Т. Есөн-Эрдэнэ
Сэтгүүлч

Авлига Монголд “заншил” болоод 10 жилийн нүүр үзжээ

2016 оны 11 сарын 222016-11-22

6c3f17cc-3cd2-4d42-a4b2-2469fc07c6c0,81589-6c1e483e108294d77cfaf208f4e97115.png.jpg

МОНГОЛ ӨРХ ЖИЛД ДУНДЖААР 336 МАНГАН ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГДӨГ

Авлига үнэхээр заншил болсон уу? Бичвэрээ ийнхүү гарчигласан боловч энд авч үзсэн судалгааны огноо 10 жилийн өмнөөс эхэлснийг хэлэх хэрэгтэй байх. Учир нь түүнээс ч эрт бид авлигын торонд хэрэгдэж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Юутай ч “Авлига Монголд заншил болсон” гэж үзэх хандлага олон нийтийн сэтгэлзүйд нэгэнт суужээ.

Азийн сан олон улсын байгууллага, “Сант марал” сангаас Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааг сүүлийн 10 жил тогтмол явуулж байна. Өнгөрсөн хаврын судалгаанаас харахад судалгаанд оролцогчдын 85.5 хувь нь Монголд авлига заншил болсон тухай асуулгад санал нийлсэн хариулт өгсөн байх юм. Анх 2006 оны гуравдугаар сард энэ асуулгыг монголчуудад тавихад 90 гаруй хувь нь “Авлига Монголд заншил болсон” хэмээн итгэлтэй хэлж байв. Жил жилд иргэдийн үзэл бодол дахь энэ хандлага буурч байгаа ч 80 гаруй хувьтай байна гэдэг дэндүү өндөр.

Авлига нэгэнт нутагшсан байна гэдэг нь нөгөө талаар иргэд өөрсдөө авлига, хээл хахууль өгөөд сурчихсан, өгөхөөс аргагүй гэж үздэг болсныг илэрхийлнэ. Энэ оны судалгаагаар нэг монгол өрх жилд дунджаар 336 мянган төгрөгийг хээл хахуульд зарцуулдаг гэсэн тоон утга гарчээ. Жилийн өмнө энэ дүн 277 мянган төгрөг байлаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг, иргэдийн амьжиргаанд нөлөөлж буй санхүүгийн элдэв хүндрэлүүд дээр нэрмээс болж хээл, хахуульд төлөх үнэ ч бас өссөн нь энэ юм. 

ЗАВСАРГҮЙ 9 ЖИЛ АВЛИГАЧААР ЦОЛЛУУЛСАН “ГАЗРЫНХАН” 

Мөн судалгаагаар 2006 онд Монголд хамгийн их авлигад өрдтөг салбар бол “газар ашиглалт” хэмээн иргэд үзжээ. Өөрөөр хэлбэл бүх шатны газрын албад, энэ салбарын ажилтнуудыг судалгаанд оролцогчид хамгийн их авлигад өртдөг гэв.  Дараа жил нь мөн л “газрын албаныхан” авлигад өртөгч эхний таван салбар, байгууллагыг тэргүүлэв. Дараа жил нь ч бас... 

2015 оны судалгаагаар ч дахиад л гайхал “Газрын албаныхан” авлигад хамгийн их автдаг гэж нэрлэгдлээ. Харин өнгөрсөн хавар буюу 2016 оны гуравдугаар сард гарсан судалгаагаар хамгийн их авлигад автдаг байгууллагыг “улс төрийн намууд” хэмээн судалгаанд оролцогчид нэрлэв. Хэдийгээр “улс төрийн намууд” хамгийн их авлига авдаг хэмээн гарсан ч, топ авлигачдын хоёрдугаарт өнөөх газрын албаныхан дахин тодорчээ. Гуравдугаарт уул уурхайн салбар, дөрөвдүгээрт УИХ, тавдугаарт Засгийн газар орж байх юм. 

Судалгааны дүнтэй санал нийлэхгүй байх үндэслэл алга. “Газар ашиглалт”-ынхан яагаад өнгөрсөн 10 жилд ийнхүү авлигад хамгийн их өртөөд байгааг гэрчлэх наад захын мэдээллүүд интернэтээр дүүрэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албаны даргыг өнгөрсөн долдугаар сард баривчилсан. Түүнийг  албан тушаалаа урвуулан ашиглаж 42 айлын газрын урьдчилгаа төлбөр болох 240 сая төгрөг авч байхад нь үйлдэл дээр нь сөхрүүлжээ. Хэдийгээр энэ үйл явдлыг сонгууль угтсан “золиос ажиллагаа” хэмээн хэлэх хүмүүс байсан ч “Газрынхан ер нь авлигачид...” гэх иргэдийн төсөөллийг нотолсон төдий явдал байлаа. 

УЛС ТӨРИЙН НАМУУД АВЛИГАД ХАМГИЙН ИХ АВТДАГ

Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад 2006 оноос хойш анх удаа улс төрийн намууд авлигад хамгийн их өртсөн байгууллагуудын жагсаалтын тэргүүнд нэрлэгджээ. Судалгаанд  Улаанбаатар хот, аймаг сумдын 1300 гаруй иргэн оролцсоноос гадна бүх салбарын анхан шатны байгууллагуудын төлөөлөл болгож 170 гаруй аж ахуйн нэгжийг түүвэрт хамруулсан байна. Тэгэхээр ямар ч байсан улс төрийн намууд авлигад өртдөг эсэх тухай асуултад өмнөх жилүүдэд иргэд бүрэн дүүрэн “Тийм” гэсэн хариулт өгч чаддаггүй байсан бол энэ жил сонгуулийн жил учраас ч тэр үү, цаг үеийн шаардлагаар ч юм уу хандлага ийнхүү өөрчлөгдсөн байх юм. 

Намууд авлигад автдаг гэсэн энэ илэрхий хариулт өнөөгийн улс төрийн намууд, тэдгээрийг толгой эрх мэдэлтнүүдэд дохио болж очих учиртай.
Энэ судалгаа сонгуулиас өмнө хийгдсэн бөгөөд тухайлсан тайлбар хэлэхэд 2016 оны сонгуулийн үйл явц шударга болно гэдэгт судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь эргэлзэж байжээ. Мөн сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, түүний ил тод байдалд олон нийт хамгийн итгэл багатай байсан аж. 

ДЭЭД ТҮВШНИЙ АВЛИГА БА БИД

Эрүүл мэнд, боловсрол, тухайлбал  эмчид төлөх гарын мөнгө, цэцэрлэг сургуульд хүүхдээ оруулах “арын хаалга”-ны хэдэн төгрөгийг Монголд өнөөдөр авлига, хээл хахууль гэж үзэхгүй нүдээ анин бусдын жишгээр төлөөд явах хандлагатай болжээ. Хэдийгээр энэ тун буруу хандлага ч гэлээ бидний тэмцэж, цэгцлэх учиртай хамгийн том авлига бол улс төр, нийгэмд нөлөөтэй этгээдүүдэд холбогдох дээд түвшний авлига юм. 

Судалгааны гол үр дүнг аваад үзэхэд дээд түвшний авлигын нөлөөллийг тодорхойлох нь жирийн айл өрхүүдэд одоо ч хүндрэлтэй хэвээр байгаа аж. Учир нь дээд түвшинд авлига яаж өгч, авалцдаг, тэр нь нийгэмд, ард түмний амьдралд ямар сөрөг нөлөөтэйг иргэд төдийлөн дүгнэж, таамаглаж чадахгүй байгаа юм. 

Дээд түвшний авлига гэдгийг Эдийн засагч Д.Жаргалсайхан нэгэн ярилцлагадаа тодруулж, “Өндөр түвшний авлига сонгуулийн үеэр улам тод томруунаар илэрч байна. Яагаад гэвэл улс төрийн намууд хэнээс ч мөнгө авч болдог. Төрд гарсныхаа дараа авсан мөнгөө ямар нэгэн хэлбэрээр эргүүлэн төлж байгаа. Голдуу албан тушаалд томилох, тендер авч өгөх, тусгай зөвшөөрөл олгох гэх зэргээр хэлбэрээр хариу барьдаг” хэмээсэн удаатай. 

Өнгөрсөн сонгуулиар эрх баригч МАН-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгийн албан тушаал наймаалцаж буй бичлэг задарч шүүмжлэлд өртсөн юм. Гэвч бичлэгт хоолой нь тодрох хүн эхэндээ бичлэгийг хүлээн зөвшөөрч байсан ч, байдал бишдээд ирснийг мэдэв үү гэлтэй мэлзэж эхэлсэн байдаг. Тэрхүү бичлэг эвлүүлэг мөн эсэхэд хуулийн байгууллага тайлбар хэлсэн ч өнөө хэр цахим орчинд түгээж, эсэргүүцсээр байгаа хүмүүс цөөнгүй. 

Дүгнэж хэлэхэд улс төрийн намууд, эрх мэдэлтнүүд, тэдэнтэй холбоотой өндөр түвшний авлига, албан тушаалын хуудуутай наймааг илчилж, авлигын торыг хөвөрдөх цаг хэдийн иржээ. 

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

5 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө