2005 оны Оскарын кино наадмын шилдэг баримтат киноны төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” нэр дэвшиж байв. Түүнээс хойш монголын киночдын ярианы сэдэв, мөрөөдөл төдий байсан Оскарын кино наадамд бас нэгэн монгол найруулагчийн бүтээл сойгдож байна. Энэ бол найруулагч Д.Золбаяр, түүний “Чингисийн хүүхдүүд” бүтээл юм. “Ингэн нулимс” монгол найруулагчийн бүтээл ч гэлээ Герман улсын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвшсэн бол “Чингисийн хүүхдүүд” Монголынхоо нэрийн өмнөөс анх удаа Оскарт сонгогдсоноороо онцлогтой. Гэхдээ гуравдугаар сарын 4-нд болох шагнал гардуулах ёслол дээр зарлагдах таван киноны нэгээр тунаж үлдэхэд шүүгчдийн санал төдийгүй монголчууд бидний дэмжлэг ихээхэн чухал. Бид найруулагч Д.Золбаяртай уулзаж, “Чингисийн хүүхдүүд” бүтсэн түүх, кино наадмын уяа сойлгынх нь талаар сонирхлоо.
Юун түрүүнд таны “Чингисийн хүүхдүүд” кино 90 дэх удаагийн Оскарын наадмын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд албан ёсоор сонгогдсонд баяр хүргэе. Киноны уран бүтээлчид 2018 оны нэгдүгээр сар хүртэл киногоо сурталчилж, кампанит ажил явуулах хэрэгтэй юм билээ. Танай кино багийнхны хувьд энэ кампанит ажлаа ямар байдлаар явуулж байна вэ?
Оскарт 92 улсын кино шалгарсан. Дэлхийн киноны хамгийн том сан хөмрөг IMDb цахим хуудас дээрх олон нийтийн санал асуулгаар манай кино IV байранд явж байгаа. Гэхдээ бусад улсын кинонд өгч буй саналын тоо өндөр байгаа учраас саналаа өгөөрэй гэж үзэгчдээсээ хүсмээр байна. Жишээ нь, дотоодынхоо зах зээлээс бараг тэрбум шахам доллар цуглуулчихсан хятадын кино Оскарт өрсөлдөж байна.
Та бүхэн киногоо Оскарт өрсөлдүүлэхийн тулд ямар шалгуур хангасан бэ?
Зөвхөн Оскар ч гэлтгүй гадны зах зээлд киногоо гаргахын тулд маш олон шаардлагыг хангах ёстой байдаг. Тухайлбал, дуу дүрс, техникийн стандартаас гадна оюуны өмчтэй холбоотой бүх гэрээ хэлцэл нь ямар нэгэн зөрчилгүй байх ёстой. Манай киноны хувьд “Ай Пи консалтинг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрцоо хууль эрх зүйн асуудлыг хариуцахаас гадна кинонд гүйцэтгэх продюсероор ажилласан.
“Чингисийн хүүхдүүд” кино театруудын тайзнаас их хурдан буучихлаа. Шалтгаан нь юу байв?
“Чингисийн хүүхдүүд” Улаанбаатар кино наадмын нээлтийн кино болсон учраас тус наадам үргэлжлэх хугацаанд гаргаад л буулгасан. Киногоо монголынхоо ард түмэнд чанарын өндөр түвшинд, сайхан үзүүлчих юмсан гэсэн хүсэл бидэнд байгаа. Харин манай кино театруудын асуудал төдийлөн цэгцтэй биш байна. Тийм болохоор тохиромжтой цаг хугацааг хүлээж байна гэх үү дээ. Саяхан манай кино Лос Анжелест Азийн кино наадамд оролцлоо. Дэлгэцээр хоёр удаа гарахад үзэгчид дүүрэн байсан гэсэн. Үүний дараа 11 дүгээр сарын дундуур Гуанжоу, Индонезийн кино наадамд киногоо оролцуулна.
Та кино зохиолоо өөрөө бичсэн. Уг нь кино зохиол бичдэг хүмүүс зөндөө бий. Санаанд таарах бүтээл гарч ирсэнгүй юу?
Кино зохиолын уралдаан зарлахад 100 гаруй зохиол ирэх тохиолдол ч бий. Кино нийтлэг урлаг учраас хүмүүс “Би ийм зохиол бичиж, ийм кино найруулж чадах юм байна” гэж боддог. Гэтэл дуурь үзээд хүн тэгж бодохгүй. Киноны энэ нийтлэг чанар нэг талдаа сайн боловч нөгөө талдаа муу. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь киногоор оролдож, янз янзын юм хийх гээд байдаг. Хүмүүс кино зохиол маш их бичдэг боловч яг тэр хүний бодож төсөөлснийг хийх эдийн засгийн болон техник технологийн боломж байна уу, үгүй юу гэдгийг бид хамгийн түрүүнд харах ёстой. Уг нь кино урлаг бол мэргэжлийн урлаг юм. Зохиол, найруулга, зураг авалт, эвлүүлгийг мэргэжлийн хүн хийнэ. Гэтэл одоо технологи хөгжөөд, камер, тоног төхөөрөмжүүд янз янзаараа гарч ирсэн учраас сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд техникийн айхавтар ялгаа байхгүй болсон. Хэн ч хамаагүй кино хийгээд байгаа нь зөвхөн Монголын биш, дэлхийн кино урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн дунд асуудал болж байгаа. Мэдээж социализмын үеийнх шиг мэргэжлийн байгууллага байгуулаад, мэргэжлийн бус хүн кино хийж болохгүй гэж хорих нь манайх шиг чөлөөт ардчилсан улсад тохирохгүй. Тиймээс мэргэжлийн хүний бүтээсэн кино үнэхээр өөр байдаг гэдгийг бид ур чадвараараа л харуулах ёстой. Нөгөөтээгүүр, манай зарим зохиолчид өөрсдөө их мундаг зохиол биччихлээ гэж бодоод, энэ зохиолд гар хүрч болохгүй, яг энэ хэвээр хий гэсэн шаардлага тавьдаг. Энэ үнэхээр утгагүй. Кино урлаг нь нийлмэл урлаг учраас мундаг зохиолчийн ч бай, муу зохиолчийн ч бай зохиолд гар хүрэхгүйгээр шууд кино хийнэ гэж байхгүй. Зохиолчийн бичсэн юмыг кино багийнхан бүгд өөр өөр өнцгөөс харна. Найруулагч тэр олон авьяас чадвартай хүмүүсийг зангидаж, дундаас нь нэг бүтээл гаргаж ирнэ. Би маш олон зохиол уншиж байсан ч яг аваад кино болгочихъё гэмээр зохиол ойрын үед гарахгүй л байна. Харин гоё санаанууд бол гарч байгаа.
Мянга мянган санаа, сэдэв дундаас чухам яагаад хурдан морины унаач хүүхдийн сэдвийг сонгох болов?
Монгол ахуй, соёл, түүх, зан заншлын тухай сэдэв арвин. Нэг кинонд тэр бүгдийг багтаана гэж байхгүй. Тиймээс энэ бол бидний кино хийе гэж бодсон сэдвүүдийн зөвхөн нэг хэсэг нь. 2006 онд би Ховд аймгийн Үенч суманд наадам үзэж явахдаа жаахан хүүхдүүд морио хадны хажууд хөтөлж аваачаад, өөрөө хадан дээр гарч зогсож байгаад мордож буй дүр зургийг харсан юм. Хурдан морины хүүхдийн тухай кино хийх сэдэл анх тэгж төрсөн. Ер нь морин дээрээ мордож чадахгүй тийм жаахан мөртлөө тэр хол зайд уралддаг хүүхдүүд Монголд маш олон бий. Түүнээс хойш бодож явсаар одоо л нөхцөл байдал бүрэлдэж байгаа нь энэ.
Та киноныхоо гол дүрийг жирийн малчин айлаас сонгосон байна билээ. Хүүхдүүдийг кино камерт дасгахын тулд найруулагчийн зүгээс ямар арга барилаар ажилласан бэ?
Морины унаач хүүхдүүдийг сонгохдоо жүжиглэх авьяасыг нь голчилно гэдэг хэцүү. Ингээд бидэнд яг газар дээрээс нь олох, эрэл хайгуул хийх шаардлага тулгарсан. Харин азаар ч гэх юм уу нэг айлын гурван хүүхдийг Архангай аймгаас олсон. Тэр хүүхдүүдэд ямар нэгэн туршлага байхгүй ч хараад л энэ хүүхдүүд тоглож чадах юм байна гэж бодсон. Арга барилын хувьд камер, кино груптээ дасгаж, найз нөхөд, хамт олон, гэр бүл шиг болж байж тоглуулсан. Тэр хүүхдүүдэд ямар нэгэн үл ойлгогдох зүйл байх ёсгүй, маш энгийн байх ёстой гэдэг зарчмыг л барьсан. Зохиол нь ч, дүр нь ч тэдний амьдралд ойр учраас аль болох өөрсдөөр нь тоглуулахыг хичээсэн.
Кинонд холливудын залуу жүжигчин Бриттани Бэлт дүр бүтээсэн. Гадны уран бүтээлчтэй ажиллахад ямар нэгэн бэрхшээл үүссэн үү?
Супер од биш, дөнгөж гарч ирж байгаа залуу жүжигчин боловч том зах зээл, өрсөлдөөн дунд байдаг учраас манай жүжигчдэд ч гэсэн суралцмаар зүйл байдаг юм билээ. Тэр хүн дүрдээ маш их санаа тавьж, ажилладагнь харагдаж байсан. Зургийн талбайд яг бидэн шиг ахуй амьдрал дунд байсан ч ерөөсөө ажраагүй. Анх уулзахад хүртэл “Надад санаа зоволтгүй, би Америкт хөдөө өссөн хүн” гэж хэлж байсан юм.
Сүүлийн үед хурдан морины уралдаан дээр хүүхдийн эрхийн асуудал их хөндөгдөх болсон. Ерөнхийдөө “Чингисийн хүүхдүүд” кинонд аль нэг талыг баримтлаагүй байсан л даа. Гэхдээ таны хувийн үзэл бодлыг сонирхмоор байна...?
Зөвхөн хурдан морь ч гэлтгүй нүүдэлчин өв соёл уламжлал, технологийн өндөр хөгжил хоёрыг аль нэг тал руу нь хэлбийлгэхийг би хүсдэггүй. Тэртэй тэргүй хөгжил явагддагаараа явагдана. Хориод жилийн өмнө малчин айл лаа асаадаг байсан бол одоо чийдэн, зурагт гээд юм юмтай болсон. Энэ бол хөгжил дэвшил. Уламжлалаа хадгалахын тулд үүний эсрэг байх ёстой гэж албадаж болохгүй. Гэхдээ хөгжил дэвшлээ дагана гээд уламжлалаа хаяж болохгүй. Ялангуяа Монгол шиг цөөхөн хүн амтай улс үүнийг байнга бодож байх ёстой. Бидний хувьд яг дунджийг нь олох юмсан гэж бодож киногоо хийсэн. Түүнээс биш хүүхдээр морь унуулах ёсгүй гэж, эсвэл уламжлалаа л хадгалах ёстой, хүүхэд хамгаалалтын малгай, хувцас өмсөх шаардлагагүй гэж аль нэг тал руу нь хэлбийхийг хүсээгүй. Хамгийн гол нь ийм ёс заншил, ийм ахуй амьдрал Монголд байдаг юм шүү гэдгийг гадныханд харуулах, эх орноо сурталчлах зорилгоор киногоо хийсэн.
Гадны үзэгчдийн хувьд монголчуудын энэ ахуй соёл сонирхолтой сэдэв. Манай киночид орчин үеийн залуусын амьдрал, хошин, хөгтэй явдлуудыг харуулсан кино их хийдгээс үзэгчид ч тийм кино руу хошуурах хандлага их болсон гэхэд хилсдэхгүй. “Чингисийн хүүхдүүд” сэдэв, агуулгын хувьд дотоодын үзэгчдийн анхаарлыг хэр татаж чадах бол?
Бидний багад, социализмын үед хүүхэд залуучуудын соёлыг дээшлүүлэх зорилгоор маш их ажил хийдэг байсан. Одоо тийм биш. Хүүхэд залуус маань янз янзын соёлыг их шүтэж байна. Тэр соёлд хаалт тавихгүй ч гэлээ уг нь бид үүний эсрэг өөрсдийнхөө соёлыг сурталчлах ёстой юм. Уран бүтээлчид үзэгчдээсээ ядаж нэг алхмын түрүүнд байж, үзэгчдээ дагуулж явах үүрэгтэй. Гэтэл манай уран бүтээлчид үзэгчдийнхээ араас явж байна. Үзэгчид инээдмийн кино үзэж байна, түүгээр мөнгө олно гээд л. Яах вэ, тухайн үедээ мөнгө олж байгаа ч үзэгчдээ улам л буруу тийш чиглүүлээд байгаа юм. Сүүлийн үед эх орны, үндэсний сэдэвтэй кинонууд хийхийг эрмэлзэж байгаа минь ч үүнтэй холбоотой.
Энэ киноноос хүүхэд залуус маань юуг аваасай гэж хүсч байна вэ?
Бид киногоо америкийн зах зээлд гаргахын тулд Америкийн кино холбооныхноос G буюу бүх насны ангиллын лиценз авсан. Энэ бол холливудынхны ч гэсэн бизнес талаасаа гол зорилгоо болгож авдаг ангилал. Энэ ангиллыг бид азаар авсан юм биш, зохиолоо анхнаасаа л бодож хийсэн. Манай киног үзээд үзэгчид тайвшрал олоосой, эх орноо хайрлах сэтгэл, би монгол хүн шүү гэдгээ санах сэдлийг өгөх юмсан гэж бодож хийсэн.
Хурдан морь барианд ороход ямар ч хүний сэтгэл огшдог. Та бүхний хувьд зураг авалтын үеэр ийм зүйл тохиолдов уу?
Зураг авч байх үед юун огших манатай, бөөн ажилтай байдаг. Гэхдээ бид яг энэ үед хүмүүсийн сэтгэл огшино гэдгийг тооцоолж хийдэг. Мэргэжлийн байх ёстой гэж хэлээд байдгийн минь утга энэ л дээ. Кино хийж байгаа хүнд маш их ачаалал ирдэг. Мэргэжлийн хүмүүс бол тэр ачааллыг хэрхэн давах тухай л бодох ёстой. Зүгээр марзаганаж байгаад хийсэн кино яг л тийм кино болдог. Аливаа кино бол уран бүтээлчдийнх нь сэтгэлийн толь юм. Ялангуяа олон жил кино хийгээд зовлонг нь үзчихсэн хүмүүс тэр киног ямар хүмүүс, ямар байдалтай хийж вэ гэдгийг хараад л мэднэ. Зарим үзэгчид шууд хараад хэлж мэдэхгүй ч гэсэн мэдэрдэг.
“Чингисийн хүүхдүүд” олон улсын хэд хэдэн кино наадамд оролцчихоод байна. Мэргэжлийн уран бүтээлчид, шүүмжлэгчдээс шүүмж ирж байна уу?
Одоогоор бичигдсэн шүүмж хараахан олж хараагүй байна. Бид киногоо дөнгөж хийчихээд Warner Bros дээр үзлэгт ороход үзсэн хүмүүсийн сэтгэгдэл өндөр байсан. Олон хүн танай Монголд очиж үзмээр байна гэж хэлж байсан. Гэхдээ тэр нь баярлах юм биш л дээ. Хүмүүс кино үзээд учиргүй нүдэн дээр нь муулдаггүй. Гол нь бид эх орноо сурталчлах зорилготой. Дэлхий даяар манай кино гарна. Монголыг үзэх юмсан, тэр наадмынх нь үеэр ирэх юмсан, тэр морь унадаг хүүхдүүдийг нь нүдээр харах юмсан гэдэг хүслийг гадныханд төрүүлэх болов уу. Тэгэхээр манай улсад ирэх жуулчдын тоо хойтон зунаас л мэдэгдэнэ дээ.
Та IMDb цахим хуудас дээр Chingisiin huuhduud нэрээр хайлт хийж, өөрийн үнэлгээг өгөөрэй. Энэхүү үнэлгээ нь Оскарын кино наадамд өрсөлдөхөд шууд нөлөөлөхгүй ч бидний зүгээс үзүүлж буй бодит дэмжлэг болох юм.
Ярилцлагыг: Т.Гүндэгмаа