Улаанчулуутын жаалууд

2013 оны 10 сарын 312013-10-31
8de1dc01-8033-40ee-96a2-e1a33f1d7888,66933-705b1a50-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgӨнөө өглөөхөн хүүгийнхээ жижигхэн хурууг цэцэрлэгийнх нь шүүгээний хаалганд хавччихаад өөрийгөө зэмлэн уйлсаар ажилдаа ирсэнсэн. Харин одоо хүүтэй минь чацуу боловч хуруугаа хаалганд хавчсан ч, хацар нүүрээ хөлдөөсөн ч уйлж тунирхаж үзээгүй бусдын үрсийн тухай бичихээр сууна. Бидний мэддэг юм шиг хэрнээ тэр бүр хажуунаас нь харж үзээгүй тийм нэг амьдрал тэнд өрнөж байна.

ТОМООТОЙ УРАЛДСАН НЬ

440e88c3-a65c-4828-8724-eae0b63dfd48,66933-705b1a51-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgГадаадад төгсөгчдийн холбооны залуустай нэгдэн Нарангийн эн­гэрийн Улаанчулуутын хогийн цэг рүү хөдөлс­нөөр энэ өдрийн ажил эхэллээ.

Бидний машинд ачуулаад хогийн цэг рүү илгээсэн зүсэн зүйлийн хаягдлуудаас мөнгө, хоол болчих юу л байна тэр бүхнийг түүж амьдардаг хэсэг хүмүүс тэнд бий. Хүн хог гэж нэрлүүлсэн тэдний тухай хангалттай  уншиж, сонсч байлаа. Гэхдээ бидний энэ өдрийн ажил тэд биш. Харин хог түүн амиа зогоож байгаа хүмүүсээс мэндэлж, аав ээжтэйгээ ижил хувь заяаг хүслээрээ биш тавилангаараа үүрч яваа бяцхан жаалууд. Бид явсаар Нарангийн энгэрийн гэр хороололд ирлээ. Дотроо дөрвөн гэртэй нэгэн хашааны гадна Бааска хүлээгээд зогсч байв. Түүний тухай яривал их урт түүх болох юм билээ. “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баасандорж гэх энэ залуу олон улсын байгууллагад ажилладаг гэсэн. Бага насных нь амьдрал Улаанчулуутын хогийн цэгт өнгөрсөн гэдэг ганцхан өгүүлбэрээр түүний зорьж, зориглож байгаа үйлсийг тодорхойлж болно. Бааска найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр хогийн цэг тойрон амьдарч байгаа 100 гаруй хүүхэд, 40 гаруй том хүнийг долоо хоногт хоёр удаа хооллож, төрийн бус байгууллага, холбоодын тусламжтайгаар төрөл бүрийн сургалтыг зохиодог гэнэ. Мэдээж энд амьдарч байгаа хүүхдүүдийг насан туршид нь хооллож чадахгүй ч, тэднийг амьдрах итгэлээр тэтгэж, ирээдүйгээ өөдрөгөөр хараасай гэсэн ганцхан зорилго түүнд бий гэсэн. Хашаан дотор байх дөрвөн гэрийн нэг нь хоол хийдэг, нэг нь хоолоо идэж, сургалтаа хийдэг, нөгөө нь Улаанчулуутын жаалуудын хувьд өндөр ээж нь болсон М.Сарнайгийнх. Оройдоо энэ гурван гэрт нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд аврал ирэн ирж хонодог гэнэ. Дулаан, зөөлөн ор, дэвсгэр байхгүй ч хоргодох байрандаа ирсэн тэд модон шалан дээр зулан айх зүйлгүй унтацгаадаг гэлээ. Харин хашааны буланд байх жижиг гэрт арван настай Томоо ээжтэйгээ хамт амьдардаг. Тэдний тухай нийтлэлд дахин гарна. Бааска өнөөдрийн хоолны материал болох төмс, мах, гурил, бас хэдэн шуудай түлээ, нүүрс зэргийг машинаасаа буулгаж гэрт оруулчихаад М.Сарнай эгчийг хоол хийх хооронд бидэнд ойр хавийн амьдралыг үзүүлж, ганц нэг айлаар дагуулж орохоор болов. Бааска яг л бидний хамгаалагч шиг явав. Энэ орчимд онц ноцтой хэрэг ойр ойрхон гарч, хүчирхийлэл, дээрэм, тонуул байх ёстой үзэгдэл мэт болсон учраас хамгаалагчгүйгээр явахад төвөгтэй гэнэ. Жаахан хүүхдүүд хүртэл танихгүй хүнийг трубагаар цохих нь энүүхэнд гэлээ. Харин улаанчулуутынхан Бааскад хэзээ ч халдаж байгаагүй. Гудамжаар явсан хүүхэд болгон түүн рүү гараа даллан мэндэлнэ. Энэ үед түрүүн хальт дурдаад орхисон Томоо ээжийгээ дагуулсаар араас гүйж ирэв. Маажийсан гутал, муухан куртик, ноосон малгайтай энэ жаалыг Нарангийн энгэрт танихгүй хүн үгүй гэнэ.  Хэл нь жаахан муу тэрээр хэнд ч гай болдоггүй, харин нүүр өгсөн хүмүүст наалдаж аваад салдаггүй зуршилтай гэсэн. Ээж нь 40 хүрч яваа болов уу гэмээр. Халцарч, хуучирсан хувцсан дээр урт гэгч нь санждаг ээмгээр гангарчээ. Бага зэргийн сэтгэцийн өөрчлөлттэй учраас хүү, ээж хоёрыг энэ хавийнхан дээрэлхэх гээд байдаг бололтой. “Чи ээжийгээ зодож байна уу” гэж Бааска Томоогоос асуулаа. “Энэ гайгүй ээ. Мөнхзориг л намайг чулуугаар шидээд байгаа. Энийг харахгүй бол хогны машинд дайруулчих гээд байна” гэж Ээнээ хариулав. Биднийг машиндаа суун хөдлөхөд Томоо ээжтэйгээ уралдан араас гүйчихлээ.

АЙДАС ДУНДАХ АМЬДРАЛ

412e6270-f2fd-4e37-87e0-bb3c959eeb3a,66933-705b1a52-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgУлаанчулуутаас хог түүж амьдрал залгуулдаг 400 гаруй айл байдаг гэнэ. Тэдний дунд модон хайрцгаар тойруулж барьсан оромжинд амьдрах хүн байхад машин аваад уначих чадалтай нэгэн ч байна. Нарангийн энгэрт хоёр урт жалга бий. Холоос харахад хогтой мэт харагдах ч ойртоод очвол дотор талд нь бүхэл бүтэн амьдрал байдаг. Салхины нөмрийг бодож жалганы дотор талыг хөндийлөн ухаад оромжоо босгосон айл цөөнгүй харагдана. Тэдний нэг Төмөрийнд бид орлоо. Гурван хүн багтах зайгүй, эгц зогсох боломжгүй намхан тэр оромжинд газын плитка нэг, өмхөрсөн гудас нэг, зогссон ханын цаг нэг ширхэг байна. Одоо 50 хүрч яваа Төмөр гэх энэ хүн гурав хоног өдөр шөнөгүй хог дээр ажиллаад 90 орчим мянган төгрөг олдог гэнэ. “Бас ч гэж боломжийн орлого олдог юм байна. Мөнгөөрөө юу хийдэг вэ” гэж намайг асуухад тэр жаахан эвгүйцсэн байх. “Мах ямар үнэтэй билээ, хоолны зүйл л авна шүү дээ” гэж нам дуугаар хариулав. Олсон орлогынхоо нэлээдгүй хэсгийг архинд өгчихдөг нь хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэгдэв. Эхнэр хүүхэд нь салаад явчихсан, энэ улсад амьдарч байгаа гэсэн бүртгэлгүй түүнд өнөөх шилтэй идээ л хань болдог ажээ.

Тэднийхээс гарлаа. Томоо гүйцээд ирчихсэн байв. Ээж нь араас ирж байгаа гэнэ. Бааска түүнийг “Түрүүлээд гэртээ очиж бай, хүүхдүүдтэй цуг хүлээж бай” гэж явуулах гээд дийлсэнгүй.

Өдөр бүр хог руу явдаг аав, ээжийгээ байхгүйд хүүхдүүд гэрээ сахидаг гэнэ. Гуравтай нь хоёртойгоо, дөрөвтэй нь гуравтайгаа үүрч, дүүрч чирсээр хүн болцгоодог бололтой. Энэ хавийн хүүхдүүдээс эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар нас барсан нь олон гэнэ. Түүнчлэн өдөр бүр холхидог хогны машины доогуур орж амиа алдсан тохиолдол ч цөөнгүй ажээ. Нэгэнт аав, ээж нь иргэний бүртгэлгүй учраас эмнэлэгт үзүүлж, сургуульд сурч, цэцэрлэгт хүмүүжих боломж олдохгүй. Дээрээс нь өдөрт олсон орлогоороо архи уучихаад агсамнах эцэг, эхийгээ аргадаж, загнаж, айж, уйлсаар бяцхан ухаандаа аль хэдийнэ том хүн шиг сэтгэдэг болчихсоныг Бааска бидэнд ярилаа. 850 төгрөгийн дугуй талхаар биеэ үнэлдэг өсвөр насны охид цөөнгүй байгаа гэсэн сэтгэл өвдөм мэдээг ч дуулгав. Эцэг, эх нь хоёулаа архи уудаг Отгоо гэх хүү хогон дээр амьдардаг гэнэ. Түүнийг гуравхан настай байхад эцэг нь хананд савж зодсоны дараа, эх нь нуруунд нь хутгалаад хогийн цэг дээр хаячихаж. Хаях хаяхдаа нохойтойгоо хамт гинжлээд орхичихсон байжээ. Бодвол мөлхөөд гэртээ харьчихна гэж бодсон бололтой. Савуулснаас болж хөл нь мэдээ алдаж, цустайгаа хутгалдсан тэр хүүг Бааска олоод аварч байжээ. Гинжлүүлсэн хүүгийн зураг нь түүнд одоо хүртэл байдаг гэсэн. Отгоо хүүг тухайн үед нь асрамжийн газар аваачиж өгсөн ч эцэг, эхтэй гэсэн шалтгаанаар буцаагаад өгчихсөн байна. Хүү одоо араатан шиг аав, ээжтэйгээ цуг хогоо түүн амьдарч байгаа гэсэн. Энэ бол ганцхан жишээ. Бяцхан жаалууд насандаа ахадсан зовлон, айдас, хүчирхийлэл дунд амьдарч байгааг энэ жишээ нотолно.

Бид дахин нэг айлаар орлоо. Тэнд дөрвөн настай Мөнхчимэг охин аав, ээж, ахтайгаа амьдардаг. Биднийг оро­ход Мөнхчимэг ээжээрээ үсээ угаалгачихаад сууж байв. 30 орчим насны Зулаа бас л архи уудаг бололтой. Нүүр нь хөөж улайгаад, энд тэндээ цохиулсан шарх олон харагдав. “Манай Зулка ч эрүүлдээ хүн шүү дээ” гэж Бааска цаашлуулах маягаар зэмлээд авав. Мөнхчимэг их ухаантай охин гэнэ. Учир нь тэр Бааскаг Америк руу эмчлүүлэхээр явах болоход энэ хавийн хүүх­дүүд, томчуудаас хандив цуглуулах санааг гаргажээ. Дөрөвхөн настай хүүхдээс гарамгүй ухаан байгаа биз. Бүгдэнгээс нь 5, 10, 20, 30, 50 төгрөг цуглуулсаар 28 мянган төгрөг болгож Бааскад өгсөн байгаа юм. “Би хэзээ ч эд нарыг надад тусална гэж бодож байгаагүй” гэж Мөнхчимэгээр бахархсан сэтгэгдлээ залуу илэрхийллээ. Мөнхчимэгийн ахыг Мөнхзориг гэдэг. Долдугаар ангид сурдаг. Гэвч хичээлдээ өмсөх олигтой хувцас байхгүй учраас сургуульдаа явахгүй байгаа гэнэ. Ангийнхан нь шоолж, доромжлоод байхаар яаж хичээлд суух вэ дээ гэж ээж нь өмөөрөв.

Томоо дахиад л хүрээд иржээ. Ээнээ ч мөн уяагаар тэлээлсэн өмдөө татсаар зогсож байна. Томоог машиндаа суулгахаар боллоо. Баяр­лаж байна гэж жигтэйхэн.

Канадаас ирсэн Жули гэх сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй хамтраад “Нарны хүүхдүүд” нэртэй цэцэрлэг байгуулснаа Бааска үзүүллээ. Энд эцэг эхгүй эсвэл хүчирхийлэл, дарамтанд амьдардаг 40 хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг гэнэ. Одоохондоо 40-өөс илүү хүүхэд авах ямар ч боломжгүй байгаагаа тэр тайлбарласан.

Ингээд бид эхэлж ир­сэн хашааны гадаа буцаж очлоо. Машины бараанаар аль хэдийнэ хүүхдүүд цуглажээ. Хоёр, гурав, дөрвөн настай, дунд ангийн, ахлах ангийн гээд 60 орчим хүүхэд цугласан байлаа.


Б.СОЛОНГО




Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө