Орос дахь хятад ажилчдын түүх

2015 оны 11 сарын 242015-11-24

ОХУ-ын нийгмийн хамгийн том асуудлуудын нэг нь гадаадын ажилчид буюу манайхны хэлдгээр “харласан” хүмүүс болоод байна. Орост тэднийг гастарбайтер хэмээн нэрлэдэг. Герман хэлний Gastarbeiter буюу зочин-ажилчин гэдэг үг ч ОХУ-д энэ үг ажлын зөвшөөрөлгүй, визгүй, ихэнх тохиолдолд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болон Хятад, Вьетнамаас ирсэн ажилчдыг дорд үзсэн хэллэг болон хэвшжээ. ОХУ-д ялангуяа Москва зэрэг том хотуудад гастарбайтеруудыг эх орноосоо үлдэн зайлуулья гэсэн хөдөлгөөн сүүлийн үед маш их гарч байна. 

e4c3db1c-9234-461e-b02d-e2bb835431a2,71240-1ce57778d54bde4e5d2988bd11ba289c.jpg.jpg

Тэгвэл Орос улс 100 жилийн өмнө хятад ажилчин авч байсан гэдгийг бараг хүн мэддэггүй. Харин оросууд гадаадын хямд ажиллах хүч ашиглаж байсныхаа төлөө хатуу сургамж амссан байдаг. Хэдэн арван мянган хятад ажилчин буу зэвсэг агсан, энгийн иргэдийг хядсан эмгэнэлт түүхийг энд өгүүлье. 

Орост хамгийн анхны хятад цагаачид хэзээ очсон талаар яг таг мэдээлэл байдаггүй ч 1862 онд Орос-Хятадын худалдааны гэрээ байгуулагдахад, эс бөгөөс 1899 онд Ихэтауны бослого гарч, Хятадын цагаачид дэлхийн улс орнуудад зугтан гарч эхэлсэн тэр үед ч байж болох. Энэ бослогын дараа ихэнх нь Америк, Европт гарсан бол Орост ч цөөнгүй цагаач ирсэн байна. Тэдгээр цагаачдыг Орост “Ходя-ходя” хэмээн нэрлэдэг байв. Дараа нь 1905 онд Орос улс Японд ялагдан, Манжуурыг орхин гарахад нутгийн хятадууд орос цэргүүдийг даган явсан байдаг. Гэхдээ хятадууд хамгийн олноор Орост очсон нь Дэлхийн Нэгдүгээр дайны үе юм. Хамаг эрчүүдийг цэрэгт татсан тул ажиллах хүч дутагдан, Засгийн газраас цалин хямдхан хятад ажилчдыг хөлслөх болсон байна. 1915 онд Мурманск-Петроградын төмөр зам, Мурманскийн усан боомт зэрэг улсын онц чухал обьект, Урал, Донецкийн нүүрсний уурхай, Карель, Беларусийн модны үйлдвэрт хятадуудыг дайчлан ажиллуулж байв. Арай боловсролтой хятадуудыг Москва, Петроград, Одесс, Луганск, Екатеринбургийн үйлдвэрт сонгон авч байлаа. 1916 онд Германы фронтод нуувч ухах хятадуудын тусгай анги хүртэл байжээ. “Ходя-ходя”-гуудын тоо геометрийн прогрессоор өсөж, 1915 оны эцэст Орост 40 мянган хятад байсан бол 1916 онд 75 мянга, 1917 оны хавар гэхэд хэдийнэ 200 мянгад хүрсэн байв. Тэр үед буюу 1917 онд Хаант засаг нуран унахад энэ олон мянган хятад иргэд харь оронд ямар ч мөнгө төгрөг, орох орон, ажил төрөлгүй, эх орондоо харих найдваргүй үлдсэн. Ингээд л тэр дороо номхон дорой хөлсний ажилчид аюултай дээрэмчид болон хувирсан юм. “Ходя-ходя”-гууд Оросын хот тосгоноор хэсэн, дээрэм тонуул хийж эхэлсэн байна. Энэхүү засаг захиргаагүй болсон хятадуудыг яаж ашиглахыг большевикууд түрүүлж анзаарчээ. Ядарч зүдэрсэн пролетари гэдэг утгаараа тэд “нэг ангийн нөхөд” байсан тул хятад ажилчдыг тусгай отряд буюу Улаан армийн хамгийн бохир ажлыг гүйцэтгэдэг залхаан цээрлүүлэх ангид элсүүлсэн байна. Ингэхэд хятадууд юугаараа онцгой болоод тэднийг тийм ангид авав?  Хятадууд ихэнх нь орос хэл мэдэхгүй, орон нутгийн зан заншил, аж амьдралыг ойлгодоггүй байсан тул зөвхөн хоорондоо нягт харилцаатай, сахилга баттай байв. Орос, украинуудаас ялгаатай нь гэр орон нь алс хол учир ямар нэг юм болоход гэрлүүгээ зугтаад явчихдаггүй. Залхаан цээрлүүлэх ангийн үйлдсэн аймшигтай гэмт хэргийг сонссон цагаантнууд хятадуудыг баривчлахаараа үг дуугүй буудан хороодог тул тэд дайсны талд урвах боломжгүй байлаа. Мэдээж хятадууд хүн алж, хүрээ талах дуртай, эсвэл  коммунизмд хайртайдаа биш өлсөж, хөлдөж үхэхгүйн тулд байлдаж байсан юм. Тэр үед Орост байсан Хятадын дипломатуудын Бээжинд илгээсэн захианд “Ли дарга Оросын армид алба хааж байгаа хятад ажилчдыг ЭСЯ-нд урин ярилцахад тэд “Эх орноо мартаж болно гэж үү? Орост ажил олдохгүй байна. Бидэнд эх орондоо харих зардал мөнгө алга. Тийм болохоор л цэрэгт элссэн”  хэмээн уйлж байсан” гэж бичсэн байна. 

6c434ebe-02fa-443f-9e76-1df1b0eeca1f,71240-ba129b85ea876de3e88cb0bcd98998d9.jpg.jpg

Хятад ажилчдыг хамгийн анх элсүүлсэн цэргийн анги бол Нэгдүгээр корпусын интернационал отряд буюу Лениний хувийн гварди байсан юм. Дараа нь энэ отрядыг “Улаан армийн нэгдүгээр интернационал легион” хэмээн нэрлэж, дарга нарын хамгаалалтанд ашиглах болсон байна. Жишээ нь В.И.Лениний хамгаалалтын эхний бүсэд 70 хятад бие хамгаалагч байсан гэдэг. Хятадууд мөн Троцкий, Бухаринийг хамгаалж байв. Хятадын анхны сумангийн дарга нь И.Якир байлаа. Якир Иргэний дайны талаарх дурсамжиндаа “Хятадууд цалин хөлсний асуудалд ихэд чухал ханддаг. Цалинг нь цагтаа тавиад, сайн хооллоход амь насаа амархан гэгч нь өгчихнө. Нэг удаа тэдний удирдагч нь над дээр ирээд танай ангид анх 530 хүн элссэн тул 530 хүний цалинг төл, алагдсан хүний цалинг бид хувааж авна гэдэг байгаа. Ингэж болохгүй гэж их удаан ярилцсан ч тэд за тэгвэл бид хувааж авахгүй, алагдсан цэргүүдийн ар гэрт илгээнэ гэсээр байгаад хүссэнээ авч чадсан. Украин, Воронеж гээд л урт удаан замыг тэдэнтэй хамт туулахад сайхан байсан” гэж бичсэн байна.  Ингэхэд Якир тэр олон цэргийн цалинг яаж, хэнээс авч төлж байсан болж таарч байна? Үнэндээ бол Якир цэргүүдтэйгээ цуг дээрэм тонуул хийдэг нэг үгээр хэлэхэд 530 алуурчны удирдагч байсан гэсэн үг. Хятадууд алагдсан цэргийн цалинг ч авна гэж зүтгээд санасандаа хүрч байна. Гэр бүлд нь яаж илгээх болж байна? Ханзаар хаягийг нь бичээд шуудангийн хайрцагт хийх үү? Эсвэл Якир тийм сайн хүн болоод алагдсан цэргийн ар гэрийнхэнд тусалж байгаа хэрэг үү? Үгүй дээ, тэр хэрэв төлөхгүй бол хятад цэргүүд өөрийг нь тэр дор нь тонилгочихно гэдгийг ойлгож байсан хэрэг. Хариуд нь хятадууд Якирт хот тосгодыг дараалан эзлэн авч өгч байлаа. Владикавказийн хасаг бүсгүй  Анастасия Художина өдрийн тэмдэглэлдээ “Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй хэдэн зуун хятад гэнэт хүрч ирэн, сүмийн дээвэрт пулемет байрлуулаад харсан болгоноо буудан хядаж байлаа. “Онин нүдэт чөтгөрүүд” хэмээн ээж шивнээд мөргөл үйлдэж байсан. Тэд явахынхаа өмнөх шөнө айлуудын гэрээр яван, Цагаан армид алба хашиж байсан болон гэр бүлийн хэн нэг нь цагаан армид байсан хүн болгоныг баривчлан, эрдэнэ шишийн талбайд буудан алсан” гэж бичин үлдээжээ. 

Улаан армийн орос цэргүүд эзлэгдсэн тосгонд залхаан цээрлүүлэх ажил явуулахаас татгалзах явдал бишгүй гардаг байв. Яаж ч архиар угжаад тус болохгүй үед харин хятадууд ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр хүмүүсийг алж, шатааж, тамлаж байлаа. Алексей Островскийн алдарт “Болд хэрхэн хатаагдсан нь” романд ч Улаан армид хятадууд хэрхэн байлдаж байсныг бичсэн байдаг. Удалгүй Улаан армид хятад тусгай ангиуд байгуулж эхэллээ. Оросын большевик намын гишүүн Сан Фуян, Шен Ченхо нар энэ үйл хэрэгт ихээхэн зүтгэжээ. Сан Фуян Украинд, Шен Ченхо Москва, Петроград, Луганск, Харьков, Пермь, Казанид хятад цэргийн отряд байгуулсан байна. Шен Ченход Зөвлөлт засгийн газраас Оросын нутаг дэвсгэрт хятад отряд байгуулах онц эрхт комиссарын мандат олгосон байв. Энэ отрядуудаас хамгийн зэрлэг, харгис нь Пау Ти-Саны удирдсан Хятадын нэгдүгээр тусгай отряд байлаа. Энэ отряд Астраханий бослогыг 1919 оны гуравдугаар сард цус урсган дарсан юм. Улаантнуудын харгислалын хажууд ч хятадуудын зэрлэг авир хэт хэрцгий байлаа. Эхлээд хятадууд үйлдвэрийн ажилчдын жагсаалыг зогсоон, тарж явахыг шаардаад татгалзсан хариу сонсонгуутаа буудаж, бүр гранат шидэж эхэлсэн байна. Тэд бүтэн өдөржин ажилчдыг агналаа. Сүүлдээ сумаа хэмнэн, голд живүүлж алж эхлэв. “Гар хөлийг нь хүлээд Ижил мөрөнд шууд живүүлж байлаа, нэг шөнийн дотор 180 ажилчныг голд хаясан” гэж амьд үлдсэн хүмүүс дурссан байдаг. Таван өдрийн дотор хотод гэр бүлийн гишүүнээ алдаагүй өрх айл байхгүй болж, үйлдвэр ажилд ороход ажиллах хүн бараг үлдээгүй болсон байв.

486965be-120f-46ca-9ad3-46d2bdd38fce,71240-335297455d22a1e9d97a2f3fedc47c0e.jpg.jpg

Иргэний дайн дууссаны дараа хятад хөлсний цэргүүд ажилгүй хоцорлоо. Тэдний ихэнх нь томоохон хятад хороолол үүсээд байсан Москваг зорьсон байна. 1926 оны хүн амын тооллогоор Орост 100 мянган хятад иргэн бүртгэгджээ. Москва дахь чайна-таун эхлээд одоогийн метроны Бауманы өртөө, Энгельсийн гудамжинд төвлөрч байлаа. Тэнд “Хятадын сэргэн мандалт” нийгэмлэгийн төв ажиллаж, хажууд нь хятад зочид буудал, ресторан, дэлгүүртэй, ойр хавийн бүх байранд хятадууд амьдарч байлаа. Дарга нар нь Коминтернд ажилд орж, бүх дэлхийн хувьсгал хийхээр бэлтгэж эхэлсэн бол жирийн хятад цэргүүд Москвагийн бараг булан бүрт байсан угаалгын газарт ажилд оржээ. Москвад “Шанхай”, “Нанкин”, Жан-Ли-Чин” нэртэй угаалгын газрууд бий болж, дан хуучин цэргүүд ажиллаж байлаа. Харин хятад эмэгтэйчүүд гудамжинд наймаа хийдэг байлаа. Москвагийн угаалгын бүх газрыг хятадууд гартаа авч, гудамжны наймаа хийдэг байсан ч цаагуураа их ашигтай хориотой бизнес эрхэлж эхлэв. Хятадууд Москвад нууцаар спирт зардаг байснаа сүүлдээ хар тамхи, кокаин худалдаалдаг болов. 

Гэвч Москва дахь чайна-таун удаан оршин тогтнож чадсангүй. Зохиолч Сергей Голицын “Хятадын генерал Жан Зо Лин Манжуурын нутгаар дайрдаг Дорнод Хятадын төмөр замыг булаан авсан. Оросын хаант засгийн мөнгөөр барьсан энэ замыг алдаад бид хариуд нь Москвагийн бүх хятадуудыг орон даяар цөлсөн” гэж бичсэн байдаг. Астраханий бослогыг дарагч Пау Ти-Сан ч баривчлагдан, 1926 онд цаазлуулсан байна. Хувьсгалын төлөө зүтгэж явсан бусад хятадуудыг ч Зөвлөлт засгийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэмээн баривчлан хороожээ. Харин жирийн хятад цэргүүдийг Хятадын улаан армийг байгуулахад туслуулах, олон улсын империалистуудтай Ази тивд тэмц хэмээгээд Хятадад илгээжээ. Ингэж орос коммунистууд нэг сумаар хоёр туулай буудаж чадсан юм. Нэг талаас тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа Хятадын коммунистуудад туршлагатай дайчид илгээж тусалсан, нөгөө талаас хэдийнэ хэрэггүй болсон, аюултай холбоотнуудаасаа ангижирч санаа амарсан байна. 1930-аад оны сүүлч гэхэд Москвагийн хятад хорооллоос юу ч үлдсэнгүй. Гэхдээ оросууд гадаадын энэ олон тооны цагаач ажилчдыг зөвхөн эрүүл саруул, хүч чадалтай, хоол хүнстэй нийгэм л хүлээн авч, шингээж чадах юм байна гэдгийг ойлгож авсан юм. Харин эдийн засаг нь асуудалтай, нийгмийн элдэв зөрчилтэй улс орон олон тооны гадаад ажилчин авбал тэсрэх бөмбөг болж хувирна. Тэгээд эрт орой хэзээ нэгэн цагт тэсгэл алдан дэлбэрч, гадаад ажилчид, тэднийг ажилд авсан эрхмүүдийг ч хамтад нь устгах болно. 

Түүхийн энэ хичээлийг ойлгох гэж Орос хэт их үнэ төлсөн юм. 

Санал болгох

Нууцад хамаарах тусгай санал ба Өршөөлийн хууль

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жил ирэх онд тохионо. Ойгоор Өршөөлийн хууль гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үгүйсгээгүй ч авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ манай сайтад ярилцлага өгөхдөө зарласан. Эрх барьж байгаа МАН-аас олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаад байна. Үүнээс дуулиантай нь ЖДҮХС-аас олон зуун саяар, тэрбумаар нь арын хаалгаар мөнгө тоншсон хэргүүд. Өөрөөр хэлбэл, ЖДҮчдэд холбогдох хэрэг өршөөлд хамрагдахгүй нь тодорхой болсон.

3 өдрийн өмнө
17-р зуунд испани, англи, франц хэлээр гарсан Чингис хааны хайр сэтгэлийн тухай роман

Марта Вашингтоны барьж асан номыг сурвалжилсан тэмдэглэл

7 өдрийн өмнө
Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

2 сарын өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

2 сарын өмнө