Эсээний тухай эсээ -1

2017 оны 4 сарын 42017-04-04

3f14ad67-2aa9-4494-af57-9a2057f3ff48,17629637_1176794879095651_2691853556303224116_n.jpg.jpg

Нэг. Яагаад Мишель Монтений ихэнх эсээ заавал ямар нэг зүйлийн тухай гэсэн гарчигтай байсан бэ? Хамаг учир шалтгаан нь ЭСЭЭ хамаг бүгдийн тухай өгүүлж болох онцлогтой учраас. Үнэндээ үгийн урлагийн төрөл зүйлүүд дотроос ЭСЭЭ шиг нийлмэл шинэ бүтэц бүтээж чадсан нь ховор юм. Магадгүй энэ чанараараа хэрхэн ангилах вэ гэдэг тал дээр ч хэцүү төвөгтэй байдал орчин цагт үүсгэжээ. Тэгээд ч “ЭСЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?” гэсэн асуултанд бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байгаа нь хэлбэр зохиомж, агуулга хийгээд дүрслэлийн хувьд нийгэм шинжлэл, гүн ухаан, сэтгүүлзүй, уран зохиол, сэтгэлзүй, түүх, байгалийн шинжлэлийн олон шинжүүдийг өөртөө агуулж байгаатай холбоотой ажээ. Сүүлийн үед техникийн болоод математик, физикийн эсээ зэргээр шинжлэх ухааны бүх салбарт нэвтэрчээ. Гэвч зүй тогтол, бичих арга зүйн дараалал, учир холбогдол, дотоод байгууламж талаасаа харьцангуй “тогтсон” ойлголтонд хүрсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Эсээ бичих аргазүйн чиглэлийн бүтээлүүдэд: 

-ГҮН УХААНЫ /шинжлэх ухааны /
-УРАН ЗОХИОЛ-ШҮҮМЖИЙН 
ТҮҮХ-НИЙГМИЙН 
-УРАН САЙХНЫ 
-УРЛАГ, НИЙТЛЭЛИЙН /сэтгүүлзүйн/ 
-ШАШИН- ЗАН ҮЙЛИЙН гэж ангилж үзсэн байх нь түгээмэл. 

Хоёр. Гэвч дээрх ангилал учир дутагдалтай. Эсээ мэдлэгийн бүх салбарт хамаатай тул түүх- нийгмийн эсээг нийтлэл-уран сайхны хэлээр бичнэ. Гүн ухааны эсээ ч ялгаагүй. Зарим судлаачид уран сайхны эсээг бие даасан тусдаа төрөл гэж үзэх боломжгүй гэсэн санал дэвшүүлсэн байдаг. Харин бичлэгийн хэлбэрийн хувьд:

-ЧӨЛӨӨТ ХЭЛБЭРИЙН ЭСЭЭ
-ЧӨЛӨӨТ БУС ХЭЛБЭРИЙН ЭСЭЭ хэмээн ялгаж үзсэн байна. Онолын сэтгэлгээний хүрээнд ЧӨЛӨӨТ эсээ нь зохиогчийн хувийн субьектив шинжтэй. Харин ЧӨЛӨӨТ БУС эсээ нь тодорхой өгөгдсөн сэдэв, агуулгын хүрээнд бичигддэг. Тодорхой стандарт хэмжигдэхүүнд захирагддаг тал байна. Тухайлбал, Харвардын бизнесийн сургуулийн оюутнуудын эсээ 2 хуудсанаас хэтрэхгүй байх ёстой бол ОХУ-ын их дээд сургуулийн оюутнууд эсээгээ 10 хүртэл хуудсанд багтсан бичсэн байх ёстой ажээ. 

Гурав. Орчин цагт сургалтын гэж тодорхойлох болсон эсээний төрөл бий. Бичлэгийн хувьд ЧӨЛӨӨТ хэлбэрийн боловч үгийн тоо, хэлбэр зохиомж нь тодорхой стандарт шаардлагуудад захирагдаж байдаг. Түүнээс гадна эсээг дотоод төрөл зүйлийн хувьд: 
-НИЙТЛЭЛ-УРАН САЙХНЫ ЭСЭЭ
-ШҮҮМЖ ЭСЭЭ 
-УЯНГЫН ЭСЭЭ
-ТЭМДЭГЛЭЛ ЭСЭЭ
-ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ЭСЭЭ 
-ЗАХИДАЛ ЭСЭЭ зэргээр ангилан үзсэн байна. Дэлхийн уран зохиолын түүхэнд өдрийн тэмдэглэл эсвэл захидал хэлбэрийн эсээ бичиж уран бүтээлээ эхэлсэн томоохон хүүрнэл зохиолчид цөөнгүй. Энэ нь бичих арга зүйд анхлан суралцахад хамгийн тохиромжтой бичлэгийн төрлүүд юм. Харин шүүмж эсээний тухайд XIX зууны сүүл үеэс урлаг, утга зохиолын харилцаанд хэвшиж тогтсон байна. Гол онцлог нь нийтлэлийн хэл найруулгын өнгө аяс давамгайлдагт оршино. Товчхондоо шүүмжлэгчийн БИ-д төвлөрч, үзэл бодол, шүүмжлэл, үнэлгээ, задлан шинжлэл, оюун дүгнэлт гэсэн бүтэцтэй байдаг.

ХХ зууны Монголын уран зохиолын өв санд зохиолч Л.Түдэв гуайн баримтат-нийтлэл-уран сайхны эсээнүүдээс гадна Д.Урианхайн гүн ухаан-бодол эргэцүүллийн, Д.Батбаярын зан үйл-бодол эргэцүүллийн, доктор Ч.Билигсайханы шүүмж эсээ, зохиолч С.Эрдэний уянгын эсээ хэлбэрийн бүтээлүүд онцгой байрыг эзэлнэ. Түүнчлин зохиолч С.Лочингийн эсээ роман, Ч.Чимэдийн эсээ хэлбэрийн тууж, доктор Б.Пүрэв-очирын судалбар эсээнүүд, яруу найрагч Л.Өлзийтөгсийн тэмдэглэл эсээ, зохиолч Б.Наминчимэдийн түүхэн эсээ зэргийг дурдаж болно. 

Дөрөв. Сэтгүүлзүйн бичлэгийн төрөлд ч ялгаагүй ЭСЭЭ бие даасан өвөрмөц хэлбэрийг бий болгожээ. Эсээ- ярилцлага, эсээ-сурвалжлага, эсээ-өгүүлэл зэрэг нийлмэл бүтэц бүхий бичлэгийн төрлүүд ч бий болжээ. Баримтад түшиглэсэн, асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан байдаг онцлогоос нь шалтгаалан зөвхөн сэтгүүлзүй нийтлэлд төдийгүй бусад төрөлд ч ЭСЭЭ тодорхой нөлөө үзүүлсэн байдаг. Судлаачид ЭСЭЭ бичлэгийн найруулгын өнгө аясыг харгалзан: 

-ХҮҮРНЭЛ ХЭЛБЭРИЙН ЭСЭЭ 
-ШҮҮМЖЛЭЛТ ХЭЛБЭРИЙН ЭСЭЭ 
-ШИНЖЛЭЛТ ХЭЛБЭРИЙН ЭСЭЭ гэсэн байдлаар ангилан үзсэн тал байна. Энэхүү ангилал нь хэрэг дээрээ эсээ бичлэгийн найруулгын онцлогийг бүхэлд нь тодорхойлж байна. Нөгөө талдаа эхийн найруулгын ХҮҮРНЭМЖ, ТАЙЛБАРЛАМЖ, ТООЧИМЖ, ЭРГЭЦҮҮЛЭМЖ гэсэн хэв мяг ч эсээ бичлэгт шууд хамааралтай. Орчин цагийн эсээ бичлэгийн гол онцлог нь эхийн найруулгын дээрх хэв маягууд нэг эсээнд дагнах бус харин ээлжлэх, салаавчлах байдлаар бүтцийг бүрдүүлдэг. Гэхдээ эсээнд ЭРГЭЦҮҮЛЭМЖ голлох нь тодорхой. 

Тав. Тайлбарламж давамгайлсан бичлэг ихэвчлин түүх-нийгэм, техникийн шинжлэх ухааны эсээнд хамаатай. Тоочимж зонхилсон бичлэг сэтгүүлзүйн нийтлэлийн эсээнд илүү хамаатай. Хүүрнэмж давамгайлсан бичлэг урлаг- уран зохиол, уянгын эсээнд илүү хамаатай. Эргэцүүлэмж давамгайлсан бичлэг эсээ шүүмж, гүн ухаан- яруу найргийн эсээнд илүү хамааралтай гэж үзэх хандлага байна. Дээрх үзэл баримталаас шалтгаалан: 

-ХҮҮРНЭМЖ ЭСЭЭ 
-ТАЙЛБАРЛАМЖ ЭСЭЭ 
-ТООЧИМЖ ЭСЭЭ
-ЭРГЭЦҮҮЛЭМЖ ЭСЭЭ хэмээн хуваасан байна. Үнэндээ хүүрнэмжийг (Х) тэмдэгтээр, Эрггэцүүлэмжийг (E)тэмдэгтээр, Тоочимжийг (Tt) тэмдэгтээр, Тайлбарламжийг (Тh) тэмдэгтээр илэрхийлвэл (X+E+Tt), (X +E +Tt), (E +Tt +Th ) зэргээр цөөнгүй хувьсагч хувилбар үүсч болно. Энэ бүгдээс (E) тэмдэгт буюу ЭРГЭЦҮҮЛЭМЖ бүх л хувилбар дотор байрлаж буйг анзаарна уу. Учир нь ямар ч төрлийн эсээг бүрдүүлэгч хэсэг дотор эргэцүүлэмж үндсэн суурь болно. Зөвхөн гүн ухааны эсээнд хамааралтай гэж үздэг нь учир дутагдалтай юм. Эсээ бичлэгийн нийтлэг хандлагаас ажиглаахад: 

- ARGUMENTATIVE буюу ЭРГЭЦҮҮЛЭМЖ 
- EXPOSITORY буюу ТАЙЛБАРЛАМЖ хэв мягийн эсээ давамгайлдаг.

Зургаа. Энэ бүхний шалтгаан нь эсээний бие даасан онцлог шинжүүдээс шалтгаалж бөйгаа юм. Тэдгээр шинжүүд нь: 
Нэгдүгээрт: - ЗОХИОГЧИЙН ҮЗЭЛ БОДОЛ, ЧИГ ХАНДЛАГААС ШУУД ШАЛТГААЛАХ,
Хоёрдугаарт: - ЗОХИОГЧИЙН ТУРШЛАГА, АЖИГЛАЛТ, ТААМАГЛАЛААС ҮНДЭСЛЭХ,
Гуравдугаарт: - ЗОХИОГЧИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ӨВӨРМӨЦ ХЭВ МАЯГИЙГ ЧУХАЛЧЛАХ, байдлаас шалтгаалан ЭСЭЭ уншууртай, сонирхолтой, үр дүнтэй, ач холбогдолтой болдог гэж үздэг. Дээрх шинжүүд нь "Эсээ хэмжээний хувьд бага, нууцлаг сэдэв, чөлөөт найруулга бүхий зохиол бөгөөд зохиогч хувийн үзэл бодол, туршлага дээр тулгуурлан санаа бодлоо илэрхийлдэг хэлбэр” гэсэн харьцангуй дэлгэрсэн тодорхойолттой ямар нэг байдлаар дүйж байгаа юм. Тэгээд ч Мишель Монтень, Фрэнсис Бекон, Бэн Жонсон нараас хойш эсээ ямар өөр болж хувирсаныг багцаалах аргагүй ч судлаачид дотор нь: 

-УЛАМЖЛАЛТ БИЧЛЭГТЭЙ ЭСЭЭ 
-ОРЧИН ЦАГИЙН ЭСЭЭ гэж ангилж үзсэн тохиолдол байна.

Долоо. Орчин цагийн эсээ, уламжлалт эсээнээс юугаар ялгаатай вэ? Ихэнх судлаачид эсээ бичлэгт БАРИМТЫГ БАЯЖУУЛАХ буюу НЭМЭЛТ ӨГӨГДӨЛ үүсгэх тухай илүүтэй ярих болжээ. Чухам эсээг баримтат тулгуурлан бичдэг. Хамгийн сонирхолтой эсээ баримтыг сайтар сурвалжлан олж, боловсруулж, задлан шинжилж, санааг илэрхийлсэн байдаг. Тэгвэл орчин цагийн эсээ, нэмэлт өгөгдөл буюу МЭДЭЭЛЛИЙН шинжээрээ уламжлалт бичлэгтэй эсээнээс илт ялгардаг ажээ. Орчин цагийн эсээний МЭДЭЭЛЛИЙН шинж нь БАРИМТЫГ ТООЧИХ, БАРИМТЫГ БАРИМТААР БАЯЖУУЛАХ, БАРИМТЫГ ЗАДЛАН ШИНЖЛЭХ, БАРИМТЫГ ҮНЭЛЭХ, БАРИМТЫГ ШҮҮН ТУНГААХ, үе шатуудад ердөө БАРИМТЫГ МЭДЭЭЛЭХ үүргийг тээж байдгаараа онцлог юм. Тиймээс зарим онолчид “ЭСЭЭ БОЛ БАРИМТАД ТҮШИГЛЭДЭГ БИЧЛЭГ” гэж үзсэн байна. Гэтэл цаана хоёр чухал зүйл бий.

Найм. Эсээ зохиогчийн сэтгэл хөдлөлтэй холбоотой. Эсээг сэтгэл хөдлөлгүй бичих нь албан харилцааны бичиг баримт шиг хэвийн тогтонго шинжтэй болгодог. Судлаачид ХОЁР ТУЙЛТ чанарын тухай санаандгүй хэлээгүй. Өгсөх, уруудах, эсвэл байнга өгсөх замаар эсээг сэтгэл хөдлөлтэй бичихийг санал болгосон байдаг. Магадгүй, гүн ухааны эсээг шинжлэх ухааны олон нэр томьёо, гаргалгаа, тооцоолол, график, бүтэц, схемээс салгаж нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой бичих хүсэл, сэтгэл хөдлөлөөс ”ШИНЭ” төрлүүд үүсэн гарсан биз. Үг, үгүүлбэр бүхэндээ сэтгэл хөдлөлөө шингээж бичихийг чухалчилна. Тэр нь ямар ч төрлийн эсээ байж болно.

Ес. Эсээ зохиогчийн ур чадварын илэрхийлэл юм. Яагаад ч юм бэ, ур чадвар- авьяас хоёр ямагт хамт нэг зүйл мэт ойлгогддог. Авьяасын илэрхийлэл бол уран чадвар, ур чадварын илэрхийлэл авьяас юм. Тэгэхээр ур чадвар нь үг сонголт, үгийн мэдрэмж, ур маягийг ашиглах, дүрслэн илэрхийлэх чадвар, бодол санааны төвлөрөл, гүн сэтгэлгээний далайц юм.

Арав. Одоо бидэнд эсээний тухай яриагүй юу үлдэв. Их л олон зүйлийн тухай ярьсан санагдавч юм юм л үлджээ. Тэгвэл үргэлжлүүлээд ярилцах уу, даа.

П.Батхуяг

2017-02-10 PEACE TOWN
 

Санал болгох

40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

7 цагийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

5 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

11 өдрийн өмнө
Залууст залуу нас үлдсэнгүй

“Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна.

14 өдрийн өмнө