Ердөө нэг сарын өмнө УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг баталж, долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Нэмэгдүүлэх татварын дундаас хосломол хөдөлгүүрт автомашин буюу приусын онцгой татварыг нэмэгдүүлэх болсон нь олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж, ард түмний унааны татварыг 6 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдүүллээ хэмээх эсэргүүцэл нийгэм даяар өрнөсөн билээ.
Тухайн үед сөрөг хүчин АН-ын бүлгийн гишүүд приусын татварыг нэмэхийг эсэргүүцэж байсан ч эрх баригчид хүч түрэн баталсан. Харин өдгөө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар“Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ.
Эл хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “УИХ дэмжвэл приусийн татварын хэмжээг Засгийн газар тогтоож, үйлчлэх хугацааг сунгана” хэмээх шийдэлд хүрсэн байна.
Одоогийн УИХ анх байгуулагдсанаасаа хойш өмнөх эрх баригчдын баталсан хуулиудыг цуцалж, шийдвэрийг буцаах үйл ажиллагааг эхлүүлсэн бол одоо бүр өөрсдийн баталсан хуулиа сарын дотор өөрчилж, татварын хувь хэмжээгээр “улстөрийн тоглоом” хийж эхэллээ.
Магадгүй Зөрчлийн тухай хууль санаачлан баталж нэр хүндээ алдаад байгаа Х.Нямбаатар гишүүн ард түмэнд таалагдах хуулийн төсөл санаачилж нэр төрөө сэргээхээр шийдэв үү? Эсхүл Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан ард түмнээс "кок" үнэлгээ авах эрх баригчдын сэдсэн арга заль уу?