Б. Бат-Эрдэнэ
Редактор

Бидний мэдэхгүй өнгө – 2

2015 оны 12 сарын 42015-12-04

Гэр хорооллын гүн рүү орж хийж байгаа сурвалжлагууд маань энэ удаад Улаанчулуутын хогийн цэг рүү хөтлөв. Сурвалжлагын гол баатар “Бидний мэдэхгүй өнгө”-ийн эгэл нэгэн дүр Улаанчулуутын наахан талд алхаж яваа нь энэ.

Түүнийг Баянсан овогтой Жараа гэдэг. Нуруундаа үүрсэн цүнхийг нь аваад гэрт нь хүргэж өгөхөөр зорилоо. Хог дээрээс түүсэн гэх хүнд ачаагаа яаж дийлж байсныг нь гайхах сэтгэгдэл төрөв. Ойролцоогоор 30 кг ачаа нуруун дээрээ үүрээд өдөр болгон улаанчулуутын уулнаас доошоо 3, 4 км газар алхдаг гэхээр өдий насны хүн ямар хүнд бэрхийг туулж яваа нь тодорхой.

Түүнтэй ярилцаж эхлэхэд л нэг зүйлийг эрхгүй эргэцүүлж явлаа. Амьдрал хатуу. Гэхдээ Жараа гуайд амьдрал бүр дэндүү хатуурхжээ. Тэрбээр нуруундаа 30 кг ачаа үүрсэн ч сэтгэлдээ түүнээс хүндийг өргөж яваа нь нүүрэн дэх үрчлээ, нулимс цийлэгнэсэн нүднээс шууд харагдав.

Уг нь Жараа гуай бусдын л адил сайхан амьдрал төсөөлж, дөрвөн жилийн өмнө Улаанбаатарыг зорьж иржээ. Унаган нутгаасаа гарахдаа Улаанчулуут дээр хог түүх юм гэж яаж төсөөлөх билээ. Ач зээгийнхээ боловсрол, үр хүүхдийнхээ ажил алба, ээжийнхээ эрүүл мэндийг бодоод улсын нийслэлд ирсэн ч амьдрал нь орвонгоороо эргэсэн нь энэ.

Жараа гуайн ээж сүүлийн 14 жил хэвтэрт байгаа 85 настай буурай бий. Бага охин нь өнгөрсөн жил хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хоёр зээ охин нь өнчирч хоцорчээ. Дээрээс нь нэмээд том охиноосоо өргөж авсан 9-р ангийн охин бий. Мөн осолд орж нэг хөлөө алдсан төрсөн дүү нь Жараа гуайнд толгой хорогдоно. Хааяа нэг архи балгачихдаг, хэдэн төгрөг олж ирнэ гэж байхгүй гэнэлээ. Жараа гуайн зовлон ингээд дуусахгүй.

Барилга дээр ажиллаж байсан хүү нь элэгний церроз оноштойгоор хөдөлмөрийн чадваргүй болжээ. Хүнд юм өргөж болохгүй, ажлын ачаалал даахгүй, боловсрол нимгэнтэй гээд хүү нь ажилгүй гэртээ суугаад жилийн нүүр үзжээ. Ингээд Жараа гуай 85 настай буурай ээж, ЕБС-д сурдаг 3 зээ охин, элэгний церрозтой хүү, суга таягтай дүү гээд зургаан ам бүлийг өөрийн нуруун дээрээ үүрч явна. 63 настай тэтгэврийн хөгшинд дэндүү хүнд ачаа юм. Энэ бүхний бодоход түүний нуруун дээр байсан 30 кг ачаа юу ч биш байгаа биз.

Тэднийхээс хамгийн өөдтэй яваа нь том охин нь. Тусдаа гэр бүлтэй, Чингэлтэй дүүрэгт хашаа байшинтай болж яваа мэт болов ч бас л эрүүл мэндийн асуудалтай. Зүрхний цооролтой, хэвтрийн дэглэм барьж нөхөр нь сахидаг юм байна. Том охин нь мөн хүргэн нь хоёул ажилгүй учраас ээжийнхээ амьдралд тус нэмэр болох нь цөөн аж.

Уг нь Жараа гуай Төв аймгийн Баянцогт сумын уугуул. Нутагтаа ногоо тарьж хэнээс ч дутахгүй 60 настай золгосон. Ээжийгээ хэвтэрт ороод 14 жил болоход нь нурууг нь нэг ч цооролгүй бөөцийлж асарсан нь бахархууштай. Харин дөрвөн жилийн өмнө нутгаасаа гарснаасаа хойш л тасралтгүй уруудсан гэхэд болно. “Уг нь арай ч ингэж доройтоогүй байсан юм” гээд хоолой зангируулан ярьж эхэллээ.

-    Эмээ нь Төв аймгийн Баянцогтын уугуул. Хотод ирээд дөрвөн жил болж байна. Одоо хаяг Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй ч гэр маань Сонгинохайрханд байдаг. Уг нь эмээ нь арай ч ингэж доройтоогүй байсан юм. Тэтгэврийнхээ мөнгийг аваад болгоод байдаг байлаа. Өнгөрсөн бага охин маань гэртээ байж байгаад зүрх нь хаагдаж өнгөрсөн. Ажил явдлыг нь хийх гээд тэтгэврийн зээл гээд 3 сая төгрөг орчмыг авсан. Тэгээд л тэтгэвэргүй болчихсон доо. 2016 оны долдугаар сард зээл маань дуусчихвал тэтгэвэртэйгээ золгоно.

-    Улаанчулуут дээр хэдийнээс гарах болов?

- Өмнө нь бага охин амьд сэрүүн, би тэтгэврээ авдаг байхад амьдрал болоод байсан. Тэгэхэд би Улаанчулуут дээр ирдэггүй байсан юм өө. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө материал аваад гутал хувцасхан хийгээд зардаг байлаа. Нутгийн танидаг хүмүүс маань захиалга өгөөд өөрийнхөө чадлын хэрээр гутал хувцас хийдэг байлаа. Охин маань өнгөрснөөс хойш надаас өөр хөдлөх хүнгүй болоод. Эмээд нь ажил олдох биш. Тэтгэвэр ч байхгүй болсон. Ингээд л жилийн өмнөөс Улаанчулуут дээр очиж хог түүх болсон доо.

-    Хог түүгээд өдөртөө хэдийг олдог вэ. 6 ам бүлд яасан ч хүрэхгүй байх даа?

-    Яахав Улаанчулуут дээрээс хог түүгээд л өдөр хоногийн өнгөрөөж байна. өөр чадах зүйл алга. Хог дээрээс хуучин гутлын түрий, ул мэтхэн түүгээд гутал хийгээд байгаа. Тэр хийсэн гутлыг минь авах хүн цөөхөн л дөө. Сүүлийн үед хог дээрээс гутлын түрий, хуучин гутал олдохоо байгаад гутлаа хийж чадахгүй байна. Сүүлийн үед зэс, тугалга, лааз ихэвчлэн түүж байна. Хогийн цэг дээрээ хоёрдогч түүхий эд авах газар байдаг болохоор түүгээд шууд тушаачихдаг. Өдөртөө 4-5 мянган төгрөг л олдог юм.

-    Олон хэдэн төгрөгөө яаж зохицуулж байна даа. Тог цахилгааны мөнгө, идэж уух зүйл, түлээ нүүрс гээд л хэцүү байх даа?

-    Хөөрхий манай гэрийн ард байдаг компани манайд тог өгсөн. Тогны мөнгө гэж нэхээд байдаггүй юм өө. Өдөрт 4 мянгыг оллоо гэхэд талаар нь мах аваад, нэг гурил аваад, тэгээд чадвал сонгино, жаал жуул хүнсний ногоо авахыг бодно доо. Би өөрөө ногоо тарьдаг байсан болохоор аль болох ногоотой хоол идэх дуртай. Хааяа охид маань автобусны мөнгө өгөөч гэдэг юм. Сургууль нь эндээс 4 буудлын цаана.

-    Зээ охид чинь хэдэн настай вэ?

-    Зээ охид маань гурвуулаа ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Том нь 16 настай. Уг нь ажил хийе, эмээдээ тусалъя гэдэг ч 10 жилээ төгсөөгүй болохоор олигтой ажил олдохгүй. Бас хоолойны өвчн нь хүндрээд үе мөчиндөө орчихсон, хааяаа хааяа унаж тусчихдаг юм. Энэ охин маань бас бие нь өвдөөд айлгаад л байгаа. Талийгч охины минь хоёр охин нэг нь14, нөгөө нь 12 настай. Гэхдээ яах вэ халамжийн мөнгө гээд 58 мянга, хүүхдийн мөнгө гээд 108 мянган төгрөг ордог. Энэ хоёр мөнгө бас ч гэж гол зогооход их тус болж байна.

