Нийслэл guide
Сэтгүүл

ТЭДНИЙ ЕРТӨНЦӨД БҮТЭЭГДСЭН ХҮҮХЭД

1
2017 оны 11 сарын 272017-11-27

d8fcc3b8-4af3-48db-9fb7-fb6cbdfc8904,зураач.jpg.jpg

Урлаг нийгмийн тусын тулд үйлчлэх ёстой юу? Дээхнэ үед бол энэ асуултад нийтээрээ л “тийм” гэж хариулдаг байсан. Харин өнөөдөр “тийм, үгүй, магадгүй” гэсэн олон янзын хариулт ирж байна. Уран бүтээлч хүн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж бүтээлдээ тусгах, тэдгээр асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээдэггүй. Гагцхүү ихэнх хүний нүд, чихээ таглаад хажуугаараа өнгөрөөдөг, бидний ярьдагчлан эмзэг сэдвийг уран бүтээлчид маань зөнгөөрөө хөндөж, энэ нь хэн нэгэн хэрэгтэй эзэндээ хүрч байгаа тохиолдолд “тийм” гэж хариулж яагаад болохгүй гэж? Бид энэ удаад “хүүхэд” гэдэг дүрээр амьдарч буй эмзэг ертөнцүүд тухайн нийгмийнхээ хар бараан дунд хэрхэн эвдэрч гэмтэж байгааг дүрсэлдэг уран бүтээлчдийг урьж, үзэл бодлыг нь сонирхлоо.


55ef84ca-1efc-4696-a492-0ff5c8ea0a58,тэд3.jpg.jpg
Ясны шөл

ЧОНОН ХҮҮХДҮҮД

Зураач Я.Булган оюутан ахуй цагаасаа хүн гэдэг амьтныг философи талаас нь сонирхох болжээ. Тэрбээр бүр хоёр настай байхдаа л хөрөг зураг зурж, даашинзтай эмэгтэй хүүхдийг дүрсэлж эхэлсэн гэдэг.

“Би хүүхдийн нүдээр, хүүхдийн харцаар, хүүхдийн араншингаар хүн төрөлхтний араншинг төлөөлж гаргадаг. 1990-ээд оны эхэн буюу зах зээлийн шилжилтийн үед миний мэдэхээр ямар ч зураач энэ сэдэв рүү халддаггүй байсан. Би өвөө эмээгийнхээ гэрт эрх танхи өссөн. Харин зах зээлийн үед өлсөж цангаж зовж байгаа, гудамжинд гарчихсан янз янзын хүүхдүүд амьдралд минь орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор миний уран бүтээлд хүүхэд тусгалаа олсон юм. Улмаар “Чонон хүүхдүүд” үзэсгэлэнгээ гаргаж, нийгэмд тулгарч байгаа асуудал хүүхдэд хэрхэн нөлөөлж, хүүхдийн араншин ямар болдгийг бүтээлээрээ харууллаа. Үүнийг амьдрал дээр үзээгүй хүн бол ойлгохгүй. Тийм хүүхдүүдтэй уулзаж, тийм хүүхдүүдийн дунд байж, тийм хүүхдүүдийн зан араншинг таньж байж л дүрсэлнэ. Гэхдээ би аймшиг гэдэг талаас биш, бэлгэдлийн хэлбэрт оруулж байсан. Хүүхдүүд чонын бэлтрэг шиг чөлөөтэй байгаасай гэсэн санаагаар үзэсгэлэнгээ нэрлэсэн. Яагаад гэвэл тийм нийгэмд чоно илүү жаргалтай санагдсан. “Дуучид жаргалтай хүүхдээ дуулна л биз” гэж би тухайн үед хэлж байсан юм. Уйлж байгаа хүүхэд миний сэтгэлийн гүнээс гарч байгаа болохоор зураач хүний хувьд түүнийгээ илэрхийлэх ёстой юм шиг, цаанаасаа л нэхэгдэж гарч ирсэн”.

d8f89c81-70d8-436f-b209-7f771aa932f0,тэд4.jpg.jpg
Нусгай зөрүүд

ЦӨВҮҮН ЦАГИЙН 99

Зах зээлийн шилжилтийн үе Булган зураачийн бийрээр ийнхүү амилсан байдаг бол өнөөдрийн нийгмийг тэрбээр “цөвүүн цаг” хэмээжээ. Өнгө, техник, философи талаасаа “Цөвүүн цагийн 99” үзэсгэлэн “Чонон хүүхдүүд”-ээс эрс ялгаатай боловч мөнөөх Булган, түүний оюун ухаанд бойжсон хүүхдүүдийг эндээс харж болно.

“Намайг жаахан байхад өвөө маань “миний хүү цөвүүн цагт амьдрах нь дээ” гэж ярьдаг байсан. Хүүхэд насны жаргалтай үедээ тэр талаар юу бодох вэ, цөвүүн цаг гэдгийг ч ойлгодоггүй байсан. Харин тэр цөвүүн цаг гэдэг нь өнөөдрийн надад гүн ухааны мэдрэмж төрүүлж, юм бодуулах болсон. Хүн байгалийн харилцаа, хүмүүсийн үнэ цэнийн талаарх ойлголт, ядуурал, устаж үгүй болж байгаа уламжлал... Ядуу байна гэдэг мөнгөөр хэмждэг зүйл биш, оюуны хоосролоор хэмжигдэх зүйл. Өнөөдөр Монголд ядуу амьдрахгүй байх бүрэн боломж бий. Бид малаа маллахад хэзээ ч хоосон хонохгүй. Өнөөдөр хүүхдүүдийг хоосон хонуулж байгаа нь, хүмүүсийн тархи, сэтгэл хоосон байгаа нь юунаас болж байна вэ гэдэг асуудал. Энэ хоосрол юутай холбоотой талаар л би их боддог. Хүн маш их ажилтай байж болно. Гэхдээ хүүхдэдээ үлгэрийг нь ярьж өгөөд, хүүхдээ үүрээд ажлаа амжуулах ёстой. Хүүхдийг өрөвдөх биш, эрхлүүлэх биш, хайрлах л ёстой. Хэт ядуураад хүүхдээ зовоох, хэт баяжаад хүүхдээ зовоох адилхан. Миний зурганд орсон бэлгэдлүүд өөрийн гэсэн онгон сахиус болдог. Бэлгэдлүүдийг тодорхой хэмжээгээр судлаад явахаар хүний сэтгэлийн нууц, ертөнцийн нууцыг тэмдгээр илэрхийлсэн юм шиг санагддаг. Утас бол миний амьдарч байгаа энэ ертөнцийн судас. Миний биед байгаа бүхий л судас тасарна, нийлнэ, зангирна. Энэ нь яг л амьдрал шиг. Хүүхдүүдийг бурхан тэнгэр ч юм уу, ямар нэгэн далд хүч түшиж явдаг гэж ойлгодог учраас түшээ мод бас оруулдаг”.

2d52dc8b-3d5a-4b0f-ba18-2694de3cb4fb,тэд5.jpg.jpg

БАС Л НЭГ ЖАРГАЛ

“Үзэл суртал байсан ч социализмын үед бид муухай амьдарч байгаагүй. Гэтэл гэнэт зах зээлийн нийгэмд шилжихэд хүмүүс барьц алдаж, хүний жинхэнэ араншингууд илэрч эхэлсэн. Траншейний, ядуу зүдүү амьдралтай ч гэлээ мөс чанараа алдаагүй хүмүүс их байдаг. Тийм гэр бүл ч гэсэн өөрсдийнхөөрөө аз жаргалыг мэдэрдэг гэсэн санаагаар энэ зурагаа зурсан”.

3d4708af-00f8-41a9-b817-a477d4e0c831,тэд6.jpg.jpg

ШИРЭЭ БА БИ

2015 онд Монголын урлагийн зөвлөлөөс санаачилсан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Үл үйлд” төслийн хүрээнд зураач Б.Нандин-Эрдэнэ “Ширээ ба би” инстолляц бүтээжээ. Өдгөө Чонбук урлагийн музейд гарч буй Азийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд уг бүтээл тавигдаж байгаа.

“Би хүүхэд байхдаа яг тэр ширээн дор амьдардаг байсан юм. Өсвөр насны охинд өөрийн гэсэн орон зай, чимээгүй орчин хэрэгтэй байдаг. Гэтэл тэр үеийн нийгэм, гэр бүлийн байдал надад тийм боломжийг олгоогүй. Тэр бүтээлэгтэй ширээний доор миний хамаг нандин эд зүйлс хадгалагдана. Тэр ширээн доор яг л миний орчин байгаа юм шиг санагддаг байсан. Тэндээ гудсаа тавиад унтчихна, хичээлээ хийнэ, номоо уншина, юм бичнэ. Хүүхдэд гэр бүлийн орчин гэдэг хамгийн аюулгүй, бас гэртээ байх юмсан гэсэн хүсэл төрөхөөр бат бөх цайз хэрэм нь байх ёстой. Гэр орон, эцэг эхийн халуун дулаан харилцаа дутагдаж байгаа учраас л хүүхдүүд дайждаг, залуу охид эрт хүнтэй сууж гэрээсээ явдаг. Энэ олон төлөвлөгөөгүй гэрлэлт, хар нялхаараа хүнтэй сууж байгаа хүүхдүүдийг буруутгах арга байхгүй. Монголын нийгэмд эрх чөлөөтэй байх нь, хайр хүсч байгаагийн шалтгаан нь хүнтэй гэрлэх болчихоод байгаа юм. Гэтэл эцэстээ тэр нь өөрийнх нь хүссэн амьдрал биш байдаг. Ингээд гэр бүлийн салалт үүснэ. Хүүхдээ хайрлаж хүмүүжүүлж мэдэхгүй, тийм үеийнхэн “үйлдвэрлэгдэж” төрөөд байгаа. Үүнд эргээд гэр бүл, эцэг эх буруутай. Нэг талаасаа хүний хэрэгт дурлаад байгаа юм шиг боловч миний уран бүтээлийн судалгаа байнга л явагддаг. “Би бараг гэрээсээ зугтаад, хамгийн анх учирсан хүнтэйгээ суугаад хүүхэдтэй болоод амьдарсан” гэж ярихыг нь олон хүнээс сонссон. “Тээш” нэртэй ажлууддаа яг энэ асуудлыг тусгасан”.

fbb71231-3788-4862-b098-4ef00c6b7df8,тэд7.jpg.jpg

ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ГАР

“Тээш”-ийн нэгэн адил Нандин-Эрдэнийн бүтээл дэх бие даасан нэг сэдэв бол “Зөвшөөрөгдөөгүй гар”. Түүний өсвөр нас хоёр нийгэм солигдох үед тохиосон бөгөөд тэр үеийн мэдрэмж, сэтгэгдлүүд уран бүтээлд нь хэрхэн нөлөөлснийг харж болно. Гэвч тэдгээр бүтээлийн тусгал нь уран бүтээлч өөрөө биш гэдгийг санах нь зүйтэй. “Цохиогүй бол хүчирхийлэл биш болчихдог юм биш. Хөндлөнгийн хүн хүүхдийн хүсээгүй газар хүрэхэд, хүүхдэд эвгүй сэтгэгдэл төрөөд байхад хүүхэд тэрийгээ мэддэггүй гэнэ л дээ. Гарын деталь хэсгүүдийг оруулсан нь тийм учиртай. Хүүхэлдэй, утас хөвөрч байгаа нь хүүхэд бүтэн биш болоод байгааг харуулах зорилготой. Хүний нас яваад, янз бүрийн зүйл сонсоод ирэхээрээ өөрийнхөө туршлага дээр тулгуурлан аливааг буруугаар, муугаар төсөөлөх чадвартай болчихдог шиг санагддаг. Хүүхэд бол тийм биш. Тийм болохоор нүцгэн байх дуртай, гэр бүлийнхээ дунд байхдаа тэр байдлаасаа ичдэггүй. Харин тэрийг насанд хүрсэн хүн буруу талаас нь хардаг. “Болиоч, чи хөлөө хумиад суу. Эмэгтэй хүүхэд байж алцайж суулаа” гээд л. Энэ бүхэн хүүхдэд сэтгэл зүйн дарамтыг л эхлээд өгдөг. Ер нь хүүхдэд бүх зүйлийг сайн  сайхан гэж яриад байж болохгүй. Бас нууж хаах шаардлага ч байхгүй. Миний хувьд хүүхдэдээ юмыг бодитоор, байгаагаар нь ойлгуулахыг хичээдэг. “Зөвшөөрөгдөөгүй гар”-ын олон цуврал бий. Үндсэн агуулга санаа нь явж байгаа ч сүүлийн үед шууд, хэтэрхий хүчилж харуулахаас татгалзах болсон”.

eed6c04c-353a-4d8c-8d05-63f07b87e9ad,тэд9.jpg.jpg

ДҮҮЖИГНЭСЭН АМЬДРАЛ

“Хүүхэд юмнаас зүүгдэж, авирах дуртай байдаг. Тэр зүүгдэж дүүжигнэх үйл явц өөрт нь гоё боловч бас их эрсдэлтэй. Үүнийг нийгмийн байдалтай холбож үзвэл хүүхэд юмнаас барих гээд, ямар нэг юмнаас аврагдах гээд байгаа юм шиг санааг агуулсан”. 

c00b3773-d3f1-41f3-a5e9-9f5a31e939cf,тэд8.jpg.jpg

Зөвхөн дүрслэх урлаг ч гэлтгүй кино, гэрэл зурагт аливааг бодитоор нь, үнэнээр нь дүрслэхээр хүмүүс эвгүйцэж, дургүйлхэх нь энүүхэнд. Уран бүтээлчдийн эдгээр зургийг хараад хүмүүс янз бүрийн л хариу үйлдэл үзүүлж байжээ. Гайхах, жигшин зэвүүцэх, эвгүйцэх, баярлаж талархах, уйлах, тэр ч бүү хэл зургийг нь урж тасдахаар дайрч байсан гэнэ. Эцсийн дүндээ уран бүтээлч хүн үнэний төлөө байх, тэр үнэнтэй үзэгчид нүүр тулж чаддаг байх нь хамгийн чухал болов уу. 

Нийтлэлийг: Т.Гүндэгмаа
Эх сурвалж: "НийслэлGuide" №66/ 2017 11 дүгээр сар

07ffcc8b-12fb-471d-b973-d1cb9900e57c,23519109_1697175673646370_3081196996642397278_n.jpg.jpg

 

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө