Өчигдөр орой Интерномын төв байранд “Би хэн бэ? Монголоор” нэртэй лекц уншлаа. Энэ лекц 2013 онд миний орчуулсан Германы философич Прехтийн “Би хэн бэ?” номыг хэрхэн Монгол хүний одоогийн нөхцөл байдалд ойртуулан унших зорилготой байсан.
Кант, Хэгэл, Ницшэ, Хайдэггер гээд олон философийн ном бичсэн өвөг дээдэстэй олон зуун жилийн өмнө их сургуулиуд байгуулж сэхээтэн эртнээс үүссэн оюунлаг эцэг өвгөдтэй Германы философич Прехт энэ номоо бичихэд ямар ч асуудал байсангүй. Тэр зөвхөн л эцэг өвгөдийнхөө номуудыг 21-р зуунд авчиран нэгтгэж дүгнэсэн.
Харин монголчууд бид энэ номыг хэрхэн Монголд буулгаж унших мөн өнөөдөр Монгол хүмүүст “Би” гэсэн ойлголт баттай үүсэж чадаж уу эсвэл өөрөөрөө биш бусдаас хамааралтай бусдыг дуурайсан бие хүн болж чадаагүй явна уу. Цаашлаад Америкийг хэт шүтэж Англи хэлэнд бууж өгч сагсан бөмбөг үзэхээс цаашгүй ном уншиж “Би” болохын оронд интернэтээр өдрийг, шөнийг ч өнгөрөөж компютер тоглоом шөнөжин тоглосон хүүдүүд, аавуудын орон болж уу. Зурагтад наалдаж зурагттай нөхөрлөсөн Монгол иргэд хүнийг үл хүндэтгэнэ. Хэзээ зурагтаа унтрааж гаргаж хаях тэр цаг ирэх бол доо.
Монгол хүн яагаад “Би” гэж зоригтойгоор өгүүлбэр хэлж чадахгүй эзэн биегүй өгүүлбэр бувтнана вэ?
Хятад хөрш байшин барин өгч Орос хөрш цахилгаан дулааны станц бариж өгсөнөөр Монгол хүн анх удаагаа орчин үеийн ахуйтай танилцаж “Би” үүсэх боломжтой болсон. 1950 оноос л өөрийн гэсэн нийслэл хоттой болж чадсан. Улаанбаатар хотын бүхий л соёл боловсролын барилгуудыг харахад маш сайхан архитектуртай харагддаг. Гэтэл шинээр үүсэж буй хотхонуудыг харахад арай л дэндүү архитектургүй байгааг харахад Монгол хүмүүс хотын соёлд одоо ч хүрч чадаагүй ажиглагдана.
"Би" гэсэн сэдэв маш өргөн түүнийг ярихад ээж ааваас юу удамшиж ирэв гэсэн асуулт хэрэгтэй. Ээжээс сэтгэлийн болон оюунлаг чадварууд удамших жишээтэй. Оюунлаг хүмүүсийн ээжүүд оюунлаг байсан баримт олон бий. Хэрвээ ээж оюунлаг биш байсан бол сүүлд боловсролоор түүнийг нөхөн авах боломжтой. Нөхөж чадаагүй бол өөрөөр хэлбэл зөвхөн дипломтой боловсролгүй бол тэгээд насан турш бусдад гай болно. Харин эрэлхэг зориг уур хилэн ааваас удамшина. Эрэлхэг зориг удамшиж түүнийгээ хэрэгжүүлж эх орныхоо төлөө тэмцсэн эрчүүд байхад уур хилэнгээ дарахгүй дайн дажин хийсэн харгис хэрцгий хаадуудын баримт олон. Чингисийн үеийн хаадууд оюунлаг ээжийн удамгүй үе үеийн харгис аавын удам ноёрхсон тул дайн дажин хийсэн болов уу. Нэгэнт Чингисээс хойших Монголд хот суурин гэх мэт хамгаалах эх орон үнэлэх бүтээн босголт байхгүй байсан тул эх орноо хамгаалсан дайн гэсэн ойлголт байсангүй. Тэгэхээр бараг л Монгол ялна гэдэг зөв бололтой. Яагаад гэвэл ялагдах хот улс төр байсангүй.
Би хэн бэ? Үүнийг ойлгоход буюу тодорхойлоход эрх чөлөө маш чухал. Энэ юу гэсэн үг вэ гэхээр заавал баян аав хэрэггүй өөрийнхөөрөө явж өөрийгөө хөгжүүлэх эрх чөлөө хэнд ч бий. Гагцхүү олон хүн үүнээс шантардаг. Бага насанд суулгасан буруу хүмүүжил буруу багш буруу ээж аавуудын зан заншил дассан дасал зуршилууд хүүхэд залуучуудыг “Би” болоход үргэлжийн саад болдог жишээ олон бий.
"Би хэн бэ" асуултанд хариулахад хэн ч биш энэ биш тэр биш гэж хэлэхдээ биш харин Би гэсэн баттай хувиршгүй тогтвортой Би бөгөөд өөрийн гэсэн хүсэлтэй Би хэрхэн үүсэх боломжтой вэ гэсэн асуулт ярина. Хэнд ч хүсэл чухал. Гэхдээ хүсэл өөрөө аяндаа үүсэхгүй. Хүүхэд залуучуудыг хүсэлд сургах хэрэгтэй. Хүсэлгүй Монгол залуус юу ч бүтээхгүй зөвхөн социализмын бүтээн босголт дээр л өнөөдөр тансаглана.
Хятад Оросын барисан байшинд унтаж байгаагаа мартаж болохгүй. Хятад Оросын барисан дулааны станцын халаалтанд тухлаж байгаагаа мартаж болохгүй. Би хэн бэ гэвэл Би бусдын тус дэмжлэг дээр зөвхөн яваа биш харин бусдад зориулж хийж бүтээж яваа өөрөөр хэлбэл өгөө авааг тэнцүүлж яваа шударга иргэн болж чадсан Би л гэж хэлэх болов уу.