"Ай лаа Дүүриймаа"-гаас минь булаачихсан л Батмэнд дээ...

2017 оны 11 сарын 122017-11-12

*** 
Хүнд байнга гунганаж явдаг, энд тэнд найр наадам, наргиа доргион дээр нүүр тахалдаг нэг тийм дуу байдаг даа. Сүлд дуу ч гэх. Миний хувьд "Дүүриймаа" байлаа. 

"Хадтай юу Сүмбэр л ууландаа болбол доо хөө ай хөө
Ай ай лаа, Дүүриймаа минь дээ
Харцага л шувуу нь эргээд л..., эргээд л байна л даа хө" гээд авахаар самсаа шархирч, газар дэлхийгээс тасарч жингүйдээд л явчихна аа. Айдаа, гайхалтай. Мөн ч олон сайн, муу юманд сэтгэлийн хань болж, мөн ч олон удаа... хммм.

Гэтэл ёстой хачин юм болдог юм даа. Бараг гучин жил үнэнч байсан энэ "Дүүриймаа"-гаасаа нэг мэдэхнээ нь сэтгэл хувирчихдаг гэнэ ээ. Яасан гээч, одоо бол..., одоо бол би дөнгөсгүй л 
"Холын сайхан Алтай нутагт минь 
Холбоо нуур ууланд байдагсан" гээд өөрийн мэдэлгүй авч өгдөг болчихсон байгаа юм. Үүний учрыг өгүүлбэл, няднин жил эрхэм дүү, дуучин Хумбагарын Батмэндтэй хөдөө хээрийн урт хол замд ганзага нийлэн нэлээд хэд хоног тэнэв ээ. Халиун, Олонбулаг, Ихэсийн олон хоолойг шувт туулж, Толь, Тунгалаг, Дэлгэр, Гуулин, Өгөөмөрийн индүүдчихсэн мэт толигор талын энгээр тоосруулж, зэрэглээ наадсан Шарга, Хүйсийн их говиудыг хээлж, цасан магнайт Хантайшир, Дарви, Хасагтийн их нуруудыг зоолж, сүрлэг сайхан Цагаанхайрханы орой дээрээс үүлэн хээ татсан Шаргын говийн үзэсгэлэнг шагширч, Алаг, Сутай, Бүс ихийн их хайрханууддаа сүслэн мөргөөд л дуутай, хууртай, зуутай, шуутай, наргиатай хөөрөөтэй, бас жаахан гунигтай, итгэл сэтгэлтэй ч давхив даа. Хайрханы шил дээр Бадам, Ганзоригтойгоо дөрвүүл хонины бэлчээрт сэм уулзсан хөвгүүд шиг элэгдэж хэвтчихээд, өвс зажилж, онигоо ярьж, Их Улааны эх гатлаад Бадамтайгаа гурвуул гараа алдалж, нүдээ аниад умраас хялганы толгой өртөөлөн ирэх Дэлгэрийн их талын үдшийн аялгууг анирдан, Гуулингийн талд Раднаа ахын гитарын цоглог аялгуун дор дуулалдан шуугилдаж, хөөрцгөөгөөд зуны шөнийн богиныг мартаж явав. Чухам тийн явахдаа л энэ дуучин залуугийн аргил даргил, эрэмгий сайхан дуу хоолойд нь ховсдуулж орхихгүй юу. Өөр яахав.

Тэр дундаа Цагаанхайрханы орой дээр Хул морьтын сэрвэн, Гурван Хулд, Тамч, Бүс, Хагийн хоолойг харж суугаад, 
"Холын сайхан Алтай нутагт минь 
Холбоо нуур ууланд байдагсан 
Холбоо нуурыг харан суухад 
Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан.." гээд л авч өгөхөд өнөөх хөөрхий "Дүүриймаа"-гаа шууд мартаж байгаа юм. Өмнө нь энэ дууг цөөнгүй сонсож байсан. Гэхдээ л энэ дууг Батмэнд шиг тийн амьдруулж, гучин жил ханилсан "Дүүриймаа"-гаасаа хүртэл сэтгэл буруултал авна гэж байх уу даа. 

Энэ дуунд гардаг Холбоо нуур бол Бүс хайрханы ар шилээр давах Нүдэнгийн даваан дээр байдаг гэрийн бууриас ихгүй хос хоёр нуур юм. Тэр хоёр нуур яг нүдний шил шиг дээхнүүрээ нарийхан гувилан холбоотой, хүн зориуд ухчихсан ч гэмээр. Тиймээс бас Нүдэн нуур ч гэх. Нүдэнгийн даваа бол багадаа л 3000 метр өндрөөр гарах, хүлэг морин цуцааж, хүний хүүг тэнсдэг даваа. Зургаан сард давж явахад Нүдэн нуурын ус зайрмагтчихсан байх үе бий шүү. Тэнгэр бүрхвэл цас, мөндөрөөр л булчихна. Аргагүй л уулын нуур. Энэ дууны үгийг бичсэн хүн бол "Элс, цас" түүхэн романы эзэн, зохиолч Ш.Шажинбат агсан. Яг тэр нутгийн, Их Алтайн Гурван Хулдын гол, Тамчийн даваа, Бүс хайрхан, Нүдэн, Хаг, Амттайн нуурууд орчмоор нутагтай хүн. Жинхэнэ монгол эрийн хуйх ханхлуулсан, эр хар сур шиг ах байсан даа. Зохиолынх нь баатрууд болох Арсай, Эрболд энэ тэрд бол ер магад Шажин ахын өөрийнх нь зан төрх нилээдгүй шингэсэн гэж надад эргэлзээгүй бодогддог. Ая нь алдарт "Цэнхэр залаа"-г зохиосон Баатарсүхийнх. Тэр бас Алтай нутагт илгээлтээр очиж байсан хүн.

Тэгээд та бүхэн төсөөл дөө. Зогдороо дэвсээд, салхи сөрөн хэвтэж буй цагаан арслан дүртэй Цагаанхайрхан уулын оргил дээр, Бүс хайрханы шил, Нүдэн нуурын онь хөтлийг ширтэнхэн завилж сууцгаачихаад, эр хар сур шиг Шажин ахын сэтгэл ханхийсэн энэ дууг яг энэ Цагаанхайрхан уулын унаган хүү Батмэнд аргил даргил, эрдүү эрэмгий хоолойгоор хүнгэнүүлэн, дүнгэнүүлэн авахаар чинь юм юм л болж байгаа юм чинь. Тэртээ хойноос аварга цагаан заан дүртэй Сутай их уул өндөлзөх шиг, мартаад явсан амрагийн алчууран өнгөт Тонхил нуурын мандал давалгаалах шиг, Дарвийн нуруу сундалдан сэнхэртэж ирээд нааш ханарах шиг, эрээлжилсэн үүлэн сүүдрээр гоёсон Толь, Тунгалагийн тал тэсэж ядахдаа үе үе ээрэм тоосоо хуйлруулах шиг. Ихийн их уулс, уудмын уудам тал говиуд хүртэл тэгэж байхад мань мэт бол яаж тэсэх вэ дээ, аль хэдийнэ аялгуу хөлөглөөд тэнгэрт нисчихэж байгаа юм. 

Тэр цагаас хойш юм л бол "Холын сайхан Алтайн нутагт минь" гээд гунганачихсан зогсох. Тэр бүү хэл айлын найран дээр дуулах гэж үзсэн байгаа юм. Нутгаа санах үед бүр ч их гунганана. Нөгөө гучин жил ханилсан "Дүүриймаа" минь байхгүй ээ. Хүнийг тэгтэл нь, сэтгэлээ хувиргатал нь дуулж байгаа юм. Дууг амьдруулна, амилуулна гэж чухам энэ биз ээ. 

Яг дуу төрсөн нутагт нь, тэр Нүдэн нуур орших газраас холгүйхэн, тэгээд нутгийн хүүгийн сэтгэлээр "Нүдэн нуур"-ыг сонсоход өөр юм билээ дээ. Тэгэхэд хөгжим нь уулын салхин, цэцэгсийн дэлбээний намиа, тайз нь Цагаанхайрханы зоо, заал нь уудам дүнхэгэр Алтай маань, адар нь хөх манхан тэнгэр болж, жинхнээсээ байгал эхдээ, тэнгэр эцэгтээ мөргөн залбирах шиг болсон болоод л сэтгэлийг тийм гүн эрхшээгээ биз ээ.

***
Манийг энэ нутагт буюу Цагаанхайрханы шил, Цагаан бургасны гол, Ташуу улаан, Доод Хөндлөн хавиар отор нүүдэл хийгээд, адуу мал, чоно нохойтой хөөцөлдөөд, хорин настай хонгор зүстэй явах тэр цагт шар сахал нь ч сөрвийгөөгүй жаахаан юм атлаа мотоцикл унаж, том дээл хөөргөж бүсэлчихээд цээж ханхалзуулсан, найр наадам, үдэшлэг цэнгүүний үеэр том ах биднийхээ өмнүүр тээглэчих гээд байдаг, насандаа баймгүй бүдүүн бүдүүн дуугаар ярьсан нэг хүү байсан юм. Төгрөг сумын дунд сургуулийн сурагч гэж байгаа. Гэтэл хорь гучин жилийн дараа эргээд учрахнээ нь хосгүй өвөрмөц хоолойтой дуучин болчихож. Бөх хүн төрдөг гэдэг шиг дуучин хүн ч бас төрдөг аж. Хүүхэд байхын л нэг өөр нөхөр байсан. Тэр зан чанар нь хүртэл түүний дуу хоолойгоос илэрнэ. Эрдүү, эрэмгий, шулуухан, тийм атлаа цаана элэг зөөлөн гэж жигтэйхэн. Уяруун, ярьж суугаад л хоолой нь зангираад ирэх. Тэнгэрт тэмүүлсэн Цагаанхайрханыхаа цахир хадан дунд хашгирч өссөн юм болохоор тэр байх. Цагаанхайрханы цахир хадан цохионууд заримдаа алсаас арслангийн зогдор шиг харагдах. Аргагүй л цагаан арслан дүрт цагаан уулын хүү, арслан адил аргил даргил, эрэмгий хоолойтой дуучин болохоос яах вэ. Энэ сайхан эрмэг хоолой эх байгалийн хайрласан хишиг биз гэж бишрэх. Бас түүний дуу хоолойг сонсожээ суухад сэтгэл дотор гэрэл гэгээ цэлийх шиг, нэг тийм гэгээлэг. Наранд ойрхон, түүнд тэмүүлж өссөн болоод тэр биз ээ.

***
Сайхан дуу, сайн дуучин хоёр хослохоороо хүнийг ядралаас сэргээж, гутралаас татдаг юм. Бас урт холын замд уйдашгүй хань, эрч хүч, идэх хоол, уух ундаа хүртэл болдог. Надад нэг тийм урт холын замд хань болдог СиДи байдаг байлаа. 

АНУ-д хэдэн жил болохдоо жаахан жаахан тэнэдэг байсаан. Зүүн талын 11 муж, 150 орчим хот суурингаар орсон. Хэдэн зуу, мянган км зам туулах тохиол ч гарна. Толийсон хар зам дээр нойр хүрэх хэцүү. Мөн ч олон шөнө Адраа хань болсондоо. Адарсүрэнгээ сонсохоор л нойр үргээд, сэтгэл сэргээд явчихдаг юм. Машины минь хөгжмийн хайрцагт Адраагийн СиДи гарцаагүй байдаг. Сүүлийн жилээс урт холын замд нойрыг сэргээж хань болдог бас нэг СиДи-тэй болсон нь Батмэндийнх. 

Холын замд хүүхдүүд маань дуу тавих болохоор, "Та аль Адраагаа тавиулах юм? Харыг нь уу, эсвэл өнгөтэйг нь уу?" гэж асуудаг. Адарсүрэнгийн СиДи нь хар цагаан зурагтай, харин Батмэндийнх өнгөт. Би ч ээлжлээд л сонсоод явна, чадахгүй байж дагаж баахан бархирна аа. . Мэдээж хэрэг, мэргэжлийн хүмүүс энэ хоёр дуучны дуу хоолойн өнгө, цараа, тавилд ихээхэн ялгаа байгааг хэлнэ. Мэргэжлийн биш, дуу хөгжмийн ертөнцийн "А" ч үгүй мань мэт бол өөрийн мэдэрснээрээ л зүглүүлнэ шүү дээ. Адраа нэг их хүчлэхгүй, тэгсгээд л нургиулчихна. Талын салхи шиг зөнгөөрөө, тааваараа... Батмэнд болохоор уулын оргилд тэмүүлэх мэт, эр бяр нь багтаж ядсан мэт. Уулын голын хүрхрээ мэт санагдах. Аав маань ярьдаг байлаа, "Бяртай хүн л сайн дуулдаг юм" гэж... Мэдээж энд дурдагдаж буй бяр бол булчингийн бяр биш л дээ, цээжний бяр, дотоод сэтгэлийн бяр юм. Батмэндийг сонсохоор бяр амтагдана шүү. 

Сайхан ая эгшиг, сайхан үг, түүнийг амилуулах сайн дуучин гурвын төгс зохицол гэдэг нь энэ хорвоогийн яахын аргагүй нэгэн хөг найрал юм даа. Батмэндийн дууг сонсохоор эрхгүй ийм бодол хөврөх.

Тийм яруу хөг найралгүйгээр хорвоог төсөөлөхөд ямар ч төсөөлөл үл төрөх.
Батмэндийн уран бүтээлийн санд олон сайхан дуу бий. 
Саяхан хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов, яруу найрагч Н.Пүрэв нартай хамтраад "Ухаарлын намар" гээд бас нэг сайхан дуу гаргасан байна билээ. 

***
Хүний сүлд дууг хүртэл өөрчилтөл дуулна гэдэг ид шид шүү, Батмэнд ээ... 
Чамаас болж Дүүриймаагаасаа сэтгэлээ буруулсаан...
"Холын сайхан Алтайн нутагт минь ээ хөө.." 
 

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө