Ном дайрсан бараан сүүдрүүд

2016 оны 5 сарын 22016-05-02

39fc38e6-4af1-4a80-b8bf-f91ae7a11de1,76756-79ab16c08813cb4cfdd114f33b3b2974.jpg.jpgМуу зүйлүүд бараан сүүдрээ хаа сайгүй унагаахыг санаархана. Номын цагаан ертөнцөд ч тэдний бараан сүүдэр хүүшлэнэ. Давшлан буй хар хүчний хүрээ нэмэгдэх тусам сайн мөрийн цагаан сүүдэр хумигдана. Б.Ринчен абугай энэ цагийн ном тойрсон бараан явдлуудыг хараад “аяа, миний амьдран ахуй цагт арай учиртай байжээ” хэмээн дуу алдах нь магад. Аливаа зүйлд хүч хавсрахдаа бид ихэвчлин “нэг хоёроо гурваа..” гэж тоолоод зүтгэдэг. Үнэхээр хүч нэмэгдэх шиг санагддаг. Түүнтэй адил эргэн тойронд минь бүрхээд байгаа муу үйлийн шалтгаан бүхнийг болдогсон бол хүч нийлүүлж зүтгээд үгүй хийчихмээр бодогдоно. Бараан сүүдрийн балаг их. 

Нэг. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬЧЛАЛ БА НОМ 

Тэртээ 1990-ээд оны эхэн үед бид алдарт өмч хувьчлалаа хийсэн билээ. Ягаан, цэнхэр тасалбар ямар замаар яаж ороод өнөөгийн хөрөнгөтнүүд гэнэт бий болсныг олонх нь одоо ч ойлгодоггүй юм. Социализмын материаллаг техникийн бааз тоногдож, эх орон туйлдаж байхад эсрэгээрээ “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬЧЛАЛ” явагдсан ажээ. Эргээд харахад бас л заль мэхтэнгүүд эрх чөлөөний хувьчлалд илүү овсгоотой оролцсон бололтой. Одоо ч гэсэн эзэлсэн байр суурь, өмч хөрөнгөндөө эрдэж, олон зүйлд хатуу зарчим тогтоочихжээ. Өөрчлөх боломжгүй, ийм байх ёстой гэсэн ягшмал бодлыг бидэнд тулгаж байна. Үг дуугүй толгой дохиж, тэдний эрх ашгийн тулд бөхөлзөж байхыг хүснэ. Оюун санааны хувьд тийм манкурт болгох алс ирээдүйн асар том мөрөөдөл өмчөөс эхлээд оюун санаа, эрх чөлөөтэй хамт бүгдийг ХУВЬЧЛАХЫГ санаархагчдад бий болжээ. Мөрөөдлөө ч мөнгө төгрөг, өөр бусад аргаар хэрэгжүүлж эхэлжээ. Тэгээд л эрх чөлөөтэй хамт бидний ОЮУН САНААГ хувьчилж авахыг хүсч байна. Удахгүй оюун санааны хувьчлал энэ янзаараа явагдвал Монголчуудын сайн сайхны итгэл найдвар нь элсэнд асгасан ус мэт ууршин алга болно. Шударга бус замаар өмч хувьчилсан нь нэгэнт өнгөрсөн цагийн явдал гэж үзээд өнгөрч болно. Харин эрх чөлөө, оюун санааг хувьчлах санаархлыг л хэзээ ч зөвшөөрч боломгүй санагдана. 

Бүх зүйл дэлгэрэх бус сүүлийн үед хүрээ хязгаараараа хумигдаж байна. Зэрвэс ажиглавал амьдрал баялаг, өрнөөд өөдлөөд байгаа мэт гял цал үзэгдэнэ. Зөвхөн харагдах талд л бид илүү анхаардаг болжээ. Гялалзаад л байвал болох нь тэр. Түүндээ ч муугүй хууртаж, гаднаа л гяланцаг бүхэнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болсноо хэлээд ч яах билээ. Өнгө нь дэлгэрэвч шим нь хатаж байдаг цэцэгс л болж байна. Мөд өнгө ч үгүй, шим ч үгүй болохын шинж дохио юутай ихээр мэдрэгдэх болов. 

Хамгийн сайхан жишээ. Номын дэлгүүрүүд байна. Тавиур дүүрэн ном алаглаад, харахад хичнээн сайхан. Төрөл зүйл, хэрэгцээ сонирхлын талд ч хэн ч хүссэн номоо хайхад олдоно. Гэр ахуй, гэмт хэрэг, цэцэг ногоо, цэнгэл таашаал, дон хүсэл, дотоод бясалгал гээд өмнөх хэдэн жилтэй ч харьцуулахааргүй номын зах зээл өргөжжээ. Аштай юу, нэг ч гэсэн зүйл дэлгэрч цэцэглэж байна. Гэвч даанч тийм сайхан хэрэг бус илүү жаахан нягтлавал оюун санааны үнэ цэнэ алдагдаж, оймс гуталны хэмжээнд очив. Ном байна. Хавтасны өнгө хурц тод, гялгар цааснаа гөлгөр нүүрээ тавьсан байхыг зохиогчид чухалчлах болов. Сайн номны тухай биш сайхан номны тухай ярих хэмжээнд бидний сонирхол унав. Эрх чөлөөний хувьчлалтай хамт уг мөн чанар бус гялгар өнгөний сэтгэлгээ газар авч, сайхан хавтаснаас цаашгүй баахан НОМ хэвлэгдэв. Байдал базаахгүй байна.

Хоёр. ОЮУН САНААНЫ ХУВЬЧЛАЛ БА НОМ 

Ном бичих дур хүсэл сайхан. Газар шороогоо зарж, гадныханд худалдахаас л хавь илүү. Даанч нэр олж, хамгийн борлуулалттай ном бичих хүслээр “жигүүрлээд” санаанд орсноо сараачих явдал хэмжээгээ алдах төлөвтэй. Уншигчдынхаа хүсэлтээр шинэ номоо хэвлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн тухай ярилцлага өгсөн “ном зохиогч”-ийн бичвэр зоогийн ширээний ард үдийн цай уух зуурын баахан “харилцан яриа”-гаар дүүрсэн байв. Уншигчид тэгэхээр ийм хэмжээний ном захиалдаг, бас хүсдэг болжээ. Хөөрхий уншигчид хэзээнээс л арай хөнгөнд нь илүү дуртай байсан, тэдэнд ер нь буруу өгөх шаардлагагүй гэж үздэг. Харин оюун санааг ямар ч хяналтгүй “хувьд шилжүүлснээр” номын үнэ хүнд, зохиолчийн зэрэглэл хамт унаж байна. Цаас эрээчигчид, зузаан зузаан номнуудаа магтаж, түүнд нь толгой эргэсэн уншигчид монгол оюуны ертөнцийн зэрэг дэвийг ялгахаа байсан нь өнөөдрийн жинхэнэ бараан явдал мөн. Гүйлгээний зохиолчдын хэмжээнд хүрсэн оюун санаагаа аврахын оронд гүйлгээтэй зохиол бичих арга замыг мэргэжлийн түвшний боломжийн сэтгэлгээтэй зохиолчид сонгох болсон нь бараанаас бараан төдийгүй балайгаас балай явдал юм. Бас өдөр бүхэн шинэ ном мэндчилж, цаг тутам “номын нээлт” хийх ч НЭЭЛТ нэрэндээ таарах нь даанч цөөхөн байна. Уран сайхны нэг ч нээлт байхгүй усан шүлгийн номын “НЭЭЛТ-ээ төрийн шагналын цайллаганаас ч дутахааргүй хийдэг түмэн зохиолчтой болсон нь оюун санаа хувьчлагдах цагийн ном тойрсон бараан сүүдэр. 

Нийтээрээ унасан оюун санаагаа луйврын ХУВЬЧЛАЛ-д даатгаад, хөнгөн зугаацлын хялбар бичлэгүүд өндөр аван “гаарах” үзэгдлийг харсаар суугаад дасаад эхэлсэн бол үндсэндээ 1990-ээд оны бидний өмч хувьчлалын алдаа “оюун санааны хувьчлалд” давтагдаж эхэлжээ. 10 роман бичсэн хүн өөрийгөө “зохиолч” гэж өргөмжлөх оюун санааны эрх чөлөө нь хувьчлагдсан байхад ном бичих нь “коммунист субботник” шиг зүйл биш гэж ойлгуулахаар дэмий зовох хэрэгцээ шаардлага байна уу? Бүх түвшинд оюун санаагаа хувьчлаад байхад НОМ бичих эрх чөлөөг боогдуулах тэнэг хэрэг. Гэтэл зүгээр зөнд нь хаяж, маргааш өөрчлөгдөхөд найдах ч тэнэгээс тэнэг хэрэг. 

Гагцхүү бүх шатны боловсролд уран зохиолын мөн чанарыг жинхэнээс нь ойлгуулдаг болчихвол “тэргүүн зэргийн зохиолч” хэмээх титэм өөртөө асаасан, оюун санааны хувьчлалын сиймхийгээр олз олохыг санаархагчид байраа ойлгож, сууриа танина. Олон ботиор хэвлэгдсэн гялгар хавтастай, гөлгөр нүүртэй зузаан зузаан зугаацлын бичлэгүүд “НОМЫН ДЭЛГҮҮР” нэртэй дамын мөлжлөгийн тавиур дээр цагийн тоосонд даруулж, ном зохиогч нэр зүүх дур ихтэнгүүдийн үе дуусах болно. Нийтийг боловсролоор гэгээрүүлэх нь байдлыг өөрчлөх ганц боломж. 

Гурав. ЭРХ МЭДЛИЙН ХУВЬЧЛАЛ БА НОМ

Сүүлийн үед дарга нарын тухай хөрөг ном нилээдгүй бичигдэх болов. Энд тэндхийн дарга нарын тухай бичсэн ном ч цөөнгүй орчуулагдах болов. Эрх мэдлийн хувьчлалын хамгийн буруу арга зам “ДАРАНГУЙЛАЛД” хүрдэг. НОМ дарангуйлагчдад үйлчилж эхэлдэг. Эрх мэдлийн хувьчлалд зарим ном бичигчид нүд улаан, мөнгө цагаан болоод ханцуй шамлан орж эхэлснийг бид харж байна. Эрх мэдлийн сүүдэр дор хоргодож, эрх чөлөө оюун санаагаа буруугаар хувьчлахыг зөвшөөрч чадаж байна. Хүн үнэгүйдэж, ном “хувьчлагдаж” эрх мэдэл ханхалзах нь инээдэм ихтэй цагийн эгдүүтэй эмгэнэл. 

Бас зарим дов тойрсон донтонгууд номын ширээний хойморт буруу аргаар суухыг санаархана. Тэд эрх мэдлээ улам бататгахын тулд ном борлуулалтын үндэсний тогтолцоог хянахыг хүснэ. Татвараар дарамталж, борлуулалтаар бооно. Хамгийн сайхан үлгэр жишээ НОМЫН ДЭЛГҮҮРҮҮД БА ТЭДНИЙ ЭЗЭД. Та ном худалдахаар аль нэг номын дэлгүүрт хандаад борлуулсных нь дараа тооцоогоо хийж, хэдэн бор төгрөгөө авах үед ямар их хүнд сурталтай нүүр тулна гээч. Заавал өөрийн биеэр ир, заавал тэдний өдрийн тэдэн цагт ир, заавал бичиг баримт, тооцооны хуудсаа авчир, хаяж гээгдүүлсэн бол торгуультай. Бие төлөөлөгчөө мөн эсэхийг нотариатаар батлуулсан бичиг авчир, дараалалд зогс, үгүй бол өгөхгүй. Ийм хуучирсан харилцаа одоо чинь банк санхүүгийн хурдан шуурхай үйлчилгээ хэдэн янзаараа нэвтэрчихээд байхад хэвээрээ. Тэгж, тэгж нэг юм тооцоо хийнэ. Дэлгүүр болоод эзэд таны номноос 20-30 хүртэлх хувийн татвар авна. Дээр нь НӨАТ дахиад 10 хувиа тооцно. Монополь дэлгүүрүүдийн хувь татвар жинхэнэ мөлжлөгө төдийгүй энэ эринд л лав ийм ашигтай худалдаа манайхаас өөр хаана ч байхгүй биз. Эрх мэдэл, бизнесийн боломжоо хэтрүүлэн ашиглах явдал гэж үзвэл зохино. 

Заримдаа ном дууссан гэж тооцоо хаах атлаа ДЭЛГҮҮРТ таны ном зарагдаад байж байна. Хардмаар явдал мөн үү гэвэл мөнөөс мөн. Одоогоор давгүй чанартай ном хэвлэчихдэг цөөхөн хэдэн үйлдвэрт 10 орчим хэвлэлийн хуудас, даруухан нүүртэй, бараахан царайтай, элдэв өнгийн зураггүй энгийн даруу ном ойролцоогоор 2000 төгрөгөөр бүтнэ. Дунджаар 500 хувь хэвлүүлэхэд 1.000.000 төгрөг. Манай хөрөнгөтнүүдийн хувьд үдийн хоолны л мөнгө биз. Харин ном бүтээгч олонхийн хувьд энэ тоо бол овоо их мөнгө. Тэгээд өөрийн оюуны үнэлгээ, номын дэлгүүрүүдийн татвар, өөр бусдыг тооцоод 10000 хүргэж үнэлэхгүй бол ашиг горьдох аргагүй болно. Хоолоо яах вэ гэж суугаа түмэнд нэг ном ойролцоогоор ийм үнээр авах хүсэл байвч дур цаашаа, дух наашаа шүү дээ? Мантуу шиг хөөмөл, талх шиг борлогддог ном бичигчид ч энэ өндөр татвараас хал цохих болов. Аргагүй шүү дээ, амьдрах гэж л ялгаагүй арга хайж яваа хойно. Ном зарж, ашиг ихээр олох хүслийн цаана оюун санааны эрх чөлөөг эрх мэдлээр хашин суух явуургүй санаа нугдаж буйг шулуухан хэлэхэд гэмгүй. Татвараа үндэстэй тогтоож, үндэснийхээ оюун санаанд эрх чөлөөний гэрэл тусгаж, ном тойрсон бараан сүүдрийг багасгах эр зориг хот тойрсон хэдэн дэлгүүрийн ноён эздэд бийд эргэлзэнэ. 

Номын ертөнц тойрсон бараан сүүдрүүд биеэ уул мэт хурааж, бүгдийг бүрхэх цагт хэн буруутай үгүйг хэлэлцэхэд шороо тавьж, бороо хэдийнээ орж дуусаад цув нөмрөх оройтно.

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

3 өдрийн өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

5 өдрийн өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

24 өдрийн өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

1 сарын өмнө