-    Том зээ охиноо эмчлүүлье гэж явж үзсэн үү?

-    Явалгүй яахав. Өвчингүй л байвал идэх хоол, түлэх түлээ хамаа алга гээд явж үзсэн. Эмээ нь эмнэлэгт хэвтүүлж дийлэхгүй юм билээ. Очоод үзүүлэхээр хэвтүүл гэдэг. Ор хоногийн мөнгө өдрийн 20 мянга гээд. Тэгээд нэг 200 мянган төгрөг надад хаанаас олдох билээ. Өнөө маргаашийнхаа хоолыг яая гэж байна шүү дээ эмээ нь.

-    Хүүгээ элэгний церрозтой болсныг хэзээ мэдэв. Архи дарс уудаг байсан уу?

-    Миний хүү архи дарс уугаад явдаг хүн биш л дээ. Энэ гурвалжингийн зах дээр очиж грушик хийдэг. Хааяа барилга дээр ажиллаж хэдэн төгрөг олдог ганц хүн маань байсан. Гэнэт зунаас доошоо цус алдаад эмнэлэгт яаралтай үзүүлсэн чинь элэгний церроз гэсэн. 140 мянгаар эм авч уудаг юм билээ. Эмээ нь хог дээр ажиллаад мөнгөө цуглуулж байгаад нэг удаа авч өгсөн. Хүү минь өнгөрчихвөл хэцүү шүү дээ. Хүргэн маань нэг удаа бас авч өгсөн. Одоо дахиад авч өгч чадахгүй байх аа даа. Өвөл болоод гадаа хүйтэрчихлээ. Түлээ түлшнээс эхлүүлээд зардал их өснө  дөө.

-    Танд туслах ах дүү байхгүй юу?

-    Хэндээ хэлэх вэ дээ. Нутгийн зон олноос минь өөр хүн байхгүй. Та орон нутагтаа ирээ. Танд газар аваад өгье. Гэр өгье гээд дууддаг л юм. Энэ хэдэн хүүхдүүд намайг дагаад тийшээ очино гэж байхгүй л дээ. Тэгээд эндээ сургуульдаа яваад төгсөөд болох биз. Уг нь би 4 дүүтэй байлаа. Хоёр нь өнгөрчихсөн.  Том эрэгтэй дүү гэж уг нь байдаг. Мал хуй байсан бүх юмыг маань зараад байхгүй болгосон. Одоо нисэхэд байдаг гэсэн. Нэг хувийн компанитай л гэх юм. Нутгийн олонтой тааралдсан л гэдэг. Надтай уулзаагүй удаж байна. Үлдсэн нэг нь энд таягтай сууж байна. Надад гайгүй тус нэмэр болоод ажил хийдэг байсан юм. Өнгөрсөн жил мод ачиж яваад машинтайгаа онхолдоод нэг хөл нь байхгүй болсон.

-    Нэг дүү, 3 зээ охин, ажилгүй өөрийн хүүгээс гадна 85 настай буурайг асарч сувилна гээд маш хэцүү санагдаж байна?

-    Ах дүү нар нь авъя гээд ирдэг. Ах дүү дээр нь аваачиж үзсэн. Цай унд нь таарахгүй, асаргаа сувилгаа нь ч хэцүү. Чам дээр байя гээд ээж минь над дээр ирсэн. Ээжийг минь асрамжийн газар аваачъя гээд хүмүүс ирдэг.  “Би хэцүү байгаа юм чинь та асрамжийн газар оч” гээд ээжийгээ явуулна гэдэг хэцүү шүү дээ бас. Миний оронд байсан хэн ч ээжийгээ өөр дээрээ асарч сувилахыг бодно биз дээ. Миний ээж 14 жил хэвтрт байгаа ч ухаан санаа нь их саруул. Энэ удаан хугацаанд хэвтэрт байхаар арьс нь цоороод хэцүү байдаг. Гэхдээ би сүүлний тосоор тослоод, өдөр болгон сувилаад 14 жил өнгөрөхөд нэг ч удаа цоорч байгаагүй.

-    Төр засгаас тусламж үзүүлдэг үү. Таны амьдралыг мэддэг хорооны нийгмийн ажилтан ч юм уу байгаа биз дээ?

-    Гэрийн хаяг Чингэлтэй дээр том охины хаяг дээр байдаг. Тэгээд том охины амьдрал болохоор ядуу өрхөд хамааралгүй болчихоод байгаа юм. Би очоод нийгмийн ажилтантай уулзаж үзсэн. Сайн хөөцөлдөөрэй юм олдоно гэж хэлсэн. Тэрийг хөөцөлдөх зав эмээд нь алга л даа. Нэг өдөр юм хийхгүй суухад л түлээгүй, хоолгүй хонох гээд байхад. Их л хөөцөлдөж байж тусламж олддог юм гэсэн. Улаанчулуут дээр байхад хэдэн дарга нар ирээд явсан. Танд тусална аа гэж хэлчихээд л явдаг. Эргээд тусалсан нь нэг ч байхгүй. Гэхдээ миний хүү эмээ дээрээ эргэж ирээд туслаарай. Хоол унд ч яахав болоод байдаг. Одоо өвөл болоод гадаа хүйтрээд түлээ түлш хэцүү байна.

-    Танд заавал тусална аа. Тун удахгүй гэж найдаж байна.

Бид хоёрын яриа ингэсгээд өндөрлөлөө.


Өнөөдөр 63 настай ч өөрөөсөө гадна 6 хүн тэжээх гэж яваа энэ эмээг хараад зүгээр суух аргагүй. Түүнийг нэг өдөр ажлаа хийхгүй суухад л голын эрэг дээр задгай буусан гэр нь хөлдөж, 7 ам бүлийн ходоод хонхолзож хононо. 


Оффисын өрөөнд дулаахан суугаа бид ийм хатуу бэрх амьдралыг өдөр болгон хараад, сонсоод байхгүй ч яг өдгөө Жараа гуай шиг олон зуун хүн амьдралд нухлагдаж, зовлон зүдгүүрийг туулж, өөртөө хүндэдсэн ачааг нуруун дээрээ үүрч явна.


#COALCHALLENGE-д нэгдэцгээе!

Сэтгүүлч миний бие дүүргүүдийн нийгмийн халамжийн хэлтэстэй холбогдож, нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу өрхүүдийн жагсаалтыг гаргуулж авсан бөгөөд эдгээр олон арван айлд туслах зорилготой #COALCHALLENGE-ийг эхлүүлэхээр шийдэв.

Энэхүү #COALCHALLENGE-ийг “Шарын гол” ХХК дэмжиж ажиллах бөгөөд зах зээлийн ханшаас 2-3 дахин хямдралтай үнээр нүүрс өгөхөө амласан билээ.

#CoalChallenge дүрэм:


1.    #COALCHALLENGE-д дуудагдсан албан байгууллага, хувь хүн ХААН банкны 5131094007 тоот дансанд хандив өргөснөө баталж, #COALCHALLENGE бичигтэй цаасыг барьж өөр гурван албан байгууллага юм уу, хувь хүнийг хандивын аянд нэгдэхийн уриалан дуудсан бичлэгээ Facebook-т байрлуулна.

2. Аянд дуудагдсан хүмүүс (албан байгууллага) дуудлагаа 3 хоногт багтааж биелүүлж, сэтгэлийн хандиваа дансанд хийсэн байна.

3.    Хандивын аяны хүрээнд цугларсан мөнгөний тайланг тухай бүрт нь Facebook-ийн COAL CHALLENGE группт нийтэлнэ.

4.    Цугларсан мөнгөөр нүүрс худалдан авч тус айлуудад хандивлах ба үүнд “Шарын гол” ХК-ийн нүүрсийг хямдралтай үнээр худалдан авна.

5.    “Шарын гол” ХК хандивын мөнгөн дүнг 2-3 дахин нэмэгдүүлсэн хэмжээний нүүрсийг айлуудад өгнө. Энэ үйл явдлыг Time.mn-д тогтмол мэдээлнэ.

Coal Challenge групп-т дарж орж нэгдэх

Coal Challenge пэйж-д дарж орж нэгдэх

Та бүхэн #CoalChallenge-д идэвхтэй оролцоорой. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө