэмт хэргийг “...нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэхээр заналхийлсэн” хэмээн томъёолсон. Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуульд зандачлах гэсэн нэр томъёоны дор “...олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн” гээд заачихсан байгаа шүү дээ. Одоо  харьцуулаад үз л дээ. Яг адилхан байгаа биз.

-Та үүнийг мэдсээр байж, хэлж засуулахгүй, яагаад өдий хүргэсэн юм вэ?


-Би 2008 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа өгсөн ярилцлагадаа цөхрөлтгүй хөндөж тавьсан. УИХ бас л үл ойшоосон. УИХ дахь “Шударга ёс” эвсэл 2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтаар миний нэрийг дөрөвт бичиж дэвшүүлэхэд нь ард түмнийхээ, татвар төлөгчдийнхөө язгуур эрх ашигт нийцсэн Эрүүгийн хууль батлахад биечилсэн, бодитой хувь нэмрээ оруулъя, эрдэм мэдлэгээ дайчилъя гэж бодоод зөвшөөрсөн. Эвсэлээс намын нэрийн жагсаалтаар 11 хүн сонгогдсоныг бүгд мэдэж байгаа байх. УИХ-ын сонгуулийн тойргийн ба ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц   2012 оны нэгдүгээр сарны 1-ний дотор МУИС-ийн багшийн ажлаасаа гараагүй байна гэж үзээд намайг УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хориглосон шүү дээ.

-Ц.Мөнхбаяр нарын үйлдэлд зандачлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж та хэлсэн. Дараа дараагийн шатны шүүх хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол?

-Шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдын цалин пүнлүү нь ард иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс олгогдож байгаа шүү дээ. Ингэхдээ манай иргэд гэмтнийг гэсгээ, гэмгүйг хамгаал гэснээс биш гэмгүйг залхаан цээрлүүл, гэмтний толгойг ил гэж татвараа өгдөггүй шүү дээ. Тийм учраас шүүх шударга ёсыг баримтлан Эрүүгийн Байцаан Шийтгэх хуульд хэрэв гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг удирдлага болгох ёстой. Хэрэв ийм байдлаар шууд хэрэгсэхгүй болгох нь ичгүүр сонжууртай байвал Эрүүгийн хуулийн 16.2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болговол зохино.

-Ялимгүй гэж чухам юуг ойлгох вэ?


-Санаа нь ялимгүй, учруулсан хор хохирол байхгүй гэсэн үг.

-Тэгвэл ямар ч хариуцлага хүлээлгэхгүй гэж үү. Ц.Мөнхбаяр нар Төрийн ордны гадаа буу барьчихсан явсан шүү дээ?


-Эрүүгийн хууль эсхүл захиргааны хариуцлагын тухай хуульд заасан галт зэвсгийг хууль бусаар авч явсан гэмт хэргийн буюу захиргааны эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой.

-Галт зэвсэг хууль бусаар авч явсан гэмт хэрэгт ямар ял ногдуулдаг юм бол?


-Дээд тал нь таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтана.

-Та Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Гэмт хэргийн тухай” хуулийн төсөлд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Эрүүгийн хуулийн үг үсэг, нэр томъёо нь нэг мөр, хэнд ч ойлгогдохоор хялбар байх ёстой гэдгийг Ц.Мөнхбаяр нарын хэрэг явдал нэг ёсоор харуулаад байнаа даа?

-Ц.Мөнхбаяр нарын иргэнлэг, нийтийн тусын төлөөх үйлдэлд шүүхээс 21 жил  зургаан сарын хорих ял ногдуулсан энэ хэрэг явдал монголчуудад нэгийг бодогдуулж байгаа байх аа. 2002 оны Эрүүгийн хууль сайн хууль болж огт чадаагүй. 2008 онд оруулсан нэмэлт өөрчлөлт “нуухыг нь авах гээд нүдийг сохлов” гэгч болсон. Одоо удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа  “Гэмт хэргийн тухай” хуулийн төсөл нь эдгээрээс бүр долоон дор болсон. Хэрэв энэ төслийг УИХ баталбал манай улсад эрүүгийн шүүн таслах ажиллагаа шинжлэх ухааны үндэслэлгүй, туйлын эмх замбараагүй, нэн ойлгомжгүй байдалд зайлшгүй орох болно гэдгийг эрдэмтний хувьд эрс шулуухан хэлчихье.

Аливаа улс гүрэн эрүүгийн бодлогоо шинэчлэхдээ эхлээд давын өмнө Эрүүгийн хуулиа шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж батлах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ямар ял ногдуулах вэ гэдгээ эхлээд шийдвэрлэнэ гэсэн үг. Эдгээрт нийцүүлэн эрүүгийн байцаан шийтгэх хууль, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын зохион байгуулалтын хуулиудаа өөрчилнө. Ийм логик дэс дараалал, уялдаа холбоотойгоор эрүүгийн бодлогын эрх зүйн шинэчлэлтийг хийх учиртай. Гэтэл эсрэгээрээ болчихлоо шүү дээ.  Энэ ер нь эрдэм мэдлэг дутагдсанаас болов уу эсхүл монголын эрүүгийн шүүн таслах ажиллагааг самрах гэсэн оролдлого уу?

-Та энэ асуултыг сэтгүүлч надаас асууж байгаа юм уу?

-Үгүй ээ, эхлээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс монголчуудынхаа нэрийн өмнөөс хариуцлагатайгаар асууж байгаа юм.

Ч.ҮЛ-ОЛДОХ



Санал болгох

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

1 сарын өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

1 сарын өмнө
Өвөр Монголоос мэдээлж байна

Үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй...

1 сарын өмнө
Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлсэн цадиг

Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм.

1 сарын өмнө