Хүүхдээ яаж сургавал дээр вэ?

22
2 жилийн өмнө

bca761a0-e75e-4bfb-a9ed-828b42972905,mongolia-nkorea-diplomacy-education-school_eis05_53116919.jpg.jpg

"Жаахан хүүхдийг яаж сургавал дээр вэ?", "Оюун ухааны академийн сургалт, соробанд зэрэг явдаг юм. Одоо танай цагаан толгойн сургалтанд явуулбал яадаг бол?", "Хэдэн настайгаас нь эхлэн хүүхдийг сургавал дээр вэ?", "Та ач зээдээ хэдэн наснаас нь гадаад хэл заах вэ? Би хүүхдээ дагуулаад сургах юмсан." иймэрхүү асуултууд надад олон ирдэг л дээ.

01. Манайхан 6 настай хүүхдийг "Найрамдал", "Юйцай" сургуульд өгөөд ханз үсэг, галиг үсэг хэдэн цагаар хуулуулах хүнд хүчир даалгаварт нухлуулчихдаг. Хажуугаар нь монгол цагаан толгой сургах гэж амаргүй даваатай тулгардагийг би мэдэх юм. Есөн жил тэнд сурсан нэг сурагчийг надад авчирч шалгуулахад бас л санаанд хүрэхээргүй санагдаж байсан шүү. Хамгийн гол нь "Тэр хүү ес арван жилийн турш хичнээн олон хоног хэр зэрэг их юм хуулаа бол? Тэр бүхний үр дүн иймхэн байх гэж үү дээ?" хэмээн бодоход гол харламаар. Гайгүй англи хэлтэй болчихсон хөвгүүд охид энд тэнд олон харагдах болжээ. Хятад болон бусад хэлээр ч өндөр төвшинд хүрэгсэд чамгүй олон л доо. Гэхдээ нөгөө талдаа монгол хэл, монгол ухаан сэтгэлгээ орхигдчихсон байдаг нь нууц биш. Бид чинь юуны өмнө монгол сэтгэлтэй монгол хүүхдээ бэлдэх хэрэгтэй биз дээ гэдгийг бодмоор.

2. Дийлэнх эцэг эхчүүд хүүхдээ математик сэтгэлгээтэй болгоё гэж зорьдог нь тун зүйтэй хэрэг. Би өөрөө хэлний мэргэжилтэй хүн атлаа хувьдаа түүнийг маш их дэмждэг. Гэхдээ математикийн шинжлэх ухааны хатуу хүтүү хэлээр насанд нь ахадсан мэдлэгээр их бөмбөгдүүлсэн хүүхэд дээр өгүүлснээс илүү үр дүн олж хүртэх нь юу л бол? Цөөнгүй эцэг эхчүүд бага балчир хүүхдээ шатарт сайн болгохоор зорьдогийг би бас гадарлах юм. Гэхдээ хар багаасаа шатарт гүнзгий орчихоод түүнээс өөрийг мэддэггүй хүн бэлдчихвэл ямар сайн байх билээ?

03. Миний дээр өгүүлсэн жишээнүүдээс харахад манай эцэг эхчүүд нэг сонирхсон зүйлийг хүүхдэдээ сургах гээд зөвхөн тэр мэдлэгээр сэтгэлийг нь дүүргэж орхидог. Дээрээс нь багш нар болгон дааж давшгүй даалгавраар дараад тэрхүү дүүрчихээд байгаад сэтгэлийн ачааллыг бүр чихэж чигжээд өгчихдөг байдал ажиглагдах болов. Хааяа нэг тийм сэтгэлийн дарамт ачаалал ихэдсэн хүүхэд ээж, аавыгаа дагаад ирэх нь андашгүй байдаг л даа. Харц нь тогтохгүй сүүмийгээд дуу хоолой нь хүртэл бүр цаанаасаа нэг турь муутай сулхан байх жишээтэй.

04. Физикийн багш сурагч болгоноо Ньютон, Эйнштейн шиг хүмүүс болгон бэлдэх юмсан гэдэг гэгээн мөрөөдлийг нь буруутгах аргагүй. Химийн багш ч дотроо ирээдүйн Менделеевийг бэлдэх өнө холын бодол тээж яваа байж мэдэх юм. Тооны багш Гаус, биологийн багш нар ч Дарвингуудыг бэлтгэн гаргахыг мөрөөдөөд дор бүрнээ уралдан дааж давшгүй даалгавраар бөмбөгддөгийг ч ойлгож болно.

05. Дээр нь эцэг эх болгон хүүхдээ ус цас шиг гадаад хэлтэй төдийгүй улмаар ирээдүйн дэлхийн аварга болгох хүсэлдээ хөтлөгдөн бяцхан гараас нь хөтлөөд шатрын клубүүд рүү зорин явааг харахад бахадмаар санагддаг л даа. Би ч гэсэн удахгүй тэдний эгнээнд зээ хүүгээ хөтлөөд явж орохыг мөрөөдөн суудаг. Эцэг эхчүүдийн энэ сайхан санаа гурав дөрвөн настангуудыг "Соробан", "Номтой бамбарууш", "Оюун ухааны академийн" зүг залдаг буй за.

06. Би ч тийм хүүхдүүдийг угтан авч, тосон оруулдагуудын нэг боловч "Хүүхэд хүүхдээрээ байгаасай. Хүүхэд насны баяр жаргалыг эдлэж яваасай. Багш болгон даалгавар өгч, эцэг эх бүрийн илүүдсэн хүсэл балчир үрсэд маань дааж давшгүй их ачаалал болчихоод байгаа юм биш байгаа даа?" гэж зовнидог нэгэн. Тийм болохоороо гадаад хэлний сургалтанд даалгаваргүй, шинэ үггүй, дүрэмгүй хөнгөн арга зүйг номлох болсон нь дээр өгүүлсэн цаг үеийн "Аварга урсгалыг" чадлын хирээр сөрөх гэсэн санаа болой. Ялангуяа "Номтой бамбарууш" сургалтан дээр үсэг ч заахгүй шууд уншуулах аргыг бодож олсон нь дээрх сэдлээс үүдэлтэй юм шүү.

07. Нөгөө талаар дээрх айхтар ачааллын цаад талд "Хүүхэд насны баяр жаргалтай цаг мөчүүдээс хумслаж, хүн байх ёсон, амьдралын утга учир" хэмээх заавал сурч мэдсэн байх учиртай зүйл орхигдоод байгаа нь ч нууц биш. Би "Төгс сургалт" бичлэгтээ хөндсөн Финлянд сургалтын арга харин энэ бүх асуудлыг нэлээд боломжийн төвшинд шийдсэн шиг.

08. Хүүхдүүддээ тэдний ойлгомжтой хэлээр "Сонирхолтой математик", "Сонирхолтой физик", "Зугаатай англи хэл" хичээлүүдийг хөгжилтэй хөнгөн хэлбэрээр заадаг болох юмсан. Сургууль, анги танхим, багш нарыгаа балчир үрс маань өглөө сэрж нүдээ нээхдээ л саначихсан байдаг тийм сайхан орчинг буй болгох юмсан. Манай улс төрчдийн амнаас цөөнгүй гардаг "Боловсролын шинэчлэлийн" үндсэн агуулга үүнд чиглэгдээсэй. Тийм орчинг буй болгож чадвал та бүхний амны уншлага болсон "Хүүхэд болгонд хүүхдийн мөнгийг хүртээ" гэдэг лүндэнгээс чинь илүү жинтэй байж мэдэх юм шүү.

09. "Хүүхдээ яаж сургавал дээр вэ?" хэмээн надад хандаж асуудаг олон залуу эцэг эхэд хандаж хэлэхэд "Гадаад хэлний мэдлэг" хүүхдийн чинь сэтгэлийн орон зайны дөнгөж нэг хувийг эзлээсэй. Шатар, математик, соробан, оюун ухааны академийн сургалт ч ялгаагүй бас л нэжгээд хувийг эзлэдэг. Үлдсэн сэтгэлийн ахуй орны 99 хувь нь хүүхэд насны баяр цэнгэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайр энэрэл, ахан дүүсийн дотно барилдлага, тоглоом наадам, сонирхолтой унших ном, нас сэтгэхүйд нь тохирсон хүүхэлдэйн кино, олон ангит кино . . . зэрэг зүйлс байдаг болоосой .

10. Бид сургуулийн байр сав, багшийн цалин хөлс ярьсаар бүх нийтээрээ хамгийн гол зүйл болох "хүүхдийн дотоод сэтгэл" рүү өнгийж харах чадвараа алдчихсан юм биш биз дээ? Америк, Орос, Хятад зэрэг том гүрнүүдэд Финлянд боловсролтой төстэй шинэтгэлийг хийхэд амаргүй байх аа. Харин гурвахан сая хүнтэй Монгол улсад бол бүрэн боломж бий. "Сэтгэл зориг буй бөгөөс ертөнцөд хэцүү хэрэг үгүй." хэмээх эртний сайхан үгээр энэ бичлэгийг өндөрлөсү.

Санал болгох

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

Билл Гейтс, Марк Цукерберг гээд цөөнгүй алдартнууд дэлхийн топ том оюуны уурхай болсон Харвардын их сургуулийг хаяж орхисон нь дийлэнхи хүмүүсийн хувьд мунхаг тэнэгийн дээд илрэл мэт санагдаж болох.

1 сарын өмнө
Д.Баярхүү: Нийгмээрээ нийгмээсээ хумслагч

Орос, Хятадын эрх баригчид руу хандуулж байгаад л “Биднийг Шанхайн байгууллагад элс гээд шахаад өгөөч дээ” хэмээн ил далд гуйгаад ятгаад хатгаад ч байх шиг!

2 сарын өмнө
Улсын ой санамж

Юань Гэнгийн хэлсэн "Цаг хугацаа бол алтнаас өөрцгүй. Үр ашиг бол амь настай дүйцмүй." хэмээх алдартай үг өнөө хэр хятадад маш алдартай.

4 сарын өмнө