Б.ҮНЭНБАЯР. Тэрбээр арьсан эдлэл, тэр дундаа арьсан цүнхийг залуусын хэрэглээнд нэвтрүүлж,хэрэглэгчдэдээ импортын бараа бүтээгдэхүүнийг орлохуйц чанар, дизайн, сэтгэл ханамжийг бэлэглэдэг.
Миний тухай
Би багаасаа зурах дуртай, зохион бүтээх хообийтой байсан. 2012 онд ШУТИС-ҮТДС-ийг арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч, инженер мэргэжлээр төгссөн. Анх арьсан урлалын мастер багштайгаа зөвлөлдсөний үндсэн дээр энэ мэргэжлийг сонгосон юм. Суралцах явцдаа том хэмжээний наадмуудад амжилттай оролцож, төгсөх дамжаандаа өөрийн брэндийг үүсгэх талаар мөрөөдөх болж, LIVON брэндийнхээ нэр, логог зохиосон.
LIVON брэндийн онцлог
Оюутан үеийн оргилсон их хүсэл тэмүүлэл, “би чадна” гэсэн итгэлдээ тулгуурлаж брэндээ үүсгэсэн. Анхны бүтээлүүд маань өөрт төдийгүй тодорхой бүлэг хүмүүст таалагдсан нь цаашид үргэлжлүүлэх эрч хүчийг өгсөн. Тархиндаа бодож боловсруулсан дүр зургийг нүдэнд харагдаж, гарт баригдах бодит бүтээгдэхүүн болгох, деталь болгонд нь ур ухаанаа шингээх тэр мэдрэмж хамгийн сайхан. Логоноосоо эхлээд брэндийн маань өнгө аяс сонгодог хэв шинжийг хадгалж ирсэн. Бүтээгдэхүүнүүдээ хүмүүсийн хэрэглээнд нийцсэн байхаар загварчилж, хэрэглээ ба загвар дизайнаар дамжуулан хэрэглэгчийн дотоод ертөнцийг илэрхийлж, хэв маягийг нь тодорхойлохыг зорьдог. Энэ бол манай брэндийн бусдаас ялгарах гол үзүүлэлт юм.
Бүтээгдэхүүн төрөх үе шатууд
Бид багаараа ярилцаж, төлөвлөж, судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүнийхээ санааг гаргадаг. Нэгэнт санаа гарсан бол эхний үлгэр хийгдэнэ. Үүний дараа хэрэглэгчдийн санал бодлыг сонсож ахин засварлах бөгөөд хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн гэж үзвэл эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн төрөх үйл явц нь загвар зохион бүтээгч үлгэр, загвараа гаргах, эсгүүр хийх, оёдол цэвэрлэгээ гэх мэт шат дамжлагаар явагддаг.
Миний урам зориг авдаг зүйлс
Ихэвчлэн ганцаараа байхдаа элдэв зүйл бодож байгаад дизайны шинэ санаа олдог. Бас том брэндүүдийн загвар, коллекцуудаас технологи, дизайны шинэ шийдлүүдийг олно. Зарим хүмүүс гайхалтай сайхан санаа өгнө. Хөгжим, уран зураг гээд санаа сэдэл төрүүлэх олон зүйл бий. Энэ бүхнийг би шууд л туршиж үзэхийг хүсдэг. “Би үүнийг хийж чадна” гэсэн итгэл төрөх үед тухайн загварын деталь хэсгүүд, технологи бүр нь тархинд минь аль хэдийнэ боловсорчихсон байдаг.
Epoch, би чамд хайртай!
Саяхан Epoch нэртэй цүнхний шинэ загвараа худалдаанд гаргалаа. Уг бүтээгдэхүүн дээр бид багаараа бүтэн гурван сар ажилласан юм. Маш их энерги, цаг хугацаа зарцуулсан болохоор энэ бүтээгдэхүүндээ хайртай. Epoch бол шинэ мянганы бизнес эрхлэгч залууст зориулагдсан, гурван цүнхний хэрэглээг нэгтгэсэн шийдэлтэй, товчхондоо хүний хэрэгцээт эд зүйлсээс нэгийг нь ч үлдээлгүй багтаахаар бодож хийсэн арьсан цүнх юм.
Миний ирээдүйн төлөвлөгөө
Би хувийн ур чадвар, мэдлэгээ ямагт дээшлүүлэхийн төлөө чармайдаг. Хэтийн төлөвлөгөө гэвэл, брэндээ дэлхийн түвшинд хүргэж, үндэсний томоохон экспортлогч болох. Үүний эхлэл болгож гадаадад, тэр дундаа арьсан эдлэл өндрөөр үнэлэгддэг Япон улс, Европын орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах талаар хүмүүстэй холбогдоод эхэлчихсэн байгаа. Мөн LIVON брэндийн үзүүлэнгийн танхим нээх, брэндийн бие даасан фэшн шоу хийх төлөвлөгөөтэй байна.
Epoch цүнх
Нийтлэлийг: Т.Гүндэгмаа
Эх сурвалж:
"НийслэлGuide" №65/ 2017 аравдугаар сар