Европын хүн ам, орон сууцны тооллогын дүнг харвал нэгэн сонирхолтой баримт бий. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх германчууд орон сууц худалдаж авахаас илүүтэй түрээлсэх сонирхол өндөртэй байдаг аж. Тодруулбал, 2004 онд хийгдсэн судалгаагаар тус улсын нийтийн орон сууцны 41 хувь нь л өөрийн эзэмшлийнх байсан бөгөөд үлдсэн 59 хувь нь түрээсийнх байсан аж. Сүүлийн үеийн мэдээллийг харвал 2013 онд өөрийн эзэмшлийн орон сууцандаа амьдардаг хүн ам 43 хувь болжээ.
Яагаад түрээсийн орон сууцыг хөгжүүлэв?
Энэ талаар ярихын тулд дэлхийн хоёрдугаар дайны дараачаас эхэлж тайлбарлая.
1945 онд Германы орон сууцны 20 хувь нь сүйдсэн. 2 сая барилга үнс нурам болж, 2.2 сая барилга эвдэрч гэмтжээ. 1946 онд Баруун Германд судалгаа явуулахад 5.5 сая орон сууц шаардлагатай байжээ. Тухайн үед ард иргэд амьдрах байргүй, идэх хүнс болон өмсөх хувцас ч тааруу байсан учраас нийгэм тэр чигээрээ стресстэж, үймэн самуун гаргахад бэлэн байв.
Тиймээс тухайн үеийн Германы удирдлагууд аль болох түргэн орон сууцтай амьдрах байртай болгохыг чухалчилж байжээ. 1949 онд Баруун Германд анхны барилгажилтын хуулийг батлав. Уг хууль нь ард иргэдэд маш хямд түрээсийн орон сууцыг санал болгосон юм. Хуулийн үр дүнд 1956 он гэхэд л орон сууцгүй иргэдийн тал нь түрээсийн орон сууцанд орсон байв. 1962 оны судалгаагаар 658 мянган хүн л орон сууцгүй байжээ.
Түрээсийн орон сууц ба эдийн засгийн тогтвортой байдал
Дэлхийн II дайны дараа орон сууцны асуудалтай тулгарсан улс ганц Герман биш байв. Их Британи ч мөн адил орон сууцны асуудалтай тулгарсан. Гэхдээ тэдний авч хэрэгжүүлсэн бодлого арай өөр байсан бөгөөд түрээсийн орон сууцыг бага багаар хувьд нь өгөх асуудлыг түлхүү анхаарав. Энэхүү бодлогынхоо үр дүнд ч өдгөө тус улсын орон сууц түрээслэгчдийн хувь ердөө 30 хувьтай байдаг.
Мэдээж орон сууцыг худалдаж авах эсвэл түрээслэх эсэхэд өртөг маш их хамааралтай. Германд орон сууц болон үл хөдлөх эзэмшигчдэд өндөр татвар ногдуулдаг бөгөөд ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлдэггүй байна. Харин эсрэгээрээ түрээсийн орон сууцыг дэмжиж, түрээсийн өртгийг төрийн бодлогоор барьж байдаг байна.
Энэхүү төрийн бодлогын дүнд Германчуудын орон сууцандаа зарцуулж буй өртгийг өрхийн орлогод харьцуулахад Европын бусад орнуудаас харьцангуй бага үзүүлэлттэй байдаг. Германчуудын 93 хувь нь одоогийн орон сууцны нөхцөлдөө сэтгэл хангалуун байдаг гэх судалгаа ч гарчээ.
Германы баримталж буй түрээсийн орон сууцны бодлого нь эдийн засгийн хувьд ч, үл хөдлөх харилцааны хувьд ч төрдөө ашигтай бөгөөд хялбар бодлого байдаг аж.
Европын орнуудаас өөрийн эзэмшлийн орон сууцандаа амьдардаг хувиар Испани улс тэргүүлдэг бөгөөд хүн амын 83.2 хувь нь өөрсдийн орон сууцандаа амьдардаг аж. Гэхдээ Испанийн ажилгүйдлийн түвшин нь 27 хувь байгаа нь эдийн засаг асуудалтай байгааг илтгэнэ. Харин Германы хувьд маш тогтвортой түрээсийн орон сууцны бодлогын ачаар эдийн засаг тогтвортой, ажилгүйдлийн түвшин ердөө 5 хувь орчимтой байдаг.
Монгол Улс?
2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор 724381 өрх орон сууцанд амьдарч байсан бөгөөд эдгээрээс:
Өөрийн эзэмшлийн сууцанд 620369,
Бусдын сууцанд түрээсэлж суудаг 48564,
Бусдын сууцанд түрээсгүй суудаг 45209 өрх байжээ. Үүнээс харвал Монгол Улсад орон сууцанд амьдарч байгаа нийт өрхийн 6.7 хувь нь л бусдын орон сууцанд түрээсийн мөнгө төлж амьдардаг аж.
Бусад улсын хувьд ипотекийн зээлийг эсвэл түрээсийн орон сууц гэсэн сонголтоос аль нэгийг нь хөгжүүлэхэд анхаардаг. Харин манай улс сүүлийн үед түрээсийн орон сууцыг хөгжүүлэхээр ярьж байгаа ч ипотекийн зах зээлийг илүүтэй анхаарч байгаа. Өдгөө яригдаж байгаа түрээсийн орон сууцны үнэ өртөг ипотекийн зээлээр байр худалдаж авахтай дүйнэ. Мөн ипотекийн хүүг багасгаж, төрөөс орн сууцжуулахыг дэмжих бодлого баримталж байгаа учраас иргэдэд орон сууц түрээслэх бус ипотекийн зээл авах сонирхол давамгайлж байгаа нь тодорхой. Тиймдээ ч яг одоогоор түрээсийн орон сууц Монголд хөгжихгүй асуудал гээд хэлчихэд буруудахгүй. Мөн эдийн засгийн хувьд ч ипотекийн зээлийн улмаас эдийн засгийн дарамтанд орон улсуудын араас Монгол Улс явж байна.