Сүүлийн үед дэлхий дахинийг үймүүлэн бужигнуулж, ертөнцийн газрын зургийг өөрчлөөд байгаа “Исламын улс” хэмээх алан хядагч бүлэглэл. Энэ бүлэг яагаад үүссэн, юуны ачаар өдий хүртэл хүчээ авсан талаар ярихаа болье. 2011 оны “Арабын өнгөт хувьсгал”-ийн үр дүн гэж ч хэлэхээ байя. Энэ чухал биш. Нэгэнт үүсээд бий болж, өөрийн гэсэн засаг захиргаа, яам тамга, цагдаагийн газар, тэр байтугай нийгмийн хамгааллын албатай бүхэл бүтэн улс болон хувираад байгаа энэ бүлэглэлийг зүгээр нэг алан хядагч байгууллага гэж үзэж болохгүй болжээ. Харин хэрвээ Исламын улс энэ дайнд ялбал дэлхий дахинд ямар өөрчлөлт гарч, яаж хувирах бол гэдэг л чухал болоод байна.
Исламын улсын зорилго юу вэ? Үнэхээр тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг даян дэлхийг сөхрүүлэхийг хүсэж байгаа хэрэг үү? Мэдээж үгүй. Америк, Европтой манатай л байгаа тэд. Гэхдээ тэдний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлүүдэд дандаа л даян дэлхийг бүрхэх лалын шашин гэсэн өнгө аяс харагддаг. Энэ нь дэлхийн баян улсуудаас мөнгө хөрөнгө олох гэсэн л сурталчилгаа юм. Адольф Гитлер хэчнээн хүчирхэг байсан ч бүх дэлхийг эзлэхээр санаархаж байгаагүй. Исламын улс ч гэсэн адилхан. Даян дэлхийг эзлэнэ гэдэг зарчмын хувьд ямар ч боломжгүй зүйл гэдгийг тэд сайн ойлгож байгаа. Яг үнэндээ Исламын улсын хүсэж байгаа зүйл бол Ойрхи Дорнодод оршин тогтнож буй бүх улсыг устгаад Нэгдсэн лалын улс байгуулах явдал. Хар далбаан дор, дундад зууны үеийн хууль дүрмэнд захирагдсан тийм л улсыг тэд мөрөөдөж байна. Олон зуун жилийн уналтын дараа сэргэн мандсан Халифийн гүрэн, бүх арабууд нэгдсэн хүчирхэг эрин зууныг цогцлоох зорилготой.
Энэ хар хүчний эсрэг бүх дэлхий нэгдэн тэмцэж байгаа мэт харагдавч үр дүн олохгүй хэвээр. Ертөнцийг хэд дахин сөнөөхөд элбэг хүрэлцэх хүчтэй зэр зэвсэгтэй Барууны гүрнүүд үнэн хүчээ гаргалгүй, бусдын гараар могой бариулах гээд л хүлээж суугаа нь Исламын улсад ялагдаад байгаагийн гол шалтгаан. Алан хядагчдыг бөмбөгдөж буй хурд хүчтэй орчин үеийн онгоц, далайн эрэгт зогсох сүрлэг том хөлөг онгоцнууд. Гялалзсан сайхан харагдаж байгаа ч ёстой л “рекламны пауз” гэдэг шиг хоосон. Дэлхий нийт телевизийн дэлгэцээр тэднийг л Исламын улстай байлдаад байгаа мэтээр харж байгаа ч яг тулалдаж байгаа нь шийт, курдууд л байна. Ингэхэд Барууны гүрнүүд өөрсдөө оролцох биш харин Турк, Иракыг Исламын улстай байлдуулахыг л хүсээд байгаа юм болов уу. Улс болгон Ойрхи Дорнодод өөрийн гэсэн ашиг сонирхолтой. Энэ бүхэн нь зөрчилдөөд Исламын улсыг даран сөнөөхөд улам бүр бэрхшээлтэй болсоор л. Яагаад?
Юуны өмнө хэлэхэд Ирак бол тогтсон төр засаггүй улс. Орон нутгийн захиргаад өөр өөрийн нөлөөний бүсээ л захирдаг. Саддам Хусейний дэглэм унасны дараа шийтууд улс орноо аваад явж чадахаар байсан ч одоо тэдний нэр хүнд Арабын ертөнцөд унасаар л байна. Хүн ам зүйн шалтгаанаас гадна сүүлийн үед тэдэнд учирсан үйл явдлууд үүнд нөлөөлжээ. Суннитуудын эзэмшлийн газар нутаг Мароккогоос Индонез хүртэл үргэлжилж байгаа бол шийтүүдэд баталгаатай ар тал ч алга. Азербайжан элдэв будлианд оролцдоггүй, Ливан хэдийнэ номхорсон. Бахрейнд Арабын хувьсгалын үеэр шийтүүд бослого гаргасан ч амжилт ололгүй дууссан билээ. Үлдэж байгаа орон бол Иран. Ирактай олон жил сөргөлдсөний эцэст Иракын сөнөх цаг ойртжээ гэдгийг Иран сайн ойлгож байгаа. Исламын улс Иракыг зүгээр л арчаад хаяна. Гэвч Ираны эдийн засгийн хүндрэл нь Иракыг аврах ямар ч боломж өгөхгүй. Цөмийн хөтөлбөрт асар их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж, Израилтай сөргөлдөн, дотооддоо ч бөөн асуудал. Тэгээд ч тэд Иракыг аврах гэж хичээх нь юу л бол. Харин ч Багдадыг унахыг хүлээж байгаад шийтүүдийнх нь газар нутгийг нэгтгэн авах бодолтой байж мэднэ. Турк Исламын улсын эсрэг дайнд орох уу? Сахилга баттай, хүчирхэг армитай энэ улс курдуудыг дарах эрмэлзэлтэй. Тэр курдуудыг нь устгаж байгаа Исламын улс магадгүй тэдэнд ашигтай байж болох. Тэд дайнд оролгүй курдуудын мөхөхийг хүлээх, эсвэл Исламын улсаас зугатсан курдууд Туркт ирж, үг дуугүй захирагдахыг харах сонголттой.
Ингээд харахад Исламын улсыг даран сөнөөх хүч харагдахгүй болжээ. За тэгвэл тэднийг яллаа гэж аваад үзье. Исламын улс хүчээ авсаар, асар их хөрөнгө мөнгө, технологи, нефтийн баялгийг гартаа оруулна. Тэд өөрсдийн үзэл бодлыг тэсрэх бөмбөг зүүсэн амиа золиослогч төдий зүйл биш жинхэнэ гүрэн байгуулж болох үзэл гэдгийг батлан харуулна. Исламын улс ялснаар бүс нутагт ямар байдал үүсэхийг хэлэхэд бэрх. Арабын хаврын хөдөлгөөн ард олонд хуучин хатуу дэглэмийг хална хэмээн сайхан үг л амлаж байсан бол Исламын улс энх тайван, эмх журам амлаж байна. Бүр хэдэн зуун жил үргэлжлэх эмх журмыг шүү. Курдистаны хувь заяаг дээр дурдсан бол Исламын улс ялснаар Сири ойлгомжтой мөхнө. Иракыг унагааж, нефтийн хамаг орд газрыг нь авсан Исламын улс дотоодын дайнтай Сирийг устгаж, Башар Асадыг мөхөөхөд хэдхэн хоног л хэрэгтэй. Ингээд цаашдаа Исламын улс ямар бодлого явуулахаас бүх зүйл шалтгаална. Хэрэв тэд түргэн шуурхай 2011 оны Арабын хөдөлгөөн шиг бослого, хувьсгалыг зохин байгуулж чадах юм бол удалгүй Египет унана. Цэргийн засгийн газар сөрөг хүчнийхнээ хэдэн зуугаар нь цаазлан хороож байгаа нь бослого гаргах наад захын шалтгаан болж өгнө. Тунис, Мароккод байдал харьцангуй тайван ч энэ улсууд Ойрхи Дорнодод ямар ч нөлөөгүй өчүүхэн орнууд. Ливи бол Исламын улстай улсгүй дотоодын зөрчил, овог хоорондын мөргөлдөөнөөс болж өөрөө унах гэж байгаа. Эдгээр улсууд Исламын улсын эрхэнд хамгийн түрүүнд орох юм. Харин бүс нутагт багагүй нөлөөтэй Алжир улс 2011 оны Арабын хувьсгалыг эсэн мэнд туулсан. Тэнд хувьсгал битгий хэл үймээн ч гараагүй. Европтой нягт харилцаатайдаа найдаж байж болох ч энэ нь тэд туслана гэсэн баталгаа биш. Алжирийн одоогийн засаг төр удаан үргэлжилсэн иргэний дайны дүнд үүссэн бөгөөд ялагдсан тал нь лалынхан байлаа. Исламын улсын дэмжлэгээр тэд бослого гаргахад байдал яаж ч өөрчлөгдөж мэднэ. Саад болох том орон бол Саудын Араб. Афганистаны дайнд можахедуудыг ивээн тэтгэсэн, лалын шашинтнуудын гол өмгөөлөгч хэмээн өөрсдийгөө нэрлэдэг энэ улс Хааны гэр бүлийн ашиг сонирхолд тааруулан, лалын шашны хэм хэмжээг байнга зөрчдөг. Хэт тансаг амьдрал, авлига, хэдэн тэрбум долларын үнэтэй орд харш, ордон доторхи садар самуун явдлаараа Саудын Араб хэдийнэ Арабын ертөнцийн хүндэтгэлийг алдсан. Гэхдээ л нэр нөлөө хүчтэй хэвээр. Саудын Арабад хувьсгал гаргахад тус улсаас гаралтай алан хядагчдыг ашиглахад болно. Бен Ладен ч Саудын Арабыг лалын шашны үйл хэргээс урвасан хэмээн шүүмжилж байв. Тэгвэл одоо Сирийн дайнд туршлагажсан хэдэн зуун Бен Ладен эх орондоо харихаараа юу хийхээ сайн ойлгож байгаа. Үүн дээр төр засагтайгаа тэрсэлдэж буй орон нутгийн муж, хотууд, хааны гэр бүлийн зөрчилдөөнийг нэмэхээр Саудын Араб ч бас эсэн мэнд үлдэхэд хэцүү. Асар их мөнгөтэй ч бяцхан орон Катарт эрх мэдэл, баялгийг эзэмшиж буй арабууд гадаадын хар ажилчдаасаа хэд дахин цөөхөн. Катарын харгис цагдаагийн гарт өртсөн ядуу зүдүү лалын шашинтнууд Исламын улсын сурталчилгаанд амархан орно. Африк, Арабын алан хядагч олон бүлэглэл Исламын улст үнэнчээ илэрхийлж байгаа нь тэдний ялалт байгуудах бас нэгэн үндэс. Гаднаас бага зэрэг дэмжээд өгөхөд л “Аш-Шабаб” Сомалиг эзэлж орхино. Харин Афганистанд бол Талибан байна. Саяхан Талибаний удирдагчид хоорондоо буудалцаж, Исламын улсыг эсэргүүцэгч гол тэргүүн нь алагдсан нь энэ бүлэглэл Исламын улст нэгдэн орох магадлал нэмэгдсээр байгааг харуулна.
Исламын улс ялж, Арабын хойгийг гартаа оруулснаар дэлхийн эдийн засагт том өөрчлөлт гарна. Одоо л нефтийн наймаа хийж, их мөнгө олж байгаа энэ улс дэлхийн нефтийн хамаг нөөцийг гартаа оруулахаар юу болох бол. Цэрэг дайны зардал өндөр байх нь тодорхой ч одоогийн Ойрхи Дорнодын тансаглах зардлын дэргэд бол юу ч биш. Нийгмийн халамж, дэд бүтцэд бараг мөнгө зарах хэрэггүй гэхээр тэдэнд нефть ихээр зараад байх шаардлаггүй болно гэсэн үг. Тэгвэл тэд нефтийн үнийг хүссэн хэмжээгээрээ нэмэж чадна. Баррель нефть 200 доллар хүрэх цагт дэлхийн эдийн засаг хямрахгүй байхыг харья л даа.
Арабыг гартаа оруулсан Исламын улсын дараагийн бай Төв Азийн Станууд. Станууд ОХУ-аас тусламж гуйж, Орос дайнд татагдан орох эсэхээс их зүйл шалтгаална. Хэрэв Төв Азийг амжилттай номхтгож чадвал Пакистан, Хятад руу хөдлөнө дөө. Пакистан удалгүй бууж өгч, Барууны орнууд цөмийн зэвсгийг нь алдалгүй гаргаж зөөхөд л анхаарлаа хандуулах болно. Хятадын хувьд Шинжаан Уйгарт байдал хурцдан, бослого хөдөлгөөн идэвхжлээ ч Хятадаас салган авч чадахгүй болов уу. Гэхдээ Хятад улс батлан хамгаалах салбартаа маш их хөрөнгө гаргах болсноор эдийн засгийн хөгжлийн хурдац нь зогсоно. Исламын улс Египетийг даран, Суэцийн сувгийг гартаа авч, “Аш-Шабаб” Сомалиг эзэлснээр далайн дээрэм газар авна. Европын хөлөг онгоцнууд Ази, Африкт зорчихоо больж, эдийн засаг хямрана. Ийм л дүр зураг хүлээж байна даа.