Өнөөдөр дэлхийн хамгийн олон уншигчтай Азийн зохиолч Haruki Murakami (b 1949) байж магадгүй. Түүний зохиолууд мэдээж өөрийн гэсэн онцлог, бичлэг, дүр дүрслэлтэй. Харин сэтгэлгээний хувьд хэтэрхий түгээмэл. Нэг үгээр япон зохиолчийн хувьд Японы уран зохиолын үндэсний онцлог шинж байхгүй, жааз бар, хөгжим, коктейль, виски заримдаа бүр котлетний тухай сэтгэгдлүүдээр дүүрэн байдаг. Гэтэл 1968 онд Yasunari Kawabata /1899-1972/ -д Нобелийн утга зохиолын шагнал олгох үндэслэлд “Япончуудын оюуны санааны нууцлаг мөн чанар, дотоод мэдрэмж, гоо сайхныг илэрхийлсний" учир гэж тэмдэглэжээ. Магадгүй Haruki Murakami-д Нобелийн шагнал олгохгүй байгаагийн гол шалтгаан “Япончуудын оюун санааны мөн чанарт нэвтэрч” чадаагүйд оршиж байхыг үгүйсгэхгүй.
Тэгвэл Orhan Pamuk (b 1952-)-д Нобелийн утга зохиолын шагнал олгосон үндэслэлд “Шинэ эрэл хайгуул, соёлын эсрэг чанаруудыг холбосон шинэ символ бүтээсэн учир гэж дурдсан байна. Дээрх үгүүлбэрт л Азийн уран зохиолын ОРОН ЗАЙН тэлэлт оршиж байна. Түүнээс биш үлгэрлэн дуурайснаар “дуураймал” зүйл л бүтээхээс өөрсдийн оюун санааны онцлогийг илэрхийлж чадахгүй. Миний илтгэлийн үндсэн санаа ердөө энэ юм.
Азичууд бид Европчуудын амьдралын мөн чанарыг өнгөцхөн дуурайж, тэдний хэв маягтай амьдрал бүтээх гэж мөрөөдөх болсон нь зөвхөн Haruki Murakami-ийн зохиолд ч бус ХХ зууны эцсээс Азийн ихэнх орны уран зохиолд үзэгдэх болсон “үзэгдэл”. Монголын уран зохиолд ч ялгаагүй энэ үзэгдэл давтагдаж байна. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай. Бид тэднээс суралцах ёстой, сайн сайхан үлгэр жишээ, чиг баримжаа авах ёстой. Түүнээс бус хуулбарлан дуурайх ёсгүй.
Өөр нэг асуудал байна. Монголын уран зохиолын өнөөгийн хандлагаас харахад зарим зохиолчид Монгол нүүдэлчдийн амьдралыг л бичих нь чухал гэж ялимгүй өрөөсгөл үзэж байна. Зөвхөн нүүдэлчдын ахуй амьдралын дүр байдлыг бичих бус “НҮҮДЭЛЧДИЙН ОЮУН САНААНЫ ДАВТАГДАШГҮЙ онцлогийг, сэтгэл зүй, гүн ухаан, үзэл санааны өвөрмөц “ЕРТӨНЦИЙГ” нээн харуулснаар Монголын уран зохиолын шинэ зам, Монголчуудын оюун санааны орон зайн шинэ тэлэлт бий болно. Та бүхний илтгэлээс үзэхэд Монголын орчин үеийн уран зохиолын ээдрээтэй асуудал ч ялгаагүй, Солонгос, Турк, Хятад, Япон, Индонез, Бангладеш, Филиппин, Энэтхэг, Тайландын уран зохиолын өнөөгийн хамгийн “хурц” асуудал бололтой.
Ямар ч зохиолч “Сайн мэддэг зүйлээ сайн бичдэг” гэсэн тогтсон ойлголт байдаг. Тэр сайн мэддэг зүйл нь хэл сэтгэхүйн орчинд бүрэлдэж тогтсон үндэснийх нь өвөрмөц сэтгэлгээ, зан заншил, ахуй амьдрал, түүнээс урган гарсан гоо сайхан, үнэт зүйлс. Товчхондоо үндэстэн бүхэнд өөрийн гэсэн сэтгэлгээний давтагдашгүй онцлог буй. Тэр нь тухайн үндэстний орших ОРОН ЗАЙ юм. Түүнээс биш ханбуг өмсвөл Солонгос, кимино өмсвөл Япон, дээл өмсвөл Монгол, баронга өмсвөл Индонез, шервани өмсвөл Энэтхэг, кайс өмсвөл Турк хүн болж байгаа юм биш. Гагцхүү дотоод мөн чанартаа л үндэстний уран сайхны сэтгэлгээ, уран зохиолынх нь мөн чанар хадгалагдаж, түүнийгээ нээн харуулахад л Азийн уран зохиолын “үнэт зүйлс” бүрэлдэж, Азийн зохиолчдын оюун санаа төвлөрөх ёстой болоод байна.
Дэлхий даяараа гадаад үзэгдэх тал нь ижил болж, ижилхэн хувцас өмсөж, ижилхэн сууцанд амьдарч, ижилхэн iphone 7 хэрэглэж, ижилхэн интернет, фээсбүүк, твиттер ашиглаж байна. Ази, Европгүй гадна талаасаа ижилсэж байгаа нь үнэн. Хэрэв бид Европчуудтай адил сэтгэдэг, гоо сайхны таашаал, мэдрэмжтэй болохыг хэт их санаархваас, бидний өвөрмөц давтагдашгүй сэтгэлгээний ОРОН ЗАЙ хумигдана. Яг тэдэнтэй адил сэтгэх боломж байхгүй. Тэдний оюун санааны загварчлалд автаж, өөрсдийн оюун санааны дархлаагаа алдаж эхэлнэ. 2012 оны Нобелийн утга зохиолын шагналыг Хятадын зохиолч Mo Yan (b 1955)-д олгохдоо “Эртний домог түүхийг орчин үетэй холбосон” хэмээн санамсаргүй дурдаагүй гэдгийг анзаарах ёстой. Тэр л онцлогоо хадгалж эс чадваас Азийн уран зохиол маргааш “Хэний ч биш уран зохиол” болж хувирна.
Нөгөө талдаа Азийн уран зохиолын нийтлэг онцлогууд бүдгэрнэ гэсэн үг. Бидэнд нийтлэг гэмээр олон зүйлүүд байна. Хүний үхэх хийгээд дахин төрөх философи, үйлийн үр, бясалгагч чанар, там, диваажин, бурхад, зэнбуддизм, ид шид, сар, эртний домгийн сэтгэлгээнээс улбаатай өгүүлэмж, хайр дурлал, ёс хонзонгийн тухай ойлголтууд зүгээр л нэг “ЗУГААЦАГЧ” чанартай хэвийн сонирхолгүй бичлэгээр солигдвол ямар гунигтай болохыг төсөөлөөд үз. Хүний үхлийн тухай бидний философи, уран зохиолын хамгийн сонирхолтой сэдэв хэвээрээ байна. Ертөнцийн далд нууцлаг зүйлсийн тухай уран сэтгэмж, байгалийн гоо сайхны ер бусын агшнуудыг илэрхийлдэг сэтгэлгээний онцлогоор Ази хүмүүсийг тодорхойлдог. Там диваажингийн тухай уран зохиол Италийн Dante Alighieri (1265-1321)-гаас эхэлсэн юм биш. Азийн бараг бүх оронд там диваажингийн тухай эртний домог, үлгэрүүд бий. Тэдгээрээс, тийм өв уламжлалаасаа, язгуур чанаруудаасаа л бид “Шинэ өнгө төрхөө” бүтээхийг санаархахаас бус бусдын “хашигдмал” болсон сэтгэлгээнээс шинэ юм бүтээж яагаад ч чадахгүй. Азийн сонгодог уран зохиолын өв сан хэдий чинээ “сонгодог” бүтээлүүдээр баяжина, бидний жинхэнэ ОРОН ЗАЙ тэр хэмжээгээр томорно. Түүнээс биш захын хэрэглээнд суурилсан зурагт ном, ухуулга сурталчилгааны ном, амжилтанд хүрэх арга зам, Харвардад сурсан хувийн туршлагаа уран зохиол гэж итгээд тэр тухайгаа ярилцах гэж байгаа бол энд цуглаж, үнэтэй сайхан цагаа үрэх ямар ч шаардлага байхгүй.
Аливаа үндэстний уран зохиолын “эхлэл цэг” нь өвгөд дээдсийн үлдээсэн үлгэр домог, аман хууч яриа, туульсийн зохиолуудтай холбоотой. Хожим ямар түүх, холбоо харилцаа бий болсон нь язгуур эхлэл биш чухамдаа хэн нэгэн дарангуйлагч эсвэл аль нэгэн дарангуйлагч гүрний эзлэн түрэмгийлэл, хүчирхийлэл, гуниг зовлонгийн тухай бичдэг хэмээн Азийн уран зохиолыг төсөөлдөг байдлыг өөрчлөх цаг болжээ. Бид нийгмийн элдэв бэрхшээлтэй асуудлаас илүү Дорно дахины хүний сэтгэлийн дотоод гоо сайхныг, хайр сэтгэл, итгэл үнэмшил, сүсэг бишрэл, эх орныхоо байгаль, жам ёсны тухай ухаарлыг дэлхийд дэлгэх хэрэгтэй байна.
Интернет уран зохиол, сошиал тэмдэглэлүүд, электрон бичвэрүүд гэдэг угтаа жинхэнэ уран зохиолын үнэр ч үгүй оюун санааг загварчлах гэсэн техник оролдлогууд. Энэ бүхнийг жирийн уншигчдын хүсэлд нийцүүлж хөгжүүлэх, сурталчлах ажил уран зохиолын жинхэнэ үйл хэрэг биш. Аль ч цаг үед сонгодог уран зохиол цаг үеэ дагаж, уншигчдын эрхшээлд биш харин хөтөлж, хөглөж, хөгжүүлж ирсэн зүй тогтолтой. Харин “хэрэглээний” бичвэрүүд л уншигчдын түвшинд бичигдэж, тэдний сонирхолд нийцэхийн тулд “хөнгөн зугаацлын” чанарыг агуулж байдаг.
Хэрэв тэр бүгдийг уран зохиол мөн гэж андуурвал дахиад л бидний ОРОН ЗАЙ багасна. Огт орон зайгүй болчихвол эцэст нь юу үлдэх вэ? БОДОЦГООЁ...
2016-06-22 СӨҮЛ