ХЭМЖЭЭС

2017 оны 12 сарын 92017-12-09

7a5e365e-695b-4c64-9c82-4e176b62cc45,03.jpg.jpg

Тавдугаар ангид байсан санагдана, идэр залуу Марксын мөрөөдөл, тэмүүлэл болон гоо сайхан Женни нарын хайр дурлалын тухай бичсэн нэгэн жижигхэн ном уншиж билээ. Хэр хэмжээнд ойлгож байсныг мэдэхгүй, юутай ч залуу Маркс надад хүчтэй сэтгэгдэл төрүүлж, номын нүүрэн дээр байх их үстэй цоглог идэр сайхан залуугийн зургийг зургийн дэвтрийн цаасан дээр хуулан зурав.

Мэдээж хэрэг сайн зураг болоогүй л дээ. Тэгээд ч уг зураг нь тийм ч хүнд зураг биш, бар зургийн аргаар бүтээгдсэн учир дүрсээ л зөв гаргачихвал элдвийн гэрэл сүүдэр гэхгүй амархан болчих нь тэр. 

Тэр үеэр манайд аавын танил нэг ах ирэв. Бага зэрэг гарын дүйтэй, сандал ширээ мэтхэнийг хийчихдэг, түүн дээрээ орос будгыг олифоор шингэлж байгаад эвтэйхэн хээ гоо тавьчихдаг, камбаркан дээр буга согоо, морь мал зэрэг зураад, захаар нь хээ тавьж, зурагтай аравч болгон борлуулж хэдэн төгрөг олчихдог юм.

Ах хүү ширээн дээр байсан өнөөх Марксын зургийг хараад зог тусаж байна. Ойртуулж нэг, холдуулж нэг хараад хуруугаараа үрж үзэв. Харандаа юм хойно халтартаад ирлээ. Сая нэг харандаагаар зурсан гэдэгт итгэв бололтой. 
"Хэн зурав?"
"Би"
"Чи юу?"
"Тийм"
"Үгүй мөн хачин аа." 
Ах хүү дахин дахин номон дээрх эх зурагтай харьцуулан шалгаж, дахин дахин хуруугаараа үрж үзэв. Зургийн дэвтрийн цаасан дээрхийг эх зурагтай нь давхралдуулж бариад тоононы гэрэлд харав. Мэдээж хэрэг зургийн дэвтэрийнх нь хамаагүй том учир юу ч гэж давхцаж таарах билээ. Намайг гэрэлтүүлж байгаад хуулаад зурчихсан гэж бодоод буй мэт байдалд нь миний урам баахан хугарав. Тэр үед цонхны шилэн дээр эх зураг, цаас хоёроо давхарлан дарж, гэрэлтүүлэн хуулж зурдаг арга их түгээмэл байсан юм. Ялангуяа шугам зургийн хичээлийг тэгэж хийцгээдэг байсан даа.

Намайг зүгээр л хараад зурчихсанд нэг л бүрэн дүүрэн итгэл нь төрсөнгүй бололтой, зургийн дэвтрээс минь бас нэг хуудас шажигнатал урж өмнө минь тавиад "За ахын дүү, нэг зурсан юм чинь, хоёр дахиа зураадах?" гэлээ. Бүр харандааг минь миний гарт бариулж байна. Би ямар нэгэн болж бүтэхгүй арга заль хэрэглээд тэр зургийг зурчихсан, тэгээд тэр булай булхайг минь шалгаж, илчилж авах гээд буй мэт эвгүй доромж сэтгэгдэл төрсөн ч тэр үед ямар ах зах хүний өөдөөс хэдэрлээд байх нь бага байсан юм хойно. 

Гэхдээ л адармаар болоод дотор арзаганаад болоогүй юм. Тэгээд энд тэндээ үс нь халцарч, пөөнийсөн хуучин сээгий малгай дагз руугаа шидэж өмссөн өөрийг нь, гэхдээ урт хамрыг жаахан сунгаж зураад өгчихөж билээ. Нөгөө талаар Марксыг дахин зурна гэдэг, нэг хийсэн ажлаа давтаж хийнэ гэдэг бөөн залхуу шүү дээ. 

Номын хавтсан дээрх залуу Марксыг биш, өөрийг нь зураад эхэлснийг мэдмэгц гараа цээжиндээ зөрүүлээд, хөлөө зуухны өр лүү жийгээд, сандлынхаа түшлэгийг налан нүүрэндээ басамжлангуй доогтой инээмсэглэл тодруулаад суусан юм. Хангалттай туршлага суугаагүй гар минь тэр инээмсэглэлд нь илэрч буй бассан, доогтой шинжийг нь хангалттай илэрхийлж чадаагүй ч, хэн ч харсан мань ахыг гэж танихаар болов. 

Мань хүн зургаа ийш тийш нь хазайлган үзэж, хоймор байсан нугастай толины өмнө очиж хацартаа зэрэгцүүлж бариад харьцуулж хүртэл харав. Толгойгоо сэгсэрч, итгэж ядан гайхаж жаахан сууснаа юу ч хэлэлгүй, ядахдаа надад урмын ч үг хэлэлгүй гараад явчихаж билээ. Хамар нь жаахан уртадчихсан зургаа ч аваагүй юм. Тавдугаар ангийн жаалхүү надад жаахан жаахан гомдолтой, бас их хачирхалтай байж билээ. Мэдээж хэрэг би зураач биш, гэхдээ хүний дүр төрхийг танигдахуйц дүрсэлчих хэмжээнд харандаа барьчихна.

Хожим энэ мэт чадал хэмжээ, авьяас чадвараас нь хэтэрсэн зүйл, ялангуяа өөрийнх нь ойлгож чадах хэмжээнээс хол давсан зүйлийг байж боломгүй зүйл, ямар нэгэн арга заль хэрэглэсэн байж таарна, эсвэл ерөөсөө худал, бүр гаж буруу зүйл гэж үздэг явдлуудтай нэг бус таарч байсаан. Энэ байдал оюун танин мэдэхүйн хүрээнд бүр ч тодорхой ажиглагддаг. Ялангуяа энэ цагт... Ойлгоогүй, эсвэл дутуу ойлгосноо шууд л үгүйсгэнэ, зарим нь бүр үзэн ядна. Метрийн шугам барьчихаад их талын энг хэмжих гэж зүтгэх, тэгээд болж өгөхгүй болохоор нь метрээ биш их талыг хараах лугаа адил... Үүнийг дурсахын эхлэл сэжүүр болсон Марксын тухайд бол бүр ч илэрхий. "Капитал"-ыг нь сөхөж ч хараагүй, бүр гурван өгүүлбэрийг ч гүйцэд ойлгох чадваргүй атлаа Марксыг доромжилж харааж гарна. Нийгмийн харилцаа, ялангуяа капиталын харилцааны мөн чанарыг уудлан нээж үзүүлсэн суу билгийнх нь тухайд юу ч мэдэхгүй атал, алдаа бүхнийг нь гайхан шагширна. Тэнд ямар нэгэн эрүүл ухаан, шинжлэх ухаанч сэтгэлгээ, мэтгэлцээний үнэр ч байхгүй. /Намайгаа Марксист болгочихов оо/ Энэ мэтээр жишээ татвал дуусахгүй урт юм болох биз. 

Шангийнхаа хонхроос гарч үзэлгүй насыг бардаг тариачин хятадуудад бол энэ шинж бүр ч хүчтэй илэрдэг юм гэсэн. Тэд өөрсдийнхөө мэдэхгүй зүйлийг ерөөс байх ёсгүй зүйл, хэрвээ буй аваас их мунхаг явдал гэдэг гэж байгаа. Өнөөх худгийн мэлхийний үлгэр л юм даа. Хорвоо дэлхийгээр бол ийм явдал бишгүй л байх. Гэхдээ тиймэрхүү хүмүүсийн хэрхэн юу гэж бодож, үзэж буйгаас үл хамааран тухайн үзэгдэл юмс өөрийнхөөрөө оршдог нь сайхан юм даа. 

Тэр бүрд тэр нэгэн өвлийн өдөр манайд ирж намайг шалгасан ахын урт хамар харагддагсан. Тэгэхэд би хамрыг нь арай богинодуулчихсан юм билээ. Заримдаа хэмжээтэй юмыг хэмжээнээс нь хэтрүүлж байх гарцаагүй шаардлага гардаг шүү.

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө