Ойролцоогоор 2300-2700 орчим жилийн настай Буган хөшөөдийн нэгэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хурхын голын ("Монголын Нууц Товчоон"-д дурдсанаар Химурга горхин.) умард цутгалан Жаргалантын голын хөндий ("Монголын Нууц Товчоон"-д дурдсанаар Айлхаргана)-д байна.
Одоогоор ЕвроАзийн нутагт нийт 700 орчим Буган хөшөө олдсоноос 550 орчим нь буюу 79 орчим хувь нь өнөөгийн Монгол Улсын газар нутгаас, 100 гаруй нь Монголын хилд ойрхон Уулын Алтай (ОХУ), Өвөр Байгал (ОХУ), Саян Алтай (ОХУ), Казахстанаас олдсон бол 10 орчим нь Оренбург, Кавказ, Укриан, Эльба гол гэсэн шугамд олджээ. Энэхүү байршил нь Буган хөшөө соёлын голомт хийгээд түүний нүүдлийн чигийг тодорхойлно.
Өдий болтол энэхүү Буган хөшөөний нууцыг тайлсан нь үгүй. Чухам юуны учир, ямар утга агуулгаар ийн үйлдсэн нь тодорхойгүй. Маш нарийн дэг, тэгээр бүтээгдсэн. Билгэ тэмдэг үү? Ёр дом уу? Бичиг тайлал уу? Гэрээс захиас уу? Машид нууцлаг. Оройдоо ихэвчлэн нар, саран тамга мандуулснаар эхэлж, бугын дүрсийг өнөө цагийнхан ч атаархмаар хийсвэрлэлийн өндөр түвшинд урлан, адагт нь өргөн бүсээр даруулсан байх. Ерөнхийд нь Буган хөшөөг
1. Монгол-Өвөр Байгалийн загварчилсан дүрст
2. Саян-Алтайн бодит дүрст
3. Ази-Европын амьтны дүрсгүй гэсэн гурван бүлэгт хуваадаг. Ихэнхдээ эхний бүлгийн хөшөө Монголын нутагт түгээмэл.
Буган хөшөө бол багадаа 500 орчим жилийн урт хугацаанд буюу МТӨ VII-III зууны хооронд оршин тогтнож байсан түүхэн их соёлын ул мөр юм. Зарим судлаачид энэхүү Буган бичгийг дэлхийн бичиг соёлын өвөг гэж үзэх нь ч бий.
ЭНЭ БОЛ ЯАВЧ ЕРДИЙН НЭГ ХАДНЫ СҮГ ЗУРАГ, ДҮРС ТЭМДЭГ ТӨДИЙХӨН БИШ ЭЭ...
Буган хөшөө нь бүхэл бүтэн цогцолбор бунханд ихэвчлэн байх ба гол хэсэгт нь Буган хөшөөг цогцлооно. "Монголын Нууц Товчоо" эхлэхдээ "Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий инү Хоо Марал ажээ" хэмээн зүгээр нэг саваагүйтэж бичээгүй буй за. Тэр цагт бичиг судрыг өнөөгийнх шиг мөнгө ашгийг бодож, алдар нэрийг эрхэмлэж, эсвээс зүгээр л саваагүйтэн бичих учир огтоос үгүй байжухуй.
Энэхүү Буган хөшөө буюу Буган Соёлын учгыг тайлах аваас Монголын буурал түүхийн төдийгүй Нүүдлийн соёлын олон нарийн нандин утгыг нээж, учгыг тайлах биз ээ хэмээн найдаж явдаг билээ. Манай өсөж яваа идэрмэг залуу судлаачид энэ зүгт билгийн мэлмий юугаа чиглүүлж чилээгээсэй хэмээн горьдном.
Маний идэр залууд (1987-1990 он) Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Бургасны гүрээнд нэн нарийн ур хийцтэй нэгэн Буган хөшөө байдаг байж билээ. Түүний ур хийц даанчиг гайхам. Сүүлд 2013 онд очиход тэрхүү буган хөшөө угаараа хугараад хугархайг нь ойрхон байх малын хашааны оёорт аваачаад хаячихсан байсансан.
Өнөө ч энэхүү Айл Харгана буюу Жаргалантын голд байх Буган хөшөөний цогцолборт ямар нэгэн хамгаалалт алга. Үүн лугаа адил бусад 550 орчим Буган хөшөө чухам ямар байдалтай буйг үл мэднэ. Төр засаг өвөг түүхийнхээ нэн нандин эдгээр дурсгалдаа анхаараасай хэмээн найднам.