Хятадын армийн шинэчлэл хэний эсрэг вэ?

2015 оны 12 сарын 72015-12-07

40a5f71a-05c8-422e-b829-c5d9340572fa,71776-9c9d0d49ad423fdbd16797c1976d0a49.jpg.jpg

Дэлхийн олон нийтийн анхаарал “Исламын улс”, ОХУ-ын онгоцыг сөнөөсөн Турк, Сирийн асуудалд хандаад байгаа өнөө үед харин бидний дэргэд Алс Дорнод, Ази тивд их дайны бэлтгэл ажил эхлээд байна. Энэ дайнд хэн бэлтгээд байгаа нь ойлгомжтой, манай урд хөрш Хятад улс юм. “Су-24” онгоцны сүйрэл, Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг тойрсон дипломат, мэдээллийн дайнд хамаг анхаарлаа хандуулж байх хооронд урд хөрш Хятадад сүүлийн 70 жилд гараагүй цэрэг дайны салбарын шинэчлэл эхэллээ. Энэ шинэчлэлээр Хятад улс ОХУ-ыг давж гаран, армийн хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаар байрт гарч ирэх гэнэ. Одоо Америкийн дараа хоёрдугаарт ОХУ орж байгаа билээ. Оросын засгийн газар, улстөрчид Хятадтай нийлэн, Америкийн эсрэг хөдөлж, хандыг нь хага дарна хэмээн баярлаж байж магадгүй ч Хятадын армийн шинэчлэл магадгүй тэдний эсрэг байж болох. 

Ингэхэд Хятад армидаа ямар шинэчлэл хийгээд байгаа хэрэг вэ? Шинэчлэлийн зорилгыг Хятадын тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Си Зиньпин өнгөрсөн сарын 24-26-нд болсон Хятадын Үндэсний чөлөөлөх армийн Төв зөвлөлийн хуралдаан дээр  “2020 он гэхэд Үндэсний чөлөөлөх арми хилийн чанадад байлдааны ажиллагаа явуулахад бэлтгэх” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гадаад улс орны эсрэг дайтна гэсэн үг. Гэхдээ 2020 он гэхэд Хятад хэнтэй дайтах гэж байгаа хэрэг вэ?

Шинэчлэлийн эхний алхам нь цэргийн тойргуудыг нэгтгэх явдал. Жишээ нь, Бээжингийн цэргийн тойргийг Шэньяны тойрогтой нэгтгэн, Цэргийн хойд тойрог байгуулан, удирдах штабыг нь хойд хилд аль болох ойрхон, нэг үгээр хэлэхэд ОХУ, Монголын ойролцоо байрлуулах аж. Энэ оны зургадугаар сард Хятадын арми улсынхаа хойд, өмнөд хэсэгт том хэмжээний хээрийн сургууль хийхдээ мянган км-ын маршын бэлтгэл хийсэн байна. Тэд хаашаа хэдэн мянган км-ын цөмрөлт хийж, гүйхээр бэлтгэж байгаа нь сонирхолтой. ОХУ, Хятад улсууд хоорондоо дайтна гэдэгт итгэдэггүй хүн олон. Гэхдээ энэ хоёр орон хөрш амьдарсан олон зуун жилийн түүхэндээ газар нутгийн маргаан, цуст дайн олныг туулж өнгөрөөсөн улс. Өнөөдрийн байдлаар Алс Дорнод тэр чигээрээ хятад цагаачдаар дүүрч, удалгүй тэнд үндэсний цөөнх биш олонхи болж хувирах дөхсөөр байна. Тэгэхээр ямар нэг юм тохиолдоход Бээжин иргэдээ хамгаална гээд зүтгэхэд хэн ч саад болж чадахгүй. 

Үндэсний чөлөөлөх армийн шинэчлэлийг ажиглаад байхад дорно зүгийн хүлээцтэй зан мэдрэгдээд байгаа юм. Яагаад Хятадын арми  2020 он гэхэд хилийн чанадад дайн хийхэд бэлэн байх ёстой гэж тэд үзэв ээ? Тэр үед ОХУ-ын геополитикийн байдал тун хүнд болсон байх нь гарцаагүй. Одоо ч ОХУ дэлхийн олон нийтэд ад үзэгдэн, дампуурлын ирмэгт байгаа. Хятадууд Байгалийн хязгаар, Сибирьт одоо цэргээ орууллаа гэхэд дэлхийн олон нийт тоох ч үгүй. Гэвч цаг арай эрт байна гэж хятадууд үзэж байгаа бололтой. Яагаад цаг эрт байна гэвэл ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээний дүнд бүрэн уначихаагүй, арми нь хүчтэй хэвээр байна. Дээр нь Хятад улсын эрчим хүчний асуудлыг шийдэхэд байгалийн хий, нефть хэрэгцээтэй байна. Тэд ирэх таван жилд эрчим хүчний шинэ эх үүсвэр олж, 2020 он гэхэд Оросын байгалийн хий, нефтиэс татгалзах төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр Оросоос хэрэгтэй юм ганц л үлдэнэ. Энэ бол Оросын технологи. Гэхдээ үүнийг ч шийдэж болно. Хятадууд гаднаа найрсаг инээмсэглэсэн ч дотроо дооглон жуумалзсаар Оросоос орчин үеийн Су-35 онгоц, шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт болох С-400 комплекс салган авч чадсан. Одоо тэднийгээ копидон хуулбарлаж, бөөнөөр үйлдвэрлэхэд л болоод явчихна. Бүгдийг төлөвлөсөн байгаа нь харагдаж байгаа биз. 

Си Зиньпиний зарласан армийн шинэчлэлийг судлаачид Хятадын түүхэн дэх хамгийн том шинэчлэл гэж үзэж байна. Цэргийн шинэчлэл БНХАУ-ын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөтэй хугацааны хувьд давхцаж буй. Армид хатуу чанга сахилга бат тогтоож, удирдах бүрэлдэхүүнийг чанаржуулна. 2025 он гэхэд Хятад улс Европын холбоо, Японыг шахан гаргаж, Америктэй харьцдаг хамгийн гол орон болох гэнэ. Хятадын Үндэсний чөлөөлөх армийн Жанжин штабын газрын хурандаа асан Юэ Ган “Энэ шинэчлэлээр манай арми хуучин ЗХУ-ын системээс салж, Америкийн армийн системд шилжинэ” гэж ярьж байна. Шинэчлэлээр цэргийн тойргуудыг томсгож, армийн удирдах эрхийг Хятадын даргад төвлөрүүлэх гэнэ. Ингэснээр Хятадын тэргүүн Си Зиньпин цэрэг, армийн томчуудаас хамааралгүй өөрөө армиа удирдах боломжтой болно. Мөн элит тусгай анги байгуулах аж. Үндэсний армид одоо десант, арми, цагдаагийн тусгай ангиуд байгаа ч энэ шинэ анги яг ямар зорилготой нь тодорхойгүй. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг нэмэгдсэнээр Төрийн зөвлөл буюу Засгийн газрын эрх нэмэгдэнэ. Ингэснээр Батлан хамгаалах яам нь ар талыг хариуцах, улс төрийн ажил хариуцдаг болж, Жанжин штабтай ижил үүрэгтэй болох юм. Хятадын үндэсний чөлөөлөх армийн Төв зөвлөл ямар үүрэгтэй болох нь бас тодорхойгүй. Арми нь Төв зөвлөл, Коммунист намд захирагдахаа больж, Ерөнхий командлагч бүгдийг захирдаг болж магадгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг Хятадын Коммунист Намын бүгд хурлаар авч хэлэлцэх болно.   

Ямар ч гэсэн долоон цэргийн тойргийг дөрөв болгон цөөлнө. 11 байсан тойргийг 1985 онд долоо болгон багасгаж байсан юм. Тэр үед Хятадын армийн гол зарчим нь дайны үед нутгийн гүнд ухарч, партизаны хамгаалах дайн явуулах байлаа. Тэгвэл одоо хилийн чанадад дайтах “идэвхтэй хамгаалалт” ын зарчимд шилжсэн тул тойргууд ч хилд аль болох ойр байрлах болоод байна. Шинэ тойргуудын байрлал тодорхой бус байгаа ч ОХУ, Энэтхэгийн хил ойролцоо маш том тойрог байгуулахаар болжээ. Хүн амын тоо, эдийн засгийн далайцаар Хятадад дөхөж ирээд байгаа Энэтхэг улс тэдний гол бай байж болох. АНУ, Японтой тулалдлаа гэхэд хэн нэг нь ялахгүй, сунжирсан дайн болох нь ойлгомжтой тул Хятад улсын бэлтгэж буй дайн нь ОХУ, Хойд Солонгос, Энэтхэг, Вьетнамын эсрэг байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр дайны галд Монгол, Казахстан, Кыргызстан, Пакистан өртөнө. 

Тухайн улс орны ард иргэд цэрэгжилтийг хэрхэн ойлгож байгаагаас армийн хүчин чадал нь их хамаардаг. Энэ ойлголт нь цэрэг татлага, дайн хэр удаан үргэлжлэхэд ард түмэн тэсэн гарах вэ зэрэг олон зүйлд нөлөөлнө. Ингэхэд хятадууд дайнч ард түмэн мөн үү? Энэ асуултад шинжээчид эсрэг хариулт өгч байгаа юм. Нэг талаас хятадууд цэргийн мэргэжилд дургүй, байлдаж чаддаггүй гэсэн тайлбар их ч Хятад сүүлийн 300 жилд газар нутгаа хоёр дахин нэмэгдүүлж чадсан орон. Гэхдээ бусдын газрыг эзлэн булаах дайныг нүүдэлчин улсууд Хятадыг захирч байх үед л хийж байсан байдаг. Харин уналт, задралын үе нь засгийн эрхийг жинхэнэ хятадууд барьж байх үед таарч байжээ. Тэгвэл одоо Хятадыг хэн удирдаж байна вэ? Цэргийн салбарт Си Зиньпиний талынхан Шэньси нутгийн генералуудаас бүрддэг. Энэ муж бол харгис ширүүнээрээ алдартай, хагас нүүдэлчин Цинь гүрний үр удам аж. 

Санал болгох

Хар тамхитай тэмцэж ирсэн монголчуудын түүхэн уламжлал

Богд гэгээнээс Бүгд ерөнхийлөн захирах яаманд  дээд зарлиг буулгахдаа, “Монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар  хятад хүнтэй ураг барилцан холбож, богтолж үүрд болохгүй болгогтун” хэмээгээд, үүнийг  дөрвөн аймгийн  чуулган дарга, жанжин  нарт тушаан явуулаад, хичээнгүйлэн  дагаж, ийнхүү цаазалсаныг зөрчигчид буй аваас  ял хэлэлцэх явдлыг  сайтар ухуулан тушаасугай” хэмээжээ.

17 өдрийн өмнө
"Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих, зам чамаас зугтаахгүй"

Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих. Зам чамаас зугтаахгүй. Харин амьдрал чамаас, чиний анхаарал болгоомжгүй байдлаас чинь зугтаах болно. Битгий яараарай!!!!

1 сарын өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

2 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

2 сарын өмнө