Т. Есөн-Эрдэнэ
Сэтгүүлч

Өвгөн шувуун хүүрнэл

3
2017 оны 6 сарын 222017-06-22

19052cf0-e99b-4bc4-bd5a-fb4a1dd89ee8,u1.jpg.jpg

ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР ЗУНЫХАА САРД НЬ...

Монгол уртын дууны үнэт өв “Өвгөн шувуу хоёр” дуу “Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь...” хэмээх мөрөөр эхэлдэг. Гүн ухааны хүүрнэл дуу болох энэхүү ардын уртын дууг Боржигон аялгуугаар 30 гаруй бадаг түрдэг бол Баянбараат аялгуугаар 18 бадаг түрдэг байна. Мөн энэ дууг л дуулчихвал найр наадам задгайрч уригдан ирэгсэд хуруудана уу, дэмбээдэнэ үү хамаагүй болдог тухай уртын дууч өвгөн ах СГЗ Г.Дадьсүрэнгийн ярианаас сонсов. Чухамдаа энэ л дуугаар найр наадмын хатуу дэгтэй байдал өндөрлөдөг байж. Харин найрын эхэнд заавал дуулдаг дуу нь “Түмэн Эх”. Мэдээж халхын зарим нутагт үүнээс өөр дуугаар найр эхлэх нь бий ч ерөнхийдөө “Түмэн эх”-ээр түмэн зүйлийн эхлэлийг бэлгэдэн дуулдаг байж. “Түмэн Эх” болоод “Өвгөн шувуу хоёр” дууны хооронд хэн ч найрыг орхиж гарах ёсон үгүй. Тэр бүү хэл чилсэн хөлөө зөөж, суудал сэлгэхийг ч таашаадаггүй байж. Олон зууны турш Монголын авъяас билэгт дуучдад өвлөгдөн ирсэн эдгээр дуунууд өнөө цагт аялагдаж буй шигээ богино, дутуу дуулагддагүй байж. Тиймээс саяхныг хүртэлх монгол найр наадам боржигон ёсыг эрхэмлэж дор хаяж 3-5 цаг суудлаасаа босолгүй аялгуулан дуулж, айраг сөгнөдөг байсан ажгуу. Энэ нь нэг талаас монгол эр хүний тэвчээр, уудам сэтгэлийг харуулна. Найрын энэ хатуу дэгийг сахиулагч нь найрын дарга. Найрын даргаар суусан хүн тэр өдөр өндөр эрх мэдэлтэй учир дэг ёсыг зөрчсөн хэнийг ч айргаар шахах эрхтэй. Буруу суувал айраг өгнө, шанаа тулвал мөн л өгнө, зах задгай суувал бас найрын даргын шахсан айргийг уух шийтгэлтэй. Ийм хатуу дэгтэй найрлаж, цэнгэдэг байсан нь боржигон найрын хамгийн чухал хэсэг. 

Ер нь уртын дуу доод тал нь гурав, дээд тал нь 74 түрлэгтэй байдаг

“Өвгөн шувуу хоёр” дууны тухай үргэлжлүүлэхэд өдгөө энэ дууг “Жаргалтайн дэлгэр” нэрээр олон дуучин дуулах болсон юм. Ингэхдээ зөвхөн эхлүүлэх төдий аялаад дуугаа жаргааж буй юм. Нэг бадаг дуулахад ч хэтэрхий урт энэ дууг бүрэн эхээр нь дуулахад хэдэн цаг шаардлагатай гэдэг. Хамгийн гол нь гүн ухааны хүүрнэл дууны философийг ойлгоё гэвэл “гүүгл”-дэж хайгаад нэмэргүй. Заавал бүтнээр нь сонсож байж ойлгох вий. Гэхдээ уртын дуу доод тал нь гурав, дээд тал нь 74 түрлэгтэй байдаг болохоор эдгээр агуу том дууг бүтнээр нь сонсох завшаан тэр бүр олдохгүй.  

Өвгөн шувуу дууны хэсгээс сонсож суухад хүний хөгшрөл, үхэл, ядарч зүдрэн хойш, урагш буцах шувууны үг гэх мэтээр ертөнцийн үйл явдлыг энгүүн хүүрнэх нь эгээ л хоосон чанарын том сургааль мэт. 

 “Өвгөн шувуу хоёр” дууны хэсгээс Соёлын тэргүүний ажилтан уртын дууч Д.Адзана, Соёлын гавьяат зүтгэлтэн урты дууч Г.Дадьсүрэн нар дуулсан бичлэгийг хүргэж байна.

Энэ хоёр эрхэм Зуны тэргүүн хөхөгчин могой сарын улаагчин үхэр өдөр буюу билгийн тооллын Шинийн 25-ны өдөр (2017.06.19) Зуун мод хотноо уулзсан юм. Хоёр дуучнаас гадна уртын дууч залуус, уртын дууны урлаг судлаач, алс хол Солонгос улсаас олон жил Монголд ирж уртын дуу судалж буй судлаач, зохиолч, кино уран бүтээлч гээд олон мэргэжлийн хүн энэ өдөр хамт байлаа.   

ДӨМӨНГИЙН ТӨМӨР ЧИНЬ МИНИЙ ИЖИЙН ЭГЧИЙН ХҮҮХЭД

828c0f32-6ffa-4011-999e-27a104580fc4,Capture1.JPG.jpgСоёлын тэргүүний ажилтан Д.Адзана гуай 1935 онд Түшээт хан аймаг Дайчин бэйсийн хошуу Төв аймгийн Баянбараат (өдгөө Баян-Өнжүүл) суманд төржээ. Тэрбээр Монгол уртын дууны Баянбараат дэгээр дуулдаг цөөхөн дуучдын нэг юм. Аялага дэгийн талаар багахан үг энд ивэхэд, Монгол уртын дууг Боржигон, Халх, Зүүн түмэн, Бараан монгол, Баянбараат гэсэн төрлийн аялгуу дэгээр дуулдаг. Аялгуу дэг бүр өөр өөрийн онцлог, арга барил, увидас шидтэй. “Түмэн Эх” дуу л гэхэд аялгуу дэг бүрт, нутаг хошуу бүрт өөрөөр дуулагддаг байж. Зарим үг шадууд нь илэрхий өөр бичигдсэн байдаг. 

Гэвч сүүлийн жилүүдэд уртын дууны аялгуу дэгийн энэхүү төрөлжсөн байдал хэт нэг тал руу хэлбийж, Бараат аялгын дуу мартагдах чигтэй яваад буйд Д.Адзана гуай сэтгэл дундуур суудгаа хэлсэн юм.

Д.Адзана гуайн хувьд цагаан нэхий дээлтэй жаахан хүүхэд байх үеэс эхлэн уртын дуу сурчээ. Түүнд ээж нь “Өнчин цагаан ботго” дууг анх зааж өгсөн байна. Мэдээж Баянбараат аялгын “Өнчин цагаан ботго” нийтлэг аялгуулаад байгаа өнөө цагийн “Өнчин цагаан ботго”-оос дэндүү өөр гэдгийг хэлэх хэрэгтэй байх.  

ca61732e-191a-490a-9a65-c09968d487fe,төмөр.JPG.jpgӨнгөрсөн зууны эхний хагаст Монголд алдар нь түгсэн Бараатын Ц.Төмөр гэх эмэгтэй уртын дууч байлаа. Энэ хүн бол Д.Адзана гуайн үеэл байв. Тэрбээр, “Дөмөнгийн Төмөр чинь миний ижийн эгчийн охин. Ер нь бид удмаараа уртын дууч улс. Ижий минь сайхан дуучин хүн байлаа. Ижийн өвгөн ах бас гайхам сайхан дуулдаг байсан” хэмээн өгүүлсэн билээ. 

 

5 НАСНААС ХОЙШ ДУУЛЖ ИРСНИЙ УЧИР...

f60ebfb3-1e8f-4964-b695-b744ee42cea3,Capture18.JPG.jpgСГЗ Г.Дадьсүрэн гуай 1943 онд Түшээт хан аймаг Дайчин бэйсийн хошуу Тэгшийн хонхор (одоогоор Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг) гэх газар төржээ. Удмын малчин энэ өвгөн анх таван настайдаа уртын дуу дуулж эхэлсэн байна. 

Г.Дадьсүрэн гуай, “Миний хамгийн их дуулах дуртай дуу бол анх сурсан дуу минь болох “Цэвцгэр хурдан шарга” дуу байгаа юм. Энэ дуундаа би хамгийн хайртай. Аав ээж маань салаагүй, таван настайд байхад минь ээж минь надад заасан юм. 13 настай хүрдэг жил “Уяхан Завбатив” дуу(Уяхан Замбуутивийн наран)-гаа заагаач хэмээн Н.Норовбанзад над дээр ирэхэд нь “Цэвцгэр хурдан шарга”-аа заасан ч тэр хүн сураагүй. Гэхдээ яах вэ, “Уяхан Замбуутивийн наран” дуу харин дэлхийн дуу болсон шүү”. 

Би арван хэдтэйдээ Н.Норовбанзад гуайд "Уяхан Замбатив"-ийг заасан заасан юм л даа.

Олон хүн мэддэг ч цөөн хүн ярьдаг энэ түүхийг дахин өгүүлэх нь зүйтэй. Г.Дадьсүрэн гуайн бага залуу насны хичээл зүтгэл, унаган авъяасын үрээр өнөөгийн дэлхий ертөнц “Уяхан замбуутивийн наран”-г үзжээ. Чухамдаа нэрт дуучин Н.Норовбанзад агсанд энэ дууг Г.Дадьсүрэн гуай заагаагүйсэн бол Монгол уртын дуу нэгэн амиар дутах байсан биз ээ.

7ff9b9eb-099b-4360-9fa9-accee444973e,5f3ua3d0pcfa12i1l26sifln4d.jpg.jpgГ.Дадьсүрэн гуай, “Би энийг арван хэдтэйдээ Н.Норовбанзад гуайд заасан юм л даа. Н.Норовбанзад гуай бол тэгэхэд хэдийн алдар нь түгчихсэн дуучин, надаас 12 эгч хүн байлаа. Тэгээд “Эгчдээ энэ дуугаа өгчих” гэж гуйгаад, тэр сонсголтой авъяастай хүн хоёр сонсоод л сурсан даа. Дараа нь харин сурчихаад Н.Норовбанзад гуай Төрийн концертод дуулах гэтэл дарга нар “Яасан сайхан дуу ямар хоцрогдсон үгтэй юм бэ” гээд М.Дорждагва гуайд даалгавар өгч “хасч, янзал” гэж л дээ. Тэгээд л миний мэдэх “Уяхан замбатив” дуу “Уяхан Замбуутивийн наран” нэртэй болж, нэлээд хасагдсан байдалтайгаар ард түмэнд түгсэн. Гэхдээ яахав тэр бол М.Дорждагва гуайн ч нүгэл биш, Н.Норовбанзад гуайн ч нүгэл биш юм шүү.

Анх энэ дууг манай нутгийн Ваанчиг тойн гэж хүн ганцаараа аяладаг байсан юм. Манай эгчтэй суусан хүн юм. Тэр хүн энэ дуугаа барагтай бол дуулдаггүй, хориотой дуу гээд найр наадмаар аялахгүй, морин дээр л дуулж явдаг байсан. Яахав хөөрхий язгууртан хүн болохоор гурван ах нь цаазлуулчихсан, өөрөө бас болгоомжлох нь мэдээж шүү дээ. Тэр үед чинь “болохгүй” үгтэй дуу дуу битгий хэл үг хэлэхэд л шууд хэрэгт ордог үе байсан юм чинь. Тэгээд яахав би жаахан хүүхэд шалсаар байгаад Ваанчиг тойн гуайгаас дууг нь авсан л даа. Надад тэр хүн “За чи найр наадамд огт дуулж болохгүй. Намайг бас өөрийгөө хэрэгт оруулна шүү. Тэр морин дээр, адуун дээр л дуулж бай” гэсэн. Би ч мэдээж үгэнд нь оролгүй яахав. Н.Норовбанзад гуайг надаас энэ дуугаа өгөөч гэхэд нь би бас л сануулсан. Хэрэгт орох вий гэхэд намайг бодвол нэр хүндтэй тэр хүн, “Эгч нь юу гэж хүн хэрэгт оруулахав” гээд дууг заалгаж сурсан юм. Одоо ч гэсэн би “Уяхан замбатив”-ыг өөрийн сурснаар л дуулдаг. Харин тэр жил Н.Жанцанноров гуай надтай уулзахад нь би “Уяханзамба тив”-ийг заахаа болилоо. Нийтлэг дуулдагаас өөр байгаа юм чинь энийг заах хэрэг байна уу. Сурч байгаа хүүхдүүд олонд түгсэн тэр үг аялгуугаар сурахгүй, минийхээр сурчихвал олны дуулдгаас зөрөөд, дутуу буруу дууллаа гэж зэмлүүлэх вий. Тийм болохоор би заахгүй гэсэн юм. Гэтэл Н.Жанцанноров гуай ,Ээ Дадьсүрэн гуай минь та тэр дуугаа өөрийн мэддэгээрээ залууст заа. Тэд чинь нийтлэг дуулдгийг нь ч сураг, таныхыг ч сураг. Ноотлоод авсан юм чинь аль алийг нь аваад явчихаж чадна. Ямар ч байсан та наад дуугаа өөрчилж болохгүй шүү гэж захисан юм." гэлээ.   

Энэ өдөр Төв аймгийн Хөгжимт драмын театрын Уртын дууны дугуйлангийн бяцхан өрөөнөө Г.Дадьсүрэн гуай залуу уртын дуучидтай уулзсан юм. Нэгэн залуу дуучин бүсгүй “Уяхан замбутивийн наран”-г дуулав. Үргэлжлүүлэн Г.Дадьсүрэн гуай ч бас “Уяхан Замбатив”-ээ хэсэглэн дуулсан юм. 

СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙД 

“Монгол уртын дууг морин дэл дээр, хөдөө, шөнө явж байхад, бороо орсны дараа, шуурга тавьсны дараа дуулахад их төвөггүй” хэмээн Г.Дадьсүрэн гуай хэлэв. Уртын дууг тэрбээр хөдөө хээр төрсөн урлаг гэж үздэг байна.  

ea67779b-cfb1-4a5f-8ada-6180e11fbb0f,19225615_1501975863156112_3811813540337195330_n.jpg.jpg

Г.Дадьсүрэн гуай, “Би бол Дайчин бэйсийн хошууны зүүн тал, Сэцэнвангийн хошуу хоёрын зааг дээр унаганы тамганы найран дээр л дуулсаар өнөөг хүрсэн хүн. Хоёр нутагтан гэгчээр Бараатын аялгууны дуугаа ч, халх боржигоноор ч дуулна” хэмээсэн. 

Бараат аялгуу яг хаана үүссэн талаар Монгол Улсын Арслан, уртын дууч Л.Сосорбарам нэгэн удаа, “Бараат аялгууны дуу гэдэг чинь Баянбараат, Өнжүүл, Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан сумын нутгаар дуулагддаг байсан. Бас Гурвансайханы хойд талаар бараат аялгууны дуу бага зэрэг дуулагддаг байсан” хэмээн ярьжээ. 

Харин Д.Адзана гуайн хувьд бидэнд ингэж ярьсан юм.

“Яг нарийн дээрээ манай Баянбараатын алгууг сум бүрийн дуучин дуурайж чаддаггүй юм. Дууны тэр нугалаа мэт нь арай л өөр. Гэхдээ жаахан төстэй дуулах нь бий. Бүрэн сумын Чой гэж хүн байсан юм аа, тэр нэлээд төстэй дуулдаг байлаа. Ер нь тэгээд Бараатын дууг дуулах хүн тун ховорхон гэж боддог юм. Одоо ч гэсэн харахад Бараатын “Түмэн Эх” Төрийн “Түмэн Эх” хоёр бол их өөр шүү” хэмээв.

Түүхээс харахад Баянбараатын аялгуу Монгол уртын дууны ай савд нь арай хожуу буюу 1640-өөд оны үетэй холбогддог. 

Бараатаар дуулдаг дуучин Монголд гарын таван хуруунд л багтана.

Энэ талаар уртын дууч Б.Алтанбаяр, “Баянбараатын дууны онцлог бол ламын уншлага маягийн зүйл. Ер нь шашинтай холбоотой. Монголд шашдир дуу, гүр дууны бүлэг гэж бий. Тэрэн дээр шашдир дуу бол шашинтай холбоотой байдаг. Автайсайн хан Монголд бурханы шашин оруулж ирэхдээ шашнаа хөгжүүлэх гээд ардын ая аялгуунаас нэлээд юм авсан юм билээ. Үндсэндээ бол шашны уншлагад ардын ая аялгууг нэмсэн, улмаар шашны уншлагаас Баянбараатын аялгуу үүссэн гэдэг. Мэдээж дан ганц шашнаас үүссэн гэж болохгүй. Нутгийн сайхан уртын дуунууд, тэдгээрийн үзэл санаанаас үүссэн байж таараа. Товчхондоо уртын дууны тэр сайхан өв аялгуун дээр шашны талын зүйлс нэмснээрээ Бараат аялгууны дуу онцлогтой. Гэхдээ Баянбараатын аялгуу бол нэг талаараа хэлмэгдсэн юм. М.Дугаржав гуай гэж их мундаг түүхэн хүн байлаа. Тэр хүний дуулахыг нь цагдаж, өөрийг нь шоронд хорьж байсан шүү дээ. Тийм учраас шашинтай холбоотой учраас Баянбараат аялгууны дуу өнгөрсөн 70, 80 жилд ихээхэн хавчигджээ. Өнөөдөр ингээд харвал Бараатаар дуулдаг дуучин Монголд гарын таван хуруунд л багтана. Д.Адзана гуай, Г.Дадьсүрэн гуай, н.Өлзийбат гээд хүн байдаг, ер нь цөөхөн дөө” хэмээн ярив. 

Энэ өдрийн төгсгөлд хоёр уртын дуучны хамт Төв аймгийн нутаг Манзуширийн хийдийн өмнө “Сэрүүн сайхан хангай” дууг дууллаа. 1957 оны гал тахиа жилийн зун тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотноо болох Дэлхийн залуучууд оюутны VI-р их наадамд Н.Норовбанзад гуай энэ л дууг дуулж тэргүүн байр эзэлж, алтан медаль авчээ. Тэрбээр амьд сэрүүндээ, “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” хэмээн ярьж байсан гэдэг.

Г.Дадьсүрэн гуай энэ дууны талаар “Сарьдгийн Ногоонжунай гэж шилийн сайн эр 78 модны хэргээр буудуулах ял авчихаад “Сэрүүн сайхан хангай”-г дуулж амь аврагдаж байсан түүхтэй. Ийм сайхан дуу байдаг” хэмээн хэлээд дуугаа эхлүүлсэн юм.

Сэрүүн сайхан хангай дууг Ардын жүжигчин, Төрийн шагналт уртындууч Н.Норовбанзад агсны дуулснаар хүргэе. 

 

Санал болгох

"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

5 цагийн өмнө
Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

7 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

8 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

13 өдрийн өмнө