Хэвлэлийн эрх чөлөөнөөс, хэлэх үггүй сэтгүүл зүй

2016 оны 5 сарын 32016-05-03

d07d3a98-2832-46be-a48e-1052cf8bf1bc,76805-69d3280348611e91d677ec662c2c65a2.jpg.jpgСэтгүүл зүй гэдэг том айл, бас том тогоо. Энэ тогооноос хоол идэж явлаа. Одоо ч идэж байна. Заримдаа өрөвдөх хийгээд бухимдах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Яагаад өрөвдөнгөө бухимдах эсвэл бухимдангаа өрөвдөх билээ. Сэтгэлийн ийм хоёр туйл нэгэн зэрэг төрөх, тийм ухвар шалтгаан монголын сэтгүүлзүйд байгаа учраас. Юунаас эхлэх вэ? энэ тэр гэж шанаа тулан гүн ухаантан мэт бодоод хэрэггүй. Ердөө л ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ. 

Ийм “утопи” зүйлийг нэг арга самбаатай эр анх зохиосон байх. Түүгээрээ мэдээж улс төр хийсэн нь тодорхой. Амжилтанд хүрсэн албан тушаалд очсон л гэдэг юм. Сэтгүүлзүйн түүхээ ялимгүй сөхөхөд л хангалттай баримтууд олноороо олдоно. Францын Людвиг ван яалаа. Өөрийнхөөө талаар бичсэн бүх шог бичлэгүүдийг шатаагаад дараахан нь зөвхөн өөрийгөө МАГТДАГ сонин хэвлэсэн гэдэг. Оросын нэгдүгээр Петр ч ялгаагүй. Сониных нь уриа ”европын олон улсад хааныхаа нэрийг алдаршуулна” гэдэг уриатай байсан гэнэлээ. Язгуур нь улс төр, бизнес, мөнгө, эрх мэдэл гэсэн хэдэн үгнээс сэтгүүлзүйн түүх эхэлсэн. Нэг үгээр язгуур нь МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛТЭЙ холбоотой зүйл. Гэтэл ЯРУУ НАЙРАГ-ийн үүтгэлд ямар ч эдийн шуналгүй, эрх мэдэлгүй Вальмаки аршийн гуниг л байгаа юм. Харин сэтгүүлзүй ЭЗЭН ХААН, ЭРХ МЭДЭЛ-тэй л холбогдож байна. Ийм язгууртай зүйлээс ЭРХ ЧӨЛӨӨ хайх гэнэн болоод тэнэг хэрэг мэт санагдана. 

Тэгэхээр монголын орчин цагийн сэтгүүлзүй язгуур мөн чанараа алдаагүй харин ч “явдаг л замаараа явж” байгаа хэрэг. Зарим нь “үндэсний сэтгүүлзүй үүсээд нэгэн зууныг илээх хугацаанд манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтжээ” гэж гуниглах байдалтай өгүүлж, сэтгэлийн зовлонгоо илэрхийлдэг. Үнэндээ чамлахаар үзүүлэлт бас биш. Ийм уужрал цээжинд урсан орж ирээд сэтгэл багахан тайвшравч, нөхцөл байдал улам бэрх болсныг бодохоор зүрх савлах энүүхэнд. 
Удахгүй энэ ХАГАС гэдэг үг БҮРЭН эрх чөлөөгүй улс болоход ойрхон байна. Учир нь үндэсний хөрөнгөтнүүд сэтгүүлзүйг асар хүчтэй, том зах зээл болохыг мэдэнгүүтээ өөртөө телевизтэй, мэдээллийн сайттай, сонинтой болохоор өрсөлдөж, жаахан сэхээртэл хэвлэл мэдээллийн олон байгууллага хэн нэгний ивээл дор орж, цөөхөн хэдэн эзний ДУУ ХООЛОЙ болчихжээ. Ийм тэнгэр, ийм агаар, ийм цаг, ийм улайм цайм амьдрал дунд бүтэн болох мөрөөдөлтэй, хагас ч гэсэн эрх чөлөөтэй байна гэдэг сайн хэрэг л дээ. “Гэнэ гэнэхэн санаа алдаад” гэдэг шиг үе үехэн ингэж бодоход хүрнэ. 

Гэвч олон улсын байгууллагуудаас элдэв янзын хурал семинар хийлгэж, чамгүй олон оныг навс хуралдаж өнгөрөөсөн тул хагас гэдэг “статистик” хаанаас гараад ирснийг хэн хүнгүй гадарлана. Ер нь хагас гэдэг яг хэд гэсэн ХУВЬ болохыг мэдэхгүй. Гэхдээ л хагас эрх чөлөөтэй. Өнөөгийн сэтгүүлзүйн судлалд тэрхүү ХАГАС гэдэг үгээ “зуугийн хагас уу, эсвэл хорин тавийн хагас уу” зэргээр энгийн асуулт тавьж, хариулт хайсаар олон жил болов. 

Энэ тухай ч сэтгүүлч мэргэд тэмдэглэлт өдрүүдээр тойрч суугаад баахан онолддог. Үнэнийг хэлэхэд тэд эрүүл байх тухай, шударгаар хөдөлмөрлөх цаг нь ирсэн тухай, сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйл цөөрсөн тухай ханатал ярьсан хэдий ч амжилт олохгүй байсаар мөн л энэ цаг үетэй золгожээ. Угтаа тэдний томьёолдог шиг манай улсын сэтгүүлзүйн салбар хэзээ ч дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэж байсангүй. Харин ч эсрэгээрээ хаалтын гэрээ, харуул хамгаалалтын үүргийг чанад сахиж, эрүүл залуу сэтгүүлчид эрхлэгч, ерөнхий захирлынхаа шахалтан дор дам худалдагдсаар ирлээ. Тэр ч байтугай авьяас ямар ч үнэгүй болж, хэн даалгавар сайн гүйцэтгэнэ, хэний чих дуулгавартай байна тэр л МӨНГӨНИЙ эргүүлгэнд ордог сонин заншил газар авсныг харсан ч хараагүй мэт явсаар мөн л өдий хүрчээ. 

Оюуны хулгай гэж томоор ярихаа больё. Зүгээр л нэг сэтгүүлчийнхээ бичсэнээс нөгөө сэтгүүлч нь “будаа идэх” замбараагаа алдсан. Саяхан нэг сэтгүүлч ”миний бичсэнийг зарим сайт шууд хуулаад тавьчихдаг юм.Харин дараагийн сайт нөгөө сайтаас хуулахдаа жаахан ичдэг юм уу арай багасгаад тавьчихна. Ингээд л бид чинь бие биендээ тус дэм болоод л явцгааж байна” гэсэн юм. 

Хамгийн аймшигтай нь санаандгүй байдлаар интернэт орчин тасалдвал өдөр тутмын сонингууд хонох шахаж дугаараа шилжүүлдэг болов. Идэх будаа нь болсон интернет байхгүй учраас. Өдөр тутмын сонин гарахгүй бол телевизүүд сэдвийн мэдээгүй балрах аюулд нэгэнт тулж иржээ. Чухамдаа цахим сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн хүчтэй хүчтэй техникчсэн, технологжсон хэрэгсэл мөн боловч манай сэтгүүлзүйд ердөө мөнгө олох хэрэгсэл болгох замаар хөгжүүлэв. Одоо хүн бүр хувьдаа сайт нээж, хэвлэлийн ХАГАС ч гэлээ эрх чөлөөгөө ханатал эдэлж байна. Цаана нь мэдээллийн хомсдол, бусдаас будаа идэх, захиалгат цуврал, хэлзүйгүй бичлэгүүд, хэтэрхий МОДОН орчуулгууд л дүүрлээ. Заримдаа ХАГАС эрх чөлөөтэй гэдэгтээ эргэлзэх үе төрнө. Ямар сайндаа монголын “Топ-150” сайтыг шалгаруулж, сүр дуулиан болсон санагдана. Албан бус мэдээгэээр сайтуудын нэгдсэн холбоонд одоогоор 100 хол давсан гишүүн элсэн оржээ. Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал ийм л байна. Тооноос чанарт шилжих үү, эсвэл тооноос шаварт унах уу? 

Үнэндээ ШАВАР гэснээс улстөр ч яахав, хэзээнээсээ БОХИР зүйл. Гэтэл түүнтэй дэндүү холилдсон сэттгүүлзүйн салбар бохирдохоос гадна, аймшигтайгаар ШАВАРЖИЖ байна. Товчхондоо шаварт унажээ. Монгол хэлэнд “шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг хэлц бий. Харин сэтгүүлзүйг шаварт унагаасан ЭЗЭД сонгууль дөхтөл хүчгүй.

Сонгууль хоног хоногоор ойртох тусам үндэсний сэтгүүлзүйн салбар огцом сэргэж, үнэн араншингаа харуулдаг нь гэм биш зам болоод удлаа. Үүнийг хүн бүр л мэддэг, бас мэдэрдэг. Тэгээд л ЗАХИАЛГАТ, ТӨЛБӨРТ бичлэгүүд ХУДАЛДАГДСАН сэтгүүлзүйн хувь тавилангаар тоглоно. Авьяаслаг олон сайхан сэтгүүлчид улаан зангиагаар гангаравч ухаан санаагаа худалдчихаад жинхэнэ хараат сэтгүүлзүйн ертөнцөд жиргэж өгцгөөнө дөө, хөөрхийс. Харахад өрөвдмөөр, бодоход гунигламаар. 

Ямар сайндаа өнөө цагийн нэртэй сэтгүүлч бүсгүй салбарынхаа тухай бичсэн нийтлэлдээ “Би үүнээс хойш худалдагдахаа болино” хэмээн уулга алдсан байх вэ дээ. Сурсан зүйлийг сураар боох хэцүү л гэдэг. Орчин цагийн хэлцээр” НОЁНЫ ХАЛААСАНД ОРСОН ХАВ, СЭТГҮҮЛЧ ХОЁР ХЭЦҮҮ л гэх юм байна шүү дээ. 
Өөр бас нэгэн нэрт сэтгүүлч “Хоёрхон хүнтэй ярилцлага хийхэд л нэг өрөө байрны мөнгө олдог болсон сайхан цаг...” гэж сайрхаж суусан тухай ч яриа хаа сайгүй нисч явна. Хэдхэн жилийн өмнө сэтгүүлч мэргэжлээр суралцахад авьяас гэдэг хатуу шалгуур байсан бол одоо МӨНГӨ олох ОД болох гэсэн хоёрхон хүслээр энэ салбарын хаалгыг татагчид олширов. Худалдагдсан, хувьчлагдсан сэтгүүлзүйн хувь заяа одоохондоо ийм л байна. Хэн буруутай вэ? 

Бид, тэд ер нь бүгдээрээ буруутай. Үлдсэн хагас эрх чөлөө эздийн халаасанд хуулиад хийчихсэн сэтгүүлзүйд улс төрчдийн ая эвийг эрэн сурвалжлахаас өөр зүйл үлдэхгүй нь ээ. Хэл хазгай, үг дутуу, утга найруулгагүй сэтгүүлзүй үндэсний оюуны хийгээд оршихуйн цаг хугацаанд ямархан хор учруулж буйг хаа явсан газраа балаг тарьж, батгана суулгаж яваа эзэд болох улс төрчид огт тоохгүй. Өнөөдрийн өөхөнд л нүд унагахаас маргаашийн уушги тэдэнд ямар ч хамаагүй. 

Тийм байтал телевизийн салбарыг өөрийгөө харуулах урлаг гэж андуурсан олон охин цэх суугаад цэнхэр дэлгэцээр гарахдаа – Миний дүүгийн нэр хэн бэ? –Таны дүү юу? Таны дүүгийн нэрийг мэдэхгүй гэсэн асуулт хариулт өрнүүлж, -Миний дүү том болоод юу болох вэ? гэсэн асуулт тавиад хариулт нэхсэн харцаар цоо ширтэж, “Манай сурвалжлах хэсэг Дэнжийн 1000-д амьдардаг өрх толгойлсон эцэг дээр хүрч ирлээ” гэсэн алдарт сурвалжлагатай агаар нэгтэй “дүрсээр” орой бүхэн үзэгчдээ “нүдэж” байна. Энэ бүхнийхээ төгсгөлд их мэдэгч сурвалжлагч нь гол баатартаа “Эцсийнхээ үгийг хэлэх боломж олгож байна”. Аймаар шүү, эцсийн үг. Хаан эзэн л олон зууны өмнө” үхэх хүний үгийг сонсьё” гэдэг билээ. Найман өгүүлбэр эвлүүлж хэлэхэдээ БАС гэдэг үгийг 12 удаа хэрэглэдэг, ач холбогдол өгөх, арга хэмжээ зохиох, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд гэсэн цөөхөн хэдэн АЛБАНЫ үгэнд эргэлдсэн ТОЙМЧИД нэртэй сэтгүүлчид тоогоо алдсан нь үнэн. ХЭЛЭХ ҮГҮЙ СЭТГҮҮЛЗҮЙ ЯРИХ ЗҮЙЛГҮЙ БОЛДОГ СОНГОДОГ ЖИШЭЭ. 

Хөрөг, эсээ тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл, сэтгүүлзүйн шүүмж, үзээд өгье гэсэн ч өнөөдрийн сэтгүүлзүйн бичлэгийн төрөлд байхгүй. Мэдээ, ярилцага хоёроор дүүрсэн сонин сэтгүүлүүд. Ив ижилхэн хэдэн асуулт, ав адилхан өнгө төрх. Чухамдаа ярилцагч этгээдийн нэрийг солиод л тавьсан мэт инээд дүүрэн зурагтай, нүүр дүүрэн ярилцлагууд. Аан, тийм. Над мэт шиг нийтлэлч нэртэй хэдэн хүний нийтэд нөлөөлөх гэсэн оролдлогууд л энэ цагийн сэтгүүлзүйн гол бичлэгийн төрлүүд. Ийм л байх шив дээ? Ялимгүй тодруулвал хэн сэтгэж байна, тэр л өөрийн салбартаа түүхээ бүтээдэг жамтай. Харин манайд ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮСДЭГГҮЙ ЭЗЭД ХЭЛЭХ ҮГГҮЙ СЭТГҮҮЛЗҮЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭЭР...

Санал болгох

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

18 өдрийн өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

18 өдрийн өмнө
Өвөр Монголоос мэдээлж байна

Үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй...

22 өдрийн өмнө
Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлсэн цадиг

Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм.

1 сарын өмнө