Нийслэл guide
Сэтгүүл

Би Найрамдлын районд амьдардаг байлаа

2017 оны 12 сарын 122017-12-12

Богд хан уулын ард, тунгалаг Туулын хөвөөг даган налайсан Найрамдлын район Улаанбаатарын “зүрх” нь байсан гэхэд хол зөрөхгүй болов уу. Энд хүүхэд ахуй насаа өнгөрүүлсэн Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн ажил амьдралын дурсамжаас хуваалцаж, хотын түүхийн нэгээхэн хэсэгтэй танилцлаа.

94c5937c-9b28-4e79-96d6-ab448ca57255,жигжиднямаа2.jpg.jpg

ТОХИОЛДЛЫН Ч ГЭЛЭЭ ЗӨВ СОНГОЛТ...

Би төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлийг тохиолдлоор л сонгосон доо. Социализмын үед хүн хүссэн мэргэжлээ тэр бүр сонгох бололцоогүй, бүх зүйл төлөвлөгөөний дагуу явдаг байлаа. Улс ардын аж ахуй хэрэгцээтэй мэргэжлээрээ хүнээ түлхүү сургана гэдэг байсан юм. Намайг аравдугаар ангиа төгсдөг жил ихэнх хуваарь уул уурхайн мэргэжлийн сургуулиудынх, харин төмөр замын мэргэжлийн цөөн хэдэн хуваарь ирсний нэг нь энэ. Алийг нь авахаа мэдэхгүй явж байгаад “төмөр замын ашиглалтын инженер нь зүгээр” гэж хүнээс сонссоноо бодоод хуваариа сонгочихсон. Тэгсэндээ ч алдаагүй гэж боддог. Гэхдээ, маш сонирхолтой, хариуцлагатай мэргэжил юм байна гэдгийг сургуулиа төгсөөд ажил дээр гарсан хойноо л мэдэрч, энэ мэргэжлийнхээ гүн гүнзгийг ойлгосон гэх үү дээ. Би Москвагийн Зам харилцааны улсын их сургуульд Төмөр замын удирдах газрын нэр дээр биш, Түлш эрчим хүчний яамны нэр дээр сурсан болохоор төгсөж ирээд Багануурын уурхайд хоёр жил ажиллаад, дараа нь Улаанбаатар төмөр зам руу шилжсэнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. Бас миний амьдралын нэг хэсэг Москвад өнгөрсөн. Тэнд Худалдааны төлөөлөгчийн газар хоёр орны эдийн засгийн харилцаа, экспортын чиглэлээр ажиллаж байлаа. Тиймээс олон салбарт ажиллаж байсан гэж хэлж болно. Би ямар азаар ийм мэргэжил сонгоо вэ гэж одоо боддог. Аав дипломатч, сэтгүүлч, ээж эмч байсан болохоор хүүхэд байхдаа эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөх тухай боддог байсан. Олон мэргэжил сонирхож байсан ч эцэст нь хувь тавилангаар энэ мэргэжлийг эзэмшээд, ажиллаад явж байна. Ер нь бол бүр багаасаа л төмөр замын үйлчлүүлэгч байсан. Аав дипломатч болохоор би нэг настайгаасаа эхлээд Оросоор дамжаад цаашаа явдаг байлаа. Гэхдээ л би амьдралаа хэзээ ч төмөр замтай холбоно гэж бодож байгаагүй.

4ae1a5e7-f010-4432-8f89-61613898c907,жигжиднямаа1.jpg.jpg

ХАМГИЙН ДООД ШАТНААС...

Онолын хичээлүүд үзээд, тодорхой хэмжээний дадлага хийж байсан ч ажил дээр гараад яг юу хийхээ сайн ухамсарлаагүй л байсан. Сургуулиа төгсөж ирсэн инженерүүд, дээд мэргэжилтнүүд заавал хамгийн доод шатнаас ажиллах ёстой гэсэн бичигдээгүй хууль төмөр замын салбарт бий. Энэ дагуу холбогч найруулагч, өртөөний жижүүр гээд бага түвшний ажлуудаас гараагаа эхэлсэн. Тэр үеэс л энэ мэргэжил сонирхлыг минь татаж, мэргэжилдээ дурлаж, юу хийх ёстой, ямар зохицуулалт хийдэг гээд бүгдийг ойлгосон. Намайг залуу инженер байх үед нийгэм өөрчлөгдөж,
олон хүн ганзагын наймаанд явж байлаа. Харин би тэгээгүй, тийм бололцоо ч байгаагүй. Ингэж мэргэжлийнхээ дагуу ажлаа хийгээд явсан минь ажилдаа нэгэнт дуртай болсны шинж байсан болов уу. Ажил маань таалагдаагүй байсан бол бусдыг дагаад л ганзагын наймаанд явах байсан байх. Төмөр замыг нэг том организм гэвэл цахилгаан, зүтгүүр, зам барилгын инженерүүд гээд маш олон хүн хамтарч тээвэр хийдэг. Гэвч тэд тодорхой нэг хэсгийг л авч явдаг. Эдгээр хүмүүсийг нэгтгээд, нэг организм болгож тээвэр хийдэг нь надад их таалагддаг юм.

efc37d3a-f7ea-46f6-8dda-252394515600,жигжиднямаа3.jpg.jpg

ХОС МОРЬТОН...

Би хуучнаар Найрамдлын район буюу Микрод байдаг Зөвлөлтийн VIII арван жилийн сургуулийг төгссөн юм. Тэр үед хотод хэд хэдэн орос сургууль байсны нэг нь манайх. Орос сургуульд ихэвчлэн орос мэргэжилтнүүдийн хүүхдүүд сурдаг байсан бол манай сургуульд орос цэргийн офицеруудын хүүхдүүд сурдаг байлаа. Бусад сургууль Боловсролын яамны харьяа байсан бол манай Батлан хамгаалах яамны харьяа байсан. Тиймээс хүүхэд насны минь дурсамж орос цэргийн дарга нарын хүүхдүүдтэй салшгүй холбоотой. Тэдэнтэй хамт өсч, сурч боловсорсон. Манай
сургуулийн эрэгтэй багш нарын ихэнх нь офицерууд байсан. Анги ахих тусам хичээл нь өөрчлөгдөөд явдаг. Жишээ нь, ес, аравдугаар ангид эрэгтэй хүүхдүүдэд жолоо заадаг байсан бол эмэгтэй хүүхдүүд арван хурууны бичээчийн мэргэжилтэй төгсдөг байлаа. Үүнээс гадна цэрэгжилтийн хичээл түлхүү орно. Зуны амралтаар цэргийн полигон дээр буудлага, цэрэгжилтийн хичээлүүд ордог байлаа. Энэ бүхнийг мэргэжлийн цэргийн хүмүүс заадаг байсан болохоор буу зэвсэг, цэргийн тактик зэргийг гүнзгий үздэг байсан. Манай сургуулийн хүүхдүүд бараг бүгдээрээ л офицер болно гэж мөрөөддөг байсан. Хамт төгссөн хүүхдүүдийн маань 80-90 хувь нь офицерууд болсон шүү.

ТЭР ҮЕИЙН НАЙРАМДЛЫН РАЙОН ОДООГИЙН ЗАЙСАН ШИГ БАЙЛАА...

Би Улаанбаатарын унаган хүүхэд. Сүхбаатар дүүрэгт төрсөн ч миний бага залуу нас Баянзүрх дүүрэгт, хуучнаар Микро, Найрамдлын районд өнгөрсөн. Миний хүүхэд нас шинэ бүтээн байгуулалт, барилгын дунд өнгөрсөн. Одоогийнх шиг интернэт, зурагт байгаагүй болохоор шинэ барилга дээр тоглодог байлаа. Өвөлдөө байшин бүрийн ард байх каток дээр конькигаар гулгаж, хоккей тоглоно. Жаахан том болоод сагс тоглох дуртай болсон. Цэргийн дарга нарын хүүхдүүдтэй хамт орос цэргийн анги руу явж, зохион байгуулалт, дэг жаягийг нь харж, орос цэргийн хоол идээд л явдагсан. Орчин үеийн хүүхдүүдэд төсөөлөгдөх ч үгүй байх аа даа. Бас кино их үзнэ. Тэр үед ихэвчлэн орос кино гардаг байлаа. Хүүхэд юм болохоор бид өссөн районоосоо гарч явдаггүй, тиймээс бидний бага нас Сансрын тунель үйлчилгээний төвийг тойроод л өнгөрсөн дөө. Тэр үеийн XV хороолол одоогийн Зайсан шиг, маш олон шинэ барилгатай шинэ хороолол байсан юм. Бас монголчууд болон оросууд холилдон оршин сууж байсан учраас хоёр өөр зан заншлаас аль алинаас нь суралцаж өссөн гэж болно. Социализмын үед олон хүнийг хямд өртгөөр хурдан шуурхай орон сууцжуулах зорилгоор угсармал байшингууд их барьдаг байсан юм. Таван давхар саарал байр, тунелийн хажуугийн есөн давхар байрууд хотын чимэг болж байлаа. Тийм гоё дизайнтай, тохилог байр тэр үед өөр байгаагүй. Тэр байрууд одоо ч яг хэвээрээ байж л байгаа. Бас тэр хавьд орос дэлгүүр олон байсан.

5c552fca-d235-42e8-9853-0d10b2183c4a,жигжиднямаа4.jpg.jpg

ТӨМӨР ЗАМ БА ХОТЫН ХӨГЖИЛ

Төмөр зам баригдсан нь монголчууд тууврын мал аж ахуйгаас салж, үйлдвэрлэл үүсч хөгжихөд нөлөөлсөн гэж болно. Анхны төмөр зам баригдаж түүгээр нүүрс зөөж эхлэхэд хотод II цахилгаан станц баригдсан. Үүнийг дагаад аж үйлдвэрийн комбинатууд ч үүссэн. 1949 онд Шарын голын уурхай төмөр замтай холбогдож Дархан-Уул аймаг, Багануурын уурхай ашиглалтад орсноор тэнд хот байгуулагдсан. Эрдэнэт ч мөн адил. Сонгодог утгаараа хаана ч төмөр зам бий болсны дараа аж үйлдвэржилт эхэлдэг. Бүх газар л тийм.

29a99edb-1093-45ac-8209-5b8f853889d7,жигжиднямаа5.jpg.jpg

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ 1980-ААД ОНЫ СҮҮЛ 1990-ЭЭД ОНЫ ЭХЭНД...

Намайг ажилд орсон 1980-аад оны сүүл 1990- ээд оны эхэн үед Улаанбаатар төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай, дүрэм журмаа чанд сахидаг, хариуцлагатай байгууллага байсан. Одоо ч тийм. Хуучны төмөр замд бүр цэрэг ч байлаа. Ороо бусгаа үеэс үндсэн чанар, уламжлалаа авч үлдсэн цөөхөн байгууллагын нэг нь манайх гэж боддог. Үүгээр ч их бахархдаг. Цаг хэцүү үед энэ салбарыг тарааж, уналтад оруулаад хаяж болох л байсан. Гэхдээ манай төмөр замчид ямар ч үед нэг л мөн чанараараа байж, хүнд хэцүүг давж гарсан нь дараагийн хөгжлийн үндэс болсон гэж бодож байна. Тиймээс цаашид хөгжихөд ямар ч саад байхгүй.

Нийтлэлийг: Б. Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар
bcea52b1-0962-4299-a22e-5630bec0b215,24991109_1726258587404745_6576892857968719686_n.jpg.jpg

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө