БНХАУ-ын Коммунист намын Улс төр-хууль зүйн комиссийн нарийн бичгийн дарга Мэн Цзяньчжу улс орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд алан хядагчдын үйл ажиллагааны эсрэг тагнуулын ажиллагаа, мэдээлэл цуглуулах системээ сайжруулах ёстой гэж мэдэгдлээ. Үүний тулд хил, хилийн боомтуудад хяналтыг чангатгаж, гадаад дотоодын алан хядагчдыг холбоо тогтоолгохгүй байх шаардлагатай гэдгийг онцолжээ. Мөн лалын шашны хэт даврагчидтай хатуу тэмцэх болно гэдгээ хэлсэн юм. Хятадын засгийн газраас Шинжаан-Уйгарын автономит бүст “Дорнод Туркестан” хэмээх “Аль-Каида”-тай холбоотой алан хядагч байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг бөгөөд энэ байгууллага уйгаруудыг Сири, Иракт илгээж байгаа гэж сэжиглэж буй.
Сүүлийн жилүүдэд Хятадад бөөнөөр алан хядах ажиллагаа хэд хэдэн удаа болж, олныг түгшүүрт автуулаад байна. Гадаадын хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж байгаа нь өнгөрсөн есдүгээр сард Шинжаанд болсон уурхай дахь алан хядах ажиллагаа байлаа. Нүүрсний уурхайд халдлага хийн, агуйд нуугдсан алан хядагчдыг галаар буудагчаар шахан гаргаж, 28 сэжигтнийг устгалаа гэж Хятадын хэвлэлээр мэдээлсэн. Хятадын засгийн газраас тэднийг “Исламын улс”-аас ялгагдахгүй алан хядагчид гэж нэрлэж байгаа бол уйгарууд болон хүний эрхийг хамгаалагчид засгийн газрын эсрэг үймээн, самууныг бага жижиг үндэстнийг ялгаварлан гадуурхах, эдийн засгийн хувьд хавчиж байгаа бодлогын дүнд гарч байгаа зүйл гэж үздэг. Алан хядагчдын гарт өртөж буй улс орнуудыг дэлхий дахинд дэмжин тусладаг бол Хятадад алан хядах ажиллагаа болоод байхад тоодоггүйд Хятадын засгийн газар эгдүүцэж байгаа юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны спикер Хуа Чуньин “Бусад оронд болсон алан хядах ажиллагааг терроризм гэж үзээд манай оронд тохиолдохоор үндэстэн, шашин шүтлэгийн асуудал гэж үздэгийг бид ойлгохгүй байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл үнэхээр Хятадад алан хядагчид үйл ажиллагаа явуулж байна уу?
Шинжааны нүүрсний уурхайд юу болсон юм бэ гэдэг талаар мэдээлэл зөрүүтэй байгаа юм. Шинжааны Аксу хотын уурхайд болсон халдлагын талаар хамгийн түрүүнд “Чөлөөт Ази” хэмээх уйгар хэлээр нэвтрүүлэг хийдэг радио мэдээлсэн. АНУ-ын засгийн газраас санхүүжүүлдэг энэ радиогийн мэдээгээр бол есдүгээр сарын 18-нд уурхайд халдлага болж, 50 хүн алагдаж, 50 хүн шархадсан гэнэ. Энэ уурхайд голчлон Хятадын хань үндэстнүүд ажилладаг бөгөөд амиа алдагчдын ихэнх нь хань үндэстэн аж. Энэ явдлыг Хятадын төрийн сонингууд арван нэгдүгээр сард л мэдээлсэн. Тянь-Шань цахим сэтгүүл уурхайд бүлэг хүмүүс халдах үеэр таван цагдаагийн ажилтан амиа алдаж, 18 хүн гэмтсэн гэж мэдээлэв. Харин арваннэгдүгээр сарын 12-нд гарсан мэдээнд “Уурхайд халдсан гэмт этгээдүүдийг 56 өдөр эрэн сурвалжилсны дүнд тэдний нуугдаж байсан агуйг илрүүлсэн. Манай дайчид анч бүргэд мэт дайснаа хайн олсон” гэж дурдсан байна. Цэргийнхэн агуйд нулимс асгаруулагч хий цацан, гранат дэлбэлсэн ч тэд агуйгаа гарч ирээгүй тул галаар буудагч ашигласан гэнэ. Цэргийнхэнд сүх, сэрээ, хадуураар зэвсэглэсэн нутгийн малчид тусалсан гэж мэдээнд бичсэн байна. Ингээд агуйгаас гарч ирсэн 28 хүнийг хөнөөж, харин нэг хүн бууж өгсөн аж. Харин “Чөлөөт Ази” радио нийт 17 хүн алагдсаны дотор долоо нь эмэгтэйчүүд, хүүхэд байсан гэжээ. Америкийн CNN Шинжаан мужийн захиргаанд мэдээлэл авахаар хандсан ч тэд ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Францын Парист болсон халдлагын дараа Хятадын засгийн газар Шинжаан-Уйгарын алан хядагчидтай хийж буй тэмцлийг нь дэлхий даяар дэмжихийг уриалсан. Гадаад хэргийн сайд Ван И “Хятад улс ч гэсэн алан хядагчид, лалын хэт даврагчдаас болж, хохирч байна. “Дорнод Туркестан” алан хядагч бүлэгтэй хийж буй бидний тэмцэл алан хядагчдын эсрэг дэлхий нийтийн тэмцлийн нэг хэсэг болох ёстой” гэж мэдэгдсэн. Энэ бүлгийг уурхайд хийсэн халдлагыг зохион байгуулсан гэж Бээжин үзэж байгаа. “Дорнод Туркестан”-ыг АНУ-аас 2002 онд алан хядагч байгууллагын жагсаалтад оруулсан байдаг. Гэхдээ Шинжаанд болж байгаа халдлага, үймээнийг зохион байгуулалттай бүлэг биш хувь хүн, хэсэг бүлэг хүмүүс үйлдэж байгаа гэж үзэх шинжээчид ч байна. Хятадын “Human Rights Watch”хүний эрхийн байгууллагын захирал Софи Ричардсон “Хүн амыг айлган сүрдүүлж, халдлага хийх нь муу зүйл. Гэхдээ ингэлээ гээд засгийн газрыг шүүмжлэхгүй байж болно гэсэн үг биш. Алан хядагчдын эсрэг хийж буй дайралтын дүнд маш олон хүн амь насаа алдаж байгаа нь Бээжингийн үйл ажиллагааны үнэн зөвд эргэлзээ төрүүлж байна. Хэрэв нууж хаах зүйл байхгүй юм бол НҮБ-ын судлаач, олон улсын ажиглагч нарыг Шинжаанд оруулж, ажиллахыг зөвшөөрөх ёстой” гэж яриад байгаа.
Шинжаанаас гадна Хятадын бусад мужид ч халдлага гардаг болоод байгаа. “Global Times” 2014 онд Ирак, Сирид Хятадын 300 иргэн “Исламын улс”-ын эгнээнд тулалдаж байгаа” гэж мэдэгдэж байв. Тэд эх орондоо буцан ирэхээр үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах нь ойлгомжтой хэмээн Хятадын засгийн газар түгшиж байна. CNN-ий сэтгүүлч Мэтт Риверс “Шинжааны хүн амын найман сая нь хятад, арван сая нь уйгар иргэд. 1949 онд тэнд 220 мянган хятад л амьдардаг байлаа. Шинээр нүүн ирсэн хятадууд нутгийн иргэдийн ажлын байрыг булаан авсан тул уйгарчуудын дунд ажилгүйдэл маш их. Тэд ялган гадуурхагдаж, эрх тэгү биш гэж гомдол гаргадаг. Боловсролын систем нь уйгар хэлийг устгах гэж байна гэж үздэг. Рамадан заншлыг даган мөрдөхийг хориглож, зарим хотод сахалтай эрчүүдийг спортын тэмцээний үеэр нийтийн унаанд суухыг хориглож байсан” гэж бичжээ.