Агаарын бохирдлыг 99 хувь шүүдэг технологитой маскийг хятадын зах зээлд нэвтрүүлсэн Кристофер Доббинг энэхүү “Кэмбриж маск” брэндээ улаанбаатарчуудад нэвтрүүлэх гэж байна. Хүмүүст санхүүгийн асуудал биш, харин муухай харагдах вий гэсэн сэтгэл зовнил нь маск зүүхгүй байхад хамгийн их нөлөөлдөг гэж тэр үзэж байна. Иймд Монголын дизайнеруудын холбоотой хамтарч, үндэсний загвартай маск бүтээхээр зорьжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол таны амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байна вэ?
Би Монголд ирээд удаагүй байна. Харин Хятадад таван жил амьдарсан. 2012 онд Англид Кэмбрижийн их сургуулийг төгсөөд хэдэн сар амьдрахаар Хятадад очсон юм. Гэтэл Азийн соёл миний сэтгэлийг татаж, хэдэн сар маань хэдэн жил болж хувирсан. Би Бээжинд англи хэлний багшаар ажилладаг байлаа. Тухайн үед Хятадад агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэн ч иргэд нь үүний ямар их хор
нөлөөтэйг мэддэггүй байсан. Гудамжинд байшин барилга ч харагдахгүй хэмжээнд очиход л дунд сургуулийн сурагчид өвчлөмтгий, хичээлдээ идэвхгүй болж байгааг би анзаарсан юм. Ингээд, утааны эсрэг маск зүүхийг тэдэнд зөвлөсөн боловч тийм маск худалдаанд байсангүй. Энэ бодит хэрэгцээнд тулгуурлаад би агаарын бохирдлоос хамгаалах маск үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлсэн юм. Би хятадын Олон улсын их сургууль, мөн бусад улс орнуудын сургуулиудын хэрэгцээнд зориулж хүүхдийн маск нийлүүлдэг болсон. Одоо бид эмнэлэг, ЭСЯ-даар дамжуулж маскаа борлуулж байна. Удахгүй олон улсын борлуулалтын сүлжээтэй болох гэж байгаагаа дуулгахад таатай байна.
Маскны төсөл тань хэрэгжээд ямар үр дүнд хүрсэн бэ?
Бид Бээжин хотод утааны эсрэг масктай холбоотой олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Жишээ нь, хятадын дизайнеруудын дунд маскны дизайн гаргах уралдаан зарлаж, шилдэг дизайнтай маскийг бүх насныханд зориулан зах зээлд нэвтрүүлсэн.
Бээжингийн иргэд хэр их маск зүүдэг вэ?
Өвлийн улиралд 10-15 хувь нь өдөр тутамдаа маск зүүдэг. Бээжин 22 сая хүн амтай гээд бодохоор энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Улаанбаатарын хувьд зах зээл хязгаарлагдмал ч агаарын бохирдлоороо Бээжинтэй адил хэмжээнд хүрсэн учраас маск зүүж эрүүл мэндээ хамгаалах нь чухал.
Танай маскны технологийн тухай асуумаар байна. Утааны хамгийн жижиг буюу аюултай UFPs хэсгүүдийг шүүж авах чадвартай юу?
Тийм ээ. Маскнуудын үзүүлэлтийг ойлгож, ялгаж салгах нь чухал. Эмнэлгийн цаасан маск нь агаарын бохирдлыг шүүхэд зориулагдаагүй. Нэг удаагийн маскийг 8-10 цаг ашиглах боломжтой, үүнээс удаан зүүхэд тохиромжгүй. Харин Кэмбриж маск маань 200-300 цаг буюу 3-6 сарын турш өдөр бүр зүүхэд зориулагдсан. Доторх гурван давхар материал нь Английн Батлан Хамгаалах Яаманд химийн, цөмийн, биологийн аюулын эсрэг хамгаалалтанд ашигладаг материал юм. Энэхүү дэвшилтэт технологи нь агаарын бохирдлыг дээд зэргээр шүүж, бактери устгах чадвартай. Мөн чийгийг бууруулах хавхлагтай. Маскийг 3-6 сарын турш савантай усаар угааж, ахин ашиглах боломжтой.
Танай маск ямар нэгэн стандарт, гэрчилгээтэй юу?
АНУ-ын N99 стандартыг хангасан. Энэ нь агаарын бохирдлыг 99 хувь шүүх чадвартай болохыг баталгаажуулсан стандарт юм. Манай маск Европын холбоо, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятадын шалгуурыг давж, стандартын болзлыг нь хангасан. Бид Англи, Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг. Гэхдээ ихэнх хэрэглэгчид маань Азид байдаг учраас тэдэнтэй ойр байлгах үүднээс үйлдвэрлэлийнхээ дийлэнх хэсгийг Хятадад байршуулах болсон. Бид үйлдвэртээ өндөр шаардлага, стандартыг баримтлан ажилладаг.
Кэмбриж маск Монголд хэдэн төгрөгөөр худалдаалагдах вэ?
28 доллараар буюу 68,000 орчим төгрөгөөр борлуулна. Үүнээс гадна бид сайн чанарын шүүгчтэй энгийн маскуудыг 19,000 төгрөг гэхчлэн боломжийн үнээр худалдаалах бодолтой байна.
Английн түүхэнд агаарын бохирдлын асуудал хөндөгдөж байсан уу?
Лондонгийн хувьд агаарын бохирдол асуудал байсаар ирсэн. 1950-иад онд одоо үеийн Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдолтой адил хэмжээнд хүрч, хэдхэн хоногийн дотор олон мянган хүн нас барсан гашуун түүх бий. Үүнээс хойш 20-30 жилийн хугацаанд төр засаг, иргэдийн нийгэмлэгүүд хамтарч агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрсэн. Гэвч уг асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. Өнөөдөр Англид агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлж буй талаар судалгаа хийгдэж байна. Тухайлбал, агаарын бохирдлыг демента буюу ой санамжаа мартах өвчин, аутизм, шизофренитэй холбох болжээ. Манай анагаах ухааны их сургууль 20 жилийн турш 125,000 сувилагчийн дунд судалгаа явуулаад, агаарын бохирдол ихтэй газарт ажиллаж амьдарч байсан сувилагч ээжүүдийн хувьд аутизм, эсвэл шизофренитэй хүүхэд тээх тохиолдол нь хоёр дахин илүү байсныг нотолжээ. Иймд агаарын бохирдол бол маш хүнд асуудал юм. Ялангуяа жирэмсэн эхчүүдийн хувьд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болоод байна.
Лондон хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулсан бэ?
Лондонгийн иргэд цахилгаанаар ажилладаг машиныг сонгож, нүүрснээс татгалзаж, байгалийн эрчим хүчийг ашиглаж, хог хаягдлаа хянаж, ялгадаг болсон. Энэ бүхэн агаарын бохирдлыг аажмаар бууруулсан юм. Улаанбаатарын хувьд агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Иймээс нэг цогц шийдэлд хүрнэ гэдэг хэцүү. Газ руу шилжих боломж бий ч энэ нь өндөр өртөгтэй болно. Өнгөрсөн өвөл л гэхэд Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс тав дахин илүү байсан. Гэтэл Бээжингийн агаарын бохирдол дэлхийд хамгийн ноцтойд тооцогддог шүү дээ.
Та Монголд агаарын бохирдлын эсрэг кампанит ажил эхлүүлсэн гэсэн. Таны зорилго болон хүлээлтүүдийг сонсмоор байна...?
Би хүмүүсийг маск зүүж эрүүл мэндээ хамгаалаасай гэж хүсч байна. Хятадын хойд хэсэгт амьдардаг иргэд өмнө зүгийн иргэдээс 5,5 дахин богино наслах магадлалтай байдаг. Үүнд агаарын бохирдол л нөлөөлж байна. Тэгэхээр өдөр тутамдаа маск зүүснээр өөртөө нас нэмнэ гэж ойлгоход хилсдэхгүй. Өөрөөсөө гадна хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй. Учир нь, хүүхдийн уушги бүрэн тэлж, хөгжиж амжаагүй байхдаа агаарын бохирдолд өртөж байна. Агаарын бохирдлын PM2,5 гэх хамгийн бэсрэг хэсэг уушгинд ормогц цусанд хар тугалгаар илэрдэг.
Хүүхдүүд эндэж буйн дийлэнх шалтгаан агаарын бохирдолтой холбогдож байна. Таны төсөлд хүүхдийн эрүүл мэндэд зориулагдсан хэсэг бий юу?
Бид боломжит олон хувилбарыг судлаж байгаа. Монголын зах зээлд зориулсан бүтээгдэхүүнээ хамтрагчид, эсвэл хөрөнгө оруулагчидтай нийлж гаргах хүсэлтэй байна. Ингэвэл бид маск худалдан авах боломжгүй гэр бүлийн хүүхдүүдэд, асрамжийн газруудад хандивлах боломжтой болно.
Таныг Монголын дизайнеруудын холбоотой хамтраад маскны шилдэг үндэсний загварын уралдаан зарлах гэж байгаа тухай сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
Бид монголын уламжлал, фэшнтэй холбоотой маскны загвар гаргахыг хүсч байна. Шилдэг загвартай маскууд Монголд худалдаалагдахаас гадна гэр хорооллуудаар үнэгүй тараагдана. Муухай харагдана гэдэг утгаар хүмүүс маск зүүх дургүй байдаг. Тэгвэл бид энэ ойлголтыг үгүйсгэж, маск зүүлээ ч загварлаг харагдаж болохыг батална.
Таны Бээжинд хэрэгжүүлсэн төсөл хятадын иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж чадсан гэж боддог уу?
Бид буяны үйл ажиллагаа их явуулдаг. Саяхан Чифан буяны байгууллагад 700 ширхэг маск хандивлахаар болсон. Тус байгууллага нь маск зарж олсон орлогоосоо хараа муутай хүүхдүүдэд зориулж нүдний шил авахад зарцуулах юм. Үүнээс гадна бид өнчин, гэр оронгүй хүүхдүүдийг халамжлагч Roundabout Charity байгууллагатай хамтран ажилладаг.
Хятадуудын эрүүл мэндэд Кэмбриж маскийг зүүснээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ. Энэ чиглэлээр та бүхэн судалгаа хийсэн үү?
Саяхан зүрхний цохилт дээр маш сайн судалгаа хийснийг би харсан. Бээжингийн III тойргоор масктай болон маскгүй бүлэг хүмүүсийг гүйлгэхэд цусанд хуримтлагдсан хар тугалганы түвшин маскгүй гүйсэн хүмүүст харьцангуй их байсан.
ДЭМБ-аас таамаглаж буйгаар 10 жилийн дараа гэхэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрнэ гэсэн. Харин таны бодол...?
Тийм ээ. Энэ бол дэлхийн хэмжээний сорилт. Ухаалаг технологи дэлхийг маш их өөрчилсөн боловч бид 1800-гаад оны үед эрчим хүч олборлоход ашиглаж эхэлсэн хуучин аргаа л хэрэглэж байна. Монгол, Хятад гэлтгүй Польшид ч гэсэн эрчим хүчний 80 хувь нь нүүрснээс гаралтай. Нүүрсийг ухаж гаргаж, хэрэглэхэд амар, салхи, нарны эрчим хүчтэй адил зогсчихдоггүй, найдвартай учраас үүнийг илүүд үзэх нь гарцаагүй. Дэлхийд нүүрсийг даван дийлэх эрчим хүчний арга одоогоор байхгүй ч агаарын бохирдлыг цэвэрлэх арга зам олохыг хичээх болсон. Жишээ нь, ТЭЦ-ийн янданд бохирдлыг шүүдэг цэвэрлэгч суурилуулж байна. Харин Монголд айл гэр болгон зуухтай учир энэ асуудлыг шийдэхэд илүү бэрх байгаа болов уу.
Ярилцлагыг: З.Золбоот
Гэрэл зургийг: О.Мягмардорж
Эх сурвалж:
"НийслэлGuide" №65/ 2017 аравдугаар сар