
БӨӨР ӨВЧЛӨХ ШАЛТГААН НЬ ТҮҮДГЭНЦРИЙН ҮРЭВСЭЛ
-Сүүлийн үед манайд бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүдийн дунд гүйлсэн булчирхайн үрэвслээс болж бөөр нь өвдөх болсон гэсэн яриа байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Манай цаг уурын онцлогтой холбоотойгоор бөөрний өвчлөл нэмэгдсэн. Хоёрдугаарт, монголчуудын амьдралын хэв маяг нөлөөлж байна. Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолой, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын хэв маягаас шалтгаалаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг дутуу авснаас бөөрний өвчлөл өсч байна. Ихэвчлэн хүүхдүүд хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байдаг. Үүнийг үүсгэгч нь хоруу чанартай бактери. Энэ бактери бөөрийг гэмтээх эрсдэлтэй. Зарим хүний дархлаа сул байдагтай ч холбоотой. Амьдрах орчин, хоол тэжээлээс шалтгаалж дархлаа сулардаг. Бөөрний өвчлөлийн шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Хэрэв нэгэнт бөөрний түүдгэнцэр гэсэн онош тавьсан бол насан туршдаа бөөрний эмчийн хяналтад байх ёстой. Гэтэл манайхан 10 хоног хэвтэж эмчлүүлээд үрэвсэлтэй үеийг нь дарчихсан ч хяналтад орохгүй явсаар байгаад бөөрний дутагдалд орчихдог.
-Манайхан “Намайг бөөрний үрэвсэлтэй” гэж байна гээд тоодоггүй. Энэ нь бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү?
-Аливаа бөөрний үрэвсэл цаашаа эмчлэгдэхгүй, хянагдахгүй байхаар бөөрний дутагдалд орох аюултай. Нэгэнт бөөрний дутагдалтай гэсэн бол эргээд хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс бөөрний дутагдалд хүргэхгүй байх нь чухал. Оношийг зөв тогтоож, зөв урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдийгөө энэ өвчнөөс бүрэн эмчилж, хамгаалж чадна. Урьдчилан сэргийлэх явдал дутмаг байдгаас сүүлийн үед бөөрний дутагдал ихэссэн.
-Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Бөөрний дутагдал архаг үрэвслүүдээс шалтгаалдаг. Энэ архаг үрэвслийг тухайн үед нь гүйцэд эмчлээгүй архагшуулчихсан. Дээрээс нь эмчилгээ дутуугаас даамжраад бөөрний дутагдалд ордог. Бөөр цус цэвэрлэдэг эрхтэн. Гэтэл нэг бөөрөнд нэг сая орчим нарийн судас байдаг. Энэ нарийн судаснууд ямар нэг үрэвсэл, бактери, халдварын улмаас тоо нь цөөрдөг. Цөөрч байгааг бөөрний шүүлтийн хурд гэдэг юмаар тодорхойлдог. Бөөрний шүүлт, хурд буурах тусам бөөрний үйл ажиллагаа алдагдаж дутагдалд орох үндэслэл болж байгаа юм. Нэгэнт удаан хугацааны үрэвслийн улмаас дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Тиймээс бөөрний дутагдлыг цаашид даамжруулахгүй байх хэрэгтэй.
БӨӨРНИЙ ДАРАЛТТАЙ БОЛ ЗААВАЛ ЭМЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Бөөрний дутагдлыг бага дээр нь оношлоод эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой юу?
-100 хувь боломжтой. Ямар нэг архаг үрэвслийг тухайн үед нь зөв оношлоод, зөв эмчилгээ хийгээд тодорхой хугацаанд гам хийхэд бүрэн эдгэрнэ. Нэгэнт бөөрний өвчтэй гээд оношлогдоод эмчлүүлсэн тохиолдолд бөөрний эмчийн хяналтад байх ёстой. Тэгээд бөөрний үйл ажиллагаа бүрэн эдгэрч сэргээд цаашаа сэдрэх эрсдэлгүй гэж үзвэл дотрын болон өрхийн эмчийн хяналтад заавал үзүүлнэ. Мөн эмч эмнэлгүүд хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Тухайлбал, дүүргийн бөөр болон дотрын эмчийн хяналтад байж өрхийн эмчийн хяналтад очих гэх мэт. Өрхийн эмчийн ажил бол энэ хүнээ урьдчилан сэргийлж байх зэргээр эмч нар хоорондоо холбоотой баймаар байна. Арав хоног эмчлээд эдгэрдэг өвчин гэж хаана ч байхгүй.
-Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?
-Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, бөөрний өвчин хүндэрсэн тохиолдолд мөчдөөр хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн төвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний архаг дутагдал таван үе шатаар илэрдэг ч эхний гурван шатанд мэдэгддэггүй, эрүүл юм шиг явдаг. Ингэж явж байгаад илэрдэг шинж тэмдэг нь ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйддэг. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна эвшээхэд амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртдэг.
БӨӨР МИНУТАД 0.8-1.2 ЛИТР ЦУС ШҮҮДЭГ
-Тэгвэл даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой юу?
-Бөөр хүний амин чухал хос эрхтэн бөгөөд нэг минутад 0.8-1.2 литр цусыг шүүдэг. Бодисын солилцооны явц дахь бүх хортой бодис шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Үүнээс гадна бөөр нь цусны даралтыг тогтвортой байлгаж биеийн шингэний тэнцвэрийг барьдаг цус төлжүүлдэг эрхтэн. Даралт ихсэх нь бөөртэй холбоотой. Залуу насанд даралт ихсэх нь ихэвчлэн бөөрний гаралтай. Бөөрний үйл ажиллагаанд үрэвсэл гарч ирэхэд даралт ихсэх шинж тэмдэг илэрдэг. Харин настай хүнд бол зүрх судастай холбоотой.
-Тэгэхээр цус багадалттай хүний бөөр өвдсөн байна гэж ойлгож болох уу?
-Бөөр цус төлжүүлдэг эрхтэн, цусны улаан эсийг төлжүүлдэг даавар ялгаруулдаг. Энэ даавар бөөрний дутагдалтай холбоотой ялгарахаар даралт багасдаг. Бөөрний дутагдлын гол шинж тэмдэг нь цус багадалт. Архаг бөөрний дутагдалтай хүн маш их цус багадалттай байдаг. Тиймээс энэ өвчнийг эцсийн шатанд орохоос өмнө цус багадалтыг нь сайн эмчилбэл бөөрний дутагдал цааш даамжирдаггүй. Бөөрний дутагдлыг бид тодорхой шатанд бариад байж чадна. Удаан хугацаагаар барих бололцоотой. Энэ хяналтыг зөвхөн нарийн мэргэжлийн бөөрний эмч хянадаг. Тухайлбал, хиймэл бөөрний аппарат, бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализ гэсэн гурван төрлийн бөөр орлуулагч эмчилгээг бид хийж байна.
ТУРАНХАЙ ХҮНИЙ БӨӨР ҮРЭВСЭХ НЬ ЭЛБЭГ
-Туранхай хүний бөөр унжсанаас их өвддөг гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?
-Үнэний хувьтай. Яагаад гэвэл бөөр гадуураа өөхөн бүрхүүлтэй байдаг. Тэр өөхөн бүрхүүлээрээ гаднах орчноос өөрийгөө хамгаалдаг. Гэтэл туранхай хүний бөөрний гадар өөх нь нимгэн байдаг учраас даарч сунадаг. Дээрээс нь ямар нэгэн гэмтэлд өртөмтгий байдаг. Тиймээс туранхай хүний бөөр үрэвсэлд өртөх эрсдэлтэй. Гэхдээ туранхай хүн бүрийн бөөр тийм биш. Хүний биеийн жингээс хамаардаг.
-Хөл, гар хавагнах нь бөөр өвдсөнтэй холбоотой юу?
-Бөөрний өвчнийг оношлохдоо шээхэд зовиуртай байна уу, хэр гарч байна, өнгө нь ямар байна, үнэртэй юү, үнэргүй юү гэж асуудаг. Бөөр өвдсөн эсэхээ мэдэхийн тулд цагаан шилэнд шээсээ хийгээд ард нь бичигтэй цаас бариад уншиж чадвал шээс тунгалаг байна гэсэн үг. Харин үсэгнүүд нь балартаад харагдахгүй байвал шээсээ шинжилгээнд өгөх хэрэгтэй гэдгийг энгийн аргаар мэдэж болно. Хаван олон янз. Бөөрний гаралтай хаван ихэвчлэн өглөөгүүр нүүрээр буюу зовхиор хавагнаж эхэлдэг. Мөн уурагтай холбоотой. Зүрхний гаралтай бол хөлөөр хавагнадаг.
-Манайхан бөөр өвдлөө гээд эмийн сангаас дур мэдэн эм авч уудаг. Энэ зөв үү?
-Ямар ч эмийг эмчийн заавраар уух ёстой. Бүх эмийн 80-85 хувь нь бөөрөөр ялгардаг. Гэтэл энэ эмийг буруу хэрэглэвэл бөөр тэр эмэндээ хордоно. Хордлогоос шалтгаалсан бөөрний үрэвслүүд гарч ирдэг. Бөөрний сувганцрууд бөглөрдөг. Манай эмийн сангууд эмчийн жоргүй эмийг дураараа зардаг. Мөн тэнд тариа хийлгэчихээд явж байна гэдэг.
-Танай төвд бөөр орлуулах хэчнээн аппарат байдаг вэ. Өдөрт хэдэн хүн үйлчлүүлж байна?
-Гемодиализийн төв диализын 30 аппараттайгаар ажлын өдөр гурван ээлжээр ажиллаж, архаг диализтэй 120 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэсэн ч өнөөдөр 200 гаруй хүнд үйлчилж байна. Манайхаар үйлчлүүлж байгаа бөөрний дутагдалтай хүмүүс ид хөдөлмөрийн насныхан байна. Гадаадын хөгжилтэй орнуудыг харахад дандаа настай хүмүүс энэ эмчилгээг хийлгэдэг. Японд бөөр орлуулах эмчилгээг хийлгэж байгаа хүмүүсийн дундаж наслалт 70 байхад манайд 28-45 байна. Яг ид ажиллаж, гэр бүлээ тэжээх ёстой хүмүүс дутагдалд орж байна. Тиймээс хүн бүр аль болох өөрийгөө хайрлаж, зөв хооллох, эмчийн зөвлөгөөг сайн авч аливаа өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж зөв амьдраасай гэж хэлмээр байна. Хоол унд, ажил, амралтаа зөв зохицуулах, хөдөлгөөн дасгал, биеийн тамираар сайн хичээллэвэл аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж чадна.
-Хоол хүнс бөөрөнд нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Тухайлбал, шорвог хоол байна. Бөөр цус төлжүүлэх эрхтэнээс гадна даралтыг зохицуулж, шингэнийг тэнцвэржүүлдэг. Их шингэн уусан тохиолдолд их шээлгэдэг. Шингэн дутагдах үед ам цангах мэдрэмж төрснөөр хүн ус уудаг. Хэрэв бид шорвог хоол идвэл шингэн дутагдана. Шингэний тэнцвэр алдагдахад даралт ихэснэ. Цусны даралт ихсэхэд зүрхэнд ачаалал өгдөг. Хоёрдугаарт, өөх тостой хоол идээд их хэмжээний таргалалттай байвал цусны хатуурал үүсдэг. Бөөр судаслаг эрхтэн. Гэтэл таргалалттай холбоотой судасны ханан дээр өөхөн дуслууд наалдаад судасны ханыг хатууруулдаг. Үүнээс болж даралт ихэсдэг. Тиймээс өөх тостой, шорвог хоол, архи дарс, буруу хооллолт нөлөөлнө. Шөнө хоол идэхгүй байх хэрэгтэй. Хоолны дэглэмийг сайн баримтлах нь чухал. Бөөрний үйл ажиллагаанд нэмэр болох шээс хөөдөг ингэний хоормогыг уух нь биед сайн нөлөө үзүүлдэг. Мөн бөөрний цайг хэрэглэж сурах хэрэгтэй. Тухайлбал, Хөвсгөлийн Тайга цай нь дотроо нохой хошуу, тэхийн шээг зэрэг бөөрөнд дэмжлэг болох ургамлуудыг агуулсан байдаг. Манайхан шингэн бага хэрэглэж хуурай хоол их иддэг. Энэ нь бөөрөнд ачаалал өгдөг. Тиймээс шингэн зүйл сайн ууж бай гэж зөвлөмөөр байна.