Хэрэв маргааш дайн болбол

2015 оны 10 сарын 132015-10-13
91d73c96-3259-4356-99a5-1978398cc9a4,69784-231e89c0-4340-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpgХонконгийн “Wenweipo” сонинд Хятадын блогчин Liqiu Yue-гийн бичсэн “Ирэх 50 жилд Хятад улсын хийх ёстой зургаан дайн” нийтлэл олны анхаарлыг татсаар байна. Энэхүү нийтлэлийг бид “Хятад Монголыг 2045 онд эзэлнэ” нэртэйгээр уншигчдад хүргэсэн билээ.
 
Мэдээж хэрэг Хятадын хийх гэж буй зургаан дайнд өртөж, эзлүүлнэ гэж бичигдсэн улс орнууд Liqiu Yue-гийн нийтлэлийг шүүмжлэн, Хятадын фашизм, империализмын солиорол хэмээн нэрлээд байгаа.

Бид энэ удаад ОХУ-ын Буриадын сэтгүүлч Сергей Басаевийн Liqiu Yue-д өгсөн хариу “Хэрэв маргааш дайн болбол” нийтлэлийг орчуулан хүргэж байна. 


Хятадын “Вэньвэйпо” (Wen Wei Po) сонин “Ирэх 50 жилд Хятад улсын хийх ёстой зургаан дайн” гэсэн нийтлэл гаргаж, хөрш орнуудаа эзлэн түрэмгийлэх Бээжингийн бодлогын талаар ил тод бичсэн байна. Хуучин Хонконгийн засгийн газрын хэвлэл байсан энэ сонин Гуанжоу, Макао болон Хятадын өмнөд хэсэгт олон уншигчтай сонин юм. Өөрөөр хэлбэл “Капиталист Хятад” буюу Европын колони байсан арай эрх чөлөөтэй хот мужуудад нэр хүндтэй хэвлэл. 48 хуудастай энэ сонин Хятадын өмнөд хэсэгт эдийн засаг хэрхэн хөгжиж, хүн ард нь баяжиж байгаа талаар болон Хонконгийн одод, тэрбумтнуудын амьдралыг бичих дуртай. 15 жилийн өмнө Хонконг Хятадад нэгдсэнээс хойш БНХАУ бол дэлхийн төв, Хятад орноо сэргээн мандуулах нь дэлхийд тархсан бүх хятадуудын мөрөөдөл хэмээн сурталчлах болсон.

Нийтлэлд бичсэнээр 2020-2060 онд хятадууд дор дурдсан газар нутгийг эргүүлэн авах юм байна. Үүнд Тайвань арал, Спратли арал, Өмнөд Түвд, Дяоюйдао (Сенкаку), Рюкю (Окинава) арлууд, Монгол, ОХУ-д алдсан нутаг гэж нэрлээд байгаа нь одоогийн Амур муж, Приморийн хязгаар, Сахалин муж, Хабаровскийн хязгаарын өмнөд хэсэг, Өвөр Байгалийн хязгаар, Буриад, Тува багтсан байна. Аймаар байгаа биз?

Хятадын ардын чөлөөлөх армитай тулалдах талаар Орост эртнээс ярьдаг, хэлэлцдэг байсан. Цэргийн мэргэжилтэн Александр Храмчишин Хятадтай хийх дайны нэгэн хувилбарыг ингэж сонирхуулжээ. “1941 оны зургадугаар сарын 22-ны өглөө Зөвлөлтийн удирдагчид хүнд шоконд ороод хэд хоног сэтгэн болох чадвараа алдсан гэдэг. Тиймээс Германы арми эхний үед амжилттай байлдаж байсан юм. Гэвч дараа нь Зөвлөлтийн дарга нар ухаан орж, ажиллаж эхэлсэн. Тэд аж үйлдвэрээ дорно зүгт нүүлгэж чадсанаар энэ дайныг ялж чадсан юм. Хэрэв удахгүй тийм юм болбол одоогийн дарга нар яах бол? Байдал яг л тэр үеийнх шиг болоод байгааг бид харж байна. Дайсан маань ил тод дайнд бэлтгээд л, харин бид тэдэнтэй гэрээ байгуулсан гээд цаасанд итгээд сууж байдаг. За тэгвэл дараагийн 06.22 өдөр ямар байх бол гэдгийг зөгнөөд үзье.

20.. он гарч, ОХУ шинэ жилийн баяртаа умбасан хэвээр. Москвад нэгдүгээр сарын 2-ны орой, харин Алс Дорнодод 3-ны үүр цайж, Сибирьт шөнө дөл болж байна.

Нэгдүгээр сарын 3-ны үүрийн 4 цагт Хятадын тусгай ангийн хорь орчим Ми-17 нисдэг тэрэг хэнд ч мэдэгдэлгүй Фүюаниас Хабаровскт хэдхэн минутын дотор хил даван орж ирлээ. Тэд Хабаровскийн Лениний нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд бууна. Санамсаргүй тохиолдол гэх үү, яг тэнд нь БНХАУ-ын Хабаровск дахь Консулын газар байх аж. Консулынхан гэрэл тусган, нисдэг тэрэгнүүдийг талбай дээр буулгаж, тэр дор нь тусгайгийнханд консулын газраас бэлдсэн микро автобуснууд гаргаж өгөх бөгөөд хүн амьтангүй Амурын өргөн чөлөөгөөр давхисаар 5-хан минутын дараа тэд төмөр замын вокзалыг эзэлж авна. Ингээд Транс Сибирийн төмөр зам тасарч байгаа юм. Десантынхны нэг хэсэг нь Амурын өргөн чөлөөнөөс Серышевийн гудамж руу эргэн тэнд байрлах ОХУ-ын армийн Дорнод тойргийн штабыг эзэлж авна. Ингээд л хотод Дорнод тойрог, Алс Дорнодын засгийн газрын дарга нарыг устгах ажиллагаа явагдаж эхлэнэ. Тэдний гэрийн хаягийг Хабаровскт ажиллаж, амьдардаг хятадууд аль хэдийн бэлтгээд барьсан байх ажгуу. Болид (Хабаровскийг ингэж нэрлэнэ) ажиллагаа амжилттай болсон мэдээ авангуутаа Хятадын ардын чөлөөлөх арми нутгийнхаа гүнээс алсын тусгалт пуужин харваж эхэллээ. Тэдний галыг нисгэгчгүй онгоц чиглүүлж өгөх бөгөөд 30 минутын дараа Амур, Забайкальск, Приморийн хязгаар, Хабаровскийн хязгаар дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэл, нисэх буудал сөнөнө. Мөн Владивостокт байрлах Номхон далайн флотын бүх усан онгоц, шумбагч хөлгүүд живнэ. Үүнтэй зэрэгцэн Хятадын нисэх хүчин онгоц, далавчит пуужин, нисэгчгүй онгоц ашиглан Эрхүү, Ужур, Барнаул, Новосибирск, Буриад дахь агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, хуурай замын цэргийн анги нэгтгэлд цохилт өгнө. Мөн Петропавловск, Камчатск, Вилючинскид агаарын цохилт өгч бөмбөгдөн, агаарын десант буулгана.

Дайралт эхэлснээс 2-3 цагийн дараа (энэ үед Москвад шөнө болж байна) хээрийн сургууль хийж байгаа нэрээр хилийн ойролцоо цуглуулаад байсан Хятадын армийн нөөц дивизиуд Амур, Уссур мөрнийг гатлан давшина. Хэдийгээр тэд зэвсэг муутай, чадваргүй ч тэднийг эсэргүүцэх хүчин байхгүй болсон байна. Дорнод тойргийн удирдлага, хүн хүч нь гэнэтийн цохилтоор устсан, хааяа гарах эсэргүүцлийг хятадууд хүний олноор ааглан дарна. Цаг агаарын байдал л хятадуудад саад болох ч энэ нь тэдэнд юу ч биш. Ингээд хятадууд хил дээр орших Оросын армийн зэвсэг, техникийн баазыг бүрэн бүтнээр нь эзлэн авч чадлаа. 

Хятадын нисэх хүчин Казахстаны агаарын хүчинд цохилт өгөн, Ланьчжоугийн цэргийн ангиуд Казахстаны нутаг руу нэвтрэн орно. Нэгдүгээр сарын 3-ны орой Хятадын ардын чөлөөлөх армийн 15 дугаар агаарын десантын корпус дайнд орж, Якутск, Астана, Улаанбаатарыг эзлэн авлаа.

Москвад юу болж байгааг ойлгохгүй, яах эсэхээ ч мэдэхгүй сууна. Харин энэ үед Хятадын Элчин сайд өөрөө хүрч ирэн “Империалист гүрнүүдийн 200 жилийн дарлал дууслаа. Хятадын агуу ард түмэн хүч чадлаа сэргээн мандуулж, империалистуудын тулган байгуулсан элдэв гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож байна” гэж мэдэгдэнэ. Бид чинь стратегийн түншүүд шүү дээ гэх үгийг Хятадын Элчин сайд сонсохыг ч хүсэхгүй гарч одно. Шинэ жилийн амралтаа Европт өнгөрүүлж байгаа Оросын зарим удирдагч нар яагаад ч юм Кремльтэй холбоо барихгүй болно. Москвад үлдсэнүүд нь ямар аймшигт байдалд орсноо ойлгоно. Уралаас зүүн тийш ОХУ-ын зэвсэгт хүчинд байлдах чадвартай ганцхан танкын бригад (Челябинскт), гурван мото буудлагын бригад (Свердловск, Кемеровск муж болон Сахалинд), Красноярскийн хязгаарт МиГ-31 онгоцны нэг нисэх буудал үлдсэн байна. Буриадад зарим анги нэгтгэл тулалдаж байгаа ч холбоо тасарчээ. Транс Сибирийн төмөр замыг энд тэндгүй дэлбэлсэн тул тусламж явуулах ямар ч боломжгүй болсон байна. Дээр нь хятадууд Казахстанд орсон тул тэд удалгүй ОХУ-ын Европын хэсэг Урал, Повольжид ороод ирэх аюул учирчээ. Казахстаны цэргийн хүч эсэргүүцэл үзүүлэх чадалгүй, тэгээд ч Астанад десант буугаад дарга нарыг нь хэдийн устгасан байна.

Москва Вашингтон, Брюсселиэс тусламж хүснэ. Брюссель долоо хоногийн дотор НАТО-гийн шуурхай хурал зохион байгуулахыг амлана. Харин Варшав, Вильнюс, Рига, Таллинаас “Хятад улс XIX–ХХ зуунд бидэнтэй адил Оросын империализмийн золиос болсон орон тул тэдний үйл ажиллагааг буруутгахгүй байна” гэж мэдэгдэнэ. Тэд НАТО, Орост ямар ч тусламж үзүүлэхгүй нь ойлгомжтой боллоо. Брюссель, Парис, Ром, Лондонд ч оросуудын төлөө байлдахыг хүсэхгүй байлаа. Харин Вашингтонд дангаараа Орост туслах уу, яах вэ, тусалвал яаж, ямар нөхцөл тавьж гэхчлэн бодсоор байна.

Энэ хооронд Хятадын арми бага зэргийн эсэргүүцлийг дарсаар Оросын нутгийн гүн рүү нэвтэрсээр л байна. Эвдэрсэн техник, хөлдсөн цэргээ хаяад дайрсаар. Тэд анхны хүчтэй эсэргүүцэлтэйгээ Буриадад тулгарна. Буриад дахь цэргийн зарим анги бөмбөгдөлтнөөс мэнд үлдсэн байх бөгөөд орон нутагт бага хэмжээний цэрэг татлага явуулснаар хүч чадлаа зузаатгаж чаджээ. Орос-Буриадын анхны цохилт Хятадын нөөц цэргүүдийг зугтаан ухрахад хүргэнэ. Даанч энэ баяр удаан үргэлжилсэнгүй. Хятадын хуурай цэргийн 16, 38, 39, 54 дүгээр арми агаарын том хүчний дэмжлэгтэйгээр давшилтанд орлоо. Эд бол нөөц цэрэг биш байнгын бэлтгэлтэй, орчин үеийн зэвсэгтэй жинхэнэ цэргүүд. Эсэргүүцлийг тэр дор нь няц дараад хятадууд Байгаль нуурыг мөсөн дээгүүр гатлан Эрхүүг эзлэн авна. Ингээд Дорнод дахь Оросын уудам нутгийг эзлэн авч, баруун зүг давших зам нээлттэй боллоо. Эзлэгдсэн нутагт эсэргүүцсэн бослого гарахаас илүүтэй Хятадын армитай хамтран ажиллах явдал их гарах аж. Москва бүх нийтийн цэрэг татлага зарласан ч гадаадад амарч буй оросууд эргэн ирэхээс татгалзаж, харин ч бүр Орост байгаагууд нь гадаад руу зугтаж эхлэв. Москвагаас довтолж ирсэн дайсны цэргүүд төдийгүй Хятадын нутагт цөмийн цохилт өгье гэсэн санал гарна. Гэвч энэ дайны хувь заяаг шийдсэн нэгэн явдал болно. Орос, Америкийн тагнуулын хиймэл дагуул Хятадын нутагт 800 гаруй дунд зайн болон тив хоорондын пуужин байгааг илрүүлнэ. Тэдний ихэнх нь байлдааны бэлэн байдалд орсон байна. Хэдхэн цагийн дараа пуужин мянгаас олон болж, сүүлдээ бүр хэдэн мянга болно. Хятадын Засгийн газар “Манай Засгийн газар цөмийн зэвсгийн тоогоо нуугаад байх шаардлагагүй гэж үзлээ. Бидэнд 745 тив хоорондын пуужин, 1256 дунд тусгалын пуужин, нийт 8.5 мянган цөмийн цэнэгт хошуу байна” гэж албан ёсоор зарлах аж. Москва, Вашингтоны зарим мэргэжилтэн энэ пуужингийн ихэнх нь худлаа макет гэж хэлсэн ч үнэн худлыг шалгахаас айна. Вашингтон дайнд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлаад зайгаа барина. Москва цөмийн дайн хийгээд ялах найдвар алга гэдгийг ойлгож эхэллээ. Цөмийн дайн хийлээ гээд Хятад хэдэн сая хүнээ алдана. Харин Орост амьд үлдэх ямар ч боломж алга. Ингээд Москва Бээжинд бууж өгч, хэлэлцээр хийхийг зөвшөөрнө. Хоёрдугаар сарын 23-нд Болид хоёрхон сарын өмнө Дорнод тойргийн штаб байсан байранд хэлэлцээр боллоо. ОХУ-БНХАУ-ын хилийг 1689 оны Нерчинск, 1727 оны Хиагтын гэрээний дагуу албан ёсоор зарлана. Хятадын мэдэлд Өвөр Байгалийн хязгаар, Хабаровскийн хязгаар, Амур муж, Приморийн хязгаарын ихэнх хэсэг, Сахалин арал, Тува улс шилжинэ. Өмнөд Курилийн арлыг Японд өгөх болно. Енисейгээс зүүн тийш орших ОХУ-ын бүх нутгийг Хятад жилд 10 тэрбум доллараар хугацаагүй зээлж авна. Гэрээний нууц хэсэгт ОХУ-ын хэд хэдэн дээд удирдагчдын дансанд мөн тийм хэмжээний мөнгө жил бүр орж байхаар заасан байна. Урал Енисейн хоорондох нутаг ОХУ-ын мэдэлд байх боловч цэрэг байрлуулж болохгүй. Энд Хятадын иргэд Оросын иргэдтэй адилхан эрх эдэлдэг болно. Казахстанд ч мөн хятадууд нутгийн иргэдтэй ижил эрхтэй болох билээ. Казахтсан өөрийн зэвсэгт хүчнээс татгалзаж, Хятадын цэргийг нутагтаа байрлуулна. Монгол улс Хятадын мэдэлд бүр мөсөн шилжинэ. НАТО, НҮБ-аас асуудал хурдан шийдэгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэнэ” гэж бичсэн байна.  

Хятадтай байлдаад Орос ялагдана гэсэн үзэл бодол их байдаг ч улс төрчид, цэргийнхэн бид Хятадтай сайн хөршийн харилцаатай, дайтлаа гэхэд Хятадын төв хотуудад цөмийн цохилт өгч чадна гээд тоодоггүй. Манай гол найдлага бол нэгт Сибирь дэх пуужингийн нууц баазууд (Хятадуудад аль хэдийн нууц биш болчихсон байх), хоёрт төмөр замаар шуурхай шилжиж чадах стратегийн пуужингууд, мөн Хятадын хүн ам ихтэй нутгуудад хаанаас ч цөмийн цохилт өгч чадах шумбагч завинууд юм. Хятадтай үнэхээр дайтах уу гэдэг талаар эцэс төгсгөлгүй маргалдаж болно. Оросын улс төрчид Хятадын цэргийнхэн хэзээ ч Орос руу дайрахгүй, учир нь цөмийн дайнд ялагч гэж байхгүй. Хоёр орон хоёул сүйрчихвэл аль аль нь үзэн яддаг Америк л баярлах болно шүү дээ гэж хэлж байна.  

Орос Хятадын цэргийнхэн одоохондоо цөмийн дайн боллоо гэхэд бид ялна хэмээн өөрсдийн илүү талаа дөвийлгөсөн мэдэгдэл хийж байна. Оросууд тив хоорондын болон дунд тусгалын пуужингийн тоо, чанараар илүү гэдгээ хэлж, Бид Сибириэс ч, далайгаас ч Бээжинд гар сунгаад л хүрчих бол харин хятадуудад Москвад хүрнэ гэдэг саранд хүрэхтэй адил гэж хэлж байгаа. Москвагийн мэргэжилтнүүд Өвөрмонголын говь цөл, Түвдийн агуйд байгаа гээд байгаа пуужингууд нь үнэндээ хүн сүрдүүлэх гэсэн макет гэж баталж байна. Харин хятадууд “Бид та нарын талаар бүгдийг мэднэ, харин та нар бидний тухай юу ч мэдэхгүй. Танай хиймэл дагуул дайн эхлэнгүүт бидний ил гаргах пуужингуудыг  хараад макет уу, жинхэнэ үү гэдгийг шалгаад үз л дээ. Хуурай замын дайнд ч бид хэд дахин илүү” гэж хариулж байна.

Гэхдээ Хятад улс хийхээр зэхээд байгаа зургаан дайндаа өөрсдийгөө л дөвийлгөөд байхаас биш дараахь асуудалд хариу өгөөгүй байна.

Алдсан гэж нэрлээд байгаа газар нутгаа эргүүлэн авах дайн хийх гэж байгаа Хятад орон өөрөө дотооддоо хэр тайван амгалан юм бол? Коммунист дэглэм нь хэр бөх юм бол?

Хятадын улс төрийн систем удахгүй өөрчлөгдөх юм биш биз? Хятадын коммунист нам унаснаар Хятадын нэгэн түүх өндөрлөж, дахиад л Өмнөд, Хойд болж хуваагдан салах юм биш биз?

Сибирь, Монголын баялаг Хятадын гарт орохыг Америк зүгээр хараад суух уу?

Түвд, Дорнод Туркестан, Лалын Уйгар улсууд тусгаар тогтновол Хятад харин газар нутгаа алдах бус уу?

Үнэхээр Хятад улс 2020 оноос дайн хийж эхлэхэд бэлэн үү? Өнгөрсөн зууны жараад оны үед ЗХУ-ын радиогоор “Хятад улс анхааруулж байна” гэсэн мэдээ их явдаг байлаа. Америкийн онгоц Хятадын нутгаар тагнуулын нислэг үйлдэж, хятадууд байнга анхааруулга гаргадаг ч хэн ч тоодоггүй байж. 1964 он гэхэд Хятад 900 дахь анхааруулгаа өгсөн байдаг. Цаг хугацаа өнгөрөн Хятад хүчирхэгжсээр анхааруулга нь ч аюултай болж эхэлсэн. Америкийн мэргэжилтнүүд Хятадад үнэхээр чадалтай тив хоорондын пуужин байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа цухуйлгангуут хятадууд дэлхийгээс 800 км зайд байсан өөрийн хиймэл дагуулаа буудаж унагаан хүч чадлаа дэлхийд харуулсан. Дээр нь америкчуудын гайхуулаад байдаг хиймэл дагуулуудыг ч хүсэх юм бол унагаачихаж чадна гэдгээ үзүүлсэн юм.

Гэхдээ л хийх зургаан дайнаа зарласан Бээжингийн бодлого бол жинхэнэ дайн зарлана гэсэн үг биш холын зорилго, хүч чадлаа дэлхий дахинд ил харуулан, тоглож байгаа хэрэг юм. Дээрх нийтлэлд ч, зохиолч нь Хятад заавал байлдах шаардлагагүй гэж бичсэн байна. Зургаан дайнд бүгдэд нь хятадууд эхлээд дайсандаа хэдэн жил өгч, энх тайвнаар нэгдэх, хөрөнгө оруулалтаа хадгалах талаар яриа хэлэлцээ хийх боломж олгоод мөн тухайн улсад Хятадтай нэгдэх ёстой гэсэн сурталчилгаа явуулна гэж бичсэн байна. Тэгээд бүтэхгүй бол дайтаж эхлэнэ гэж байгаа. Энэ утгаараа “Вэньвэйпо”-гийн энэ харгис нийтлэл дайтаж байлдахгүйгээр дайснаа дарах, дарамтанд оруулах, нутгаа өгөхөөс өөр аргагүй байдалтай эвлэрүүлэх гэсэн бодлоготой нь харагдаж байна.

Хятадын энэхүү булаан эзлэлтэнд саад болж чадах ганц орон бол Америк гэдэг нь тодорхой. Дотоодын тогтворгүй байдал, мөхөн сөнөж байгаа хөгшин Коммунист нам, баян хоосны ялгаа, эрчим хүчний дутагдал, орон нутаг дахь тусгаар тогтнолын хөдөлгөөн гээд олон хүчин зүйл Хятадыг дэлхийн шинэ лидер гэж хэлэхэд эрт байна гэдгийг харуулж байгаа. Америкийн гадаад бодлого одоо тэр чигээрээ Хятадын эсрэг чиглэгдэж байна. Афганистан, Ливи, Өмнөд Судан, Угандад тэд юу хийгээд байгаа вэ гэвэл Хятадыг эрчим хүчтэй болохоос сэргийлээд байгаа юм. Ираны нефть, байгалийн хий, Араб, Азербайжан, Туркменистаны нефтийг Хятадад дамжуулах гол зам нь Афганистан. Тиймээс Америк тэнд цэргээ байлгаж байгаа. Яг үнэндээ Араб, Африкт ардчилал хөгжүүлж, хүний эрхийг хамгаалах гэсэндээ биш ганцхан Хятадын эрчим хүчний хангалтыг таслах гэж л Америк хичээж байгаа хэрэг юм. Сибирийн нефть, байгалийн хийг ч Хятадад нийлүүлэхгүй байх нь тэдний зорилго. Хятадын урт савар хаана, ямар ч улсад хүрсэн Америк даган мөрдөж байгаа нь илэрхий. Тиймээс дайн байлдаан, эдийн засгийн сөргөлдөөний хувьд ч Америк Хятадын гол саад юм. Гэхдээ Америкт нэг том сул тал байдаг нь Америкийн баруун хойд хэсэгт орших Йеллоустон галт уул. Гурван мужийн нутагт (Вайоминг, Монтана, Айдахо) байрлах энэхүү галт уул сүүлийн нэг сая жилийн дотор том хэмжээгээр хоёрхон удаа дэлбэрч байжээ. Сүүлийн дэлбэрэлт нь 600 мянган жилийн өмнө болсон бөгөөд ойрын 50-60 жилийн дотор дараагийн том дэлбэрэлт болно гэж эрдэмтэд үзэж байгаа. Тэгвэл дайн болж, цөмийн хошуутай ганцхан пуужин энэ галт уулыг оноход л Америк тэр даяараа сүйрнэ гэсэн онол байдаг. Тэгэхээр цөмийн хэдэн пуужинтай ямар ч орон Америкийг галт уулыг чинь харвана шүү хэмээн айлган сүрдүүлж болох нь. Тэр тусмаа сансарт байгаа хиймэл дагуулыг унагачихдаг хятадууд бол бүр ч бардам айлгах юм байна. Тэгвэл Америк сүрдүүлгээс айгаад Тайвань арал руу Хятадыг дайрахад нь оролцохгүй байж гэж бодьё. Тайвань бүр байлдахгүйгээр нэгдлээ гэж үзье. Цаашдаа байдал яах бол?

Үргэлжлэл бий...

Хятадын блогч Liqiu Yue -гийн бичсэн "Хятад Монголыг 2045 онд эзлэнэ" нийлэлийг энд дарж уншина уу.
 

Санал болгох

Хар тамхитай тэмцэж ирсэн монголчуудын түүхэн уламжлал

Богд гэгээнээс Бүгд ерөнхийлөн захирах яаманд  дээд зарлиг буулгахдаа, “Монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар  хятад хүнтэй ураг барилцан холбож, богтолж үүрд болохгүй болгогтун” хэмээгээд, үүнийг  дөрвөн аймгийн  чуулган дарга, жанжин  нарт тушаан явуулаад, хичээнгүйлэн  дагаж, ийнхүү цаазалсаныг зөрчигчид буй аваас  ял хэлэлцэх явдлыг  сайтар ухуулан тушаасугай” хэмээжээ.

17 өдрийн өмнө
"Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих, зам чамаас зугтаахгүй"

Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих. Зам чамаас зугтаахгүй. Харин амьдрал чамаас, чиний анхаарал болгоомжгүй байдлаас чинь зугтаах болно. Битгий яараарай!!!!

1 сарын өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

2 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

2 сарын өмнө