Авлигыг монголчууд зохиосон

2016 оны 1 сарын 62016-01-06

47065dd6-fc57-4b1a-8f69-e116df0f6221,72931-c3c3efa6ba31130420f3e23484d9dead.jpg.jpg
Улс оронд авлига, хээл хахууль газар авч байгаад хэнийг буруутгах ёстой вэ? Албан тушаалтнуудыг уу, аль эсвэл ард иргэдийг үү? Боловсронгуй бус хууль дүрмийг үү, эс бөгөөс байгалиас “заяасан” залилан хийх хүслээ юу? 

Алийг нь ч буруутан хэмээн тооцож болно. Гэхдээ авлига, хээл хахуулийг генийн талаас нь судалж, “авлигын удамшил”-ийг гаргадаг шинжлэх ухаан бас байдаг аж. Тодорхой хэлбэл ямар үндэстэн ястан авлигад дуртай, өөгшүүлж, оршин тогтнох нөхцлийг нь гарган өгч байдгийг судалдаг байна. Мэдээж авлига генээс шалтгаалдаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй ч бас огт шалтгаалдаггүй гэдэг онол байхгүй. Тиймээс удамшил, гентэй маргалгүй энэхүү судалгааг авч үзье. “Transparency International” олон улсын байгууллагын баримтад тулгуурлан гаргасан “авлигын ген” удамшаагүй буюу авлига бараг байдаггүй улсуудыг Финланд, Дани, Шинэ Зеланд, Швед, Сингапур, Швейцарь, Австрали, Норвеги, Голланд, Канад, Исланд, Люксембург тэргүүлжээ. Энэхүү улс орнуудад авлига байхгүй, ард түмэн нь ч авлигыг үзэн яддаг тул авлигачид амьдрах нөхцөлгүй гэнэ. Их Британи энэхүү жагсаалтад 17, АНУ 19 дүгээр байрт оржээ. Ингээд харахад жагсаалтыг фин-угор болон скандинавууд тэргүүлж, араас нь англи-саксууд удаалжээ. Хүн амынх нь 90.7 хувийг хятад, малайчууд эзэлдэг Сингапурыг эс тооцвол үнэхээр дээрх хоёр үндэстэн авлигыг үзэн яддаг гентэй гэж тооцож болохоор байна. Харин судалгааг хийсэн эрдэмтэд “авлигын ген” хамгийн ихтэй үндэстнээр монгол, славянууд гэж үзсэн байна. Славян гэдэг нь орос, украин, сербүүд болж таарч байгаа бол монголд нь буриад, халимаг, монгол гээд өнөөгийн бидний нэрлэдэг монгол туургатнууд багтжээ. Дээр нь славянууд Монголын дарлалд олон зуун жил болохдоо биднээс “авлигын ген”-ийг авсан гэж үзвэл ер нь энэ дэлхийд авлига гэгч зүйлийг зохион бүтээсэн нь монголчууд бид болж таарч байгаа юм. “Transparency International” олон улсын байгууллагын авлигын индексээс харвал Энэтхэг, Монгол 94, Беларусь 123, Иран, Казахстан, Орос 133, Украин 144, Кыргызстан 154, Тажикстан 157, Афганистан 174 дүгээр байрт жагссан байх аж. Тийм болохоор “авлигын ген” судалгааг хийгчид тухайн улс орны хүн амд монгол, славян гаралтай үндэстэн хэр их байна төдий чинээ авлига их байна гэсэн онол гаргасан байна. Учир нь монгол, славянууд хувийн ашиг сонирхлоо нийгмийн ашиг сонирхлоос байнга дээгүүр тавьдаг гэнэ. Тэд хувийн зорилгоо биелүүлэхийн тулд авига өгөх, авахаа юман чинээ санадаггүй, яагаад гэвэл ген, цусанд нь авлигын шунал шингэсэн байдаг аж. Харин монгол, славян гаралтай хүмүүс улс төр, эдийн засгийн элитийн дунд нь байдаггүй орнуудын төр засгийн тогтолцоо авлигаас ангид байдаг гэж судалгаагаар гаржээ. Өөрөөр хэлбэл англи-сакс, фин-угорын ард түмэнд авлига өгөөд байхад агуу өвөг дээдсээсээ өвлөн авсан цус нь битгий ав гээд шаардаад байдаг, эсвэл авлигын дархлаатай болж таарч байгаа юм. 

Мэдээж хэрэг бүхэл бүтэн ард түмнийг авлигын гентэй, бараг зохион бүтээсэн гэж шийдвэрлэж зарлах нь ёс зүйн талаас учир дутагдалтай. Ингэхэд авлига хэзээ анх үүссэн хэрэг вэ? Бичиг үсэг үүсэхээс өмнө авлига байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Харин ангит нийгэм үүсэж байх үед цэргийн жанжин, бөө үзмэрч нарт тус болсных нь төлөө талархлаа илэрхийлж, тодорхой хэмжээний шагнал өгдөг ёс байжээ. Хүн л болсон хойно одоо ч гэсэн янз бүрээр талархлаа илэрхийлж л байгаа. Маш бага хэмжээний эрх мэдэлтэй болсон ямар ч хүн эрх мэдлээ амсахыг хүсдэг нь байгалийн жам. Энэ хүслээ дарах маш хэцүү. Эрт дээр үед гарсан том хэмжээний авлигын талаар өнөө үед уламжлан ирсэн нэг баримт бол НТӨ 320 оны үед Александр Македонскигийн томилсон Грекийн нэгэн түшмэлийн хэрэг юм. Тэрбээр Египетээс Грект нийлүүлдэг байсан үр тарианы асуудлыг эрх мэдлээ ашиглан шийдвэрлэж, ашиг олж байв. Египетээс нийлүүлж байсан үр тарианд янз бүрээр саад тавин, авлига өгсөн ноёны тариаг л оруулж байжээ. Үүний улмаас Грект үр тарианы хомсдол үүсэж, таван жилийн турш өлсгөлөн нүүрлэсэн байна. Харин дээрх түшмэл маш их хэмжээний хөрөнгөтэй болжээ. НТӨ IV зуунд Сицилийн төмрийн зах зээл дээр ч авлигын асуудал гарч байв. Сицилийн нэгэн баян эр зах зээл дээр байсан бүх төмрийг худалдан авч хав дараад, дараа нь зах дээр гурав дахин өндөр үнээр зарж байжээ. Төмрийн зах зээлийг монопольдон эрхэндээ авсан энэ явдлыг төрийн албан хаагч, засгийн газрын түшмэл үйлдээгүй ч тэд авлига аван, энэ явдлыг нүдээ хаан өнгөрүүлж байсан нь лавтай. Үр дүнд нь улс л хохирч, зэр зэвсэг хийх төмрөө илүү үнээр худалдан авч байжээ. НТӨ III зууны үед Карфаген улс Ромоос баян тансаг орон байсан ч эрт үеийн хамгийн авлигад идэгдсэн орон байсныг түүхчид тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ улсад засгийн газрын албан тушаалыг ил тод наймаалцдаг байлаа. Ганнибал жанжин Ромын эсрэг байлдаж, ялж байхад Карфагений томчууд түүнд туслахгүй байсаар байгаад ялагдуулж байв. Яагаад гэвэл энэхүү томчууд нь одоогийн олигархиуд бөгөөд тэдэнд улс орон эзлэгдэх хамаа байхгүй, хамгийн гол нь Ромтой хийдэг ашигтай наймаанд Ганнибал саад хийсэнд оршиж байлаа. Харин НТӨ II зууны өмнөх Ромын БНУ-д авлига байгаагүй юм. Улсаас ард олны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, засгийн эрх баригчдыг ардууд сонгодог байв. Сонгогдсон консул, претор зэрэг албан тушаалтнууд цалин авч байсангүй. Гэвч сонгуульд өрсөлдөх хүн маш олон байв. Тэр үеийн ромчууд нийгмийн төлөө ямар нэгэн зүйл хийж, ард олон тэрийг нь үнэлээсэй гэж хүсдэг байжээ. Хэрэв консулын албан тушаалд ямар нэгэн баян эрхэм сонгогдвол ард олон түүнийг хувийн хөрөнгөөрөө нийгмийн төлөө юу хийх бол хэмээн хүлээдэг байлаа. Тэр ч хувийн мөнгөөрөө театр, байшин барьж, ардуудад зориулан тоглолт зохион  байгуулдаг байж. Тэднийг улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэсэн зүйл түүхийн сударт тэмдэглэгдэн үлдсэнгүй. Ялсан арми, цэргүүд ялагдсан улсын баялгийг хувьдаа авдаг уламжлалтай байсан тэр үед Ромын цэргийн жанжин, дарга нар эзлэгдсэн орнуудаас авсан урлагийн үнэт бүтээлүүдийг улсдаа тушаадаг байв.

Энэ бол түүхэнд урьд өмнө гарч байгаагүй зүйл юм. Энэ бүхнийг дурдсан учир нь үнэхээр авлигын ген эсвэл авлигад дургүй ген удамшин үлддэг юм бол одоогийн италичууд, Ром хотынхон авлигаас огт ангид баймаар. Харамсалтай нь өнгөрсөн зууны 1970-1980 оны Италийн авлигачид, мафиас мөнгө авагч шүүгч, прокурорууд хаанаас гарсан байх вэ. Эсвэл тэд бүгд монгол, славян цус холилдсон байв уу. Авлигын ген гэж байна уу, эсвэл түүнийг авлигын вирус гэж нэрлэх үү, ялгаа байхгүй. Ямар ч гэсэн энэ дэлхий дээр монгол, оросууд л авлига хийгээд байгаа юм биш. Авлига гэдэг хил хязгаар, ястан үндэстнээс хамаарахгүй. Харин зарим улс авлигын эсрэг боловсронгуй хууль дүрмийг сөргүүлэн тавьж чадсандаа л байгаа юм. Түүнээс биш “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэх зэрэг хэдэн зүйр үгнээс хараад монголчууд авлигын гентэй гэж хэлж болохгүй биз дээ. Ер нь бол аль ч улс оронд хүн төрөлхтний ихэнх нь юуны өмнө өөртөө, тэгээд гэр бүл, үр хүүхэддээ хайртай байдаг. Энэ бол жирийн зүйл. Харин нэг хэсэгт нь энэхүү хайр нь ёс зүй гэсэн ойлголттой салшгүй холбоотой бол нөгөө хэсэгт нь ёс зүй байхгүй л гэсэн үг юм. Ёс зүйтэй гэдэг нь ядуу гэсэн утгатай биш бөгөөд авлигыг үзэн яддаг, шударга хөдөлмөрөөрөө саятан болсон хүн зөндөө л байна. Тэд ч гэсэн энэ авлигачдаас ч илүү гэр бүлдээ хайртай л байгаа. Хамгийн гол нь тэд гэрбүлийнхээ төлөө хууль зөрчихгүй байж болоод байгаа юм. Тэгэхээр авлигын ген гэдэг онол худал бөгөөд ер нь “Авлига авах, өгөхөө л больчих л доо” гэсэн үгээр дуусгая даа. 

Санал болгох

Нууцад хамаарах тусгай санал ба Өршөөлийн хууль

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жил ирэх онд тохионо. Ойгоор Өршөөлийн хууль гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үгүйсгээгүй ч авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ манай сайтад ярилцлага өгөхдөө зарласан. Эрх барьж байгаа МАН-аас олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаад байна. Үүнээс дуулиантай нь ЖДҮХС-аас олон зуун саяар, тэрбумаар нь арын хаалгаар мөнгө тоншсон хэргүүд. Өөрөөр хэлбэл, ЖДҮчдэд холбогдох хэрэг өршөөлд хамрагдахгүй нь тодорхой болсон.

3 өдрийн өмнө
17-р зуунд испани, англи, франц хэлээр гарсан Чингис хааны хайр сэтгэлийн тухай роман

Марта Вашингтоны барьж асан номыг сурвалжилсан тэмдэглэл

7 өдрийн өмнө
Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

2 сарын өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

2 сарын өмнө