Лос-Анжелесын цагдаа нар шоу бизнесийн салбарын бэлгийн хүчирхийллийн 20 хэрэг дээр ажиллаж байна гэж NBC суваг мэдээлжээ. Уг хэргүүдэд ихэвчлэн эрэгтэй, олны танил хүмүүс холбогдож байгаа аж.
Нэрт продюссер Харви Вэйнштэйнээс кино найруулагч, хэвлэл мэдээллийн алдартан, санхүүжүүлэгч, жүжигчид гэх мэт 100 орчим хүнийг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлж байсан асуудлаар цагдаа нар шалгаж буй гэнэ.
Цагдаа нарт энэ тухай гомдол өдөр тутам ирж байгаа аж. Тухайлбал, продюссер, найруулагч нар залуухан эмэгтэй жүжигчдэд сайн дүр, мундаг кинонд тоглохыг хүсвэл өөртэй нь бэлгийн ажил хийхийг шаарддаг байна. Мөн бэлгийн гаж дур хүслээ хүчээр хангасан ч хэргүүд дээр цагдаа нар ажиллаж байгаа гэж хэвлэлүүдэд бичжээ.
Харви Вэйнштэйний хувьд түүний эсрэг мэдүүлэг өгөх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна хэмээн Нью-Йорк таймс сонинд бичсэн байна. Тэрбээр жүжигчин хүүхнүүдийг бэлгийн дарамтанд байлгахыг хүсдэг, зарим нэг цагаачдад тун таагүй ханддаг гэх мэт хүний эрхийг зөрчсөн ноцтой хэргүүд үйлдсэн байж магадгүй гэнэ. Зарим хэвлэлд бичсэнээр жүжигчин Анжелина Жоли, Гвинэт Палтроу нар Вэйнштэйний бэлгийн дарамтанд орж байжээ.
Вэйнштэйн “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Би өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан хүмүүстээ таагүй хандсандаа уучлалт хүсч байна. Чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Би хэдийгээр илүү сайн байхыг хүссэн ч арга зам нь өөр байсан” гэжээ. Тэрбээр дээрх асуудлаас түр хугацаанд хөндийрөхийн тулд ажлаасаа чөлөө авч, эмч нартай ажиллаж байгаа аж.