СОЦИАЛИЗМЫГ ӨМӨӨРӨХ ӨНЦӨГ БИЙ...

7
2017 оны 11 сарын 62017-11-06

effe51d2-2a0b-4af2-a76f-9a943514e4f5,Соц.jpg.jpg

Соц үеийн алдаа завхарлыг гайхан шагширдаг, бүр үзэн ядаж, өш авах гэж буй мэт аашилдаг хүнтэй би огтхон ч санал нийлдэггүй ээ. Тэр үед алдаа завхрал байсаан, түүнийг үгүйсгээгүй. Бүгдийг нь цагаанаар будах ч гээгүй. Гэхдээ... 

Соц үеийн 70 жилийн түүх бол монгол үндэстний түүхэн дэх нэгэн сэргэн мандалтын үе гарцаагүй мөн юм. Эрүүл саруул сэтгэдэг түүхч, ер нь хэн ч бай, үүнтэй санал нийлэх байх гэж найдна. Энэ он жилүүдэд бидний олсон амжилт нь том суурь хүчин зүйлс байлаа. Тусгаар Тогтнолоо баталгаажуулж чадсан. Энэ нэн эрхэм. Харин түүнийхээ төлөө нэлээдгүй өртөг золио өргөсөн. Өртөггүй үнэт зүйл, тэр дундаа Тусгаар Тогтгол гэж хаана ч үгүй. Хэдэн мянган лам, сүм хийд, өв соёл. Гэхдээ энд ч бас лам сүм хийдийн асуудлыг өнөөдөр огт өөр өнцгөөр эргэж харах шаардлагатай. Ярих зүйл бишгүй бий. Юутай ч Тусгаар Тогтнол бол нэн чухал байв. Түүнгүйгээр юу ч, өнөөдрийн хийрхүү ардчилагчидын ямар ч сайхан үг хов хоосон байх болно.

Удаад нь хүн амаа огцом өсгөж, эрүүлжүүлж, бас боловсролтой болгож чадав. Энэ том амжилт биш гэж үү. Тэгэж хүн ардаа алж хядаад бараад дуусгаад байсан юм байхгүй ээ. Ерөнхий дүнгээр нь харвал хэд дахин өссөн байдаг юм. Нүдээ нээгээд харах хэрэгтэй, дөрвөн аргын тоо мэддэг бол өссөн, хэлмэгдсэн хоёрын тоог нэмээд хасаад үзэх хэрэгтэй.

Мөн улс ардын аж ахуй, хөнгөн хүнсний болон аж үйлдвэрийн бүхий л салбарын суурийг тавьж чадсан. Арьс ширний, нэхий нэхий эдлэлийн, эсгий эсгий гутлын, сүлжмэлийн, ноосны, шил шаазангийн, гутлын, шевроны, оёдлын, байшин угсрах, цемент, бүр нефтийн үйлдвэртэй хүртэл болоод амжсан байв. Зөвхөн гутлын үйлдвэр л гэхэд жилдээ 3,5 орчим сая хос гутал үйлдвэрлэж, заримыг нь экспортолдог байсан. Мэргэшсэн ажилчны давхарга бий болсон. 230 гаруй сум сангийн аж ахуйнууд улс орны өнцөг булан бүрд байгуулагдаж, хэд хэдэн хот, хотхонуудыг цоо шинээр бүтээн босгосон. Үр тариагаа, хүнс хүнсний ногоогоо дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй заримыг нь гадагш худалддаг ч байв. Мэдээж хэрэг эдийн засгийн үр ашиг, технологийн асуудлууд дээр бэрхшээл, алдаа дутагдлууд бий. 

5e552c2e-6601-49bb-8e62-1726abeed432,23172717_1638533672833663_6537732808980724874_n.jpg.jpg

Ер ингэхэд соц системийн орнуудаас хамгийн их хожсон нь манай улс. Ялангуяа зүүн европын орнуудтай харьцуулахад бидний юутай байгаад юутай болсон нь үнэхээрийн тэнгэр газар шиг ялгаатай байв. 

Эрдэм судлал, оюуны салбарын бүх суурь тавигдав. Юу юу юм бол гэж мэдэхгүй хүмүүс гайхаж магадгүй. ШУА, Их дээд сургуулиуд, Боловсрол, судалгаа, шинжилгээний байгууллагууд, төрөл бүрийн лаборториуд, ном хэвлэл, зохиолчдын болон орчуулагчдын байгууллага, элдэв хүрээлэнгүүд, бүр одон орон судлалын оргил хүртэл дахин шинээр байгуулсан. Янз бүрийн эрдэм судлалын судлаачид, эрдэмтэд олноор төрж, дээд боловсролтой сэхээтний гэгдэх бүхэл бүтэн давхарга ч бас бий болсон. 

Товчхондоо улс оронд хэрэгтэй, байх ёстой бүхнийг бий болгосон юм. Тоо баримтууд дурдвал нэг коммет бүү хэл хэдэн боть номд багтахгүй их бий. Энэ бүхнийг амжилт гэдэг. Сэргэн мандалт гэдэг юм.

Ю.Цэдэнбал хэмээх энэ хүн бол яах аргагүй тэрхүү сэргэн мандалтын эрин үетэй бүрнээ холбоотой, ачаагаа нэр төртэй итгэл дүүрэн үүрч гарсан, монгол үндэстний бахархал, үнэт зүйлсийн нь нэг болсон хүн. 

Удирдагч жолоодогч хүнийг юугаар нь үнэлдэг вэ гэвэл, хүрч чадсан цэгээр нь үнэлдэг. Хөлгийнхөө жолоог баттай барьж, зарим үед дайвж, гуйвж байсан ч чигээ алдалгүй зорьж, хүрэх газраа хүрч чадсанаар нь. Түүнээс биш зам зуурт нь шуурга дайрахад тавцан дээрээс шидэгдсэн, эсвэл хугарсан шургаа засахаар авираад золиослогдсон далайчдын тоогоор, тэдний ар гэрийнхний эмгэнэл зовлонгоор Их удирдагчийг үнэлдэггүй юм. 

Хэрвээ тиймсэн бол Оросууд Их Петрээ, Америкууд Вашингтоноо, Хятадууд Ши Хуандигаа одоо харааж суух учиртай болно. Тиймээс л Их Петр хүчирхэг орос гүрний суурийг тавих явцад хичнээн олон эр цэрэг эрсдэж, ард олон зовж, хэлмэгдэж, дүүжлүүлж байсныг гайхан шогширдоггүй юм. Харин түүнийг Их Перт хэмээн бахархан хүндэлдэг. Тэр бахархал, хүндэтгэл нь үндэстний оюун санааны нэг цэвэр тунгалаг ундарга нь болж байдаг юм. 

Ардчиллын гажуудал юугаар илэрсэн бэ гэвэл юуны өмнө үндэстнийхээ үнэт зүйлрүү дайрцгаасан юм. Үнэт зүйлээ буртаглуулсан ард түмэн талцан хуваагдаж, юуг сайн, юуг муу гэдгээ ялгаж мэдэхээ больж, итгэл үнэмшил, цог жавхаагүй болон уруудан доройтдог. Тэгээд учраа олохгүй үймж бужигнаж байх завшааныг ов зальтнууд, өштөн дайснууд нь овжин ашиглаж, завшиж чаддаг учраас л үеийн үед нэг талаас ард түмэн үндэстнийхээ үнэт зүйлийг хэвээр нь хадгалж эрхэмлэхийн төлөө яг л газар нутгынхаа төлөө тэмцэж буй мэт тэмцэж, нөгөө талаас нь ов зальтнууд, өштнүүд тэр бүхнийг нь үгүйсгэж, гутааж, уллан дэвсчихийн төлөө улайран чардайж ирсэн түүх байдаг. Тийм Түүхэн сургамж байдаг юм шүү. Шүүмжлэхдээ ч учиртай шүүмжилж баймаар санагдах.

Миний бага нас тэнд өнгөрсөн, өнөөдрийн өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх олонхийн хажууд аз жаргалтай эрх тааваараа дутагдах гачигдах зүйлгүй байлаа. Ихэнхийнх маань миний л адил байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гар утас л байгаагүй бол тэр бүдүүлэг хоцрогдол, хөгжилгүй тэнэг явдал биш юм. Угаас тэр үед дэлхий нийтээрээ л гар утасгүй байв. Цагийн юм цагтаа л эрхэм байдаг. 

Бид өнөөдөр өнгөрсөн үеийнхнийхээ цус, нулимс, хөлсөөр бүтсэн хөрсөн дээр зогсож байгаа. Тэдний ололт амжилт бидний хувь заяатай хамаатайн адилаар алдаа ч мөн адил. Тиймээс алдаа эндлийг нь хэтрүүлэлгүй, бодитоор харж, үнэлж шүүн цэгнэж байх хэрэгтэй юм. Тэднийхээ мөрөн дээр гишгэчин байж өнөөгийн өндөрлөгт зогсож буйгаа мартаад, мартах бүү хэл үгүйсгээд толгой руу нь саривал хожмоо бидний толгой дээр ч хойч үе маань мөн адил үйлдэх болно.
.
Хамрынхаа үзүүр дээр суусан ялааг тэмээ гэж хардаг зарим "ардчилсан" нэртэй хүмүүст хэлэхэд, нүдээ нээ, цаг эргэж байгаа, хийрхэл, туйлшралаасаа ангижир гэмээр... Гэхдээ би эргээд социализмаа байгуулая хэмээн уриалж, турхирч буй улаан коммунист биш шүү, өнгөрснөө санагалзан санааширч буй урагшаа гишгэх чадваргүй болчихсон хоцрогдсон нэгэн ч биш шүү. Гагцхүү өнгөрснөө бодитоор шүүе, энэ цаг үеэ ч эрүүлээр эргэцүүлье. 

Хувьчилсан өмчийг эргүүлэн нийгэмчилж, дахиад тэр тоталитор тогтолцоотой хуарангийн нийгмийн байгуулах боломж ч байхгүй. Тийм юмаар хүүхэд нохой айлгадаг,улс төрийн коко үнэлгээ цохидог цаг чинь ч өнгөрсөн шүү. Бид өнөөдөр алдаатай, оноотой ч, ихээхэн золиос өртөгтэй ч алгуурхан урагшилж л байгаа, алдах хэрээрээ бид улам хэрсүүжин ухаажиж, хүчирхэгжиж, туйлшрал, хийрхэлээс бага багаар ангижирч байгаа. 

Хөгжлийнхөө гарц замыг ч уйгагүй эрж хайж байгаа болно. 

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө