Нийслэл guide
Сэтгүүл

Ксения Собчак Путины эсрэг нэрээ дэвшүүлэв

2
2017 оны 12 сарын 112017-12-11

Ирэх оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн Ерөнхийлөгч В.В.Путин тус сонгуульд оролцохоо нэгэнт зарласан. Гэтэл түүний кампанит ажил эхэлж ч амжаагүй байхад хэлэмгий доломгой Ксения Собчак бие даан өрсөлдөх шийдвэрээ орон даяар зарлаж, олны анхаарлыг татаад байна. Ингээд шар үст Ксения Собчактай танилцацгаая.

45485635-6ccc-4baa-b21d-ef8abdbca7e6,пу2.jpg.jpg

ААВЫН ХИШИГ АМТТАЙ ЭЭЖИЙН ЦАЙ ААГТАЙ

1981 онд төрсөн Ксения Собчак бол оросын хамгийн алдартай TВ хөтлөгч, сэтгүүлч, дээдсийн хүрээллийн бүсгүй юм. Түүний аав Анатолий Собчак 1991-1996 онд Санкт-Петербург хотын анхны Засаг дарга байх үед одоогийн нөлөө бүхий улстөрч Владимир Путин, Дмитрий Медведев нар түүний удирдлаган дор ажиллаж байжээ. Путин хуучин даргынхаа тухай “Би Анатолий Собчакт одоо ч хүндэтгэлтэй ханддаг. Түүнийг оросын нэн шинэ үеийн түүхэнд нэрээ үлдээсэн улс төрийн зүтгэлтэн гэж боддог. Тэр миний хувь заяанд том үүрэг гүйцэтгэсэн” хэмээсэн нь vedomosti.ru цахим хуудаснаа нийтлэгджээ. Аавынх нь албан тушаал Ксениягийн хүмүүжил, гэр бүлийн уур амьсгалд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тэрбээр бага байхаасаа л өндөр албан тушаалтай хүмүүсийг гэртээ хүлээн авч, улс төрийн халуун сэдвээр яриа өрнүүлэхийг нь сонсдог байв. Энэ бүхэн бяцхан охины сэтгэхүй, оюун ухааны хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй.

Ксениягийн ээж түүхч мэргэжилтэй Людмила Борисовна Нарусова ганц охиныхоо боловсролд өндөр босго тавьжээ. Ээж нь Ксенияг Санкт-Петербургийн Эрмитажд дүрслэх урлагийн дугуйланд, мөн Марийнский театрын балетын дугуйланд явуулж, оросын соёл урлагийн сор болсон бүтээлүүдтэй хар нялхаас нь танилцуулж байв. Гэвч Ксенияг английн гүнж нартай адил томоотой, дуулгавартай дагина гэж бүү андуураарай. Түүний хурц хэл ам, хэрүүлч зан төлөвөөс айдаг олон хүн бий. Тэрбээр хэлний авьяастайгаа мэддэг болохоор Москвагийн Олон улсын харилцааны их сургууль /МГИМО/-ийг дүүргэж, испани, франц, англи хэлээр чөлөөтэй ярьж сурчээ. Мөн уг сургуулийг улстөрч мэргэжлээр улаан дипломтой төгсөж, магистрын зэрэг хамгаалсан аж. Гэвч улс төрд амжилт гаргахад улаан диплом шаардлагагүй байдгийг бид бодит амьдрал дээр хардаг. Олны танил болсон хүмүүс дипломтой ч, дипломгүй ч улс төрд цойлдог нь бичигдээгүй хууль. Энэ талаас нь харвал Ксенияд том боломж бий. Түүнийг Орост мэддэггүй хүн гэж үгүй. Тэгвэл тэрбээр хэрхэн алдартай болсон юм бол?

ДОМ-2 ШОУ НЭВТРҮҮЛГЭЭС ЭХЛЭЛТЭЙ НЭР АЛДАР

Зөвхөн оросын ТВ-ийн түүхэнд биш, дэлхийн ТВ-ийн түүхэнд ТНТ сувгийн Дом-2 реалити шоу шиг удаан үргэлжилж буй төсөл үгүй билээ. Ксения Собчак 2004 онд тус төслийн хөтлөгчөөр ажиллаж, олон мянган хүмүүсийн шүтээн болсон юм. Энэ үеэс хойш үзэгчид түүний мэс шиг хурц хэлийг биширч эхэлсэн. Удалгүй Муз ТВ суваг түүний амьдралын тухай “Блондинка в Шоколаде” реалити шоуг хийж эхэлсэн. Ксения тухайн үед MTV дээр гардаг байсан Пэрис Хилтоны My New BFF шоуг санаандгүй, эсвэл санаатай ч гэмээр даган дуурайдаг байсан болохоор үзэгчид тэр хоёрын адил төсөөтэй байдлын тухай ам дамжин ярьдаг байлаа. Хэдий тийм ч Пэрис Хилтон хайнга, маанагдуу, чинээлэг охины дүрээсээ салж хөгжөөгүй бол Ксения Собчак өдгөө Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хэмжээнд хүрээд байна. Ерөөс Ксения олон шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Түүний оролцоотой ТВ төсөл болгон амжилтанд хүрдэг гэсэн ойлголт ч нийгэмд бүрэлдэв. 2012 онд тэрбээр Дом-2 төслөөс бүрмөсөн гарч буйгаа мэдэгдэж, стиль имижээ ч шинэчиллээ. Үзэгчдийн өмнө намба суусан, харааны шилнээс салдаггүй “шинэ” Ксения гарч ирэв. 2013 онд Ксения жүжигчин, найруулагч Максим Виторгантай гэрлэж, гурван жилийн дараа хүүтэй болсон юм.

9ffe886d-adf5-475f-a4a9-9c44110a525c,пу3.jpg.jpg

КСЕНИЯ БҮХ ХҮНИЙ ЭСРЭГ!

93ba7c3b-14a6-492a-b2f1-95f7600ba610,пу1.JPG.jpg“Намайг Ксения Собчак гэдэг. Би 36 настай. Иймд би оросын иргэн бүртэй адил Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болсон. Би энэ эрхээ эдлэхээр шийдлээ. Хамгийн эхний шалтгаан гэвэл, би энэ эрхийг байнга эдэлдэг хүмүүсийн эсрэг байдаг болохоор тэр. Намайг 12 настай байхад ч бил үү Жириновский өөрийнхөө намыг парламент руу оруулсан. Харин 15-тай байхад Явлинский, Зюганов хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа ялагдсан. Би 18-тайдаа институтэд сурч байхад Владимир Путин анх удаагаа Оросын Ерөнхийлөгч болж байсан юм. Тэр онд төрсөн хүүхдүүд өдгөө сонгууль өгөх насанд хүрлээ. Та нар үүнийг зүгээр л бод доо. Миний хүү сонгуулиа өгөх насанд хүрэхэд мөнөөх л Зюганов, Жириновский, Явлинский, Путин гэх мэт хүмүүс, мөн тэдний эцэс төгсгөлгүй орлогчид эрх баригчийн байр суурийн төлөө өрсөлдөх болно. Тиймээс би үүний эсрэг зогсож байна.

Таван жилийн турш би сөрөг хүчнийхэнтэй, мөн 10,000 хүний хамт гудамжинд жагсаж, өөрчлөлт хийхийг шаардсаар ирлээ. Бидний хандаж буй хүмүүст өөрчлөлтүүд ашигтай бус нь илт. Тэдний хувьд бүх зүйл сэтгэлд нь нийцдэг. Хулгайч,авилгачид худлаа ярьсаар, эрх баригчид мөнгийг завшсаар байна. Өнөөдөр поп лам, аюулгүй байдлын албан тушаалтнууд бидэнд юу унших, үзэх, бүр хэнийг хайрлахыг заадаг боллоо. Олон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эсэргүүцэж байна. Өрсөлдөж буй нэр дэвшигчдээс бид залхсан, итгэл алдарсан. Гэвч та сонгуулиа өгөхгүй байгаа нь энэ бүхэн танд хамаагүйнх биш, харин энэ бүхнийг эсэргүүцэж байгаагийнх гэдгийг хэрхэн ойлгох вэ? Таны дуу хоолойг сонсохын тулд юу хийх вэ?

Дээхнэ үед санал хураалтын хуудсан дээр “бүх хүний эсрэг” гэсэн хүснэгт байж билээ. Гэвч энэ хүснэгтийг хассан. Одоогийн эрх баригчид байр сууриа аль болох удаан хадгалахын тулд ийм үйлдэл хийсэн. Тэгвэл би энэ хүснэгтийг буцаан бий болгож, бүх хүний эсрэг саналаа өгөх боломжийг дахин сэргээмээр байна. Бид тэдний эсрэг жагсаж байна. Ксения Собчак бүх хүний эсрэг!” хэмээн тэрбээр зарласан юм. Одоогоор энэхүү видеог Youtube дээр 1,244,081 удаа үзсэн байна.

Оросын хэвлэл мэдээллийнхэн Ксениягийн энэхүү шийдвэрийг яаж хүлээж авч байгаа талаар олон хүний санал бодлыг цуглуулж эхэлсэн. Владимир Жириновский түүний талаар “Ксения бол санал хуваах зорилготой луйврын нэр дэвшигч юм. Тэгээд ч улс орныг мэргэжлийн улстөрчид л удирдах ёстой” хэмээн ширүүхэн шүүмжилсэн бол Владимир Путин “Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч өрсөлдөж болно. Би оросын ард түмний өмнөөс хэнийг Ерөнхийлөгчөөр сонгохыг шийдэхгүй. Энэ бол сонгуулийн үр дүнгээр харагддаг. Хүн болгон хуулийн дагуу нэрээ дэвшүүлэх эрхтэй. Ксения Собчакт ч энэ эрх хамаарна” гэжээ.

Ксения Собчак одоогийн Ерөнхийлөгчөө ялж чадах эсэхийг ирээдүй л харуулна. Тэрбээр хоёр сарын дотор ОХУ-ын бүх бүс нутгаас 300,000 гарын үсэг цуглуулах шаардлагатай. Тэдгээр гарын үсгийг Оросын Сонгуулийн Төв Хороо баталгаажуулах эсэх нь тодорхой бус. Путины эсрэг кампанит ажилд хөрөнгө оруулах хүсэлтэй бизнесмэнүүд олдох ч үгүй болов уу. Гэвч бидэнд энэ жүжгийг ажиглах цаг хангалттай байна.

Нийтлэлийг: З.Ариунболор
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар
00634f95-63cc-4912-a2b9-8b75ce11a4f7,24991109_1726258587404745_6576892857968719686_n.jpg.jpg

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө