“ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ”

2017 оны 11 сарын 172017-11-17

7 oрчим тэрбум хүн шахцалдан амьдардаг манай энэ гариг дээр хүн болгонтой тааралдах боломжгүй. Үй олон хүн энэ ертѳнцѳд ирж, үй олон хүн энэ ертѳнцѳѳс буцаж байдаг цаг хугацааны урсгал дунд энэ амьдралд бидэнтэй тааралдаж байгаа учрал болгон азтай, бас тохиолдлын бус. Тийм болохоор ѳглѳѳ босоод алхахаас үдэш гэртээ орж ирэх хүртэл тааралдаж байгаа хүн болгон руу инээмсэглэж байгаарай. Таних танихгүй, таалагдах таалагдахгүй, сайхан муухай хамаагүй, тааралдсан хүн болгон руу. Зүгээр л энэ ертѳнцѳд энэ цаг хугацаанд нэгэн агаараар амьсгалж, нэгэн нарны илч гэрэл дор хамт оршиж байгаагийнхаа тѳлѳѳ түүнд талархан инээмсэглээрэй. Яг адилхан тавиланд хүн болж тѳрцгѳѳн, яг нэгэн хоромд тааралдан уулзаж учирна гэдэг маш ховорхон тохиолдол. Ѳнѳѳдѳр тантай тааралдсан хүн дахиад хэзээ ч тааралдахгүй байж болох. Ѳнѳѳдѳр учирсан учрал дахиад хэзээ ч тохиолдохгүй байж болох. Ѳнѳѳдѳр хэн нэгэнтэй танилцаад маргааш хэн нэг нь энэ ертѳнцѳѳс буцаж ч мэдэх. Зүгээр л ѳнѳѳдѳр тааралдсан аз завшааныхаа тѳлѳѳ түүн рүү инээмсэглэн, түүн рүү гараа дохин баяр хүргэж, түүн рүү нарны илч мэт дулаахан гэрэл гэгээг илгээж яагаад болохгүй гэж?

Энэ амьдралд хамгийн дотно хүмүүстэйгээ уулзах бүрдээ баяр баясгалантайгаар инээмсэглэж халуун дотноор цээжиндээ тэвэр. Тэврэлт бол аугаа хайрын илрэл. Санаж мѳрѳѳдсѳн бол баярласан нулимсаа инээмсэглэлээр чим. Яг л нарны гэрэлд солонгорох лугаа гоо үзэсгэлэнг бүтээдэг юм. Тийм хайр зүрхнээс зүрхэнд шингэж уусахдаа халуун дулааныг мэдрүүлнэ. Нэг тийм дулаахан орчинд сэтгэл дүүрээд л, дүүрсэн сэтгэл ѳѳрийн эрхгүй инээмсэглэл болон нүүрэнд тодорно. Хараад л баймаар, хариуд нь ѳѳдѳѳс нь инээмсэглэмээр. Чиний дэргэд дандаа байгаагийнх нь тѳлѳѳ тэдэнд үргэлж талархаж, уулзах бүрдээ инээмсэглэж бай. Сэтгэл гэгээрдэг юм.

Муу үйлдлээс нь болж гомдсон, санаа бодол нийлээгүйгээсээ үзэн яддаг хэн нэгэнтэй тааралдахдаа ѳѳдѳѳс нь зүгээр инээмсэглэ. Заавал уулзах албагүй ч зѳрѳѳд ѳнгѳрѳх тѳдийд инээмсэглэсэн инээмсэглэл тань тэр хүнийг сэтгэл дотроо зогтусахад хүргэдэг. “Юу билээ?” хэмээн эргэлзэнгүй бодох дор гомдож муудалцсан шалтгаа зурвасхан ч гэлээ эргэцүүлж бодож ч магадгүй. Гомдол цѳхрѳл, хорсол хонзонг инээмсэглэл л зѳѳллѳдѳг. Үзэн ядаж хялалзсан бус, уучилж инээмсэглэсэн харц хүнийг бага ч болов тайвшруулдаг. Яг үнэндээ хожим нь эргээд бодоход ѳчүүхэн мэт санагдах гомдол хорсол, энэ амьдралын хязгааргүй боломжуудын дэргэд дэндүү жижигхэн. Эргээд учрах ч, эс учрах ч тавилангийнхаа тѳлѳѳ инээмсэглэж бай. Хэн ч мѳнхѳд оршихгүй.

Монголдоо худалдагч хийж байгаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа үйлчлэгчид ээ, үйлчлүүлж байгаа хүн болгоны ѳмнѳѳс инээмсэглэж бай. Баян ч бай, ядуу ч бай мѳнгѳѳ тѳлѳѳд үйлчлүүлж байгаа хүн болгон чиний санхүүжүүлэгч мѳн. Кассанд тѳлсѳн тэр хүний мѳнгийг эзэн тань хурааж авч зардлаа тѳлѳѳд бас танд цалин болгож ѳгдѳг юм. Баяртайгаар авсан цалингаараа та гэр бүлээ тэжээж, бас ѳѳртѳѳ зарцуулна. Хэрэв чи лангууны ард ярвайгаад суугаад байвал хэн ч чамаас юу ч худалдаж авахгүй бол байгууллага тань орлогогүй болж эзэн тань цалинг тань ѳгч чадахгүйд хүрдэг. Орлогогүй эзэн ч ууртай, цалингүй чи ч ууртай, ууртай хүнд хэн ч мѳнгѳѳ баяртайгаар ѳгч үйлчлүүлдэггүй юм даа. Хэрэв чи инээмсэглэж байвал үйлчлүүлэгч чиний ѳмнѳѳс инээмсэглэх болно. Инээмсэглэл дунд ѳгсѳн, авсан мѳнгѳ баяр баясгаланг дагуулж байдаг. Мѳнгѳ хүртэл инээмсэглэдэг.

…Хѳмсгѳѳ зангидаж, духаараа хялайж харсан тѳрх баатарлаг, эрэлхэг дүр байхаа больсоор уджээ. Ѳѳдѳѳс тань инээмсэглэж харсан хүн болгон аалигүй, эсвэл сээтэгнэж байгаа хэмээн хардаг үе улираад уджээ. Хэн нэгнийг шоолон тохуурхаж, эсвэл тавлаж мушилзан ёжтой инээмсэглэдэг араншин балраад уджээ. Зүгээр л ѳнѳѳдѳр бүгдээрээ амьд байцгааж, энэ амьдралын сайн муу бүхнийг хамтдаа туулж байгаа бие биедээ инээмсэглэн талархаж, бас урам ѳгч байх нь юутай сайхан. Хүний сэтгэлийн дотоод сайхан илч нүүрэн дээр нь инээмсэглэл болон тодордог. Сэтгэл доторхи хэмжээлшгүй их талархал нүүрэн дээр нь инээмсэглэл болон гэрэлтдэг. Зүрхэнд оршиж буй хязгааргүй их хайр нүүрэн дээр нь инээмсэглэл болон илэрдэг. Тийм болохоор л нүүрний баяслыг аз жаргал дагаж явдаг аж. Бид мѳнх орших биш дээ. “ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ, БАЙГААГААРАА БАЙ” нэртэй дуу байдаг бил үү?

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө