Амьдрал-Үхэл

3
2017 оны 5 сарын 52017-05-05

b8f00610-6b12-49e8-8cb6-5c4676838df7,79953.jpg.jpg

/эсээ/
Шарлотто Бронтегийн “Жейн Эйр” романаар энэ жил гайхалтай сайхан кино бүтээсэн билээ. Өмнө нь бас энэ романаар хийсэн хэд хэдэн кино байдгийг мэдэх юм. Гэтэл өмнө нь тэр кинонуудыг үзэж байхдаа би анзаарсангүй юу эсвэл энэ үгүүлбэрийг өмнөх найруулагчид анзаараагүй ч байж болох юм. Жейн Эйрийн охидын сургуулийн найз Элен Бёрнс /өрөвдөлтэйгэр амьсгал хураахынхаа өмнө / “АМЬДРАЛ ДААНЧ БОГИНОХОН ТИЙМЭЭС ӨС ХОНЗОН АВАХАД ЦАГ БҮҮ ЗАРЦУУЛ гэж аав минь номлодог байсан юм” гэдэг дэндүү мэргэн үгийг хэлдэг юм. Үнэхээр амьдрал богинохон гэтэл бид шал дэмий олон зүйлд цаг хугацааг гамгүй үрдэг ажээ. Тэртусмаа өс хонзонд. Хичнээн шүд зууж, өс хонзон санаад эцэстээ яах юм бэ? Юунд хүрэх юм бэ? Хэн ялах юм бэ? Энэ бүхэнд утга учир байна уу? Харамсалтай нь бид хожмын үр дагавар, үйлийн үрийг нь эргэцүүлж бодох ч үгүй амьдралын дэндүү богинохон хугацааг өс хонзогноход зориулсаар... 

Харин энэ үгийг Булат Окуджаев хэлсэн юм. “АМЬДРАЛ БОГИНОХОН, ТИЙМЭЭС АНД НАЙЗ НАРАА ХАЙРЛАЖ, ГЭГЭЭН САЙХАНД ТЭМҮҮЛЖ, УЯРАН ДУУЛЖ, ДУУЛАН ЖАРГАЖ ӨНГӨРӨӨМӨӨР” Үнэн үг шүү? Гэтэл бид анд найз нартаа хүртэл атаархаж, өөрөөс минь илүү гарах вэ? гэхээс шөнө нойргүй орондоо хөрвөөж байх юм. Ухаалаг мэргэн үгс дэргэдүүр минь нэг хөглөрж байна. Бид тэр үгсийг хэрэг болгож цээжлээд хэн нэгэндээ эрдэм болгон гайхуулан ярих дуртай. Гэвч хэн ч тэр үгсийн гүн цаад утгыг, сургамжтай талыг мэддэггүй. Хэн хүнгүй амьдрал богинохон гэдгийг мэддэг атлаа найз нартаа атаархаж, муу муухайд үхэн хатан дурлаж, өширхөн хорсож, хорсон тачьяадаж байна. Өнөөдөр бидний амьдралын энэ олон сүлжилдсэн замууд маргааш ганцхан цэг дээр очно. Тэр нь ҮХЭЛ. Ээлж ээлжээрээ энгэрт очно. Амжиж гавьяа шагнал хүртэгсэд нь шар боронзоор нэрээ бичүүлээд Алтан-Өлгийд нэг их том чулууны доор хэвтэнэ. Амжаагүй нь Нарангийн энгэрт хэвтэх нь тодорхой. Магадгүй насаараа өс хонзон санасан хоёр нэг энгэрт зэрэгцээд хэвтэх ч юм билүү, яаж мэдлээ. Эрт урьд цагийн ийм нэгэн яриа бий. 
Хөдөө хээр жалганд хэвтэж буй хоёр булууны ясыг хараад мэргэн лам “-хөөрхий, хөөрхий энэ хоёр яс нэг нохойных биш юм байна” гэжээ. Дагалдаж явсан шавь нар нь “-багш минь ямар учиртай яснууд вэ?” хэмээн асуухад ”Урьд насандаа байнга байлдаж тулалдаж байдаг хөрш улсын хаад байжээ. Харин энэ насандаа нэг айлын нохой болж төрсөн юм байна. Хөөрхийс нэг идүүрээс угаадас долоож, хачин эвтэй байж дээ? Өмнөх өс хонзонгоо нохойн төрөлдөө цайруулсан хэрэг. Харин дараа төрөлдөө нэг эхээс цуварч төрөх юм байна” гэсэн гэдэг. 

Үүнийг үйлийн үрээс өөр юугаар тайлбарлах билээ. Нэгэн эхээс гэснээс “Жейн Эйр” романыг зохиосон Шарлотта Бронте, яруу найрагч Эмиль Бронте хоёр мөн л нэгэн эхээс цувран гарсан ч ямар их ялгаатай амьдралын зам мөрийг тууллаа даа? ҮХЭЛ-АМЬДРАЛ нь ч ямар их ялгаатай байлаа. Түүнтэй адил бид бүгдийн амьдралын зам мөр тус тусдаа. Мартаж санах минь ч онд ондоо. Даанч хэт улайрсан өс хонзондоо болоод амьдралын олон зүйлийн учир шалтгааныг бүр үхлийг мартаж орхих юм. Тэгээд л АМЬДРАЛ-ҮХЭЛ гэдэг хоёр үгийн хооронд байх тэр цаг хугацаандаа ӨС ХОНЗОН, АТААРХАЛ гэсэн өөдгүй үгнүүдийг хавчуулмааргүй санагдаад байх болжээ. Ийм бодол санаатай цөөнгүй хүн бидний дунд алхаж яваа. Тэднийг бурхан ивээг. Зөв бодол санаатай байсных нь төлөө. 

Орчин цагийн анагаах ухаан ухаанд “үхэл нь аливаа амьд биетийн бие организмийн амьдрал дуусах үе шат юм” гэж тодорхойлсон байдаг юм. Хэрэв анзаарвал энэ үгүүлбэрт “ОЮУН САНААНЫ” гэдэг үг байхгүй байгаа биз. Оюун санааны амьдрал мөнхөд үргэлжлэх зүй тогтол юм бол нохойнд ч гэсэн хүний төрлөө санагалзах ой санамж бий гэсэн үг. Эсвэл нохойноос өмнөх ямар нэгэн амьд биеийн дүрээ санагалзах боломжтой. Миний багадаа тэжээсэн нэг шар хав хүн бүхэнд л эрхэлж, сүүлээ сэнс шиг эргэлдүүлдэг мөртлөө ганцхан хороо хорины байцаагч Ориг гэдэг өндөр хөх өвгөнийг харахаараа галзуурсан мэт догширон аашилдаг байж билээ. Хүүхэд насанд учрыг ойлгоогүй юм. Харин хожим ямар нэгэн үйлийн үрийн гинжин холбоо Ориг өвгөн, шар хав хоёрын хооронд байж дээ гэж бодох болсон юм. Хэзээ ч үл тасрах ийм л үйл заяаны холбоо байдаг ажээ. Тиймээс л АМЬДРАЛ-ҮХЭЛ хоёрын хооронд онцгүй муу үгсийг оруулж амьдармааргүй л байгаа юм. Ядаж хойд насандаа архирч сагсараад байх хав нохойгүй л байхад амьдралын утга учир оршдог байхыг үгүйсгэхгүй. Зарим тань ямар өчүүхэн юмаар амьдралын утга учрыг төлөөлүүлдэг юм гэж бодож магадгүй. Гэтэл амьдралд бидний жижиг сажиг гэж үздэг зүйлс ямар том агуулгатай байсныг хожим мэддэг. 

Харин АМЬДРАЛ- ҮХЭЛ хоёрын хооронд ямар үгс хамгийн сайхнаар зохидог вэ? Мэдээж ХАЙР СЭТГЭЛ, АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСГАЛАН гээд тоймгүй олон үгийг толгой дараалан нэрлэж болно. Гэвч ЖАРГАЛ, ЗОВЛОН гэдэг хоёр үгээс өөр үг үнэндээ байхгүй. Хэрэв жаргахын шалтгаан хангалттай байвал зовохын шалтгаан мөн тэр хэмжээгээр бий. Мөн зовохын шалтгаан хангалттай байвал жаргахын шалтгаан тэр хэмжээгээр бий гэдэг билээ. Амьдралын хамаг учир утга нь зовох, жаргах хоёр ээлжлэн байдагт л оршиж байж болох юм. Дандаа малилзаад явах утгагүйдээ адил байнга хөмсөг зангидаад байх балай явдал гэдэг билээ. 

“Зовохын цагт ухаан, жаргахын цагт сэрэмж чухал” хэмээх мэргэн үгийг би Мопассаны амьдралтай холбож заавал боддог юм. Анх нэрд гарч байхдаа Ги де Мопассан сэрэмж алдаж сонинд хэвлүүлсэн бүтээлээсээ болж шүүхэд дуудагдах хүртлээ “баларсан” гэдэг. Харин тэр үед нь ээжийнх нь эртний танил, түүний багш Густав Флобер өмгөөлж бичсэн нийтлэлээрээ аварч гарсан гэнэлээ. Түүнээс хойш Ги Де Мопассан сонин хэвлэлд ярилцлага өгөх, зургаа авахуулахаас байнга татгалзаж, миний амьдрал бол миний л амьдралд бусдад ямар ч хамаагүй хэмээн асар ”сэрэмжтэй” амьдрах болжээ. Эгээ Галидасын “Үүлэн зардас” найраглал “сэрэмж алдсан нэгэн ягшас хилэнт эзний бошиг зарлигаар” хэмээн эхэлдэг шиг Мопассан дахин “сэрэмж” алдаагүй амьдарсан ажээ. Тэгэхээр ухаантай хүн нэгэн удаагийн алдаагаа дахин давтахгүй байж чаддаг байх нь. 
АМЬДРАЛД жижиг зүйл гэж огт байдаггүй гэснээ батлах гэж Мопассаны тухай бичсэн юм. Тэгвэл ҮХЭЛД ч бас жижиг зүйл гэж байхгүй билээ. Санамсаргүй гэнэтийн үхэлд ч утга учир бий. Хорхой шавьжны үхэлд ч утга бий. Амиа хорлоход ч далдын эсвэл илэрхий нэгэн учир шалтгаан буй гэдэгт эргэлзэхгүй итгэх болжээ. Эртний үлгэрт гардагаар үхрийн эвэрт хатгуулж үхнэ гэж хувь заяагаа мэргэлүүлсэн хаан олон жил үхэр малаас зайлж яваад эцэст нь чихээ ухаж суугаад хэнгэргээ цоолж үхсэн гэдэг. Чихээ ухаж байсан ухуурыг нь үхрийн эврээр хийсэн байжээ. Хонины тойгны ясанд хахаж үхсэн хүн урьд насандаа чоно байсан юм. Цонхон дээр тагтаа өглөө гөвтнөхөөр “хатгаа авч үхсэн хүний сүнс” гэж хүүхэд байхдаа би итгэдэг байлаа. Одоо ч хэвээрээ. Тийм болохоор л АМЬДРАЛ-ҮХЭЛ хэмээх гайхамшигт хоёр үгийн хооронд элдэв муу үгс бус ЗОВЛОН ЖАРГАЛ гэдэг ертөнцийн утга учрыг бүхэлд нь багтаасан хоёр үг гэрэлтэн байгааасай гэж үнэн сэтгэлээсээ хүсдэг билээ. 

АМЬДРАЛ-ҮХЭЛ хоёрын дунд шүү?

2016 он

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

5 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө