Бидний амьдралд хамгаас чухалд тооцогдог зүйлс цөөнгүй. Хамгийн чухлаас ч чухал зүйлс цөөнгүй. Заримдаа бүр хэтэрхий их болсон ч мэт санагдах үе бий. Ядаргаатай, сэтгэлд төвөгтэй бодогдох нь ч бий.
Гэтэл тийм чухал биш ч БАС БУС зүйл олон шүү дээ. Уран зохиолын амьдралд ч ялгаагүй. Зүгээр нүдээ аниад дэргэдүүр нь өнгөрчих зүйл бишгүй байна. Магадгүй цаг хугацаанд бүгдийн даатгаад орхичихож ч болох юм. Түүнээс амархан, бас сэтгэлгүй явдал хаана байна. Тиймэрхүү сэтгэлгүй явдлыг ГЭМТ ХЭРЭГ гэж үзвэл бид амьдралдаа өдөр бүр гэмт хэрэгт холбогдож байж ч болох юм. Бидний мэдэхээс “Гэм зэм” романд ийм нэг “хүйтэн” санаа шургалаад байдгийг санацгаая. Харин Монголын уран зохиолд сэтгэлгүй явдлын гэмт хэрэг газар авлаа. Хэр хэмжээнээс хэтрээд явчихсан санагдана. БАС БУС зүйлийн тоонд “бас бус” байж боломгүй зүйлүүд хүртэл орчихсон “хээв нэг” явж байх нь гайхмаар, заримдаа бүр галзуурмаар.
Хэдхэн жилийн өмнө уран зохиолд зохиолын ХЭЛ НАЙРУУЛГА гэдэг хамгаас чухал ТОМ асуудал байлаа. Олон ч шүүмжлэгч зохиолын “ХЭЛ НАЙРУУЛГА”-ын талаар санаа зовдог байжээ. Өнөө бол харин жижиг сажиг бас бус зүйлийн нэг болов. Ганц нэг тэмдэгтийн алдаа зэрэг ном хэвлэлд гардаг л байлаа. Үг үсэг гээх явдал байдаг л юм. Нэг их зөвтгөөд байгаа юм биш. Зөв бичих зүйн хувьд хэн нь зөв бичээд байгаагаа ялгахаа байсан нь үнэн. Буруу бичээд байгаагаа ч ялгаагүй. Энэ бүхний бурууг чухам хэнээсээ хайх, хэн хамгийн гол буруутайг шүүн тунгаах хэрэгцээ шаардлага бийг хэлж мэдэхгүй ч том чухал асуудал нэртэй ЖИЖГҮҮДИЙН сүүдэрт нуугдсан хожим “гай газар доороос, гахай модон дотроос” болж мэдэх зүйлийн нэг бол яах аргагүй зохиолчийн хэл, зохиолын найруулга гэх ТОМ асуудал юм.
Номын дэлгүүрийн тавиур дээр олон ном эгнэн байх харахад сайхан. Хараад баймаар сайхан. Тэр олон номон дунд “Баттүшиг текний дэргэд зогсоод тэр хоёрыг ажиглана. Тэр залуу Нарансолонгыг илт эргүүлдэг бололтой. Эсвэл энэ хоёр бүр унтсан ч байж магадгүй гэж Баттүшиг таамаглан бодоод бухимдах сэтгэл төрлөө.” /”Миний эзний уушийн газар” 57- р тал/ гэсэн үгүүлбэр бүхий НОМ байгаа шүү дээ. Энгэр зөрүүлэх гэж нэг нийлмэл үг монгол хэлэнд байдаг. Өөр бас бус олон аятайхан ҮГС байна. Гэтэл “бүр унтсан ч байж магадгүй” гэх нь ямар түвшний, ямар хэмжээний зохиолчийн хэл гэдгийг шууд хэлнэ. Зохиолчийг хэмждэг бас бус зүйлүүд байдаг. Тэдгээр дотор ХЭЛ өмнө нь ч байсан, одоо ч байгаа мэдгийг бид харин мартаад байна. ДУР л байвал зохиолч болчих юм шиг эндүүрэн санагчид яасан олон болоо вэ.
Олон уншигчтай, гүйлгээ ихтэй ном сайхан. Уншууртай ном бүр сайхан. Гэтэл олон уншигчтай, гүйлгээ сайтай номон дунд “Манай Довдон ч уул нь сагсуу л болохоос тэр ерөөл магтаалдаа бол Харангын Лхагваа л гэсэн үг л дээ гэж Батчимэг Цэнгэлд магтана.” /“Номингоо хайрын тууж” 118- р тал / гэсэн үгүүлбэр бүхий НОМ байна шүү дээ. Дээрх үгүүлбэрийг “Харанга” хамтлагийнхан, дуучин Лхагваа олж уншвал насаараа гомдмоор. Монголын шинэ цагийн хөгжмийн урлагт РОК хамтлаг, РОК дуучин гэж өөрсдийгөө боддог тэднийг “ерөөл магтаалч” болгочихов. Үгүй бол ерөөл магтаалдаа Довдон, Харангын Лхагваа рок хөгжимдөө ямар хэмжээнд билээ, тийм хэмжээний гэж өргөмжилсөн САНАА байгаа юм болов уу. Оньсого шиг үгүүлбэр. Зохиол нь утга санааны хувьд хэтэрхий ХӨНГӨН атлаа хэл нь оньсого шиг зохиол дэндүү олшрох нь. Авч болохгүй, хаяж болохгүй гэдэг шиг яаж ч болохгүй зохиолууд ямар их болно вэ. Тогтсон тааллаас эсрэг байх тохиолдол бидний амьдралд дэндүү олон болох нь. Зүгээр метроны зогсоолын тавиур дээр салбайж мэдэх НООРОГ зохиолууд манайд номын дэлгүүрийн дээгүүр тавиур дээр борлуулалтаар тэргүүлээд данайж байх юу ч биш.
Гоё хавтастай, хэвлэл сайтай ном харахад сайхан. Номыг үнэтэй хэвлэх даанч сайхан. Гялгар гөлгөр нүүртэй, өнгө төгөлдөр номон дунд ” Хүүш, чи наад хүүхэндээ хуруу л хүрсэн байх юм бол чамайг ална шүү... Булган өрөөндөө орилсоор... Доогий улайран дайрсаар... хүч мөхөс Булганыг...” /"Наранбүүвэй” 34- р тал / цааш унших гэсэн сэтгэл өвдөөд чадаагүй юм. Учир нь гялгар нүүртэй олон номон дунд чинь ийм “AЙМААР” үгүүлбэрүүд нарны тоос шиг бужигнаж байвал яах вэ? Юу сурталчлаад, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй НОМ яагаад ийм олон болоод байна. Сайных мэдээж биш муугийн ёр байхаас зайлахгүй. Монгол уран зохиолын “ЗАЯА” хаячихна гэж баймааргүй юм.
Ховор содон нэртэй ном сайхан. Номонд тийм гижиг хүргэсэн сэжиг бүхий нэр өгөх сайхан. Гайхаш төрүүлэхээр нэртэй олон НОМОН дунд “ Хонь хариулдаг хүнийг хоньчин гэдэг, тийм үү. Мал малладаг хүнийг малчин гэдэг шиг нэг үгээр хэлэхэд ХҮНЧИН л юм даа?” / ”ХҮНЧИН” роман / гэсэн шууд тайлбар үгүүлбэр байх юм. ХҮН хариулдаг хүнийг ХҮНЧИН гэх нь дээ? Харин ч уран сайхны зохиолын ховор содон нэр төдийгүй монгол хэлний үгийн санд нэр үг шинээр нэмсэн “нэн гайхамшигт үзэгдэл” бус уу. “ХҮНЧИН” ямархан гоо сайхныг нээсэн, ямархан сэтгэлгээний роман гэдгийг хэлэхээс илүү ямар ХЭЛ-ээр бичигдэв гэдгийг нь анзаарсан билээ.
Үргэлж санагдах дүрүүд цогцолсон ном сайхан. Зарим ном ердөө дүр байх ч сайхан. Дүрийг мэдээж тодруулахад “хэл” чухал гэдэг. Тийм онолын ойлголт байдаг. Учир нь “чи чинь тэгж байгаад их хүнд гар байсан юм байна шүү дээ. Зүгээр ч нэг хүн биш ээжийгээ хатгаад алчихсан юм биш үү? Ёо, ёо бүр бодохоос аймаар санагдчихлаа. Хөндлөн хүн бол яах гэхсэн. Эхийгээ байхдаа яах вэ дээ.” / Аянга “Өв залгамжлагч” роман III дэвтэр / гэсэн дэндүү ХЭЛ-тэй зохиолууд дэндүү олон болоод байгааг хэлэхгүй дуугай өнгөрвөл ГЭМТ ХЭРЭГ лав болно. Эхийгээ хатгаад алчихсан хүнийг ингэж энхрийлж бичих “уран зохиолд” байж болох ч ёс суртахууны зохист хэм хэмжээнд харшаас харш. Зохиолчийг хэмждэг бас бус хэмжүүр байна. Тэдний дотор ХЭЛНИЙ ГЭМЭЭС гэтлэх. Гэтэл ДУР л байвал хамаг бүхэн болчих юм шиг эндүү андуу бодох бодол намрын хүйтэн бороо шиг элбэгшвэл яана. Элбэгшээд байгааг яана.
Орчин үед олон ном бичигдэх сайхан. Эргэлзэх аргагүй итгүүлж орхидог “уран зөгнөлт” ч сайхан. Техник хөгжих зарим зохиолчийг ингэж ичихэд хүргэж байна. “Машинаа түлхүүр даран асаахад мотор нь хүнгэнэн дуугарлаа. Бага зэрэг чичирхийлсэн гараараа араанд залгаж D байрлалд оруулахад машин аажмаар хөдөлж гражнаас гарлаа.” / “Аминаагийн дурлал хайрын тууж” 32-р тал / гэсэн үгүүлбэр илүүтэй сонирхол татна. Өөрөө өөрийгөө жолоодоод гарашнаас гардаг орчин үеийн машин байна. Машиндаа байна уу эсвэл зохиолчийн хэлэнд байна уу гэдгийг хэлэхэд хэцүү юм. Учир нь одоо чинь өөрийгөө залуурдаад явчихдаг машин хаа сайгүй элбэг болж буй цаг.
Залуурдах гэснээс уран зохиолд “залуур “ хэрэгтэй болов уу. Алтан гадас хойд зүгийг заана. Ямар олон хүнийг төөрч будилахаас аварсан билээ. Түүнтэй адил “АЛТАН ГАДАС” уран зохиолд хэрэгтэй болов уу. За, ямар ч байсан багад “духаа нааш нь дураа цааш нь” гэж тоглодог байсан шиг дур, дух хоёрын ялгааг сануулах ДУУ ХООЛОЙ чухал байна.
ТОМ юм ярих дуртай зарим шүүмжлэгч “ТҮҮХЭН РОМАН ХҮҮХЭН ЗАЯА” боллоо гэж бухимддаг. Эмэгтэй зохиолчид түүхэн роман зориглон барьж аваад зоригтой бичиж байгаа нь уран зохиол дох “ҮЗЭГДЭЛ” гэхээсээ ухвар цаад шалтгаан нь нийгэм- сэтгэлзүйн үндэстэй юм. ”Эмэгтэйчүүд бид манлайлна, бид чадна” гэх зар сурталчилгаа тэдний оюун санаанд хүчтэй нөлөөлсний үр дагавар. “Түүхэн романыг хэн ч биш бид бичнэ” хэмээн тунхаглаж байна. Бас бичиж байна. Үнэхээр амьдралд тэдний эзлэх орон зай улам бүр нэмэгдэж буй нь нууц биш. Хүйсийн ялгаварлал, жендерийн асуудал харин жижиг зүйл байсан юм. Харин ТОМ зүйл нь удахгүй босож ирнэ. Эртний түүхэнд ч бас тийм анги нийгмийн “ЯВДАЛ” байсныг шинжлэх ухаан батлаа биз дээ. Нөгөө сайтар мартагдсан хуучин зүйлийг шинэ зүйл гэдэг биз дээ. Манай уран зохиолд ч гэсэндээ ШИНЭ юм нь түүхэн роман хүүхэн заяа болог. Түүний хажуугаар харин дуугүй өнгөрч болно. Гэмт хэрэг байлаа ч гэсэн. Цаг хугацаа өөрөө шийдэг.
Харин “БАС БУС” биш атлаа “БАС БУС” болчихсон –зүйлүүдийг ЦАГ ХУГАЦААНД НАЙДАЖ ҮЛДЭЭХГҮЙ ЮМСАН.