Монголчууд ОХУ-д 3.8 сая ам.доллар төлөх болжээ

2016 оны 1 сарын 232016-01-23

377845f6-af10-4438-8247-b0d27ac4b671,73585-1c6dde05944914ea056534c98846b504.jpg.jpg

Хуучин ЗХУ болон ОХУ-д төлөх “Их өр”-ийг тэглэлээ, дарлаа хэмээн улстөрчид олон жилийн өмнөөс ярьж, эгэл ардууд бид итгэн үнэмшиж, “Өртэй хүн өөдлөхгүй”, “Ашгүй өр ширгүй боллоо” хэмээн баярлан шуугилдаж байсан билээ. Зарим нэг улстөрч нулимс унагаан, өрийг тэглэсэн хүмүүс улсын баатар болох нь холгүй шагшигдаж байв даа. Гэтэл энэ өр маань тэглэгдсэн юм огт байхгүй, он удаан жил хоёр орны харилцааны нэгэн “шантааж”, “гацаа нээнтэг” болсоор байсан бололтой. Энэ сарын 22-нд л ОХУ манай өрийг авч хэлэлцэн, хэрэв сарын дотор 3.8 сая ам.доллар төлбөл өрийг нь хүчингүй болгоно гэж шийдвэрлэсэн байх юм. Харин ч энэ удаад өрийг “Таван толгой”, Дорнодын уран зэрэг манай том төслүүдэд оролцох эрхээр наймаалцсан ч байж болзошгүй шинжтэй байна.

Энэ сарын 22-нд ОХУ-ын Төрийн Думын санхүүгийн зах зээлийн байнгын хорооны хуралдаанаас “Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг зохицуулах гэрээг соёрхон батлах хууль”-ийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус төслийг мөн өдөр Төрийн Дум авч хэлэлцжээ. Байнгын хорооноос өгсөн мэдээллээр хуулийн төслийг ОХУ-ын Засгийн газраас оруулж ирсэн бөгөөд “Монгол Улсын ОХУ-д төлөх гадаад өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг хүчингүй болгохоор болсон. Өрийн хугацаа хэдийнэ хэтэрсэн байгаа. Энэхүү хуулийн төслийг баталснаас 30 хоногийн дотор Монголын Засгийн газар 3.8 сая ам.долларыг шижлүүлэх ёстой” гэж тайлбарлажээ. 

“Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг зохицуулах гэрээ”-г Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-нд байгуулж байжээ” гэж “РИА Новости” агентлаг мэдээлсэн. Гэхдээ төрийн Дум гэрээг соёрхон баталж байж гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. “Монголын өрийг зохицуулах гэрээг батлах үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар 2011 онд зогсоосон байсан. Учир нь Монголын тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байлаа. Хуучин ЗХУ-ын үеийн активыг хамтран ашиглах, Монголд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Оросын аж ахуйн нэгжүүдийг оруулна гэсэн амлалтдаа тэд хүрээгүй. Монголын өрөнд Монгол Оросын хамтарсан “Монголсовцветмет” компанийн дүрмийн санд Монголын талаас оруулах ёстой байсан хөрөнгө зэрэг өр багтаж байсан. Талууд 2004-2009 онуудад өрийн талаар хэлэлцээ хийсэн боловч монголчууд ОХУ-д өргүй хэмээн зүтгэж, гэрээ мухардмал байдалд ороод байв. Харин 2010 оны 12 дугаар сард хоёр орны засгийн газар хэлэлцсэний үр дүнд монголчууд 3.8 сая ам.долларын төлбөр хийвэл Монголын өрийн 97.8 хувийг хүчингүй болгох шийдвэр гаргаж байлаа” гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак тайлбарласан. 

Мэдээж ОХУ-ын Төрийн Думын депутатууд энэ талаар нэлээд маргалдсан. Өртэй гэж бид мэдээгүй байхад авах ёстой юмаа алдсан улсын түшмэдүүд уурлан хилэгнэх нь зүйн хэрэг. Зарим нь “Өнөөдөр Думаас Монголд “бэлэглэсэн” 174.2 сая доллар улс гүрний хэмжээнд ярихад бага мөнгө байж болох ч бас ч гэж их хөрөнгө шүү. Монголыг яагаад Украинаас илүү үзэх ёстой гэж? Тэд юугаараа Украинаас илүү юм бэ? Украинаас болохоор сүүлчийн копейк хүртэл өрөө авна гэж дайраад Монголыг болохоор яагаад өрөвдөх ёстой гэж. Монгол тэртэй тэргүй төлөхгүй байсан гэж тайлбарлах ч арай хэтэрч байна. Тэгвэл Хятад Монголын өрийг хүчингүй болгосон уу гэж асуумаар байна. Монголын нутгаар дамжуулан Оросын хил хүртэл зам тавьж, Монголын хилийн нэгэн хотхонд Хятад-Монголын найрамдлын хөшөө барьсан хятадууд монголчуудын өрийг хүчингүй болгосон уу” гэж асуужээ.

Монголын өрийг хүчингүй болгох талаар ОХУ-ын Либерал Ардчилсан намын тэргүүн В.Жириновский ихэд эсэргүүцсэн байна. Тэрбээр Лениний үеэс байсан засгийн газруудаас хамгийн олхиогүй нь одоогийн засгийн газар гэж шүүмжлээд “Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг зохицуулах гэрээ гэдгийг жирийн орос хэлэнд буулгах юм бол ОХУ-ын эдийн засаг, ашиг сонирхолд шууд хохирол учрууллаа гэж орчуулж болно. Өрийг нь хойшлуулж болно, яагаад хүчингүй болгох гэж. Сангийн яамнаас монголчууд яг хэдийн өртэйг мэдэхгүй, тэгээд ч өрөө төлөх валют тэдэнд байхгүй гэх юм. 1924 оноос хойш өгсөн бидний тусламж яг хэдий хэмжээтэйг мэдэх хүн байна уу? Авах авлагаа мэдэхгүй байж, өрийг зохицуулна гэж юу яриад байгаа юм бэ? Монголд хөрөнгө оруулдаг дөрөвхөн орон бий. Тэдэнд өрөө тогтмол төлөөд зөвхөн Орост л мөнгө төлдөггүй, гэтэл манай орон яагаад тэдний саналыг хүлээж аваад байдаг хэрэг вэ. Аль 1924 онд л БНУ байгуулна гэж ярьцгаагаад бүгд л тэднийг хэзээ нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнд орно гэж найдаж байсан. Тэгвэл одоо тэр зангаараа л байна. Монголчууд өрөө бартераар төлөхөд бэлэн байсан. Тэдэнд хөлдөөд үхэх гэж байгаа 30 сая хонь байна. Харин манай Байгалийн хязгаарт хонь нь бүгд үхээд дууссан. Өрөө хониор авах ёстой байсан гэж хэлэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд бидэнд валют хэрэгтэй гэх юм. Мах валют биш гэж хэн хэлээ вэ. Тэртэй тэргүй тэр валютаараа мах л худалдан авна биз дээ. Та нар наймаа хийж чадахгүй, санхүү ч мэдэхгүй юм. Ийм олхиогүй засгийн газрыг бүгдийг нь...” хэмээн ярьж байхад нь цаг дууссан тул микрофоныг нь тасалжээ.

“Единая Россия” намын депутат Николай Гончар Байнгын хорооны хуралдаан дээр Либерал Ардчилсан намын гишүүд ч байсан, бүгд санал нэгтэй баталсан гэсэн бол Сергей Сторчак “Монголоос мах авах нь хүндрэлтэй. Учир нь тэнд байнга халдвар өвчин гардаг” гэж хэлсэн байна. Мөн “Монголтой хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн цогц программ гаргахаар бэлтгэж байгаа. Ингэснээр Монголын нутаг дэвсгэр дээр үлдсэн хуучин ЗХУ-ын өмчийн асуудал зэрэг чухал асуудлууд шийдэгдэх болно. Манай олон арван байшин барилга тэнд байгааг бид яахаа шийдэх ёстой. Мөн долоон төсөлд хамтрахаар ярьж байна. Үүнд нүүрсний “Тавантолгой”, Тавантолгойн орд газар луу тавих төмөр зам, “Дорнод уран” хамтарсан аж ахуйн нэгж, “Эрдэнэт”, “Монголцветмет”, “УБТЗ”-уудын хөгжлийн асуудлууд багтаж байна. Энэ бүх төсөлд манай ашиг сонирхол байгаа. Том хэмжээний хэлэлцээр, гэрээний хүрээнд бид энэ асуудлуудаар амжилт олно гэж найдаж байна. Тийм болохоор өрийн гэрээг баталснаар ашиг сонирхлын тэнцвэртэй байдал хадгалагдаж байгаа” гэж тайлбарлажээ.

Либерал Ардчилсан намын гишүүн Владимир Семёнов “Монголд өрөө төлөх зүйл их байгаа. Сая Сангийн дэд сайд хэлснээр хамтарсан олон төсөл хэрэгжүүлж болно. Нүүрс, ураны асар том орд газар Монголд байна. Мөнгөний Асгат орд бол маш их нөөцтэй газар. Асгатын тал хэсэг нь манай нутаг дээр байдаг, гэтэл бид одоо болтол энэ талаар монголчуудтай тохиролцоонд хүрээгүй л байна. Бид тэдэнд туслаад, өршөөгөөд л байдаг мөртлөө хариуд нь юу ч авахгүй байх юм. Яагаад бид буяны ажил хийх ёстойг ойлгохгүй байна. Монголд бод мал их ч зарах зах зээл байхгүй. Тэгвэл бидэнд хямд мах их хэрэгтэй. Монголд хамтарсан мах боловсруулах үйлдвэр ч нээж болно. Бидний гаргасан бүх санал төсөл Монголын Засгийн газар дээр очоод л гацчихдаг. Тэгвэл яагаад бид хохирох ёстой гэж? Бидэнд өөрсдөд маань мөнгө хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө бид монголчуудын өрийг бас өршөөж байсан. Тэглээ гээд тэд бидэнд сайн хандсан уу? Үгүй, юу ч өөрчлөгдөөгүй” гэж хэлжээ. Либерал Ардчилсан намын гишүүд хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдсэн ч Төрийн Думаас “Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг зохицуулах хуулийн төсөл”-ийг соёрхон баталсан байна. 

Үүнээс үзэхэд өрийн асуудал “Тавантолгой”, уран зэрэг манай том төслүүдийн хувь заяанд нөлөөлөх нь ойлгомжтой болж байгаа юм.

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө