Б. Бат-Эрдэнэ
Редактор

Бидний мэдэхгүй өнгө

2015 оны 11 сарын 252015-11-25

33cb49db-9a0e-489c-bf38-1c91dda5fb55,71279-62195da1006159c115b97abf90808e00.jpg.jpg

Нэг хэсэг Централ таур, Blue Sky гэсэн хоёр барилга нийслэлийн өнгийг тодорхойлж байсан бол үүний араас Туушин, Шангрила зэрэг 20-иос дээш давхар барилгууд ар араасаа сүндэрлэлээ. Ерөнхийдөө хотын өнгийг тэнгэр баганадсан шилэн барилгууд тодорхойлох болжээ. Гэхдээ хотын төвийн өндөр барилгуудын цаана бидний мэдэхгүй ямар өнгө нуугдаж байдаг бол?

Гэрэл цацарсан, өндөр барилгуудын араас нийслэлийг эмжээрлэн орших гэр хорооллууд бараг харагдахаа байсан нь үнэн. Нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь амьдарч байгаа гэр хороолол, тэр дундаа хотын алслагдсан газруудад хэн бүхний хараад байхгүй ямар амьдрал байгааг харуулахаар нийслэлийн зах хязгаарын гэр хорооллыг хөндлөн гулд туучлаа.

1f8ec026-b8f4-496b-9aa9-ec11c26c21d9,71279-be75f67ba24067f26df3daf2cc5c8620.jpg.jpg

Уул өөд өгссөн жалгууд, үе үе тааралдах үүсмэл хогийн цэг, урсаж хөлдсөн угаадас, үнс цацсан халтиргаатай замууд. Энэ бол гэр хорооллын өвлийн нийтлэг төрх.

Шархадны эцсээс авахуулаад Алтан-Өлгий, Монел, Бэлх, Чингэлтэй, Хайлааст, Баянхошуу, 70 давхар, Их Наран гэсэн ерөнхий чиглэлээр уулан дээгүүр алхаж иргэдийн аж байдлыг харлаа.
Бидний анхаарлаа хандуулсан зүйл нь автобусны буудлаасаа маш хол, уулын орой дээрх эзгүй зэлүүд газарт буусан хашаагүй айлууд байлаа. 

Энэ муу умгар овоохой маань болоод л байна

Өнөөдрийн идэх хоол, түлэх түлээгээ бэлдчихээд баяртай аргагүй сууж байгаа 57 настай Бямбасүрэн гуай. Тэрбээр архи дарс ууж нийгмийн амгалан тайван байдал алдагдуулаад байдаггүй. Өглөө босоод Хайлаастын уулнаас алхаж, хотын төвөөр шил лааз цуглуулаад олсон хэдэн төгрөгөөрөө өдрийн хоолоо залгуулахаар хичээж яваа ганц бие өндөр настан. Хар гэртээ хаан, Бор гэртээ богд гэж... Энэ муу умгар овоохой маань надад болоод л байна хэмээн н.Бямбасүрэн гуай ярилаа. Урцны урд талд хөө тортог болсон гэрийн шал, хэдэн унь хураалгаастай байгаа харагдав.

-    Энд хураачихсан гэр таных уу?

-    Гэр ч гэж дээ. Их дутуу юм өө. Хана, тооно, багана байхгүй. Хэдхэн унь тэгээд шал л үлдсэн.

-    Шал л үлдсэн гэдэг нь ямар учиртай юм бэ. Гэр чинь шатчихсан юм уу?

-    Шатаагүй ээ. Нэг тийм юм болсон. Энэ муу умгар овоорой маань надад болоод л байна. Жижигхэн болохоор дулаахан, хурдан ч дулаацдаг. Энэ чигтээ өвөлжөөд хавраас гэрээ барихыг бодно оо.

-    Одоо юу хийдэг вэ. Өмнө нь ямар ажил хийдэг байв?

-    Ах нь шил лааз түүдэг. 90-ээд оноос хойш шил лааз түүж байна. Өмнө нь Сан техник угсралтын нэгдсэн трэст гэж юм байсан. Тэнд мужааны дагалдан хийдэг байлаа. 

-    Шил лааз түүхээс өөр сонголт байсангүй юу? Архи дарс уудаг байсан юм уу?

-    Залуу байхад архи уучихдаг байсөөн. Ажил олдоход ч бэрх байлаа. Одоо бол архи огт уудаггүй. Гэхдээ нас дээр гарчихсан над шиг хүнийг ажилд авах хэн байхав дээ. Шил лаазаа түүгээд л явж байна.

-    Шил лааз түүгээд өдөрт хэдэн төгрөг олж байна. Түлээ түлш, идэж уух юмаа яаж болгодог юм?

-    Шил лааз түүгээд сайн оллоо гэхэд л 3000 төгрөг олдог юм. Өдөр болгон ингэж олно гэж байхгүй. Хааяа бүр юм олдохгүй ч үе байна. Олсон мөнгөөрөө жижиглэн аваад жаахан гурил аваад ч юмуу хоол хийж иднэ дээ. Түлээ түлш болгоод л байна. Цаасан хайрцаг л түлээд байгаа.

-    Танд ах дүү садан байгаа биз дээ?

-    Ах дүү садангуудыг ээж л мэддэг байсан. Ээж саяхан өнгөрсөн. Уг нь эхээсээ тавуулаа. Нөгөөдүүл маань нэг их холбоотой биш. Ах нь бас гэр бүл зохиож явсан үе бий. Нэг их удалгүй салчихсан. Одоо бол хараад ч танихгүй байх.

-    Хүүхэд байхгүй юу. Ах дүү нар чинь эргэж ирдэггүй юм уу?

-    Уг нь би нэг хүүтэй. 1991 онд төрсөн. 2 билүү 3 жилийн өмнө ирж надтай уулзаж байсан. Одоо алга л байна. Манай ах гээд байдаг хүний хашаанд би ээжтэйгээ 4 ханатай гэрт амьдардаг байсан. Явж байгаад нэг өдөр ирсэн чинь гэр байхгүй, өөрсдөө нүүчихсэн байсан. Тэгээд л гэргүй болсон доо.

-    Одоо энэ хураачихсан байгаа гэр ямар учиртай юм бэ?

-    Энийг сүүлд Энэрэл гэдэг төвөөс тавьж өгсөн. Олон жил ч болж байгаа юм дөө. Эсгий нь муудаад, мод нь ч цөөрсөн. Ээжтэйгээ хамт байдаг байсан юм. Сүүлд ээжийн бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд бурхан болсон доо. Эргээд гэртээ иртэл нураачихсан энэ хэдэн шал, унь л үлдсэн байсан.

1.5 сая Улаанбаатарчуудын нэг маань иймэрхүү байдалтай амьдарч байна. Статистик мэдээллээр Улаанбаатар хотод 3836 ганц бие өндөр настан амьдардаг юм байна.

1db9282a-3216-4a1c-8b05-e07aed46cdac,71279-2f97a57470560c91bb90d2a12f69b3ab.jpg.jpg

8 жил тоггүй байгаа Улаанбаатарын иргэн

Харуй бүрий болох үед нэг жаалхүүтэй таарлаа. Миний урдхан талд өөрөөсөө том цүнх үүрсэн жаалхүү алхаж явна. Би ч дагаад алхаад байлаа. Хүү эргэж хэдэнтээ хараад хар эрчээрээ гүйх нь тэр! Надаас айсан хэрэг.

Арга ч үгүй биз. Эзгүй уулын бэлд харуй бүрий болж байхад хүн дагаад алхаад байвал хэн ч айх биз. Аль болох айлгахгүйг хичээгээд бараг аргадах шахам дуудаж уулзлаа.

Хүүгийн нэрийг дурьдаад яахав жаалхүү чигээр нь явъя. Жаалхүү хичээлээ тараад гэртээ харьж яваа нь энэ. Тэр 5-р ангид сурдаг. Манай гэр тэнд байгаа гээд уулын орой руу заалаа. Ээж, эгч дүүгийнхээ хамт дөрвүүлээ амьдардаг гэнэ. Ингээд 5, 6 км орчим уулын орой өөд мацсаны эцэст гэрт нь очлоо.

Дутуу барьсан, хаалгагүй хашаан дотор 40 гарч яваа эмэгтэй зогсох нь жаалхүүгийн ээж Б.Анхбаяр байлаа. Тэрбээр гурван хүүхдийн хамт аж төрж буй өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр нь нялх гурван хүүхдээ орхиод явсан энэ цагийн Шагдар юмсанж. Харин Анхбаяр гуай том охиноо энэ жил коллежид оруулсан бол хоёр багыгаа нь ЕБС-д оруулж, хүнээс дутахааргүй авч явахаар хичээж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл.

Гадаа харанхуй болж байгаа ч гэрт гэрэл алга. Учир нь тэднийх тоггүй. Нүүж ирээд удаагүй байгаа юм уу гэтэл энэхүү буурин дээрээ 8 жил болсон гэнэ. Ингээд хэсэг хором ярилцсанаа хүргэе.

-    Гэрт тоггүй байна. Танайх нүүж ирээд удаагүй байгаа юм уу?

-    Манайх энд ирээд 8 жил болж байгаа. Тог тавиулъя гээд их явсан. Манай гудамж л хоцорчихоод байдаг юм. Бусад гудамжууд бүгд тогоо тавиулчихсан. Тогны шийд тавихад л болох юм гэсэн. 

-    Аль дүүрэг хэддүгээр хороо билээ?

-    Манайх Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо гэж явдаг. 12-р гудамж. 

-    Урд хойд айлаасаа тог авч болдоггүй юм уу. Цахилгааны утас байгаа юу?

-    Уг нь цахилгааны утас нь бэлэн байгаа. Шийд л тавигдчих юм бол тогоо авах гээд байгаа юм. Манай урд талын айл бүүр тэр урдаас айлаас тог татаж авсан байдаг. Манайх эднийхаас авы гэхээр 1 айлын тогийг 3 айл хэрэглэхээр хүч нь хүрэхгүй юм билээ. Бас тэгж авах гэж үзсэн.

-    Тоггүй болохоор мэдээ мэдээлэл хаанаас авах вэ, хүүхдүүд яаж хичээлээ хийх вэ гээд асуудал ихтэй юм байна даа.

-    Зурагт үзэж чадахгүй болохоор мэдээллээс хоцорно. Хүмүүстэй уулзаж ярьж байж зарим мэдээллийг авдаг. Хүүхдүүдийн маань хичээл их хэцүү. Өглөө хичээл нь орсон хүүхдээ өдөр ирээд хичээлээ хий гэж шаарддаг. Өдөр хичээл нь ордог бол өглөө босоод л хичээлээ хийхээс өөр аргагүй. Манай бага охин энэ хавийн нэг эмээтэй танилцаад. Тэднийд очиж зурагт үздэг.

-    Сая нэлээд алхаж байж ирлээ. Автобусны буудлаасаа хэр хол вэ?

-    Хол шүү. 5 км бол байгаа байх. Баянхошууны эцсээс наашаа 112-ын буудал хүртэл алхаад тэгээд 1000-ын унаанд сууна. Унаанд суухаасаа суухгүй нь их. Манай хүүхдүүд бол байнга алхана. Би нүүрс түлээ авах үедээ л машинд суудаг. Уулын орой дээр болохоор юм юмнаасаа холдчихоод байдаг.

-    Та ямар ажил хийдэг вэ? 

-    Уг нь гуанзанд угаагч хийж байсан чинь цомхотголд өртчихсөн. Орлого нь муудаад угаагчгүй болно гээд халсан. Одоо ТҮК-д ажилд ороод удаагүй байна. Хороодоор яваад гудамж цэвэрлэдэг. Би уг нь барилгын шавар будагчны мэргэжилтэй. Барилга дээр ажиллах гэж хэд хэдэн удаа үзсэн. Гэхдээ барилга бүтэхгүй юм билээ. Цалин мөнгөө өгөхгүй. Тэгээд л хийж чадахаар л бол олдсон ажлаа хийдэг болсон.

-    Сардаа ер нь хэдэн төгрөг олж байна. Хоол хүнс, түлээ түлш гээд хүрэлцэж байна уу?

-    Сарын орлого хийж байгаа ажлаасаа шалтгаалаад л янз бүр. Гуанзанд ажилладаг байхад өдөрт 10 мянган төгрөг авдаг байсан. Сардаа 300 мянга гэсэн үг л дээ. Сургуулийн насны 3 хүүхэдтэй, ганцаараа ажил хийдэг болохоор амьдрал чанга л байна. Хоол хүнс, түлээ түлш бол хэцүү. Уулын орой дээр болохоор их хүйтэн, жавартай байдаг. Шөнөдөө нэг шуудай нүүрс хийж хонохгүй л бол ер нь хөлдөнө. Тэгээд өдөртөө хүүхдүүд гэртээ байдаг болохоор гал түлэх шаардлагатай. Цалин маань хүрэхгүй л дээ. Сая байгаа мөнгөө шавхаад том охиныхоо коллежийн төлбөрийг төлсөн.

Б.Анхбаяр бол нийслэлийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл. Нийслэлд 2014 оны байдлаар 33 мянга орчим өрх толгойлсон эмэгтэй байгаа аж.

Үргэлжлэл бий... 

00f7c90f-60bc-4976-b52b-567d7dbc1078,71279-93dd38d7c37c034c368660e76132bfe4.jpg.jpg

e75b2c26-8c98-43bd-a03e-6dcbda655ab0,71279-40b9e85d0e78eaf745126dbab1030d4f.jpg.jpg

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө