Б. Бат-Эрдэнэ
Редактор

Золбин нохойн бизнес ба “Cobra effect”

2016 оны 3 сарын 252016-03-25

35125f29-fe3a-490e-9931-f12abe2bb3a8,75362-bbec82575d3be077beae8745ddb4cffc.jpg.jpg

Нийслэлийн хэмжээнд 300 мянган золбин нохой бий гэх тоон мэдээлэл байдаг. Золбин нохойтой тэмцэх ажлыг жил бүр явуулдаг ч тоо нь тогтмол хэмжээнд байсаар байгаа нь нохойн устгалын өөр гарц хэрэгтэйг харуулж байгаа юм.

Одоогийн нөхцөл байдал

Нийслэлийн төсвөөс жил бүр золбин нохойн устгалд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тодруулбал, нэг нохой устгалд 2012 оныг хүртэл 5000 төгрөг,  2013 оноос 7500 төгрөг зарцуулахаар тогтоосон бөгөөд жилдээ 800 орчим сая төгрөг зарцуулдгийг Улаанбаатар нэгтгэлийн Тохижилтын инженер Г.Жанчивдорж хэлсэн юм. Дүүрэгт 1-2 анчин ажилладаг бөгөөд Улаанбаатар нэгтгэлийн хэмжээнд 11 анчин устгал хийдэг байна. Анчид 04.00-07.00 цагийн хооронд өдөр бүр ажлаа хийж, өдөртөө 200-300 нохой устгадаг тоо баримт бий.

Гэвч жил бүр нохой устгалд олон зуун сая төгрөг зарцуулж, жилдээ 40-70 мянган нохой бууддаг ч золбин нохойн тоо буурдаггүй. Золбин нохойнд зарцуулах төсөв жилээс жилд нэмэгдсээр хэдхэн жилийн дараа тэрбум төгрөг ч давж мэдэхээр байгаа юм. Үүнээс харахад золбин нохойг буудаж устгах энэхүү арга үр дүн муутай гэдэгтэй бүгд санал нийлэх биз.

“Cobra effect” буюу сөрөг үр дүн

e8dafdd9-9a60-4360-8313-a726310af7f1,75362-6acdb2d3ecfa45d87250e96bad31b67c.png.jpg

Саяхан 4 настай хүү нохойд хазуулж нас барсан хэргийн дараа НИТХ-аар золбин нохойн устгалын асуудлыг хэлэлцэж нэг нохой устгах зардалд 7500 төгрөг зарцуулдаг байсныг 12 мянган төгрөг болгон өсгөхөөр санал гаргажээ. Түүгээр ч үл барам иргэдээс тодорхой ханшаар нохой худалдаж авах саналыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх гэж байгаа юм. Хэрэв дээрх хоёр санал батлагдвал золбин нохойтой тэмцэх арга буруугаас “маш буруу” тодотгол руу шилжиж, жил бүр олон зуун сая төгрөг олдог “Золбин нохойн бизнес” улам цэцэглэн хөгжинө гэсэн үг!

Нохойг хүмүүсээс худалдаж авдаг болвол архины мөнгө олох гэж яваа “бөбө”-чид, ПиСи тоглоомны мөнгө хайж яваа хүүхэд багачууд гудамжинд яваа золбин нохой барьж, мөнгө олдог болох вий!

Бизнесийн салбарт “Cobra effect” гэх нэр томьёолол байдаг. Энэтхэгийн Дели хот Их Британийн колони байх үед хорт кобра могой их байдаг байжээ. Тиймээс Их Британийн Засгийн газраас кобра могой агнаж тушаасан хүнд мөнгө амлах болсон байна. Гэвч кобра могойн тоо толгой буурах биш эсрэгээрээ бүр их өссөн. Учир нь иргэд ашгийн төлөө могойг үржүүлэх болсон байна.
Яг үүнтэй адил жишээ Францын колони байх үеийн Вьетнамы Ханойд тохиолдож байсан. Хархны тоо толгойг бууруулахын тулд хархны сүүл худалдаж авах болсон ч Ханой хотоор сүүлгүй хархнууд ихээр үзэгдэх болсон байна. Харин хархны тоо толгой  өссөөр байсан юм. Харх иргэдийн амьдралд сөрөг нөлөөтэй ч харх устгагчдын хувьд мөнгө олох хялбар арга зам нь байсан учраас хархны тоо толгойг бууруулахгүй байхыг хичээсэн хэрэг. 

Түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн энэхүү алдаа буюу “Cobra effect” Монгол Улс золбин нохойн дээр давтах гэж байгаа нь харамсалтай. Магадгүй хашаандаа золбин нохой тэжээгээд жилдээ хоёр удаа гөлөглүүлээд зарахад хөөрхөн хэдэн төгрөг олно гэдгийг захын тэнэг ойлгоно. Мөн жил бүр нохойн буудлага нэрийдлээр 40-60 мянган нохой буудаж улсын төсвөөс хэдэн зуун сая төгрөг аваад байгаа хэрнээ золбин нохойн тоо толгой буурахгүй, өсөхгүй тогтмол энэ хэмжээнд байсаар байгаа нь цаанаа асуудалтай ч байж мэдэх!!!

Бусад улсын жишээ ба Монгол

Хүмүүнлэг энэрэнгүй нийгэм хэмээн цээжээ дэлдэх дуртай Монгол Улс гудамжиндаа амьтан буудаж, цус нөжтэйгөө холилдсон хагас үхлүүт ноходыг машины тэвшин дээр овоолдог нь ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад ямар санагддаг бол?

Дэлхийн хөгжингүй улс орнууд нохой буудаж алахыг эрс хориглож, тор тавьж барих, эм ноходын савыг нь авах зэрэг арга хэрэглэсээр ирсэн. Жишээлбэл, АНУ, Герман зэрэг улсуудад амьтны эрхийн асуудал хүчтэй яригдаж, буудаж хороохоос татгалзсан юм.

Монголтой хамгийн ойрын жишээ хэлэхэд Бүгд Найрамдах Энэтхэг улсад золбин нохойн асуудал Монгол Улсын нэгэн адил хурцаар тавигддаг юм. Монгол Улс 300 мянган золбин нохойтой бол Энэтхэг 30 сая золбин нохойтой. Мумбай хотод гэхэд л 80 мянган хүн хазуулж, жилдээ 20 мянга орчим хүн нохойнд хазуулсны улмаас галзуурч нас бардаг тоо судалгаа бий. 

1990-ээд оны эхэн үед Энэтхэгчүүд золбин нохойтой тэмцэхдээ цахилгаанд цохиулах зэрэг арга ашиглан газар дээр нь хөнөөдөг байсан нь олон улсын амьтны эрхийн байгууллагудын шүүмжлэлд өртөж, сүүлдээ “ABC” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь маш сайн үр дүнтэй байгаа юм.

10d3ba4f-68f2-4ff3-96f2-548b6b8f8c95,75362-f57cf9e2a6044584a2c49a2c4c5bdfcb.jpg.jpg

ABC хөтөлбөр буюу “Animal Birth Control” хөтөлбөр нь дараах дарааллын дагуу явагддаг. “Сatch- spay- neuter- vaccinate- release” буюу золбин нохойг тор ашиглан барьж аваад, эм ноходын үржлийг хааж, нийт ноходыг вакцинд хамруулаад эргээд суллах хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн дурын байгууллагууд олон байдгаас “VSPCA” байгууллагыг онцолж болно. Тус байгууллагу 1998 онд  “Visakhapatnam” хотод үйл ажиллагаагаа эхлүүлж эхний шатанд 10 км-ын бүст байгаа ноходыг хамруулсан бол 2014 он хүртэл нийтдээ 78 мянган нохойг барьж, үржлийг хаах, вакцин хийх үйл ажиллагааг зохион байгуулж,  “Visakhapatnam”  хотоос 400 км тойрог доторх бүсийн ноходыг хамруулжээ. Үүнийхээ үр дүнд  “Andhra Pradesh”-ийн бүс нутаг нохойнд хазуулж, галзуу өвчин тусаж нас барсан нэг ч тохиолдол гараагүй юм байна. Мөн нохойнд хазуулсан тухай гомдол 30 дахин, нохой дайрсан тухай гомдол 6 дахин буурсан гэх зэрэг эерэг тоон үзүүлэлтүүд гарчээ.

1e3e6702-c26b-43ee-85fa-ae51458abacc,75362-336123e1f15c7b0e842fad286f404184.jpg.jpg

Гарц

Монгол Улсын нөхцөл байдлын хувьд золбин нохойн тоо толгой өсөх гол шалтгаан нь хашаандаа тэжээж байгаа эм ноход буудлагад өртөлгүйгээр жилдээ хоёр удаа гөлөглөж, нийд 10-12 гөлөг гаргадагт оршино. Эдгээр гөлөг нь гудамжинд гараад золбирч, эцэстээ буудлагад өртсөн ч 100 хувь бүгдийг устгаж чаддаггүй. Яг энэ байдал жилээс жилд үргэлжилсээр байгаа учраас золбин ноходын тоо буурахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл бид золбин ноходыг буудаад байгаа хэрнээ золбин ноходыг бий болгож буй эх үүсвэрийг ерөөсөө авч хэлэлцэхгүй байгаа юм. Тиймээс хашаанд буюу гэр хороололд байгаа эм ноходын үржлийг зогсоох үйл ажиллагааг нэн даруй эхлэх хэрэгтэй.

Монголд ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг сайн дурын байгууллага ганц байгаа нь “Азтай савар” ТББ. Тэд гудамжны золбин ноходыг тусгай байранд цуглуулж, эм ноходын үржлийг зогсоох мэс засал хийж, вакцинд хамруулах үйл ажиллагааг хийдэг бөгөөд эзэн олж өгөх эсвэл эргээд сул тавих байдлаар үйл ажиллагаа эрхэлдэг юм. Хамгийн гол нь хашаанд тэжээдэг эзэнтэй эм ноходын савыг үнэ төлбөргүй авах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор 150 нохойнд “спэй” буюу үржил хаах мэс засал хийгээд байгаа юм. Хэдийгээр 150 нохой гэдэг бага тоо юм шиг боловч хэрэв энэхүү 150 нохойнд спэй хийгээгүй байсан бол 2 жилийн дараа, 4 жилийн дараа хичнээн золбин нохой гудамжинд нэмэгдэх байсныг тооцож үзье.

Нэг эм нохой жилдээ хоёр удаа гөлөглөж, нэг удаад 6 гөлөг гаргана гээд тооцоход 2 жилийн дотор 100, 4 жилийн дотор 6 мянга давах магадлалтай. /эр эм гөлөгний тоо тэнцүү гарсан гэж тооцоолоход/. Золбин нохойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нэг эм нохой 5 жилийн дотор 50 мянга болж үржих боломжтой байдаг байна.
Тэгэхээр “Азтай савар” ТББ 150 нохойнд “спэй” хийснээр 2020 онд 75 мянга болж үржих байсан золбин ноходыг устгажээ! Нэг нохойнд спэй хийхэд ойролцоогоор 50 мянга орчим төгрөг зарцуулдаг гэнэ.

Золбин нохойнд жил бүр 800 сая төгрөг зарцуулдаг, 500 сая төгрөгөөр нохой шатаах зуух авахын оронд дэлхийн хөгжингүй орнуудын жишгээр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Статистик мэдээнээс харахад жилдээ 50 мянга орчим нохой буудсан гэвэл сүүлийн 5 жилд 250 мянган нохой бууджээ. Жилдээ 800 сая төгрөг зарцуулдаг гэхээр сүүлийн 5 жилд 4 тэрбум төгрөг зарцуулсан байх нь. Энэ байдал ирэх 5 жилд ч дахин давтагдах нь тодорхой. 

Хэрэв 4 тэрбум төгрөгөөр спэй буюу үржил зогсоох хагалгааг хийсэн бол золбин ноходыг үйлдвэрлэсээр байгаа 80 мянган эм нохойн савыг хаах боломжтой байж. Хэрэв ийм хэмжээний мөнгийг 5 жилийн өмнө гаргаад хашаанд тэжээж байгаа 80 мянган эм нохойн үжлийг хаасан бол 250 мянган нохой буудах шаардлага бидэнд гарахгүй, мөн золбин нохойн тоо маш их бага хэмжээнд байх боломжтой байжээ.

Гэхдээ одоо ч энэхүү ажлыг эхлүүлэх боломж бий. Хэрэв эс тэгвээс 5 жилийн дараа бид өнөөх л золбин нохойтойгоо, жил бүр олон зуун сая төгрөг гаргаж нохой бууддаг хэвээр л байх болов уу. Золбин нохойн бизнесийг зогсоож, “спэй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх уриалгыг Хотын дарга Э.Бат-Үүлд дуулгах юмсан даа!

 

 

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө