\Зураач С.Заяасайханы тухай\
Монгол уран зургийн ертөнцөд би олон хүнд хайртай. Тэдний нэг С.Заяасайхан. Анх өөрийнх нь зургийг хараад надаас ах хүн байх гэж бодсон юм. Гэтэл үхэр хонин жилтэй, үе тэнгийн хүн байж билээ. Зургууд нь нэг л сэтгэл татам. Гол нь түүний зургууд, тэр эмэтэйчүүдийн нүд, нүүр царай. Хэрэв анзаарсан бол монгол хүний уугуул төрх гэхээсээ зөвхөн С.Заяасайхан зураачийн нээсэн давтагдашгүй нүүр царайг олж хардаг юм. Шулуун хамар, улаан хацар, сиймгэр нүдний харц, шанх, чих, ээмэг гээд нарийн жижиг зүйлүүдийг ч тэр их анхаардаг. Нэг зурагт нь бүсгүй хүн, морь хоёрын харцыг яаж эсрэгцүүлснийг хараад ав адилхан зүйлийг яаж ингэж давхцуулан илэрхийлж болдгийг гайхаж билээ. Манайхаар бол асар хүчтэй сэтгэлгээтэй уянгын яруу найрагч юм. Манайх гэдэг нь уран зохиолд. Тийм хүчирхэг яруу найрагчид хэзээд цөөхөн шүтэн бишрэгчтэй байдаг. Зураач С.Заяасайхан ч магадгүй цөөхөн тооны "ойлгож мэдрэгчдээ" өөрөө өөртөө бүтээж чадсан гэдгийг нь шууд л ойлгоно.
Тэр яг юуг хайгаад яваа нь дандаа сонирхол татдаг. Түүх, уламжлал, өв соёл, домог дотроос монгол өнгө, монгол дүрс хайж яваа юм. Эрлээ тэр бараг олчихсон уран бүтээлч. Одоо түүнд энэ магтаал гэмээр үгс хөнгөднө үү, гэхээс хүнддэхээ аль хэдийнээ өнгөрсөн. Цаг хугацаа, орон зайдаа л төгөлдөр гэдэг. Түүний орон зай өөрийн цагаа бүтээж байгаа юм.
Олон хүн зүгээр л хэн нэгнийг дагаж явдаг. Сүүдэрт нь сууж байдаг. Тэгвэл С.Заяасайхан одоо өөрөө хөтлөгч, өөрөө монгол уран зургийн ертөнцийн сүүдэр юм. Түүний сүүдэрт мөд олон хүн хоргодох болно. Нэг талдаа тийм ч таатай бус мэдрэмж. Харин нөгөө талдаа гарцаагүй тасрах, тойрог үүсгэх гэдэг аль ч цагт гарцаагүй уран бүтээлчдийн гарцаагүй хийдэг үйл хэрэг юм. Тэр цаг хугацаанаас содон агшнуудыг гайхалтай тасалж чаддаг, тасалсан агшнуудаа тун эвтэйхэн өрж тавьдаг. Ямар ч хамааралгүй мэт санагдах ӨНГӨНҮҮД хоорондоо яаж найрсаж болдгийг зөвхөн түүний "дотроос" харах болдог. Хөх дэвсгэр, саарал өнгөнд уусаад орон зайн алслал гэхээсээ орон зай нь ойртолтыг бий болгодог. Түүхэн өгүүлэмж, сэрлийн нэг шугамаар бидэнд бахдам чанарыг мэдрүүлдэг, мартагдсан ой санамжийг нэхэн сануулдаг чанар нь энэхүү зураачийн ертөнц ямар уянгалаг болохыг илтгэнэ.
Саяхан нэгэн өгүүлэлдээ Матиссын "улбар царай", Ван Гогийн "хүлцэнгүй харц" хоёрыг яагаад өнөөгийн уран зурагт бурханы "тэг" гэдэг шиг болчихсон гэж бичсэнээ эргэн санав. Тэгвэл С.Заяасайханы "БЯСАЛГАЛ" хэмээх шинэ ойлголтыг зургууд нь бүтээдэг юм. Түүний дүрүүд бүгд илүү анзаарвал бясалгагч чанартай. Цаг хугацааг, эсвэл өнгөрсөн бүхнийг бясалгаж буй мэт сэрлүүдийг нягт сүлжсэн байдаг. Хэн ч тасалдуулж амжихгүй санагдах гүн бясалгал дотроос эвлэлдсэн дүрс, огцом өнцөгүүд, кубист хандлага, импрессионист гажилтууд ч анзаарагдана. Уламжлал ба шинэчлэл, тэгээд зохицол гэдэг ГУРВАН үгээр С.Заяасайхан уран зургуудыг тодорхойлж болох талтай. Тэр л гурван үг хэлэх гэсэн санааг минь зангидаж, "тэр хэн бэ?" гэдгийг бусдад ойлгуулахад зам мөр болно.
Зураач бүхний гарт бийр будаг нь байгаа. Зарим нь эдлэн газар шиг цэлгэр том урлантай. Хүзүү амаараа ороолт ороож, дугуй малгай духдуулж "загварддаг". Тэр нь зүгээр л хэлбэр хөөцөлдөх явдал. Даанч бийр барьсан бүхэн өнгө бүтээж чаддаггүй. Мөр холбосон бүхэн шүлэг бичиж үлдээж чаддаггүйтэй л адил. Аль үсээ ургуулж, сахал тавиад шүлэг бичиж чадаагүй "оролдогчид"-ыг хэлж барах вэ?
Зураач С.Заяасайханы уужтай монгол эмэгтэйчүүдээс олж хардаг гоо сайхан, цухал бухимдал төрүүлж мэдэхээр тайван амгалан байдал нь дотоод сэтгэлийг нь илэрхийлэх хөгжмийн зэмсэгүүд бүхнийг холбоод үзвэл ердөө л "тайтгарал" бүтээхийг эрмэлзсэнийг нь ойлгоно. Нүүдэл бол цаг хугацааны бэлгэдэл, морьд бол хөдөлгөөн, хөгжмийн зэмсэг сэтгэлийн аялгуу, түүх бол ой санамж, тэнгэр, салхи бол урсгал, онцгой товойх гол дүрүүд бол бясалгалын өгүүлэмж болдог. Ийм л найрсалыг түүний олон зургуудаас уншиж болно. Чухам өөр бас нэгэн давхар шугам Самбуугийн Заяасайханы зургуудаас уншиж болно. Бид орших, бид өөрийнхөөрөө байхад тийм ч их зүйл шаардлагагүй. Зөвхөн өнгөрсөн үеэ гүн хүндлэлтэйгээр анхааран ширт. Тэндээс бидний маргааш, хэний ч бус зөвхөн бидний өнгө гэрэл, зохицол буйг олж харна гэдгийг хэлэхийг хүсэх санаархал. Өнөөдөр БОЛ МАШ ТОМ санаархал. Маргааш ч ялгаагүй. Нүүдэл, цаг хугацаа, ой санамж гурав бол тулгын чулуу шиг хамааралтай, зураачийн хувьд шүтэлцээтэй ойлголт. Аль нэг нь дутуу бол тэд хэзээ ч цогц болж амжихгүй. Цогц биш бол урлаг үл бүтээгдэнэ.
Харин даанч тийм ГУРВАН санаархал нь мэдэгдэхгүй зүгээр л хатад, морьд, нүүдэл, цаг хугацааны өнгө нялсан зургууд өнөөгийн уран зурагт хангалттай бүтээгдэж байна. Олон хүн С.Заяасайханд дуртай байдгийн шалтгаан ердөө энэ байх. Бас олон хүн дургүй байдгийн шалтгаан ч тэр байх.
За одоо эхлэл рүүгээ няцъя. Тэр яагаад уянгын яруу найрагчтай адил вэ? Түүний дотоод байгаль бүхэлдээ уянга. Сэтгэл нь бүрээ, эсвэл саксофон. Өнгө нь борооны дараах чийг даасан үнэртэй. Хавьд л үзэгдээгүй МОНГОЛ намтар уншиж болох өгүүлэмжээр дүүрэн. "Чухам энэ чинь шүү дээ" гэж хааяа уулга алдмаар болгодог чанар. Энэ бүгдийг хамж нийлүүлэхэд уянгын шүлэг л хамгийн түрүүнд сэтгэлд мөр бадгаараа эгшиглэнэ. Тиймээс л түүнийг уран зургийн ертөнцийн уянгын яруу найрагч хэмээн зориг гарган цоллож амжив. Ухаад л байвал ундраад л байх уянга одоохондоо зөвхөн түүнийх. Өөр бас олж хараагүй өнцөг, өөр өнгө бийд би эргэлздэггүй.Шагшмаар юм байхгүй юм шиг анхлан санагдана. Жаахан тогтоод анхаарахаар нээгдээд, нээгдээд байдаг чанар зургуудынх нь зугаатай гүн ухаан юм.
Зургуудаас нь ГУРВАН аялгуу дандаа эгшиглэнэ. Нэг нь эртний "язгуурлаг" чанартай. Хаан эзэн Чингисийн "Эртний сайхан" ч юм уу, харин хоёр дах нь Хүрээ дууны эгшигтэй. Хууччуулын "завхай дуу" гэдэг шиг унжиралдсан аялгуу эгшиглэдэг. Эцэст нь буюу гуравдугаарт хуучны пянз санаанд орно. Ямар ч дуу эгшиглэж магадгүй. Гол нь тэр дуу пянзнаас л гадагшилж байгаа нь сонирхолтой. Энэ нь өнөө урлагийн бүтээлүүдийн нэгдмэл чанарт дөхөх үзэгдэл. Зарим онолчдын үзснээр "сонгодог урлаг" гэдэг нь олон урлагийн нэгдмэл чанарыг тээж чадсанд оршдог гэж үздэг. Тэгвэл тийм нэгдмэл чанаруудын шинж С.Заяасайханы бүтээлүүдийн гурван гурвын гурав билээ. Гурван гурвын гурав гэж юу билээ. Угтаа ес болох учиртай. Ес өөрөө ерөөлийн тоо. Хэлний үзэгдлийн хувьд ЁС-ЕС хоёр бол нэг л ойлголт. Авианы л зөрөө. Яагаад нэг зүйл билээ. Монголчуудын хувьд ЕС бол тоо биш ЁС юм. ЁС бол заншил биш Ес юм. Нүүдэлчдийн хорвоо есөөр бүтээж, ёсыг шүтдэг хууль тогтоолтой. Зураач язгуурын хуулиа л дагаж яваа учраас уран сайхны үнэнд улам улам ойртсоор амой. Улам улам нээгдсээр баймой.
Дүрслэлийн орон зайн хавтгайг сонин зүйлүүд дүүргэдэг. Тэдгээр нь хоорондоо хачин уялдаатай байдаг юм. Логик гээч шинжлэх ухаан С.Заяасайханд тийм л хамааралтай биш. Өөрөө өөрийнхөө логикийг бүтээнэ гэдэг тэр. Бүтээж чаддаг нь даанч бүрэнхий ертөнцөд цөөхөн. Тэр л цөөхөнчүүдийн гэрлээр ертөнц арай саруул болдог жамтай.
Тэгвэл маргааш "МАРШАЛ ТУАНД" орчин цагийн монгол уран зургийн ертөнцөд гэрэл нэмсэн нэгэн МАРШАЛ-ын өөр олон өнгө, төрхийг шинээр нээх биз.
Маршалууд хэзээд маршалаараа л төрдөг.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
Жич. Бүтээгчдэд бий болдог нэг хүчтэй мэдрэмж буй. Тэр нь хэр хэмжээгээ олж хардаг. Хийх ёстойгоо ойлгодог. Хийж байгаадаа урамшдаг. Гарцаагүй болохоо гадарладаг. Тиймээс л би өөрийгөө "ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ" хэмээгээд байдаг юм. Ердөө л тэр шүү дээ?